Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 183/2020/00134/И |
Дугаар | 001/ХТ2022/01070 |
Огноо | 2022-11-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2022/01070
****ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дүгээр магадлалтай,
****ын нэхэмжлэлтэй,
****д холбогдох,
2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг ****гаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч **** болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **** нь талийгаач С.Хандсүрэнтэй хамтран амьдарч байсан ба бид хоёрын дундаас охин Т.Мядагмаа 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, хүү Т.Бат-Оюун 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд хүүхдүүдийн төрсөн эцэг нь **** би хүүхдүүдийнхээ хууль ёсны төлөөлөгч бөгөөд хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоогдсон. Миний бие цэргийн байгууллагад ажилладаг, цэргийн дарга хурандаа цолтой, энхийг сахиулах ажиллагаанд 7 удаа үүрэг гүйцэтгэсэн. 2017-2018 онд БНАӨСУ-д үүрэг гүйцэтгэж байх хооронд биеийн байдал нь муудаж хүнд байдалд орсон ба ажиллагаанаас амжиж хүрч ирсэн ба намайг ирээд 7 хоногийн дараа өөд болсон. Миний хүүхдүүдийн ээж С.Хандсүрэн нь биеийн байдал нь муу байсан учир 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан. Хүүхдүүд минь бүгд хуулийн дагуу төрсөн аав миний асрамжинд байгаа. Талийгаач бид хоёрын амьдарч байсан энэ байранд дур мэдэн цоожийг нь онгойлгож орсон ба миний өмсөж байсан хувцас мөн хөргөгч, зураг, мөнгөн аяга болон эд зүйлийг өгөхгүй байгаа ба өөрсдөө орж амьдраад хүүхэд биднийг гэрт оруулахгүй хүнд байдалтай байгаа учир бид эдгээр хөрөнгөө авахаар шүүхийн байгууллагад хандаж байна. Өвчтэй байх хугацаандаа өөрийн эзэмшлийн эд хөрөнгөө хүүхдүүддээ болон зарим нэг үл хөдлөх хөрөнгийг эгч ****даа өвлүүлсэн байсан. Энэ үед талийгаач биеийн байдал маш муу, бараг юу хийж байгаагаа мэдэхгүй шахуу хэвтэрт байхад хөрөнгийг хүүхэдтэй нь хамтран эзэмшихээр бичүүлсэн байсан. Ээж нь энэ их хөрөнгийг үр хүүхдэд минь өвлүүлээрэй гэж надад захиж байсан. Гэтэл талийгаачийн эгч **** нь хүүхдүүдийг насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийн эд хөрөнгөд хууль ёсны зөвшөөрөлгүй халдаж, хүүхдүүдийн ээжийнх нь үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг дур мэдэн, хууль зөрчин төрсөн хүүхдүүд нь байсаар байтал өөрийн эзэмшилд авсан байна. Тухайн үед талийгаачийг амьд сэрүүн байхад хэзээ ч уулзаж, үзэгдэж, төрөхөд нь ганц сүү авч ирж байгаагүй байж хөрөнгийг хуваан эзэн болсонд гайхаж байна. Мөн миний мэдэхийн л талийгаач ****д дургүй байсан, энэ талаар **** өөрөө сайн мэдэж байгаа. Мөн хэзээ ч тусалж байгаагүй хүнд өвчтэй байхад нь нотариат аваачаад бүгдийг өөр дээрээ шилжүүлж авсан байсан. Үнэхээр муухай сэтгэлгүй эмэгтэй юм. Хүүхдийн өмчлөлийн нэр байсаар байтал дур мэдэн хүүхдийн орон байрыг өөрийн өмчлөлд авсанд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот орон сууцны өмчлөгчөөр хүү Т.Бат-Оюун, охин Т.Мядагмаа нарыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч **** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлснийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие **** нь талийгаач С.Хандсүрэнтэй хамтран амьдарч байсан ба хамтран амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэдтэй болсон. Охин Т.Мядагмаа 2014 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн, 5 настай, хүү Т.Бат-Оюун 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 3 настай. Хүүхдүүд ээжийгээ өөд болсноос хойш аавтайгаа, эгчтэйгээ амьдарч байхдаа оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 3/17 дугаар байрны 3-05 тоот байрандаа одоо очиж амьдарч чадахгүй байгаа. Хүү Т.