Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Н.Булганчимэг,

            хохирогч Э.Бээжин, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/,

            иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг төлөөлж, хуулийн зөвлөх Б.Баттулга,

            шүүгдэгч Ц.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал /ҮД:1486/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Цэрэндуламын Ганбаатарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201724000015 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд, төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл”  ОНӨААТҮГ-ын 3-р баазад жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 43-а-64 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Сартуул овогт Цэрэндуламын Ганбаатар /РД:ИЭ77052413/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Ганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг 5-н шарын уулзвар замд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-н эзэмшлийн Daewoo BS-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Бээжинг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 06 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гражаас тус байгууллагын эзэмшлийн 3-067 паркийн дугаартай “Ч-57 Улаанчулуут-МУҮИСургууль” чиглэлийн Дэвүү бус-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон үйлчилгээнд гарсан. Нэг бүтэн тойрог хийчихээд дараагийн тойргоо хийгээд дуусгах гээд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзвар замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээнд ойролцоогоор 30 орчим км цагийн хурдтай явж байгаад уулзвар дөхөөд ирэх үед миний урд талд нийтийн тээврийн Аеро Сити-540 маркийн автобус гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Би түүний араас хурдаа саагаад очиж зогссон. Энэ үед 10 цаг 50 минут болж байсан байх, урд талын автобус чигээрээ зөвшөөрсөн ногоон гэрлээр уулзвараа нэвт гараад явсан. Би түүний хойноос зүүнээсээ баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр хойд зүгт эргэх үйлдэл хийсэн. Миний харснаар 10 орчим км цагийн хурдтай эргэх үйлдэл хийсэн. Үүнийгээ би сайн мэдэж байна, учир нь олон зорчигчтой үед баруун зүүн гар тийш эргэхэд заавал хурдыг маш бага дээр эргэх үйлдэл хийхгүй бол зорчигч унах аюултай. Тухайн үед намайг баруун гар тийш эргэх үйлдлийг хийхэд гэрэл чигээрээ буюу баруун гар тийш эргэх нэмэлттэй гэрэл ассан байсан. Харин зүүнээсээ баруун зүг, баруунаасаа зүүн зүгт чиглэлтэй явган хүний гэрэл мөн адил зөвшөөрсөн ногоон гэрэл байсан. Би тэр замаар гарч явсан явган зорчигч байхгүй байсан учир хөдөлгөөнөө мөн хурдаараа үргэлжлүүлсэн. Гэхдээ миний баруун гар талаас буюу автобусны хойд хаалга орчимд түг хийх шиг болсон. Би гайхаад баруун талын гаднах толинд хартал зам хөндлөн гарч явсан бололтой 30 орчим насны эмэгтэй газар уначихсан хөлөө бариад орилж байсан. Тухайн үед зааланд