Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

2024       02            21                                           2024/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Т.Я, Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Тгийн Я, Ш овогт Лын О нарт холбогдох эрүүгийн 2435000000031 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 7 дугаар сарын 04-нд Увс аймгийн ....... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Увс аймгийн ........ сумын ......... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Тгийн Я / РД:................./.

Монгол Улсын иргэн, 19...... оны 02 дугаар сарын 22-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн ......... сумын ........ дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Лын О  / РД:................../.

  Холбогдсон хэргийн товч утга:           

Шүүгдэгч Т.Я, Л.О нар бүлэглэн Увс аймгийн Сагил сумын нутаг Монгол Улсын хилийн 93 дугаар тэмдэгтийн баруун талаар 300 метр газраар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын талаас Оросын холбооны Улсын тал руу буцаад тус чиглэлээр явганаар зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Я, Л.О нар бүлэглэн Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь явганаар Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 93 дугаар тэмдэгтийн баруун талаар 300 метр газраар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын талаас Оросын холбооны Улсын тал руу буцаад тус чиглэлээр  Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Хил зөрчигчийг саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-41 дэх тал),

Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хил зөрчигч нарын явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт, схем зургууд, улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлсэн баримтжуулсан акт (хавтаст хэргийн 42-52 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 55-56, 58 дахь тал),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч О.Югийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

Гэрч П.Эгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-81 дэх тал),

Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-87 дахь тал),

Гэрч Б.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-93 дахь тал),

Шүүгдэгч Т.Ягийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-113 дахь тал),

Шүүгдэгч Л.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-120 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Я, Л.Онар нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хилийн цаана 2-3 тооны үхэр гарсан эсэхийг мэдэх зорилгоор зөвшөөрөлгүйгээр Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 93 дугаар тэмдэгтийн баруун талаар 300 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу, буцаад тус чиглэлээр орж ирсэн буюу Монгол Улсын хил нэвтэрсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.

Тодруулбал: Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Т.Я, Л.Онар 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хилийн цаана 2-3 тооны үхэр гарсан эсэхийг мэдэх зорилгоор Монгол Улсын хилийн 93 дугаар тэмдэгтийн баруун талаар 300 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу, Оросын холбооны Улсаас Монгол Улс руу зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Т.Я, Л.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Я, Л.О нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэгч О.Ю мөрдөн байцаалтын шатанд “Манай байгууллагаас нэхэмжилж байгаа нийт хохирол нь түлш бензиний зардал 402.650 төгрөг, хоолны зардал 129.021 төгрөг нийт 531.671 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал)-ээр 531.671 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна

            Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хилийн цэргийн 0.....5-р ангид 531.671 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт (хавтаст хэргийн 170 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

            2. Шүүгдэгч Т.Я, Л.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Я, Л.О нар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 153-154 дэх тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Я, Л.О нарын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Т.Я, Л.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял ногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Я, Л.Онарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж мөн зүйлийн 5 дах хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Я, Л.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Ягийн мотоцикль битүүмжлсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Т.Яд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Тгийн Я, Ш овогт Лын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Я, Л.Онарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Я, Л.О нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Я, Л.О нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Я, Л.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Ягийн мотоцикль битүүмжлсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Т.Яд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ГАНСҮХ