Бат-Оюуны хувьд байнгын асаргаа эмчилгээ шаардлагатай бөгөөд дауны хам шинж өвчтэй хүүхэд байгаа юм. Ээжийг нь амьд сэрүүн байхад буюу маш хүнд өвчтэй байхад нь тус байрыг бэлэглэлийн гэрээгээр **** өөрийн өмчлөлд авсан байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Мөн хариуцагч **** хүүхдүүдийг байранд нь суулгахгүй, өөрөө эзэн сууж байгаа учир тус байрыг ****гаас албадан чөлөөлүүлж өгнө үү. Охин Т.Мядагмаа нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити, 3/17 дугаар байрны 3-05 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Иймд миний бодоход талийгаач 2018 оны 09 дүгээр сарын 27-нд хорт хавдрын хүнд өвчтэй өөрийнхөө биеийн яая гэж шаналж байгаа хүн дээр очиж хөрөнгийг нь бэлэглэлийн гэрээгээр өөрийн эзэмшилд авсанд гайхаж байна. Миний бие өөрсдийн төрсөн хүүхдүүдээ хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоолгосон байхад ээж нь нас барсны дараа хүүхдүүдийн асаргааны талаар юу ч яриагүй байж мөн ээжийг нь амьд сэрүүн байхад нь хүүхдүүдийг харж хандаж чадахгүй талаар хэлж бичиж өгсөн байж түүгээр ч барахгүй шүүхээр асран хамгаалагч тогтоолгох гэж байхад **** нь миний төрсөн хүүхэд болохыг гэрчилсэн ба энэ шийдвэрийн талаар маш сайн мэдэж байж нэг жил гаруй болсны дараа хүүхдийн асрамж өөр дээрээ тогтоолгоно, байр орон сууц нь минийх гэж хуулийн дагуу асран хамгаалагч аавыг нь хэзээ ч харж байгаагүй, танихгүй, мэдэхгүй хүн гэж хаа хамаагүй юм ярьж, хүүхдүүд бөөсдөж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Хүүхдэд худлаа үг зааж өгч байна, мөн хүүхэд хулгайлсан, харах хүнгүй, хүүхдүүд хаана хэн дээр байгаа нь мэдэгдэхгүй байна гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон Нийслэлийн Цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж, талийгаачийн эд хөрөнгө байгаа дүүргүүдийн шүүх болгонд нэхэмжлэл гаргаж байгаад би гайхаж байна. Үүгээс зогсохгүй гудамж талбай, хаа тааралдсан газар хүүхдүүд хаана нуусан, хаана байна, надад хүүхдүүдийг өг, яасан ичдэггүй юм, ичихгүй хүүхдүүдийг хулгайлж авсан, цагдаа шүүхээр явна, чи барахгүй шүү гэж доромжилж, миний бас хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Миний хүүхдүүдийг авч ааваас нь салгаж, бүтэн өнчин болгож яах гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдийг харж хандах байтугай хөрөнгөнд нь эзэн сууж өөрийн өмчлөлд авч байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч **** шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний төрсөн дүү С.Хандсүрэн нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан юм. Миний дүү С.Хандсүрэн нь өрх толгойлон хоёр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд энэ хүнийг танихгүй. Би дүүгээ асарч байгаад өнгөрүүлсэн. Энэ хүн эмнэлэгт байхад нь ирж байгаагүй, хараагүй, оршуулганд нь ч ирээгүй. Нэхэмжлэгч **** нь миний дүүтэй хамт амьдарч байгаагүй, бидэнд худал ярьж, хоёр хүүхдээр хөрөнгөтэй болох гэсэн тооцоололтой нэгэн бөгөөд хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч болсон, чи яах юм гээд насанд хүрээгүй хоёр нялх хүүхдийг аваад өөрийн албан ёсны баталгаатай гэр бүлээсээ нууж, нялх хоёр хүүхдийг амьдарч байсан гэр орноос нь дайжуулаад огт танихгүй айлуудад өгсөн болохыг тогтоосон болно. Тухайлбал, Т.Мядагмааг Эрдэнэт хотод Энхцэцэг гэгч айлд өгөсн байгааг 10 сард өөрөө явж байж тогтоосон. Энэ үеэр охин Т.