Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Хохирогч Д.Ц         

         Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Эд холбогдох 2416000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, Ж овгийн А.Э гэв.

 

          Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эыг 2023 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн ... гэх газарт байрлаж байсан 90 метрийн урттай кабелийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ... газарт 744.822 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Э нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сум Сүүж багийн нутаг Цагаан гол гэх газарт байрлаж байсан 8-11 дугаартай шонгийн модыг унагаж, 10-11 дугаартай шонгийн 90 метрийн урттай кабелийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ... газарт 744.822 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  Дээрх үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Э гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн: “...Шонгийн модыг хэрэггүй юм байх гэж бодоод л тайрчихсан юм. Энүүгээр би юу хийх вэ дээ. Эхнэр “юу аваад ирсэн юм” гээд очиж үзчихээд “шонгийн мод унагаачихсан байна” гэсэн. Хохирол, мөнгө төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай ... газар гэж явдаг. Манайх аймгийн хэмжээнд 1483 километр шилэн кабелын ашиглалт үйлчилгээг хариуцаж ажилладаг. 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод байдаг сүлжээ хяналтын төвөөс 13 цаг 47 минутад Цээл, Алтай, Бургастайн боомтын систем тасарлаа гэж мэдээлсний дагуу захирлын баталсан гэмтэл саатал гарсан үед ажиллах журамд зааснаар засварын баг гарсан. Газар хөлдчихсөн байгаа учраас газар дор байгаа кабел гэмтэх магадлал маш бага. Цээл сумын төв дээр 41 баганаар агаарын кабел явсан байдаг. Цагаан голд 11 баганаар агаарын кабел явдаг. Цагаан гол зэлүүд газар байдаг. Цээл сумын сүлжээ тасраад тэнд байдаг хүнтэйгээ холбогдож чадахгүй байсан учраас тэнд агаарын кабел гэмтсэн байх магадлалтай гээд эхний ээлжид Цээл сум руу хүмүүсээ явуулсан. Авдрантын сайтаас Цээлийн хүн холбоо бариад Цээл сумын төв дээр байгаа сүлжээ, багана, зай, тэжээл, тоног төхөөрөмж бүгд хэвийн байна. Манайхаас өөр газар гэмтэл гарсан байх гэж мэдэгдсэний тул хүмүүсээ Цагаан гол руу явуулсан. Цагаан гол руу явах зам цаг агаарын нөхцөл байдал хүнд, цас ухаж байж очсон байдаг. Цагаан гол нь Халиунаас хэмжилт хийдэг. Тэгээд хэмжилт хийхэд 22.18 километрийн шилэн кабелын тасархай гэмтэл хэмжигдсэн байгаа. Тэгээд цааш яваад Цагаан голд очиход 4 багана унагаасан, 350 орчим метр буулгасан байдалтай байсан. Буцаж ирээд төв компанид мэдээллээ өгч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаа, хэсгийн төлөөлөгч 2 “мөр хардаг болохоор өглөө гэгээ орохоор явъя” гэж хэлсэн тул манай засварын баг Халиун сум дээр хоносон. Бид нар нөөцөд 100 метр кабел, 2 муфт оруулдаг байхгүй юу. Учир нь ойрхон муфт оруулчихаар унтралт өгөөд систем саатаад байдаг. Кабел унагаахдаа мэргэжлийн бус хүн унагаасан бол нугалж, хугалаад гэмтээсэн байж магадгүй гэж бодоод дахиад