ганцхан зорчигчтой явсан ба тэр нь манай нэгтгэлийн шалгагч ажилтан явсан. Би тэр үед шууд зогсоод буугаад тэр эмэгтэй дээр яваад очтол тэр эмэгтэйн зүүн баруун хөлийн шилбэ орчимд автобусны баруун хойд талын  дугуйгаар дайрсан байсан. Тэр үед нөгөө явган зорчигч гар утсаа гаргаж ирээд нөхөр лүүгээ залгаад “би автобусанд дайруулчихлаа, автобусыг орж ирэхийг харалгүй мөргөөд унахдаа хөлөө дайруулсан” гээд яриад байсан. Би тэр үед шууд 102-т дуудлага өгч ослын талаар мэдэгдсэн. ...Тухайн үед хэмжилт хийх гэж байхад хөдөлгөөний нягтрал их ачаалалтай байсан учир мөргөсөн дайрсан газарт дугуй хэсэгт зураад автобусыг гаргасан. Миний хувьд жолоочийн хариуцлагын “Хаан” даатгалтай. Манай даатгал нийт 10 хүртлэх сая төгрөгийн хохирлыг баримтын дагуу гаргаж өгнө гэсэн. ... Дээрх явган зорчигчийн ар гэр болон түүний нөхөр нь үндэслэлгүй 20,000,000 төгрөг эхний удаа өг, дараа нь насан туршдаа эмчилгээний зардлыг байнга гаргуулах болно. Сарын 9,000,000 төгрөг манай эхнэр олдог, би өөрөө өдрийн 60,000 төгрөгийн цэвэр ашиг олдог талаар надад хэлж дээрх мөнгийг олж ирээгүй цагт бидэнтэй битгий уулз гээд байгаа. Манай ажилтан албан хаагчид хүртэл сэтгэлээрээ хандив цуглуулаад эмчилгээний зардлыг нь төлөлцөх гээд гүйцгээж байгаа. Би эхнэрийнхээ хамт хэд хэдэн удаа эргэж тойрч байсан. Миний бие дээрх явган зорчигчыг автобусны урд талаар юм уу эсвэл хажуу талаараа шахаж шүргэсэн асуудал байхгүй. Өөрөө аюулгүй байдлаа хангалгүйгээр хөдөлгөөнд оролцож яваад өөрөө мөргөөд газар унасан. Унасны дараа би уг хүний хөл дээр автобусны баруун хойд талын дугуйгаар дайрсан байдаг. ... 1 сая төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Э.Бээжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзвар замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй Худалдаа хөгжлийн банк орох зорилготойгоор явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарахдаа автомашин ирж байгаа эсэхийг хоёр тал руугаа сайтар хараад гарах үед гэнэт миний зүүн гар талаас нийтийн тээврийн шар автобус гэнэт орж ирээд намайг мөргөж унагаасан. Газарт унасны дараа уг автобус нь миний баруун  зүүн хөлийн өвдөг шилбэ хэсгээр баруун хойд талын дугуйгаараа дайрсан. Тэр үед маш их өвдөж байсан ба тэр хавиар явж байсан хүмүүс түргэн дуудаж байх шиг байсан. Хөл дайрсан автобус Дэвүү бус-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобус байсан. Хөдөлгөөн зохицуулж байсан болов уу гэх замын цагдаа миний дэргэд ирэхээр нь  би гар утсаа өгөөд нөхөрт минь хэлээд өгөөч гэсэн. Ингээд түргэний машин ирээд ГССҮТ дээр очоод үзүүлэхэд хоёр хөлийн болон цээжний рентген зураг авсан. Эмч зургийг үзээд зүүн хөлийн шилбэ хэсгээр хугаралтай, баруун хөлийн өвдөг хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй, өвдөгний урд талын чагтан холбоос задралттай цус хуралттай байна гэсэн. Зүүн хөлөнд гипс тавиад гэртээ гар гээд эмчилгээ бичиж өгсөн.

...Би осол болсоноос хойш өөрөөсөө нийт 10 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөнгөн гүүр эмнэлэгт 2016-12-13-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлхи хугацаанд нийт 15 хоног хэвтэн эмчлэгдсэн. Эмнэлгийн ор хоногийн төлбөр хоногийн 90,000 төгрөг гээд 900,000 төгрөг. Үүний 5 хоногийг нь 60,000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлж 300,000 төгрөг болсон. Манай нөхөр намайг хэвтэх хугацаанд сахиж хоносон ба сахиурын 240,000 төгрөг болсон ба энэ зардал нь дээрхи зардалд шингэж байгаа. Үүнд эмчилгээ болон эм тариа бүрэн орсон. Нийт 1,200,000 төгрөг болсон. Үүн дээр өвдөгний үений МRI-г  300,000 төгрөг, толгойн зураг 150,000 төгрөг, бүсэлхийн зураг, 150,000 төгрөг гарсан гэх мэтээр зардлууд гараад байгаа. Үүнийгээ би баримтаар гаргаж өгсөн. 2016-12-15-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №185 тоот “хүндэвтэр гэсэн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би шөнө орой болоод унтаж амрах гэхээр миний зүүн хөлийн шилбээр янгинаад байдаг. Баруун хөл үндсэндээ мэдээгүй. Зүсэлт хийсэн түүнийг оёсон оёдол нь өдийг хүртэлхи хугацаанд эдгэхгүй буглаад байна. Би уушгиндаа гэмтэл авсан болоод тэрүү толгой өвдөнө ямар нэгэн зүйлийг мартаж санах нь амархан болсон байна. Цээжээр үе үе өвддөг. Ослоос хойш байнга хүний асаргаанд байна. …Би тэр жолоочоос нэг төгрөг ч аваагүй. Харин намайг “Мөнгөн гүүр “эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байх хугацаанд 3 удаа эргэж ирсэн. Мөн эхнэр нь нэг удаа ирсэн.Сүүлд хөлөндөө хагалгаа хийлгэхэд тэр жолооч ирсэн байсан ч нэг ч төгрөг өгөөгүй.Ирэхдээ хоол унд авчирдаг. Эмчилгээний зардал нэхэхээр мөнгө байхгүй даатгалаас мөнгө гаргана гэдэг. Би дээрхи жолоочид гомдолтой байна. Өөрийн эмчилгээний зардлаа бүрэн барагдуулан авах хүсэлтэй байна. Цаашид гарах зардлаа ч тэр жолоочоос гаргуулан авах хүсэлтэй байна. Би одоо ч гэсэн урьд эмчлэгдэж байсан Мөнгөн гүүр эмнэлэгт нөхөн сэргээх физик, лазерийн эмчилгээ хийлгээд боолтоо үргэлж хийлгэж байгаа. Миний хувьд ослоос хойш 1 сарын хугацаа өнгөрсөн. Өөрийн хоёр хөл дээр сайн алхаж явж чадахгүй байнга асаргаанд байгаа. …Явган хүн зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асч байсан. …Намайг зам хөндлөн гарах үед зүүнээсээ баруун зүгт чиглэлтэй тээврийн хэрэгслүүд зогсож байсан. Би дээрх шүргэсэн автобусыг ирж явахыг, зогсож байхыг нь хараагүй. …Зам хөндлөн гарах үед дунд зэргийн урттай юүдэнтэй хар куртиктай, хар өнгийн өмд бор хагас түрийтэй гуталтай явсан. Замаар гарах үед куртикний малгайг өмсчихсөн байсан ба юүдэн нь сагсгар үстэй. …Би тэр жолоочоос 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 х/