Мядагмаа нь надад хэлэхдээ би эндээс явмаар байна, бөөсдөөд байна гэж хэлээд нилээдгүй эцэж турсан, уйлсан, маш их шаналсан, санасан байсан. Ингээд би **** руу яриад бидний зовлонгоор битгий тоглоод байж, нялх хүүхдүүдийг байсан газарт нь аваад ир гэж хэлэхэд шүүх намайг эцэг нь болгосон гэж хэлж, бид хоёр нилээдгүй утсаараа маргалдсан. Эхлээд би юу ч ойлголгүй ****ыг нөхөр нь гэсэн ойлгож байсан. Гэтэл бодит байдал дээр **** нь өөрийн гэсэн гэр бүлтэй, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг олж мэдсэн. **** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот байранд 2018 оны 10 дугаар сараас хүүхдүүдтэйгээ амьдаръя гэсэн болохоор нь дээрх байранд байлгасан чинь амьдран суусан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл СӨХ-ийн болон байрны төлбөрийг төлөөгүйгээс гадна хоёр нялх хүүхдүүдийг амьдруулалгүй, энд тэнд орхисон болохыг өөрөө биеэрээ харлаа. Сүүлд би хэн гэдэг ямар хүнд итгээд байна гээд судалсан чинь бидэнд огт хамааралгүй хүн гэдгийг олж мэдээд байраа чөлөөлж авсан. Миний бие нь өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах үүрэгтэй учраас **** гэгч нь өнчин нялх хоёр хүүхэдтэй хүн болж эцгийн дүрд тоглож байсан хүнээс өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах нь миний үүрэг юм. Мөн юм хэлж чадахгүй, ээж дээрээ амьдарч байсан хоёр нялх хүүхдийг эцэг нь болж худал яриад аваад явсан нь хүүхдүүдийг эзэнгүйдүүлж, гэр орноос нь холдуулж, амьдрах орчингүй болгоод байна. Миний бие нь нагац дүү Т.Мядагмаагийн хамтаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач С.Хандсүрэнгээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 3/17 дугаар байрны 3-05 тоот орон сууцыг шилжүүлж авсан. Гэрээг байгуулах үед болон ээжийгээ нас бартал нь эцэггүй амьдарсан юм. Т.Мядагмаа нь ээж дээрээ ирж миний хамтаар ээжийгээ сахиж байх үеэр талийгаач дүү маань бид хоёрын хуваарьт хөрөнгө болгон сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан болно. Энэ үеэрээ охин Т.Мядагмаагаас хэзээ ч салж болохгүй гэдгийг олон дахин хэлсэн гэдгийг үүгээр илэрхийлж байна. Т.Мядагмаа болон Т.Бат-Оюун нарыг миний дүү өөрөө асрамжиндаа өсгөж ирсэн атал цуг амьдарч байгаагүй **** нь хууль бусаар охиныг аваад явсан. ****д хүүхдийг болон байрыг шилжүүлэх хуулийн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч би 2018 оноос эхлэн байрны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж ирсэн, СӨХ болон бусад төлбөрт 622.398 төгрөгийг төлсөн байна. Мөн **** нь элэгний өвчтэй гэдгээ өөрөө хэлж байж нялх хоёр хүүхдийг амьдарч байсан гэр орноос нь авч явсан шалтгаан нь хүүхдүүдийг авчихвал мөнгөтэй болчих гэсэн атгаг санаа нь одоо илтэд болоод байна. Т.Мядагмаа болон бидний хуваарьт хөрөнгө хоёр өмчлөгчтэй. Тийм болохоор бид Т.Мядагмаагийн хуваарьт хөрөнгийг ****ын нэр дээр шилжүүлэх боломжгүй. Харин **** нь Т.Мядагмаа болон Т.Бат-Оюун нарыг бидэнд өгч, хүүхдүүдийг амьдарч байсан гэр оронд нь авчирч өгөхийг чин сэтгэлээс хүсч байна. Учир нь хоёр хүүхэд нялх байгаа учир аливаа зүйлийн учрыг ойлгохгүй, Т.Бат-Оюун нь дауны өвчтэй юм. Миний бие байрыг шилжүүлэхгүй, зарж үрэхгүй. Хүүхдүүд болон **** нарт талийгаач эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй байна. Аваад ирвэл орон сууцны өмчлөгчөөр оруулж болно. Миний бие Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаан үүсгээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч ****гийн эзэмшлээс албадан чөлөөлж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ****ын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 991,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01742 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “хариуцагч ****гийн эзэмшлээс албадан чөлөөлж” гэснийг “Т.Мядагмаагийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд ****гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч **** би хэргийг бүхэлд нь хянуулахаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна.