хэсэг хүмүүс эндээс нөөц аваад 12 цаг болж байхад явсан байгаа. Очоод унагаасан байсан 4 баганаа босгосон. Тэнд байсан таслаагүй үлдсэн 200 метр орчим кабел дээр нь 150 метр кабел оруулсан. Мүфт дээр залгаа хийхдээ зориулалтын машинаар хийдэг учраас 2 талд нь 15-20 метр нөөц авч 150 метр кабел орсон байгаа. Гэмтэл саатлын үед 8 цагийн дотор засах ёстой байтал энэ гэмтэл дээр нийтдээ 24 цаг 52 минутын гэмтэл саатал гарсан байгаа. Бид нар төвдөө журмын дагуу ажиллахад ийм саатал гарсан гээд учир шалтгаанаа тайлбарлаж хэлсэн. Үүн дээр Цээл, Алтай сумын төрийн болон төрийн бус байгууллагуудын бүх үүрэн телефоны яриа, интернэт саатсан. Бургастайн боомт дээр “Алтайн хүдэр”-ээс цааш гаргаж байгаа ложистикийн компани байдаг. Тэр нь “Хятадын талаас машин тэрэг бэлэн болчихсон. Манайх интернэтгүй болчихсон учраас юмаа гаргаж чадахгүй гэрээ зөрчигдөөд байна” гэж нэлээн хэдэн удаа ярьсан. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас “хилийн заставтай холбогдож чадахгүй байна” гэж ярьсан. Цээл сум дээр миний ойлгосноор Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа дээгүүр нисэж байгаа онгоцнуудыг бүртгэдэг станц байдаг юм билээ. Тэрнээс “олон улсын нислэгтэй холбоотой бүртгэл хийгдэж чадахгүй байна” гэсэн иймэрхүү асуудлууд тухайн үед над руу яригдаж байсан. Тэгээд манай 9 хүний бүрэлдэхүүнтэй баг очсон. Залгааны машин нь тоос шороогүй, цэвэрхэн орчинд залгаа хийж байж систем маань унтралтгүй болж хэвийн үргэлжлэх ёстой байдаг. Тэгээд цаг агаар хүйтэн байсан тул гал түлж, брезентээр бүтээж байж нэлээн хүнд нөхцөл байдалд ажилласан байгаа. Миний ойлгож байгаагаар би энэ хүнийг ганцаараа хийгээгүй байх гэж бодож байна. 4 багана унагаагаад, кабелийг таслаад, чирээд явахад ганц хүн яагаад ч хийж чадахгүй байх гэж бодож байна. Чухам хэрэг шийдэгдэхэд хэр ач холбогдолтойг мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Манайх бол 100 хувь төрийн өмчит компани байгаа... Манайх илүү, дутуу байхгүй энэ 3,504,159 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-д төлсөн 30,000 төгрөг байгаа. Тэр хохирлыг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л гэдэг хүн Хүдрийн уурхайн сүлжээнээс ярихдаа Цээлийн төв дэх агаарын багана тоног төхөөрөмж хэвийн байна гэж ярьсан. Тэгээд манай явсан хүмүүсийг Цээл хүү биш Халиун сум руу явуулсан. Халиун сум дээр очоод шилэн кабелиа хэмжихэд 22.1 км-т тасархай гэмтэлтэй байсан. 2018 онд агаараар гаргаж унтралтыг нь арилгасан. Манай засварын хүмүүс тэр газарт очиж үзэхэд 4 багана унагаасан, 1 баганыг хэсэг газар чирсэн, кабел утсыг тасалсан байдалтай байсан гэж мэдэгдсэн. Тэнд оруулсан кабел утас 150 метр, 2 ширхэг муфт, 24 ширхэг гельз зэрэг материал, явсан 2  тээврийн хэрэгслийн шатахуун, ажилласан 9 хүний томилолт, шилэн кабелийн залгаа хийхэд шаардагддаг зардал, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн интернэт урсгал саатсаны төлбөр, ярианы суваг тасарсны төлбөр гэж гардаг юм. Нийтдээ манай компаниас хохирлыг 3,504,159.39 төгрөг тооцож гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

