Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0689

 

 

 

 

 

 

 

 

                                        У.Д-ын нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай                   

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О  

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч У.Д  

Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар

Хамтран хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Д.М, Д.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай илүү олгогдсон 1,118,656 / Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах” тухай                         

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0741 дүгээр шийдвэр                     

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О  

Хариуцагч Д.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

Хэргийн индекс: 128/2026/0460/3                 

ТОДОРХОЙЛОХ нь:                

1. Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О-ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, тус газрын улсын байцаагч Д.М, Д.С  нарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай илүү олгогдсон 1,118,656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0741 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О-ээс Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан "1.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай Илүү олгогдсон 1118656 / Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                       

3. Давж заалдах гомдлын агуулга:        

Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О давж заалдах гомдолдоо:        

“...Шүүхээс тэтгэврийн өөрчлөлт нэмэгдлийг тоочиж, нэг талдаа зөвтгөж, нэмэгдлээ авсан гэх мөртлөө нөгөө талд нь "тэтгэврийг нэмэгдүүлэх тохиолдол бүрд шинэчлэн тогтоох нь үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.", 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." заасныг зөрчиж байна... Иргэн хүн эрх зүйн мэдлэг дутмаг эсвэл захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагааг тухайн үед нь мэдээгүй улмаас маргаагүй, хуулийн заалтад нэмэгдэл олгох заалтыг мэдэж, хүсэлт гаргаж, түүнийг чиг үүргийн дагуу нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэсэн, гэтэл түүнийг алдааг иргэн үүрэх асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "Хуульд үндэслэх", 4.2.6-т "Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.7-т "Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах", 4.2.8-т "Хууль ёсны итгэлийг хамгаалах" заасан зарчимтай зөрчилдөж байна. Шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн заалтад "хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1.0 хувиар бодож нэмэгдүүлнэ" гэж заасан нь тэтгэврийн суурь хэмжээнээс тооцох тогтмол хувь юм. Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн суурь хэмжээ (эсвэл итгэлцүүр) шинэчлэгдэн өөрчлөгдөхөд түүнийг дагаж хуульд заасан 8%-ийн нэмэгдэл нь шинэ суурь дүнгээс адил хувиар бодогдож өсөх хууль зүйн логиктой гэж харж байна... Хүснэгт 1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг /өмнөх хуулийн 14.2 дахь хэсэг/, Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, түүнийг хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын байгууллагын хуульд үндэслэдэггүй, дур зоргоороо, өөрсдийн үзэмжээр хэрэгжүүлж байгаа байдлыг харж болно. Энэ утгагүй, ойлгомжгүй байдалд иргэн яах ёстой байсан бэ... Улсын байцаагч нь хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.", 5.6-т "Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.", 5.7-т "Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.", 5.9-т "Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:", 5.9.2-т "Улсын байцаагчийн санал, дүгнэлт;", 5.9.3-т "Шалгуулагч этгээдийн санал, хүсэлт.", 5.10-т "Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана." заасныг тус тус зөрчсөн... Шүүхээс акт нь У.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байхад дам байдлаар нөлөөлөх маргаан байна гэж үзэж, тэтгэврээс суутгал хийгдэж, хохирсныхоо дараа ирж нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж дүгнэсэн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." заасан нийцээгүй байна. Учир нь актын тогтоох хэсэгт тэтгэвэр авагч У.Д-ын нэрийг тодорхой бичиж, түүний авсан мөнгө “илүү олгогдсон тэтгэвэр”-ийг төлүүлэх, уг актын үйлчлэл нь шууд тухайн иргэний эрх зүйн байдалд нөлөөлж, үр дагавар үүсгэж буй хамгийн тод нотолгоо юм. Шүүх актын хэлбэрийг харахдаа зөвхөн албан тушаалтан уу, иргэн үү гэж өрөөсгөлөөр харж, уг актыг бодитоор хүлээн авч буй иргэний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг орхигдуулсан гэж үзэж байна... Акт дээр иргэний нэр бичигдэж, иргэнийг хүлээн авагчаар гарын үсэг зуруулах үйлдэл, түүний авсан тэтгэврийг буцааж төлүүлэхээр тогтоох хэсэгт дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт юм. Тиймээс иргэнийг хяналт шалгалтын оролцогчоор оролцуулж, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.", 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн үйлдэл юм. Тэтгэвэр авагч У.Д нь хуурамч бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагыг хуурч мэхлээгүй, нийгмийн даатгалын байгууллага өөрөө хуулийн дагуу нэмэгдэл олгох шийдвэр гаргаж, мөнгийг тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн. Иргэн төрийн шийдвэр зөв гэдэгт итгэж тэтгэврээ авсан тул үүнийг “илүү авсан этгээд" гэж буруутгах үндэслэлгүй. Төрийн алдааны хариуцлагыг иргэн хүлээх ёсгүй, захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т "хууль ёсны итгэлийг хамгаалах" заасан зарчмыг баримтлах ёстой... Харин төрийн байгууллага өөрөө тооцоолж олгосон нэмэгдэлд энэ заалтыг шууд хэрэглэж, иргэнийг буруутгасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль бус акт бөгөөд нийгмийн даатгалын байгууллага өөрөө энэхүү алдааг өөрийн ажилтны буруугаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хэрэв албан тушаалтны буруугаас болсон бол тэрхүү алдаа гаргасан байцаагч, мэргэжилтэн өөрөө уг мөнгийг санд төлөх ёстой бөгөөд иргэн У.Д-ын тэтгэврээс суутгах, иргэнийг хохироох эрх байхгүй юм.

