| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2020/00420/И |
| Дугаар | 136/ШШ2020/00463 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 136/ШШ2020/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ...... дүгээр хороо, ... тоотод оршин суух, Д овогт Угийн Г-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын ...-р баг, ....тоотод тоотод оршин суух, Бовогт Гын Н-д холбогдох
Газар чөлөөлүүлэх, газрын түрээсийн төлбөрт 2.170.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй 1.250.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэчимэг, хариуцагч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар /штэ-1461/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.Г нь 1992 оноос 1998 он хүртэл дээрх хаягт өвөө, эмээ, охины хамт амьдарч байгаад 1998 оноос эхлэн0 айлд хадмындаа амьдарч байсан. Өвөө, эмээ 2 нас барснаас хойш 2004 онд би уг газрыг Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Тухайн үед би хадмындаа амьдраад, хашаа эзгүй байсан учир айл түрээсээр буулгадаг байсан. Гэтэл 2006 оны 03, 04 дүгээр сарын үед Н, О хоёр манай бэрээр дамжуулж надтай ирж уулзаад хөдөөнөөс ирээд айлын хашаанд байсан чинь хөөгөөд хэцүү байна танайх хашаандаа айл буулгадаг гэнэ, түрээс мөнгийг нь өгөөд ч хамаагүй манайх бууя гэж гуйсан тул бид ярилцад 20.000 төгрөгөөр, буусан айл маань газрын төлбөрөө төлж байхаар тохиролцоод буулгахаар болоод хашаанд ирж буусан. Эхний 1, 2 сарын түрээсээ өгөөд сураггүй болохоор нь хэдэн сарын дараа түрээсийн мөнгөө нэхэхээр очсон. Гэтэл манайх цалингийн зээл авах гээд хөөцөлдөж байна, тэгээд өгье гэсэн. Хэд хоногийн дараа юу болсон талаар асуухад зээл бүтэхгүй байна гэхээр нь би таньдаг хүндээ хэлээд зээлийг нь бүтээж өгсөн. Би тухайн үед хот явахаар болсон байсан учир 5, 6 жилдээ ирэхгүй юм чинь 5 жилийн түрээс 1.200.000 төгрөг болох юм гэж бодоод 1.250.000 төгрөг өгчих, би та хоёрыг 5, 6 жилдээ хашаанаасаа хөөхгүй, итгэхгүй байгаа бол гэрчилгээгээ орхиё гэж хэлээд орхисон. Тэгээд надад 1.250.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд 2010.2012 оны үед одоо сайн санахгүй байна, нөхөр Ннад руу утсаар яриад та ирэх юм уу, би хашаандаа байшин баримаар байна гэхээр нь би тэгж болохгүй ээ, та нар өөрсдийн гэсэн газраа аваад байшин барьсан нь дээр шүү дээ гэсэн чинь луйварчин авгай минь 1.250.000 төгрөг авч явчихаад, би энэ газрыг чинь авна гэхээр нь нүүж газар чөлөөлөөрэй, нүүхгүй бол би түрээсээ тооцсоор байх болно шүү гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжилсон. Газар өгч байгаа дээр газраа ав гэж хэлсээр байхад өчнөөн жил хүний газар дээр амьдарчихаад одоо сайн дураар чөлөөлж өгөхгүй байгаа тул газрыг маань бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, мөн 2006 оны 05 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөр нийт 3.420.000 төгрөг болсноос бэлнээр өгсөн 1.250.000 төгрөгийг нь хасч тооцоход үлдэгдэл 2.170.000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.Ншүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Г нь 2007 оны 09 сард уг газрын талыг 1.250.000 төгрөгөөр тохиролцож зарсан нь үнэн учир одоо болсон хойно зараагүй түрээслэсэн гэж худлаа ярьж надаас түрээсийн мөнгө гэж 2.170.000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна. 2005 онд миний бие гэр бүлийн хамтаар Дорноговь аймгийн Иххэт сумаас Сайншанд суманд шилжин ирж суурьшин Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд няраваар орж, айлын хашаанд амьдарч байсан бөгөөд 2007 онд иргэн У.