 

           Гэрч Г.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай нөхөр Энхжаргал гэтээ орж ирэхэд гэрийн үүдэнд хар өнгийн юм харагдахаар нь би чи хаагуур яваад ирэв гэж асуухад манай нөхөр Энхжаргал Цагаан гол дотор байдаг модон шон уначихсан байхаар нь хар утсыг аваад ирлээ гэж хэлэхээр нь тухайн үед худлаа хэлээд бай чи унагаагаад авчихсан юм биш үү гэж асуусан чинь манай нөхөр үгүй гэж хэлэхээр нь би тухайн газарт очиж үзсэн чинь 4 ширхэг шон унасан байсан. Манай нөхөр А.Э Халиун сумын Цагаан гол дотор байдаг цементэн хөлтэй модон шонгуудын унагаж хар өнгийн кабел утсыг модон шонгуудыг унагаж аваад гэрийн гадаа аваад ирсэн байсан. Манай нөхөр А.Э сэтгэцийн өвтэй эмчийн хяналтад байдаг. Манай нөхөр тухайн үед ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

 

          Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 сарын 25-ны өдрийн “...Кабелийн утасны бодит үнэ цэнийг 744.822 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх ТХҮ-921/4756 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 50-52-р хуудас/,

 

         Говь-Алтай аймгийн Халиун сумын төвөөс 22 км зайд Сүүж багийн Цагаан голын Улаан чулуу гэх нэртэй газар байв. Уг газар нь хөндий эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш урсгалтай гол байх ба гол нь мөстэй хөдсөн зарим газартаа урсгалтай байв. Уг кабелийн утас алдсан газрын шон нь 1-11 хүртэл дугаартай 11 ширхэг шон байв. Кабелийн утас алдагдсан гэх газарт 8-11 дугаартай шонгийн модыг унагасан. Шон хоорондын зай 80-90 метр зайтай байв. Үзлэгээр 10-11 дугаартай шонгийн кабелийн тасдаж авч явсан байдалтай байх бөгөөд бусад шонгийн кабел утсыг газарт бөөгнүүлж тавьсан байдалтай байв. Шон тус бүрийн дэргэд 28 см орчим хэмжээтэй гутлын мөр байв. Тус мөрийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Гутлын мөр нь ар өсгий хэсгээрээ дөрвөлжин урд хэсэгтээ усан хээ мэт мөртэй байв. Тухайн гутлын мөр нь ертөнцийн зүгээр баруун тийш явсан байв. Кабел утас алдагдсан гэх газар 2 гутлын мөр байсан бөгөөд уг мөр нь ертөнцийн зүгээр баруун тийш голын урсгалын сөрж явсан байсан учир уг мөрийг цааш үргэлжлүүлэн шалгахад хэргийн газраас ертөнцийн зүгээр баруун тийш 2 км зайд байх Тэмээн чулуу гэдэг газар нутагладаг айлын гадна очив...” гэх хэргийн газрын үзлэг гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9-р хуудас/,

 

           Тэмээн чулуу гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “...Уг хэрэг учрал болсон гэх газраас ертөнцийн зүгээр баруун тийш 2 орчим км зайд байх Тэмээн чулуу гэх нэртэй газар нутагладаг иргэн А.Эын өвөлжөөний буудалд үзлэг хийв. Тухайн өвөлжөөний буудал нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байв. Ертөнцийн зүгээр баруун болон хойд зүүн талаараа уулархаг хадтай, малын өтөг бууц бүхий хазгай гадаргуутай талбай байв. Өвөлжөөний буудлын дунд хэсэгт 4 ханатай монгол гэр 1 ширхэг байв. Гэрийн хаалга ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байв. Гэрийн баруун талд байрлах модон бор өнгийн амбаар, гэрийн баруун талд 51 46 ГАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл байв. Гэрийн хойд тал малын дугуй хэлбэртэй чулуун хашаа байв. Гэрийн үүднээс 4.5 метр зайд хар өнгийн 90 орчим метрийн урттай кабел утас ороож тавьсан байгааг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэг хийх явцад алдагдсан гэх хар өнгийн 90 орчим метрийн урттай кабел утас мөн байж болзошгүй байх тул үзлэгийн явцад хойшлуулшгүйгээр хураан авав. Кабел утсыг хэмжиж үзэхэд 90 метр байв. Уг кабел утасны хэмжээ хэргийн газарт байх утас нь алга болсон гэх шон хоорондын хэмжээтэй тохирч байв...” гэх үзлэгийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч А.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас ... газарт хохирол учирсан бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь “...3,504,159 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-д төлсөн 30,000 төгрөг байгаа. Үүнийг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс бодит учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шилэн кабелийн утасны үнэ 367,500, 2 ширхэг мувьтны үнэ 358,602, 2 ширхэг гильзны үнэ 18,720 төгрөг нийт 744,822 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нэхэмжилсэн 3,504,159 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  Учир нь уг хор уршиг нэхэмжилсэн баримтад гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлын тооцоо давхардсан мөн нэхэмжилсэн хор уршигт нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдүүлжээ. Иймд уг хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Харин  “Ашид билгүүн” ХХК-д төлсөн 30,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Эын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан “...Тэнсэж өгнө үү. Тэнсэнгийнхээ хугацаанд энэ хүн Улаанбаатар хот руу яваад эмчлүүлж, эмнэлэгт хэвтэх боломжтой болох юм байна. А.Эын ар гэрийн байдал, өөрийнх нь эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулаад тэнсэж өгнө үү гэсэн саналыг нэмэлт тайлбартаа хэлж байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний эрүүл мэндийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, өмгөөлөгчийн гаргасан анхны санал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эыг 8 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн кавчукан ултай гутал 1 хос, хар өнгийн, эрэгтэй хүний, арзгар ултай 1 хос гутал зэргийг шүүгдэгч А.Э нь буцаан авах хүсэлт гаргасан тул түүнд буцаан олгож, хар хөх өнгийн бүрхүүлтэй кабелийн утас 90 метрийг хохиргчийн хууль ёсны төлөөлөгч цаашид ашиглах боломжгүй буцаан авахгүй гэсэн тул цагаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 8 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Эд мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн кавчукан ултай гутал 1 хос, хар өнгийн, эрэгтэй хүний, арзгар ултай 1 хос гутал зэргийг шүүгдэгч А.Эд буцаан олгож, хар хөх өнгийн бүрхүүлтэй кабелийн утас 90 метр, цагаан өнгийн төмрийн хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч А.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 744,822 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан хөлс 30,000 төгрөг, нийт 774822 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц буюу “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ны Говь-Алтай аймаг дахь газарт олгосугай.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА