Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0328

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0328

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Одмаа, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:/,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У*********

Хариуцагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд:    Б***** ТББ/ РД:/,

Маргааны төрөл: Газар,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* , хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********* , хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****, гуравдагч этгээд Б********* ТББ-ын гүйцэтгэх захирал Н.У********, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З******, Т.У********** иргэдийн төлөөлөгч Л.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д********* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахын зэрэгцээ нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах гэж тодруулсан байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг үндэслэн ...амины орон сууцны хотхон барих зориулалтаар 1481725 м.кв газрыг эзэмшиг Д******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын төлбөрөө төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож гэж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02****** тоот албан бичгээр ... А/6** дугаар захирамжийг хүргүүлсэн гэх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, харин Д****** ХХК нь Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг даргаас өнөөдрийг болтол хариу ирүүлээгүй болохыг дурдсан тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

4. Д******* ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай компани Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины сууцны хотхон барих зориулалтаар 150,0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 сарын 17-ны өдрийн А/3** тоот захирамжаар эзэмшиж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1*** тоот захирамжаар сунгалт хийлгэсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн
Г.А***** ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн
Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компани гуравдагч этгээдээр оролцогч байх явцад Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/3** тоот захирамж ирсэн байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж шийдвэр гаргаагүй, мөн захирамжийн 2-т заасны дагуу манай компанид захирамжийг хүргүүлж, мэдэгдээгүй. Бид шүүхэд ирүүлсэн нотлох баримт дотроос л газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдсэн.

Иймд оролцогчийн эрхийг хязгаарлаж хууль бусаар гаргасан 2020 оны
05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө
үү. Жич: Нийслэлийн Засаг даргад хүсэлт, гомдол гаргасан боловч хуулийн
хугацаандаа өнөөдрийг болтол хариу ирүүлээгүй болно ,

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч компани нь Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 сарын 17-ны өдрийн дугаар А/3** тоот захирамжаар эзэмшиж ирсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.А***** ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б***** ХХК гуравдагч этгээдээр оролцож байх явцад Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/6** тоот захирамж ирсэн байсан.

Дээрх захирамж яагаад гарах болсон талаар судлахад газрын төлбөр
төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компани болон бусад гурван компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг А/6** дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн эрхийг хангаж шийдвэр гаргаагүй, мөн захирамжийн 2- т заасны дагуу манай компанид захирамжийг хүргүүлж мэдэгдээгүй. Бид шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн.

.... 2021 оны 05 сарын 18-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагуудаа эцсийн байдлаар тодруулж, бүхэлд нь дэмжиж оролцсон. Үүнд

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

2. Гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах

3. Гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах гэж шаардлага тодорхойлсон.

2021 оны 06 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд эцсийн байдлаар тодруулж оролцсон дээрх шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Д**** ХХК нь Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/3** тоот захирамжаар эзэмшиж ирсэн. 2018 оны 12 сарын 07-ны өдрийн дугаар А/1*** тоот захирамжаар талбайн хэмжээг 1.481.725 м.кв болгон өөрчилсөн. Уг захирамжийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан.

Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл Д***** ХХК-тай иргэн, хуулийн
этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байна. Иймд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү, Нэхэмжлэгч Д****** ХХК нь Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барих зориулалтаар нийт 150.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар А/3** тоот захирамжаар эзэмшиж ирсэн.

2018 оны 12 сарын 07-ны өдрийн дугаар А/1*** тоот захирамжаар талбайн хэмжээг 1.481.725 м.кв болгон өөрчилсөн. Уг захирамжийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан. Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл Д***** ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байна. Манай компани нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний төлбөрөө төлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.

Иймд Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У********* нь шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан.

Д***** ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг
даргын 2020 оны А/6** дугаар захирамжаар хүчингүй болгосон тул 2018 оны
А/1*** дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ
олгох нь үндэслэлгүй байна. Д ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/3** дүгээр захирамжаар 1.500.000 м.кв газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1*** дугаар захирамжаар талбайн хэмжээг 1,481.725 м.кв болгон өөрчлөн баталгаажуулсан.