Г гэдэг хүн газраа зарна гэж байна гэх дам сургаар уулзаж, газрыг нь асуусан чинь миний 2 дүү та 2 бүтнээр нь авахаар мөнгө төгрөг чинь хүрэлцэхгүй юм чинь талыг нь ав гэсэн. Би цалингийн зээл авахаар хөөцөлдсөн ч үндсэн цалингийн хэмжээ зээл авах шаардлага хангахгүй гэж банк татгалзан байж байтал өөрөө дахин ирж уулзаад эгч нь зээлийг нь бүтээгээд өгье тэгээд та 2 тал газраа ав гэхэд нь бид 2 зөвшөөрч хэд хоногийн ар дээр дахин ирж уулзсан. У.Г эгч нь Хадгаламж банкнаас чиний зээлийг М.Ба банкны захирал Б.Цэтой найз нөхдийн хувиар яриулж байгаад бүтээчихлээ гээд ирсэн. Одоо миний дүү очоод гарын үсгээ зураад л боллоо бусад зүйлийг ах, эгч 2 нь бүгдийг нь бүрдүүлчихсэн гэхэд банк руу хамт очиж би гарын үсэг зураад л зээлээ авч У.Гд өгсөн. У.Г за миний 2 дүү одоо энэ газрын аль талыг худалдаж авсан гээд ирж уулзаад удалгүй ирж буугаад манай 2 гэр 3 жил энэ газар дээр айл байж байгаад Бямбасүрэнгийнх буцаад Мандах сум руугаа нүүж одоо болтол манайх ганц гэрээр байж байна. 2010 оны 09 сарын 16-ныг хүртэлх энэ удаан хугацаанд нэг удаа ирж танай хоёрт газрыг нь хувааж нэрээ шилжүүлье гэж ирээд нотариат орчихоод одоохондоо арай болохгүй нь эгч нь эргээд удахгүй ирнэ гээд явсан. Тэгээд ирэхгүй, утсаа авахгүй болохоор нь би утсаар нь залгаад загнасан нь үнэн. Энэ хүний ярьж байгаа бид хоёрыг газар чөлөөлж өг, байшин барьж болохгүй нь гэж хэлсэн гээд байгаа нь бүгд худлаа ярьж байна. Би түрээслэхгүй, худалдаж авсан газар дээрээ байшингийн суурь цутгаж, машин хөлслөн Архангай аймгаас байшингийн мод татаж ирсэн. Бид одоо болтол энэ газраа өөрийн гэж бодож газрын албанаас газар авъя гэж очиж байгаагүй юм. Түрээслэж байсан бол би аль хэдийн газар аваад газрыг нь чөлөөлж өгөөд л явах байсан. Ингэж асуудлыг хүндрүүлэх шаардлага надад байхгүй. Би худлаа ярьж явдаггүй, тиймдээ ч төрийн албанд хоёрхон газар 24 жил ажилласан байдаг. Худалдаж авсныг хамар хашааны 4 талын айлууд, У.Ггийн хуучин сууж байсан нөхөр Батаа гэх зэрэг надад гэрчлэх хүмүүс бас байна. 2019 оны хавар У.Ггийн охин болох О ажил дээр ирээд би газрынхаа гэрчилгээг авмаар байна гэж ирсэн. Би өгөлгүй өөрөө гэрчилгээгээ бариад 1 цонхны үйлчилгээний газрын даамал Д.М дээр барьж очсон чинь наад гэрчилгээг чинь үрэгдүүлсэн дахин шинээр авна гээд ирсэн гэж хэлсэн. Би тэр үед гэрчилгээний хуулбар гараар бичсэн өргөдөл өгөөд гарсан юм. Түүнээс хойш 2020 оны 7 сар хүртэл огт чимээгүй байж байгаад гэнэт залгаад гэрчилгээгээ авмаар байна. Энэ газар чинь танайх биш, минийх ч биш болоод байна. Яаралтай гаргаж өг гэсэн. Тэр үед нь миний гэр бүлийнхэн амраад хотод байсан чинь ирж чадахгүй бол ах дүү нар байвал цоожоо эвдээд гаргуулж өг гээд загнаад байхаар нь манай эхнэр арга буюу ирж гаргаж өгсөн. Тэр үедээ газрын албан дээр хамт очихдоо олон хүний дунд хэл амаар их доромжилсон. Одоо энэ хүн гэрчилгээгээ 40 жилийн эзэмших эрхээр сунгуулсан байна. Үүнд иргэн Бямбасүрэн болон манай гэр бүл үнэхээр хохирч байна. Энэ хүн өөрөө ч яг хэдэн оны хэдэн сард надад тал газраа зарснаа мэдэхгүй байна. 2006 оны 3, 4 сар гэж бас худал ярьж байна гэж үзэж байна. Иймд У.Ггаас 1.250.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч Г.Нод холбогдуулан Дорноговь аймаг, Сайншанд сум, 8 дугаар баг Үзүүр-4 472 тоотод байрлах гэр орон сууцны хашааны газрыг чөлөөлүүлэх, газрын түрээсийн төлбөрт 2.170.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Г.Ннь У.Гд холбогдуулан 1.250.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, 2.170.000 төгрөг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн 1.250.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч У.Г Дорноговь аймаг, ....тоотод байрлах гэр орон сууцны хашааны газрыг хариуцагч Г.Нод 2006 оны 05 сараас 2020 оны 09 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 3.420.000 төгрөг байхаас бэлэн авсан 1.250.000 төгрөгийг хасаж 2.170.000 төгрөг гаргуулах, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлана.