Шүүхээс улсын байцаагчийн актыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь туйлын зөрчилтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдвол шүүх түүнийг хүчингүй болгох үүрэгтэй. Актын улмаас нэхэмжлэгчийн тэтгэвэр зогсох, суутгагдах бодит аюул тулгарсан (эрх нь зөрчигдсөн) гэдгийг шүүх өөрөө тогтоосон атлаа актыг хүчингүй болголгүй, суутгал хийгдсэний дараа нэхэмжлэх эрхтэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0741 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." заасан зарчмыг хангахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0741 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай актыг хүчингүй болгон, 2016 оноос 2026 оны хоорондох тэтгэврийн нэмэгдлийн зөрүү болох 1,653,682 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.    

   

ХЯНАВАЛ:          

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                           

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.              

 

2.1. Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О-ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар, тус газрын улсын байцаагч Д.М, Д.С  нарт тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай илүү олгогдсон 1,118,656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                                                    

2.2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25/00100 дугаартай[1] актаар “...тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэн олгохдоо хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан 8 жилийг 8 хувиар дахин нэмэгдүүлж, 2023 оны 07-12 дугаар сар, 2024 оны 01-12 дугаар сар, 2025 оны 01-12 дугаар сар, 2026 оны 01 дүгээр сарын тэтгэвэр 1,118,656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг илүү олгосон нь "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль"-ийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг "Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ." заалтыг зөрчсөн байна” гэж үзэн У.Д-д илүү олгосон тэтгэвэр 1,118,656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг холбогдох албан тушаалтнаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч У.Д-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тогтоохдоо нэмэгдэлгүйгээр тэтгэврийн доод хэмжээгээр буюу 216,000 төгрөгөөр тогтоосон,[2] дараа нь нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн хүсэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994/ оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ.” гэж заасны дагуу 8 жилээр буюу 17,280 төгрөгийн нэмэгдлийг тооцож нийт 233,280 төгрөгийг олгохоор тогтоож, олгож эхлэх өдрийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчилсөн байна.[3]

2.4. Нэхэмжлэгч У.Д-ын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсанд нэмэгдэл дүн 40,000 төгрөг, тэтгэврийн доод хэмжээ 400,000 төгрөг гээд нийт 440,000 төгрөг, олгож эхлэх нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэж тогтоосныг[4] мөн нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэтгэврийн доод хэмжээ 440,000 төгрөг, сард олгох тэтгэврийн хэмжээ 475,200 төгрөг гээд, олгож эхлэх өдрийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчилжээ.

2.5. Талуудын маргааны гол зүйл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 17 дугаар зүйлийн 17.4-т “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.” гэх заалтыг хэрхэн ойлгож, хэрэглэх буюу үүнийг нэхэмжлэгч талаас “...шинэчлэгдсэн суурь дүнгээс 8 хувиа хуулийн дагуу бодуулах ёстой...суурь хэмжээнээс тооцох тогтмол хувь“ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч талаас “...1 хувиар нэмэгдүүлэх заалтыг анх тэтгэвэр тогтооход хэрэглэх бөгөөд тэтгэврийг өөрчлөн тогтоох, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд дээрх нэмэгдлийг дахин тооцохоор зохицуулаагүй” гэж үзэж маргаж байна.

2.6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолын 2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, мөн тус өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар тус тус нэмэгдүүлэн, 2 дахь заалтаар нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440,000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон.

2.7. “Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэх зохицуулалт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг анх тогтоох үед тухайн тэтгэврийн хэмжээг тооцож нэмэгдүүлэхэд хамаарах бөгөөд Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тухай бүр уг 1 хувийн нэмэгдлийг дахин шинээр тооцож нэмэгдүүлэхээр хуульд тусгайлан заагаагүй байна.

2.8. Тодруулбал, шинэчлэгдсэн тэтгэврийн хэмжээ бүр дээр 1 хувийн нэмэгдлийг тооцох хууль зүйн үндэслэл байхгүй тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ.” гэх заалтын дагуу илүү олгосон тэтгэвэр 1,118,656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг холбогдох албан тушаалтнаар хариуцуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд зүйн үндэслэлтэй байна.

2.9. Нэгэнт Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тухай бүр уг 1 хувийн нэмэгдлийг дахин шинээр тооцож нэмэгдүүлэхээр хуульд тусгайлан заагаагүй тул  “2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах” боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.О-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.                   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 75-76 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 106 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 84 дэх тал

[4] 1 хавтаст хэргийн 83 дахь тал