Газрын хэмжээ өөрчлөгдсөн тул нэхэмжлэгч Д**** ХХК нь Газрын
харилцаа, геодези зураг зүйн газрын /хуучин нэрээр/ даргын 2008 оны 83 дугаар
тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын
3.4.4.4-т заасны дагуу Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах,
газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд газар эзэмшигч нь
кадастрын зураг /эх хувиар/ ирүүлэх ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл бүхий
мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгэж ирүүлээгүй, мөн тус албанд
гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа
сунгах тухай шийдвэр гарснаас хойш хандаж байгаагүй тул нэхэмжлэлийн зүгээс
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй орхисон эс үйлдэхгүй байхгүй,

... нэхэмжлэгч нь 2018 оноос хойш ямар нэгэн байдлаар газрын төлбөрийг төлөөгүй. Газрын төлбөр төлөгдөөгүй байгаа талаар захиргааны байгууллагаас 3 удаа мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн хариуцсан мэргэжилтэн тухайн компанийн төлөөлөгчийг дуудан уулзаж, газрын төлбөрийг төлөхийг сануулсан боловч төлөлт хийгдээгүй. Иймд нийслэлийн Засаг даргын 2020 оны А/6** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Анх 434,000,000 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэ талаар удаа дараа Д**** ХХК-д мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/6** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу үндэслэл бүхий захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д ХХК-д Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/3** дүгээр захирамжаар 1.500.000 м.кв газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1*** дугаар захирамжаар талбайн хэмжээг 1,481.725 м.кв болгон өөрчлөн баталгаажуулсан байна.

Тус компани нь 2012 оноос хойш газрын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01******* , 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09**** , 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09**** дугаар албан бичгээр удаа дараа мэдэгдсэн. Д***** ХХК нь газрын төлбөрөө мэдэгдэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, тус захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02****** дүгээр албан бичгээр хүргүүлсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/6** дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Газар зохион байгуулалтын албыг гэрээ гэрчилгээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж байна. Манай байгууллагаас биелүүлсэн гэж үзэж байгаа. Гэрээ гэрчилгээ байгуулахад кадастрын зураг хавсаргах ёстой байсан. Улмаар тэр талаар хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч талаас 70000 төгрөгийн баримт ярьж байна. Газар зохион байгуулагчийн тухайд гэрчилгээг гаргаж өгнө гээд мөнгийг төлнө үү гээд данс өгөөд төлүүлсэн. Үүний дагуу хувийн хэрэгт хавсаргасан. н.Дондовдорж гэх хүн явж байхад кадастрын зураг бэлэн болбол гэрээ байгуулахад бэлэн болно гэж хэлж байсан. Захиргааны ажилтны тухайд үгээр хэлсэн үг нь захиргааны акт болоод явж байгаа. Нотлох баримт байхгүй хэдий ч тэр болгонд хэлээд явж байсан. Тооцоо нийлсэн актад газрын төлбөрийн үлдэгдэлтэй байдаг. Газрын тухай хуульд газрын төлбөр төлсөн баримт гэж зааснаас биш үлдэгдэлгүй гэсэн асуудлыг зааж өгөөгөөгүй. Төлбөрөө төлсөн баримтыг хавсаргасан бол судалж үзээд явах ёстой. Захиргааны актад маргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

9. Гуравдагч этгээд БАТГХ****** НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З**** шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус төрийн бус байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтдээ дурдсан нэр бүхий 120 айл өрхийн эрх ашгийг төлөөлөн оролцож байгаа бөгөөд дээрх айл өрхүүд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам, түргэний гол нутаг дэвсгэрт 50-60 жил амьдарч байгаагаа илэрхийлсэн өргөдлийг шүүхэд гаргасан хүсэлтдээ хавсаргасан.

Дээрх 120 айл өрхүүдийн оршин суудаг газар нь нэхэмжлэгч Д***** ХХК-ийн эзэмшил байсан газарт хамаардаг бөгөөд уг нөхцөл байдлын улмаас тус айл өрхүүдийн газар эзэмших эрх хөндөгдөж болзошгүй гэж үзэж холбогдох захиргааны байгууллагад хандаж ирсэн.

Улмаар тухайн иргэдийн амьдардаг газартай холбоотой маргаан тус шүүхэд хянагдаж байгааг БАТГХ****** НҮТББ-ын тэргүүн Т.У****** газрын асуудлыг хөөцөлдөж байх явцад буюу 2021 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдсэн ба 2021 оны 08 дугаар сард тус шүүхэд хандан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг төлж барагдуулаагүй нь хуулиар хүлээсэн газар эзэмшигчийн үүргийг зөрчсөн гэж үзэж болно.

Нэр бүхий 120 айл, өрхийн эрх ашиг шүүхийн шийдвэрийн улмаас шууд хөндөгдөнө гэж БАТГХ****** НҮТББ-ын зүгээс үзэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаагүй нөхцөлд дээрх айл, өрхүүд газар эзэмших талаар харьяа дүүргийн газрын албанд хандах болно.

Хэргийн үйл баримтаас харахад нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа хариуцагчийн гаргасан үйлдэл эс үйлдэхүйн талаар ярьдаг. Хариуцагчийг буруутгаж байгаа үндэслэл бол газрын төлбөрөө төлөх гэсэн боловч энэ талаар мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарладаг. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж хардаг. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч өөрөө төлбөрөө төлөх үүрэгтэй. Тухайн хугацааг өнгөрүүлж байгаа буюу эс үйлдэхүй үүсэх боломж байдаг. Захиргааны байгууллага газрын төлбөрөө төлөөгүй гэдэг асуудлаар иргэдэд нөлөөлөх байдлаар илрэхгүй юм. Энэ үүргээ өөрөө биелүүлэх ёстой. Хуулиа мэдэхгүй байгаа мөн буруу ойлгож байгаа нь эрх үүргээ хэрэгжүүлэх асуудалд саад болохгүй. Сонсгол хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Төлбөр төлөх асуудлаар сонсох ажиллагаа хийх үүрэг байхгүй. Энэ нөхцөл журам бий болоогүй байхад хариуцагчийг буруутгаж байгаа нь боломжгүй юм. Хэрвээ төлбөрөө төлөхгүй газар олгогчоос газар эзэмшүүлэгчээс төлнө гэх юм бол бодит байдалд нийцэхгүй зүйл болно. Нөгөөтээгүүр газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж өөрт нь байхад түүнийг хэрэгжүүлэх байдлаар шаарддаг хууль зүйн асуудал нь аль ч хуульд байхгүй. Нэхэмжлэгчийн захиргааны сонсох ажиллагаа хийгээгүй учир бид төлбөрөө төлөхгүй өнгөрсөн одоо газрыг авахгүй байгаа нь үндэслэлгүй гэдэг боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ өөрийнх нь үүрэг. Улмаар холбогдох баримтууд хэрэгт авагдан. Газрыг буцаан авсан нь хуульд нийцсэн юм. Баримтаас ч бас тэгж харагддаг гэжээ.

10. Гуравдагч этгээд БАТГХ****** НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компанитай шүүх хуралдаанд өмнө нь оролцож байсан. Яагаад та бүхэн Монгол Улсын ард түмний 150 га газрыг эзэмшиж байгаа вэ? уугуул иргэд 50-60 жил энэ нутагт амьдарч байгаа хүмүүс юм. Газраа авах талаар Нийслэлийн газрын алба болон Хан-Уул дүүргийн газрын албанд хүсэлтээ тавьж байсан боловч Д**** ХХК-тай давхацсан газар байна гэсэн шийдвэр өгч байсан. Үүнээс хойш өчнөөн олон жил болоход үйл ажиллагаа явуулаагүй. Тус компани ямар шугамаар уг газрыг авсан юм бол? гэдэг асуудал дээр бид нар гайхдаг. Уул ус хадтай бүгдийг нь авсан байдаг. Манай Монгол Улсын уугуул иргэд 0,7 га газартай байх ёстой. Уугуул иргэд гэхэд 500 гаруй хүмүүс амьдарч байгаа. Бид нар уух усгүй болоод байна. Болсон болоогүй баахан компанид газар өгч байна. Хамаг ургамал, амьтан устаад гангын байдалтай байгаа. Өөрийнхөө газрыг чөлөөлж авна гэдгийг хэлэх гэж ирсэнгэв.

11. Гуравдагч этгээд БАТГХ****** НҮТББ-ын гүйцэтгэх захирал Н.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам, түргэний гол нутаг дэвсгэрт нутагладаг айлууд 50-60 жил нутагласан газраа эзэмшилдээ авч чадаагүй байна. гэтэл бусад компаниуд тухайн газрыг эзэмшилдээ авсаар байна. Цөөн тооны айлуудад одоог хүртэл тог байхгүй байна. Оршин сууж байгаа ард иргэдэд газрыг олгох асуудал дээр шүүх хуралдаанд хүсэлт гаргах гэж ирсэн байна гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Л.А**** дүгнэлтдээ: Д****** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулж, барилга баривал хэдэн монгол хүн ажилтай болж, олон айл орон сууцжиж, утаа, униар, гэр хороолол багасахад дөхөм болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д***** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Д***** ХХК нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах  гэж эцэслэн тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй

- гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй буюу газар эзэмших эрх үүсээгүй байхад газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Анх нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/3** дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины сууцны хотхон барих зориулалтаар Д***** ХХК-д 150га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Иргэн Г.А***** нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Д***** ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон байх ба Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 23 тоот захирамжаар ... нэхэмжлэгч Ч.О*** , В.Л*********** , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*****, Т.У******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* ондовдорж харилцан тохирч эвлэрснийг баталж, нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 сарын 12-ны өдрийн А/3** дүгээр захирамжаар Д ХХК-д олгосон 150га газрын нэхэмжлэгч 14 иргэний амьдарч, эзэмшиж буй хэсгийг хүчингүй болгож, нэр бүхий 14 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1*** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Д**** ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг багасган 1,481,725 м.кв талбайтайгаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:, 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;, 40 дүгээр 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан.

5. Нэхэмжлэгч Д**** ХХК-д газар эзэмшүүлж шийдвэрлэсэн болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газар эзэмшиж байсан, газрын төлбөр төлөх үүрэг/зөвхөн хуульд зааснаар уг төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх зохицуулалттай/-ийг хуулиар хүлээсэн этгээд атал уг үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул энэ үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцож гарсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,

5.1. Д**** ХХК нь газар эзэмших эрх үүссэн 2012 оноос хойш газрын төлбөрт нийт 70,500,000 төгрөг төлсөн байх ба 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 57 сая төгрөгийн/1хх- 64 дэх талд/ үлдэгдэлтэй болохыг тус компанийг төлөөлж Б.Д******* ондовдорж(нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын харилцаанд тус компанийг төлөөлж байсан гэж тайлбарлах) баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзнэ.

5.2. Мөн Д ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 434,446,237 төгрөгийн, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 524,913,779 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар тогтоогдож байгаагаас үзвэл, Д**** ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болсон, газрын төлбөр төлөх үүрэг үүссэн байхад тус хуулийн этгээд нь хуулиар хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, үлдэгдэлтэй байхад нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны А/1*** тоот захирамжаар эзэмшиж байсан газрын хэмжээг өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч газар эзэмшигч нь шийдвэр гарахаас өмнөх үлдэгдэл төлбөрийг болон уг хугацаанаас хойш үүссэн газрын төлбөрийг нэмж төлсөн талаарх баримт гаргаж маргаагүй, харин газрын төлбөр, алдангийн асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай 2 удаа уулзалт хийж, газар эзэмших эрх цуцлагдах үндэслэл бүрдсэн болох болон гэрээ гэрчилгээгээ шинэчлэх асуудлыг сануулж хэлж байсан болох нь гэрч Г.М****-ын мэдүүлэг/1хх-237 дахь талд/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 онд газрын хэмжээг өөрчилж баталгаажуулснаас хойш манай компанитай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас газрын төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01******* тоот, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09**** тоот, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09**** тоот газрын төлбөрийг төлж барагдуулах агуулга бүхий мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байх ба 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01******* тоот мэдэгдэлд 23.10.2019 Б.Д******* гэж гарын үсэг зурж хүлээж авсан /1хх-229 дэх талд/ байхын зэрэгцээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Г.М**** аас шүүх хуралдаанд оролцож гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Засгийн газрын 182 дугаар тогтоолыг үндэслэж Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор төлбөр нэмэгдсэн. Би тухай бүрд нь тайлбарлаж хэлж байсан. Мөн газрын төлбөр төлөөгүйгээс болж газар эзэмших эрх цуцлагдах тухай асуудлыг хэлж байсан... гэсэн байх тул нэхэмжлэгч талын хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа оролцогчийн эрхийг хангаагүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

8. Нөгөө талаас, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна гэж тус тус зохицуулсан, мөн Д*** ХХК-д газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад тус хуулийн этгээд нь гэрээ байгуулагдаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч этгээдийн газрын төлбөр төлөх үүрэг нь газрыг эзэмшүүлэх тухай холбогдох Засаг даргын шийдвэр гарснаар үүсэхээр хуульчилсан байх тул газрын хэмжээг өөрчлөн баталгаажуулсны дараа гэрээ байгуулагдаагүй/2012 оны А/3** дүгээр захирамжийг үндэслэн өмнө нь газар эзэмших гэрээ байгуулсан байсан/ нь газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөхөөргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захирамж гарснаар газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүснэ гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Хэрэвзээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан захирамж гарсан боловч гэрээ байгуулагдаагүй, гэрчилгээ олгогдоогүй тул газар эзэмших эрх үүсээгүй гэж үзвэл, Д**** ХХК нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжтай холбогдуулж маргах эрхгүй гэж үзэхээр байгааг тэмдэглээд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх эрх хэмжээг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлэхээр заасан байна.

10. Нэхэмжлэгч Д**** ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1*** дугаар захирамжийн 2 дахь заалтаар Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

11. Мөн газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үйл ажиллагааны журмыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-аар нарийвчлан зохицуулсан байсан байх ба тус журмын 2 дугаар зүйлд эрхийн гэрчилгээ олгох дарааллыг 2.1.1-д Иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, 2.1.7-д Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох гэж журамлажээ.

12. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь тус журамд заасны дагуу хүсэлт гаргасан талаарх баримтыг шүүхээс шаардсаны дагуу гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш 7 сарын дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрчилгээний үнэ төлсөн, эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж байсан баримтуудыг үндэслэж, гэрчилгээ үнэ төлснөөр гэрээ байгуулах, гэрчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өөрсдөө ирж гэрээнд гарын үсэг зураагүй, кадастрын зургаа шинэчилж өгөөгүй, хуучин гэрчилгээгээ хураалгаагүй тул шинээр гэрчилгээ олгогдох боломжгүй байсан гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна. Тодруулбал:

12.1. Аливаа гэрээ, тэр дундаа иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах үйл ажиллагаа нь дан ганц нэг талын хүсэл зоригоос үл хамаарч гэрээний талууд харилцан зөвшилцсөнөөр байгуулагддаг. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний төсөлд гарын үсэг зурж хүргүүлээгүй, энэ талаарх баримтыг гаргаж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйд холбогдуулж гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаагүй байх тул гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйд дан ганц хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм.

12.2. Мөн гэрээ байгуулагдсан тохиолдолд гэрчилгээ олгох хуулийн зохицуулалттай байх тул гэрчилгээний үнэ төлснөөр гэрээ байгуулах хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

12.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 3.4-т Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана гэсний дотор кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримт гэсэн байхад нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Эвлэрлийн гэрээ-ний дагуу өөрчлөгдсөн газрын кадастрын зургийг гаргаж хүргүүлээгүй, газрын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй болох нь

- нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг гаргаж маргаагүй,

- дээрх эвлэрлийн гэрээг үндэслэн 2015 оны 05 дугаар 19-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар/хуучин нэрээр/-т нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан хүсэлтэд тус иргэдэд шилжүүлсэн газрын хэмжээгээр Д***** ХХК-д эзэмших газрын талбайн хэмжээ болон кадастрын зургийг 150га шилжүүлнэ үү гэж ойлгомжгүй байдлаар бичигдсэн,

- талбайн хэмжээ өөрчлүүлэх дээрх хүсэлтэд Д**** ХХК-ийн эзэмших газрын кадастрын зураг хавсаргагдаагүй,

- нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж байсан газар нь газрын кадастрын зурган мэдээлэлд 2022 оны 03 дугаар сарын 16-нд 1498794мкв гэж газар эзэмших эрх олгосон захирамжид дурьдсанаас зөрүүтэйгээр засварлагдсан, түүнчлэн 10 иргэний газартай давхцалтай байгаагаар тус тус тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасныг тэмдэглэв.

13. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгож шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулаагүйд дан ганц хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, газар эзэмшигчийн өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл нөлөөлсний зэрэгцээ газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргааны бүхий А/6** дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Л.А****-аас Д**** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулж, барилга баривал хэдэн монгол хүн ажилтай болж, олон айл орон сууцжиж, утаа, униар, гэр хороолол багасахад дөхөм болно гэсэн дүгнэлт гаргасан байх боловч энэхүү дүгнэлт нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/6** дугаар захирамж нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр гараагүй, газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр гарсан байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Д ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/6** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА

                        ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