**** миний бие бага насны хүүхдийнхээ асран хамгаалагч нь бөгөөд аавынх нь хувьд хуулийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон ба 2 хүүхдийн маань ээж нь С.Хандсүрэн 2018.09.27-ны өдөр ходоодны хорд хавдрын хүнд өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Миний охин Түмэнжаргалын Мядагмаа 6 настай, хүү Түмэнжаргалын Бат-Оюун 4 настай одоо аавтайгаа хамт амьдарч байна. Миний хувьд цэргийн байгууллагад 28 жил алба хааж байна. Энхийг сахиулах ажиллагаанд олон удаа оролцож байсан цэргийн алба хаагч, миний 2 хүүхдийн ээжийнхээ өвлөж үлдээсэн хөрөнгийг өвлөж эзэмшиж чадахааргүй болгож бүгдийг нь өөрийн эзэмшилд авч, ээжийг нь хорт хавдартай хүнд өвчнөөр шаналж байхад **** нь өмгөөлөгч Т.Мөнхтуяатай хамт хөрөнгө байгаа бүх дүүргүүдийн нотариатчдыг эмнэлэгт авчирч бэлэглэлийн гэрээ хийлгэж хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн байна. Мөн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нь талийгаачийн өмгөөлөгчөөр биеийн байдал маш муу байхад нь ажиллачхаад өнөөдөр хүүхдүүдэд нь байр өгөх өмчлүүлэх эрхгүй гэж эсрэг байр суурьтай ****гийн шүүх хуралд оролцож байгаад нь гайхаж байна.
Анхнаасаа л миний хүүхдүүдийн өвлөх эд хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн ээжийг нь бие муу юугаа ч мэдэхгүй хүнд өвчиндөө шаналж өнөө маргаашгүй болсон хүнийг далимдуулж нотариатч аваачиж бэлэглэлийн гэрээг хууль бус хийсэн гэж үзэж байна.
Ядаж 5-аас 6 байрыг бүгдийг нь бэлэглэлийн гэрээ хийж авч миний хүү Т.Бат-Оюуныг хасаж орхигдуулсанд маш их гомдолтой байна. Мөн охин Т.Мядагмааг байранд нь дүүтэйгээ аавтайгаа амьдрах эрхийг хязгаарласанд гомдолтой байна. **** нь хүүхдүүдийн ээжийнх нь хөрөнгөөр үнэхээр тоглож хүүхдүүдэд ашиг хуваарилж өгөхгүй компанийг захиран зарцуулж байгаад гомдолтой байгаа, тэгээд ярихаараа би энэ Түмэнжаргалыг танихгүй мэдэхгүй манай дүү нөхөргүй хүүхэд гаргасан гэх мэтчилэн ярьж доромжилж байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж ядаж өөрсдийн амьдарч байсан байраа авч 2 хүүхэдтэйгээ амьдрах гэж нэхэмжлэл гаргасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талийгаачтайгаа хүүхдүүдтэйгээ амьдарч байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны 3/17 дугаар байрны 3-05 тоот 2 өрөө орон сууцыг ****гаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй харин Дашмаагаас байрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх хэргийг шийдвэрлэхдээ Дашмаагийн эзэмшлээс албадан чөлөөл гэснийг Т.Мядагмаагийн эзэмшлийн ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд ****гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж гэж өөрчилсөн. Бид байранд орох гэхээр Дашмаа нь миний эзэмшлийн байр шүүхээр шийдүүл гээд оруулахгүй хүүхдүүдийг хохироож байна. Иймд хэргийн нөхцөл байдал насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийг хамгаалуулах эрх, эрх чөлөө, орон сууцны халдашгүй байдал, зөрчигдсөн шийдвэр гарсан гэж үзэж хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хурлаас өмнө Хан-Уул дүүргийн нотариатч С.