 

Хохирогч Э.Бээжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Таван шарын гэрэл дохиотой уулзаварт ертөцийн зүгээр зүүнээс баруун тийш явган зорчигчийн ногоон гэрэл ассан байхад зам хөндлөн гарсан. Тэгтэл гэнэт автобус ирээд мөргөөд автобусны хойд дугуй миний хөл дээгүүр гарсан. Автобусны жолооч түргэний эмч дуудаад түргэн удалгүй ирээд би эмнэлэг явж хоёр хөлийн зургаа авахуулж зүүн хөл хугаралттай гээд хөлөө гипсдүүлээд гэртээ харьсан. 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр "Гэмтэл согог судлалын үндэсний төв"-д хэвтэж хагалгаанд орсон. Зүүн шилбээ хадуулж, баруун өвдгөндөө дурангийн хагалгаанд орсон. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарч гадуур эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд баримтаар 7.257.471 төгрөг нэхэмжилж байна.  Хавтаст хэрэгт байгаа баримтуудын зарим нэг нь давхардсаныг хасаж тооцсон. Эмчилгээний зардал хохирлоо барагдуулмаар байна. Хөл сайн эдгээгүй гомдолтой байна. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. …” гэсэн мэдүүлэг /шүүх хурлдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Н.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би автобусны урд тал буюу жолоочын дэргэд зогсоод явж байгаад суугаад нэг их удаагүй Таван шарын уулзвар замаар зүүнээсээ баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр хойд зүгт эргэх үйлдэл хийх гэтэл гэрлээр амжаагүй учир дараагийн гэрлийг хүлээгээд зогссон. Бидний урд талд Орбит чиглэлийн автобус зогсож байсан ба гэрэл дохио чигээрээ буюу баруун гар тийш эргэх сумтай гэрэл ассан. Урд талын автобус чигээрээ явсан. Манай автобус баруун гар тийш эргэх үйлдэл хийсэн. Миний харсанаар тийм их хурдтай биш эргэсэн. Учир нь зогсож байгаад хөдөлсөн учир хурд авах ямар ч бололцоо байхгүй. Тэр үед зүүнээсээ баруун зүгт чиглэлтэй явган хүний гарц байсан ба тэнд ямар нэгэн хүн харагдаагүй. Харин эсрэг талд нь их хүн бараг 10 гаруй хүн байсан. Баруун гар тийш эргэтэл автобусны хойд талд түг хийх шиг болсон. Би урд явсан болохоор юу болов гээд баруун талы гаднах толинд хартал бараан өнгийн куртиктай куртикныхээ малгайг өмсчихсөн эмэгтэй хүн хойш саваад унаж байгаа харагдсан. Тэр эмэгтэй хоёр хөл дээр автобусны баруун хойд дугуй дайрахыг би өөрөө харсан. Дайрахдаа тэр хүний хоёр хөл хажуу талаараа зэрэгцээ байдалтай байсан ба дугуй тэр хүний гутлын ул хавьд дайраад гарсан. Бүр хөл дээгүүр лав гараагүй. Миний бодлоор тэр хүн жаахан хөлөө татсан бол ийм асуудал болохгүй байх гэж бууж ирсэний дараа бодож байсан. Миний сууж явсан автобус яг л зөвшөөрсөн гэрлээрээ хөдөлгөөнд оролцсоныг би баталж чадна. Харин жолоочтой ямар нэгэн хувийн болон албаны харьцаа байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 х/

 

Гэрч Ж.Мэндсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх ЗЦХ-ийн зохицуулагч албан тушаалтай. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт буюу 18-р хороо 5-н шарын уулзвар зам буюу 516-р постонд өглөөний 07 цаг 30 минутаас 15 цаг 00 минутыг хүртэлхи хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 11 цагийн үед шиг санаж байна. Ертөнцийн зүгээр зүүнээсээ хойд зүгт чиглэлтэй баруун гар ийш эргэх үйлдэл хийж байсан Дэевүү бус-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобус нь явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан. Үүнийг нь би пүүтэгний цонхоор хараад яагаад хөдөлгөөн хаагаад зогсчихов оо гээд очсон. Гэтэл явган хүний гарцан дээр тус уулзвар буюу зүүнээсээ баруун зүгт чиглэлтэй зам хөндлөн гарч явсан 25-30 орчим насны эмэгтэйн баруун хөл дээгүүр автобус баруун хойд талын дугуйгаар дайрчихлаа гэсэн эмэгтэй газар сууж байсан. Тэрээр уйлчихсан шаналал зовиуртай байсан. Би тэр доор нь 103-т дуудлага өгөөд ЗЦГ-ын ерөнхий жижүүрт өөрийн гар утсаар мэдэгдсэн. Тэр эмэгтэйн хэлж байгаагаар зам хөндлөн гарч явсан уг автобусны голын гүйдэг хаалгыг өөрөө харалгүй очоод мөргөчихлөө гэж байсан. Үүнийгээ өөрөө надад хэлсэн. Мөргөөд хойш унахдаа хөлөө дайруулсан гэж байсан. ... Яг осол болохыг хараагүй. Тэр эмэгтэйгээс би болсон асуудлыг өөрөө тодруулан асуухад дээрхи зүйлийг надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 х/

 

