Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 136/шш2020/00468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *тоотод оршин суух, С овогт Гын Э /РД:*/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, * тоотод оршин суух, Х овогт Сгийн М /РД:*/-д холбогдох

 

Зээл 24 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.М нь 2018 оны 02 дугаар сараас эхлэн Иргэн Г.Э надаас зоогийн газар цайны газар, караоке, авто угаалга гэх мэтийн үйл ажиллагаа явуулна гэж нийт 24,500,000 /Хорин дөрвөн сая таван зуун мянган / төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан юм. Түүнээс хойш өдөр бүр олсон орлогоосоо өгнө гэсэн боловч өгөхгүй боломжгүй гэж явсаар өнөөдрийг хүрсэн байна. Мтай 2019 оны 09 дүгээр сарын 25 ны өдөр сар бүр 200000 /хоёр зуун /мянган төгрөг/, мөн жилд 1 удаа 500 000/ таван зуун мянган/ төгрөг, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хоног тутам 0,5% ийн алданги тооцохоор гэрээнд тусган гэрээг байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар утсаар ярьж залгахаар мөнгө байхгүй боломжгүй гэх хариу өгч сүүлдээ утас нь холбогдохгүй холбогдох үедээ утсаар залгахаар авахгүй, хоосон хүнээс юу авдагийн гэсэн үг хэлсээр .явсаар байна. Иймд өнөөдөр санхүүгийн байдал хүнд хэцүү байгаа тул алданги тооцохгүйгээр , зөвхөн үндсэн мөнгөө хуулийн дагуу авахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Г.Эээс “ Зоогийн газар, цайны газар, караоке, авто угаалга гэх мэт үйл ажиллагаа явуулна гэж нийт 24 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.Э нь өөрөө санаачилж дээрх газруудтай түрээсээ тохиролцон гэрээ байгуулж ажиллуулж байсан. Г.Эрдэнчимэг нь надад түрээсийн мөнгийг өгсөн би зохих газруудад нь цаг хугацаанд нь өгч байсан тул энэ түрээсийн мөнгийг би Г.Эт төлөх үндэслэлгүй. Энэ бүх үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Г.Этэй “ гэр бүлийн дотно харьцаатай байсан, гэр оронд очдог байсан. Бидний дунд мөнгө төгрөгийн өгцөө аваа байсан. нэхэмжилж байгаа 24 500 000 төгрөг яг юуны мөнгө болох нь тодорхойгүй байна. Иймд би төлж барагдуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Цаашид нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Нэхэмжлэгч Гүрбазарын Э нь 2020 оны 5 дугаар сард Мд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. М нь 2018 оны 2 дугаар сараас эхлэн Эээс зоогийн газар, цайны газар, караоке, авто угаалга гэх мэтийн үйл ажиллагаа явуулна гэж  24.500.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан. Түүнээс хойш олсон орлогоосоо өгнө гэж тохирсон боловч өгөхгүй, боломжгүй гэж явсаар өнөөдрийг хүрсэн байна. Мтай 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 200.000 төгрөг, жилд 1 удаа 500.000 төгрөгөөр, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хоног тутамд хүү тооцохоор тусган гэрээ байгуулсан боловч өнөөдрийн байдлаар огт мөнгө төлөөгүй, залгахаар “мөнгө байхгүй, боломжгүй” гэсэн хариу өгөөд, сүүлдээ утас нь холбогдохоо больж, холбогдсон үедээ “хоосон хүнээс юу авдаг юм” гэсээр өдийг хүрсэн байна. Иймд зээлсэн мөнгөндөө хүү, алданги тооцохгүйгээр зөвхөн үндсэн мөнгө болох 24.500.000 төгрөгийг иргэн Маас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч тал тайлбар гаргахдаа авто угаалга, караоке, паб зэргийг хамтран ажиллуулахаар тохиролцоод нэг нь мөнгийг нь гаргаад нөгөө нь үйл ажиллагааг нь хариуцаж байсан учраас тал мөнгийг нь төлнө гэж ярьж байна.  Энэ талаас нэхэмжлэгчээс асуухад ийм зүйл болоогүй, хамтран ажилласан асуудал огт байхгүй, харин хариуцагч учир байдлаа хэлээд мөнгө зээлүүлэхийг гуйхаар нь танилынхаа хувьд зээлсэн гэж хэлдэг. Энэ хүнд мөнгө шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулгаар харагддаг. Бүх шилжүүлэг нь “зээл” гэж хийгдсэн байгаа. Тэгэхээр хамтран ажилласан байдал нотлох баримтаар авагдаагүй. Нэхэмжлэл дээр мөнгө зээлж үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо зээлээ буцааж төлнө гэсэн утгаар бичигдсэн байгаа. Хамтран ажиллаад сүүлд нь эрсдэлээ хувааж төлж байгаа асуудал огт биш. Харин М нь 24 500 000 төгрөгийг зээлж үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олж чадалгүй алдагдалд орсон байж болно. Гэхдээ энэ асуудал нь Эт хамааралгүй. Тиймээс хувааж хариуцах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна”... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Нэхэмжлэлийг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхгүй байгаа. Иргэний хуулийн 474 дүгээр зүйлд заасан хамран ажиллах гэрээг амаар хийсэн гэж үзэж байна. Яаж хамтран ажиллаж байсныг тодруулахаар гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзаж шийдвэрлэсэн. Хүн зүгээр байж байгаад хүнд 24.500.000 төгрөг өгөхгүй. Сүүлийн үед сайхан ярьж хөөрч байгаад гэрээ байгуулаад тэрийг нь шүүх шүүрч аваад шийдээд байдаг болчихсон. Үүний дагуу нэхэмжлэгч талаас гэрээгээ үндэслэл болгож байх шиг байна. Мөнгөө шилжүүлэхдээ зээл гэж бичээд шилжүүлсэн. Гэхдээ саяын тайлбараар хамтран ажиллаад ашгаа хуваах, нэг нь мөнгө гаргаад, нөгөө нь үйл ажиллагаагаа удирдаад явах гэж байсан. Гэвч бизнес гэдэг зүйл хүний санаснаар болдоггүй. Ашигтай байх эсэх нь тухайн хүний менежментээс хамаарна. Тэгэхээр заавал ашигтай байх ёстой, ашиггүй байвал би мөнгөө авна гэсэн гэрээ биш. Хамтран ажиллахаар өгсөн мөнгө шүү гэж хэлээд байдаг. Хамтран ажиллаад ашиггүй болбол өгсөн мөнгөө буцааж авна гэсэн зүйл байхгүй. Хуулийн зохицуулалтаараа хамтран үйл ажиллагаа явуулж байсан бол талууд харилцан үүрэг хүлээж, төлбөрөө хувааж төлдөг. М “би энэ мөнгийг нь авч идээгүй, түрээслэх хугацаанд бид 2 хамт байсан” гэж хэлдэг. Мөн Э өөрөө тэр түрээслэх газруудаа хайж олоод дараа нь Мд “би гэрээгээ хийчихсэн байгаа, чиний данс руу зээл гээд мөнгө хийчихлээ” гэж хэлдэг байсан. М бол боловсрол мэдлэгээр дутмаг жолооч хүн бий. Тийм учраас паб караоке ажиллуулж чадахгүй байсан. Хэсэг хугацаанд ажиллуулж байгаад ашиггүй болох нь тодорхой болоод, эсвэл түрээсэлж ажиллуулж байгаа хоолны газарт нь Эийн найз нөхөд нь ирж идэж уугаад тооцоогоо төлөлгүй яваад өгдөг. Мөн тэнд ажиллаж байсан ажилчид нь энэ муухан зохион байгуулалтыг нь ашигласан. Ингээд л ашиггүй ажилчихсан гэж тайлбарладаг. Хэн нь гаргаснаас үл хамааран дундын өмч гэж үзнэ. Тэгж үзвэл алдагдалтай ажилласан хариуцлагаа хамт хүлээнэ. Хариуцагч 24 500 000 төгрөгийн 50 хувийг буюу 12 250 000 төгрөгийг төлж болно гэсэн тайлбарыг гаргаж байна. Маас сая дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгөхөөр шүүгчийн туслах руу цахимаар илгээсэн. Нийт 3 зүйл түрээсэлсэн байдаг. Тэдгээрийг түрээслэхэд Э өөрөө очиж уулзсан байсан. Дан ганц манай талыг нотлох баримтаа цуглуулаагүй гэхээс илүү нэхэмжлэгч талаас манай тайлбарт нотлох баримтаар үндэслэл бүхий хариулаад байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгч гэхээр давуу эрх эдлээд хариуцагчийн оролцуулах хүсэлт гаргасан гэрчийг найз нөхдийн холбоотой гэдэг шалтгаанаар оролцуулахгүй байгаа нь учир дутагдалтай. Караоке 1 сарын түрээсийн мөнгөнд урьдчилгаа 3 000 000 төгрөг өгөөд ажиллуулж байтал хэдхэн хоноод Э өөрөө явж очоод ашиггүй юм байна гээд зогсоосон. Тэгэхээр урьдчилгаа 3.000.000 төгрөг дээр нь нэмээд 5 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөг өгчихсөн байхад очоод зогсоочихоор тэр газар нь мөнгийг буцааж өгөхгүй. Бусад газруудын үйл ажиллагаан дээр ч ялгаагүй урьдчилаад мөнгөө өгчихөөд байж байтал 2-3 хоноод л Э өөрөө ирээд болиулчихдаг. Ийм байдлаар зарцуулагдсан байтал Мын данс руу бүх мөнгийг шилжүүлсэн гэдэг утгаар түүнээс бүгдийг нь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй”... гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Мд холбогдуулан 24 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал: нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлээ: С.М нь зоогийн газар цайны газар .караоке, авто угаалга гэх мэтийн үйл ажиллагаа явуулна гэж нийт 24 500 000 /Хорин дөрвөн сая таван зуун мянган / төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан, 2019 оны 09 дүгээр сарын 25 ны өдөр сар бүр 200000 /хоёр зуун /мянган төгрөг/, мөн жилд 1 удаа 500 000/ таван зуун мянган/ төгрөг, хугацаандаа өгөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд тусган гэрээг байгуулсан, түүнтэй хамтран ажиллахаар ярьж тохиролцоогүй гэж,