Гэрэл нь наад гэрээ нь өөрөө тусгайлан заасан гэрээ хүүхдийг харж хандахгүй байгаа бол гэрээг цуцалж болно гэж надад хэлж байсан энэ байр Дашмаагийн байр биш охин Мядагмаагийн өмчлөлийн байр гэж хэлсэн гэтэл өөрөө шүүх хуралд гэрчээр ороод үнэн зөв байгаа зүйлийг хий бөөрөнхийлж ээжийнхээ бичиж өгсөн өргөдлийг танилцуулаагүй нуун дарагдуулсан нь энэ бэлэглэлийн гэрээг хуулийн дагуу хийгээгүй гэж үзэхээр харагдаж байна. Мөн хүүхдүүдийн ээж маш хүнд өвчтэй хорт хавдрын эцсийн шатандаа орж сэтгэл санааны хувьд тогтворгүй, сэтгэл санаа нь орон гаран байдалтай байхад өмч хөрөнгийн асуудлаар очиж бусдад бэлэглэлийн гэрээгээр хөрөнгийг шилжүүлсэнд гомдолтой байна. Энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Тэгээд ч тэр үед эрх зүйн чадамжгүй, бэлэглэлийн гэрээ хийх чадваргүй байсан гэдгийг эмнэлгийн бичиг нас барсан бичиг хоног хугацааны хувьд нотолж байхад бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь буруу гэж үзэж байна. Ямар ч үед эх хүн хүүхдүүддээ байр орон сууцандаа амар тайван амьдруулахыг хүсэх ба энэ хөрөнгүүдийг ах дүү нартаа бэлдээгүй нь мэдээж юм. Хүүхдүүдийг нь оруулахгүй байранд нь эзэн болж сууж байгаад гайхаж байна. Мөн бэлэглэлийн гэрээний хамт өөрөө нотариатчид хүсэлт гаргасан байхад түүнийг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй нуун дарагдуулсан гэж үзэж байна. Тухайн үед өмгөөлөгч нь хэн байсан гэхэд энэ Мөнхтуяа өмгөөлөгч байсан байх гэж мэдэн будилж хэлж байгаа нь хүртэл сонирхол татаж байлаа. Мөн бэлэглэлийн гэрээнд гэрээний 3.4 дэх заалтад Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгон гэж заажээ. Иргэний хуулийн 280.1.1-д бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, нөхцөлд уг гэрээг хүчингүй болгохоор заасан тэгвэл **** нь миний хувьд хүүхэд өсгөж үзээгүй хүүхдүүдийн ирээдүйг чиглүүлж өсгөх боломжгүй гэдгээ бичиж өгсөн өргөдөл хүртэл байгаа одоо хүүхдүүдийн хөрөнгийг өгөхгүй эзэмшүүлэхгүй ганц миний хөрөнгө мөн гэж үзэж байгаа нь бэлэглэгч амьд сэрүүн байсан бол маш их гомдоож байгаа юм тэгээд ч хүүхдүүдийг үл хүндэтгэж чөлөөлж өгөхгүй өөрөө гэр бүлээрээ гэрт нь ороод суучихсан миний бүх хувцаснуудыг хайрцганд хийгээд шуудангаар ажлын хаягаар өгсөн, одоо миний авсан ор, тавилга, хөргөгч, зурагт мөнгөн аяганд цай хоолоо хийж идээд өгөхгүй байгаа нь ноцтой гомдоосон үйлдэл гэж үзэж байна. Хүүхдүүдэд нь ээжийнх нь “Онол булгант төв” ХХК-аас нь авсан ашгаас хүүхдүүдэд зориулж өгсөн мөнгийг шүүхээр нэхэмжилж намайг авсан мэтээр зээлсэн болгож буцааж нэхэмжилж байгаа нь хүүхдүүдийг гомдоосон хүүхдийн эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт оногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, үйлчилгээний хөлс, урамшил авах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Одоо миний хүү Т.Бат-Оюун нь байнгын асаргаатай хүний хараа хяналтад байдаг дауны синдром өвчтэй хүүхэд, хүүхдүүдээ гэрт дулаахан байлгаж ойрхон сувилгаа, эмчилгээ сургуульд нь явуулах гэхээр байр чөлөөлж өгөхгүй, ээж нь өвчтэй зовлонтой шаналж байх үед нь бэлэглэлийн гэрээ хийж хүүхдүүдийг өмчлөх байр орон сууцгүй болгосонд маш их гомдолтой байна. Энэ байрнаас өөр Баянгол дүүрэгт 2 өрөө, хоёр орон сууц, мөн сургалт үйлчилгээний зориулалттай 5 давхар ажлын байр, Чингэлтэй дүүрэгт 2 өрөө нэг орон сууц, Сонгинохайрхан дүүрэгт зуслангийн байр газрыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ээжийнхээ бичиж өгсөн өргөдөл, гэрээслэлийг оруулахгүйгээр охин Т.