Гэрч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр таван шарын уулзварын замынхаа баруун хойд талд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар алхаж явсан. Тухайн үед миний урдхан талд 7-8 орчим метрийн зайнд хар куртиктай куртикныхээ малгайг өмсчихсөн 25 орчим насны бололтой эмэгтэй явган хүний гарцан дээр зогсож байсан. Тухайн үед би явган хүний гэрлэн дохиог хартал улаан өнгөтөй явахыг хориглосон гэрэл асч байсан. Би түүнд дөхөөд очтол тэр эмэгтэй улаан гэрлээр шууд урагш алхсан. Түүнийг алхаад орсоны дараахан нь 2-3 алхасны дараа явган хүн явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан. Энэ үед гол замаас буюу зүүнээсээ баруун гар тийш эргэх үйлдэл хийж байсан шар өнгийн автобус хойд зүгт эргэх үйлдэл хийсэн. Миний урд явсан эмэгтэй тэр автобусыг яагаад ч хардаггүй юм тэр чигээрээ тонгойсон маягтай шууд урагш алхсан. Тэр автобус тэр эмэгтэйгээс зайтай цаагуур тойрох үйлдэл хийсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй нөгөө автобусны дунд хаалга орчимд өөрөө мөргөөд хойш саваад унасан. Тэгтэл түүний баруун хөлийн шагай хэсэгт шиг санаж байна тэр автобусны баруун хойд талын дугуй дайраад гарсан. Ингээд нөгөө эмэгтэй маш их чангаар хашгирч уйлсан. Тэр хавиар явсан хүмүүс овоорчихсон мөртлөө нэг нь ч 103-т дуудлага өгөөгүй. Би иргэнийхээ үүргийг биелүүлэх үүднээс өөрийн 99623760 дугаараас осол болсноос хойш 3 минутын дараа дуудлага өгсөн. Нэг их удалгүй түргэний машин бас цагдаагийн машин ирсэн. Тухайн ослын үед тэр уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан өндөр шар цагдаа ирсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/

 

Шинжээчийн №185 тоот дүгнэлт

1.Э.Бээжин-н биед баруун, зүүн уушигны няцрал, зүүн шилбэний шаант ясны далд хугарал, баруун өвдөгний үений дотор жийргэвчний урагдал, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, шаантны гадна талын мөгөөрсний хэсэгчилсэн урагдал, үений цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний арьсан доорхи цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо /хх-ийн 96 х/

 

Шинжээчийн ¹269 тоот дүгнэлт:

1.Э.Бээжин-н биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, баруун өвдөгний урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, үений цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдегний арьсан доорх цусан хураа гэмтэл учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ¹185 тоот шинжээчийн хүндэвтэр гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Эмчилгээний үр дүнд эдгэрэлт хэдэн хувьтай байгаа эсэхийг гогтоох боломжгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат, Ш.Цэцэгмаа /хх-ийн 102-103 х/

 

Техникийн шинжээчийн дүгнэлт:

1.Daewoo Bus-106 маркийн 03-10 УБН улсын дугаартай автобусны жолооч Цэрэндуламын Ганбаатар нь Монгол Улсын ЗХД-ийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч 28 настай эмэгтэй Энхээгийн Бээжин нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Цагдаагийн дэслэгч Б.Энх-Амгалан /хх-ийн 109 х/ 

 

Шинжээч эмч О.Болороо-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зам тээврийн осолд орсон гэх 28 настай эмэгтэй Энхээгийн Бээжингийн гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр УБХЦГ-ийн 3-р хэлтсийн ахлах дэслэгч О.Гарьд-н тогтоолыг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус дүүргийн нутагт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлэгт өөрийн биеэр очиж өвчтний биеийн байдлыг биеэр үзэж холбогдох гэрэл зургийг үзээд мөн эмчлүүлэгчийн өвчний түүхийг дүгнэн шинжээд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүх эмнэлгийн шинжээчийн ¹185 тоот дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Э.Бээжингийн биед баруун, зүүн уушигны няцрал, зүүн шилбэний шаант ясны далд хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүндэвтэр гэмтэлд эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулсан, 28-аас дээш хоног гэж ойлгоно. Хөдөлмөрийн чадварыг 15-30 хувийн тогтонги алдалтыг хамааруулдаг юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 х/

 

Шинжээч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие Эрүүгийн 201724000015 тоот сэжигтэн Цэрэндуламын Ганбаатарт холбогдох хэргийн материалыг тогтоолын хамт хүлээн авч хэргийн газрын схем үзлэг материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн жолооч Ц.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдлөлгөөний дүрмийн 13.2-т заасан заалт болох “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь Daewoo Bus-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобусны жолооч Ц.Ганбаатар нь чигээрээ буюу баруун гар тийш эргэх нэмэлт сумтай ногоон гэрэл асах үед заруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ зүүнээсээ баруун зүг чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Э.Бээжинд зам тавьж өгөх ёстой. Учир нь явган зорчигчыг зам хөндлөн гарч явах үед мөн зөвшөөрсөн ногоон гэрэл асаатай байгаа нь явган зорчигч давуу эрхтэй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110 х/

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9 х/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 х/

Гэрэл дохионд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 х/-аар Г.Ганбаатар урьд өмнө гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

Хохирлын асуудлаар:

Иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Б.Баттулга-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хуулийн зөвлөхөөр 2016 оны 09-р сараас ажиллаж байна. Дэвүү бус-106 маркийн 03-10 УБЧ улсын дугаартай автобус нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Манайх нэг автобусанд 2 ээлжийн жолооч өглөө орой гэсэн ээлжээр нэг жолооч 8 цаг ажиллахаар зохицуулагдсан байдаг. Манай баазын жолооч Ганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өглөөний ээлжинд ажиллаж байх үедээ дээрхи автобусыг жолоодонүйлчилгээнд явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Таван шарын уулзвар замаар эргэх үйлдэл хийхдээ явган зорчигчыг мөргөсөн зам тээврийн осол гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн. Ингээд жолоочтой уулзаж болсон асуудлыг лавлаж асуусан. Түүний хэлж байгаагаар мөргөгдсөн явган зорчигчийн эмчилгээ болон түүнд зарцуулах зардлыг барагдуулаад явж байгаа гэсэн. Баазын зүгээс дээрхи хүнийг ажлаас нь түр чөлөөлөөд явган зорчигчийн эмчилгээнд анхаар гээд явуулсан. Сүүлд сонсоход тэр явган зорчигч болон түүний ар гэрийнхнээс өмгөөлөгчөөс нь их хэмжээний мөнгө үндэслэлгүй нэхсэн сурагтай байна. Жолооч болон байгууллагын зүгээс жолоочийн харицлагын даатгалаас 10,000,000 хүртэлхи төгрөгний зардлыг барагдуулан өгөх боломжтой. Харин дээрхи хүмүүс нь эмчилгээний зардал гэж 9 гаруй сая төгрөг нэхээд түүн дээрээ яг хэд гэдгийг нь одоогоор мэдээгүй байна. Их хэмжээний мөнгө нэхсэн байна. Иймд бид хуулийн хариуцагч ч гэсэн үндэслэлтэй холбогдох зардлыг барагдуулахад бэлэн байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 х/,

 

Иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Б.Баттулгашүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Манай байгууллага жил бүр “Хаан даатгал” ХХК-тай жолоочийн хариуцлагын даатгалыг шинэчилж хийдэг. Жолоочийн хариуцлагын нөхөн даатгалаар тухайн даатгуулсан жолооч осол гаргасан тохиолдолд 10.000.000 хүртэлх мөнгийг нөхөн гаргуулах гэрээтэй. Энэ гэрээний хүрээнд хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг “Хаан даатгал” ХХК-иас гаргуулахаар баримтуудыг хүргүүлсэн. “Хаан даатгал” ХХК нь шүүхээс тухайн жолоочийг гэм буруутай гэж тооцвол хохирлыг нөхөн гаргахад татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн. “Хаан даатгал” ХХК нь уг тайлбартаа бензиний зардал болон бусад зардлыг төлөхгүй, харин эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлнө гэж тайлбарласан. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт /хх-ийн 135 х/