Хариуцагч Г.Ннь Дорноговь аймаг, ....тоотод байрлах гэр орон сууцны хашааны газрыг У.Ггаас түрээслэж аваагүй харин худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч, 2.170.000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган худалдаж авсан хөлс болох 1.250.000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлно.
У.Гд Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг газрыг Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 сарын 04-ний өдрийн 174 тоот захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 00 дугаар гэрчилгээ олгосон, уг газрын хаягт өөрчлөлт орж Дорноговь аймгийн ....гудамж 472 тоот газрыг мөн сумын Засаг даргын 2020 оны 8 сарын 20-ны өдрийн А/206 тоот захирамжаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж 000 тоот гэрчилгээг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тэрээр Газрын тухай хуулийн 3.1.3 “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу дээрх газрын хууль ёсны эзэмшигч байна.
Талууд Дорноговь аймаг, Сайншанд сум, 8 дугаар баг Үзүүр-4 472 тоотод байрлах гэр орон сууцны хашааны газарт хариуцагч Г.Намьдарч байгаа талаар болон уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй харин нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хариуцагчид түрээслэсэн, хөлсөлсөн, хариуцагч уг газрыг худалдан авсан гэж марган төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрнө.
Нэхэмжлэгч бидний хооронд Иргэний хуульд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэх боловч энэ талаарх шаардлагаа нотлох талаарх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх зохигчийн үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас “Нэхэмжлэгч хашаа, газар гэж яриад байгаа. Гэтэл 2008 онд над руу Г утасдаад “Эгч нь ногоон төмөр хашаагаа хүнд зарахаар болчихсон шүү” гэж хэлсэн. Тэр оны хавар нэг хүн ирээд 3 тал ногоон хашааг ширхэг ч шон үлдээлгүй буулгаад ачаад явсан” гэх тайлбарыг үгүйсгээгүй, мөн 837 м2 газрын тал 481м2 газрыг 5 жилийн хугацаанд 1.250.000 төгрөгөөр хөлсөлсөн гэх тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй байх тул тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул түүний эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2.170.000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч У.Г нь өөрийн эзэмшлийн газрын эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35.1.4 “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасны дагуу бусдад шилжүүлэх эрхтэй байна.
Газрын тухай хуулийн 38.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо. 38.3.Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна 38.4.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэх хуулийн зохицуулалтаас үзвэл У.Г нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ буюу Г.Нтой худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, тухайн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлийг авах, газрын даамалд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
У.Г, Г.Ннарын худалдах, худалдан авах хэлцэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 56.5.Энэ хуулийн 56.1-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч У.Г нь Дорноговь аймгийн ....гудамж 472 тоотод байрлах газрын хууль ёсны эзэмшигч тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. 106.4.Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасны дагуу хариуцагч Г.Нын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Г.Нын 1.250.000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 ”Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэсний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхгүй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.870 төгрөг, хариуцагч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.550 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ноос 49.670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Ггийн эзэмшлийн Дорноговь аймгийн ....гудамж 472 тоот газрыг Г.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 2.170.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1.250.000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар У.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.870 төгрөг, хариуцагч Г.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.550 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ноос 49.670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Гд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