 

Хариуцагч тал: Г.Э С.М нар хамтран зоогийн газар цайны газар, караоке, авто угаалга гэх мэтийн үйл ажиллагаа явуулна гэж тохиролцсон.

Бид дотно харьцаатай, цаашид хамт амьдрах, ашиг орлого олох зорилготой хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Үйл ажиллагаа явуулаад ашиг олоогүй Г.Эт 12 250 000 төгрөгийг төлнө, 12 250 000төгрөгийг төлөхгүй, зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь таван удаа Хаан банкаар гүйлгээ хийж нийт 24 500 000 төгрөгийг хариуцагч С.Мд шилжүүлсэн, /хх-4-7 дугаар талууд/

Талууд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийж, нотариатчаар гэрчлүүлсэн /хх-8 дугаар тал/ зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч Г.Этэй хамтран амьдрахаар болж,/гэр бүлийн бизнес/ ашиг орлого олох зорилготой аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж ,ашиг олж чадаагүй, хамтран ажиллах гэрээ хэлцэл амаар хийж олсон ашгаа хуваана гэж харилцан тохиролцсон гэж тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “...татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэг” гэж хуульд заасан татгалзалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр,ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ “ гэж заажээ.

 

Хариуцагч тал: Бид хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, талуудын хооронд /амаар/ хийсэн гэх гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Харин нэхэмжлэгч Г.Э 5 удаагийн гүйлгээгээр 24 500 000 төгрөгийг хариуцагч С.Мд шилжүүлсэн үйлдэл, нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр барагдуулах гэрээ зэрэг нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө..., шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй “гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 24 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

            Иймд нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мд холбогдох 24 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч С.Маас  24 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эт олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Маас 280 450  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.НАРАНЦЭЦЭГ