Автобусны өдөр бүрийн шалгалтын хуудас /хх-ийн 91-93 х/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 140 х/ зэргээс үзэхэд Г.Ганбаатар нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт жолоочоор ажиллаж байсан, тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь тогтоогдож байгаа тул уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар түүнийг гэрээгээр ажиллуулж байсан байгууллага болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Бээжингийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-49 х,

Э.Бээжингийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 52-69 х/ зэргээр хохирогч Э.Бээжингээс нийт 7,366,241 төгрөгийн зардал гарсан байна.

Дээрх зардлуудаас 442,161 төгрөгийн бензиний  зардал гарсан гэж баримтууд хэрэгт хавсарган ирүүлсэн бөгөөд дээрх баримтыг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй бөгөөд өдөр бүр хувийн автомашинаар хоол ундаа зөөлгөдөг байсан гэх тайлбарыг хохирогч гаргаж байгаа боловч нэг өдөрт зарцуулсан бензиний зардлууд харилцан адилгүй нэг өдрийн шатахууны зардал дунджаар 20,000-87,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа, ямар маркийн машинаар, хаанаас хаа хүртэл хэдэн литр бензин, түлш зарцуулдаг байсан зэргийг нотлох баримтууд байхгүй тул дээрх зардлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд 7,366,241 /нийт зардал/ - 442,161 /бензин/ = 6,924,080 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгчийн хувиасаа төлсөн 1,000,000 төгрөгийг мөн хасаад 5,924,080 төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс сандал /сууж явах зориулалтын/, түмпэн /асаргаанд хэрэглэж байсан/, Завхан аймгаас ээж, аавынх нь ирсэн замын зардлын мөнгийг хасуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Хохирогч Э.Бээжин нь уг гэмт хэргийн улмаас хоёр хөлдөө гэмтэл авч, улмаар сандал дээр сууж бусдын тусламж авах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн, мөн гэмтэж бэртсэнтэй холбоотой хувийн хэрэгцээндээ түмпэн худалдаж авсан, эцэг, эх нь ирж асарч сувилах шаардлагатай болсон зэрэг зайлшгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээрх зардлуудыг иргэний хариуцагчаас гаргуулах нь  зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Ц.Ганбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирлыг иргэний хариуцагч байгууллагаас гаргуулж байгаа зэрэг нөхцлүүдийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 141 х/-оор шүүгдэгч Г.Ганбаатарын хувийн эзэмшлийн Toyota Hiace маркийн 58-58 ЗАН улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн.

Г.Ганбаатар нь хохирлыг эхний ээлжинд хариуцан төлөх этгээд биш учраас дээрх тогтоолыг хүчингүй болгож автомашин, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Ганбаатарт буцаан олгох, мөн Г.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шүүхээс хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Бээжин бензиний болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлуудын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх, Ц.Ганбаатарын ¹87145 дугаартай жолооны үнэмлэх, Toyota Hiace маркийн 58-58 ЗАН улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг эзэмшигч Ц.Ганбаатарт буцаан олгохийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Сартуул овогт Цэрэндуламын Ганбаатарыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,152,000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хуагцаагаар хорих ялаар солих боломжтойг Ц.Ганбаатарт мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 5,924,080 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо 10-42 тоотод оршин суух Алаг адуу овогт Энхээгийн Бээжин /РД:ИД88030201/-д олгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Бээжин цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ц.Ганбаатарын эзэмшлийн Toyota Hiace маркийн 58-58 ЗАН улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Ц.Ганбаатарын 87145 дугаартай жолооны үнэмлэх, Toyota Hiace маркийн 58-58 ЗАН улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Ганбаатарт буцаан олгосугай.  

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ганбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