Мядагмаагийн хамтран эзэмших эрхийг хасаж зөвхөн өөрийнхөө нэрийг оруулж улсын бүртгэлд бүртгүүлэн эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө гаргуулж авсан ноцтой үйлдэл хийсэн нь баримтаар илэрсэн. Үүнийг залилангийн хэрэг хийсэн гэж үзэж байна. Талийгаач С.Хандсүрэнгийн хүүхдүүдэд үлдээсэн “Онол булгант төв” ХХК-ийн ашиг орлогоос нэгийг ч хүүхдүүдэд өгөхгүй өөрийн өмчлөлд авч, их хэмжээний ашиг, орлого олж хүүхдүүдийн өвлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Мөн талийгаач С.Хандсүрэн нас барахаас өмнө нэг хоногийн өмнө амжуулж өөрийн болгож 1-р өвлөгч хүүхдүүд нь байсаар байхад хүүхдүүдийг бага насныхаар нь далимдуулж, хууль ёсны асран хамгаалагчийг тохуурхан даажигнаж, өмгөөлөгчтэйгөө хамт хаана таарсан ч доромжлон басамжилж байгаад нь гомдолтой байна. Өмгөөлөгч хүн хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ үйлчилгээ үзүүлэх байтал хүүхдийн хулгайч чи хүүхдүүдийн аав биш чамайг хэн хүүхдүүдийн аав гэдэг юм, хүүхдүүд хаана нуусан байгаа, хүүхдийн хулгайч гэж байнга дарамтлан доромжилж байна. Энэ талаар зохих газарт нь хандах болно. Миний хүүхдүүдийн өвлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Ингээд шүүх хүүхдүүдийн амьдарч байсан ээжээс өвлөгдөх байрыг талийгаач ээжийнх нь өвчтэй байхдаа нас барахаас нь өмнө 2018.09.17-ны өдөр эмчийн тодорхойлолт авч биеийн байдал улам муудсан байхад 3 хоногийн дараа 2018.09.20-ны өдөр ухаан санаа орон гаран байхад хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж хүүхдүүдийн эрхийг зөрчиж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Талийгаач амьд сэрүүн байсан бол хэзээ ч энэ Дашмаад хөрөнгөнөөсөө огт өгөхгүй байсан. Талийгаачийг амьд сэрүүн байхад нь **** манайхаар хэзээ ч ирж байгаагүй талийгаачтай харилцаа холбоо муутай бие биенээ үздэггүй, би талийгаачийг Дашмаагийн гэрт нь аваад очиход аягалж өгсөн цай, тавгийн идээг нь огт амсдаггүй байсан шүү дээ. Иймд тус бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчийн өвлөгчдөд буцаан олгох нь хуульд таарна гэж үзэж байна. Ямар ч үед хүүхдүүдийн эрхийг мөн өвлөх эрхийг нэгдүгээрт тавих байтал хүүхдүүдийн ээжээс нь үлдээсэн үл хөдлөх хөрөнгийг нэгийг ч өгөхгүй шүүх хүүхдийн эрхийг хангахгүй байгаад гомдолтой байгаа учир хэргийг хянуулахаар дээд шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хэргийг хянаад бүхэлд нь хангаж байрнаас ****г албадан гаргуулж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн шийдвэрийн зарим хэсгийг, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.02-ны магадлалыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргалаа.
Миний өмгөөлөлд байгаа **** нь хамтран амьдрагч С.Хандсүрэн нас барсны улмаас өөрийн төрсөн хүүхдүүдээ хуулийн дагуу асран хамгаалагчаар тогтоолгосон болно. Үүний дагуу Т.Мядагмаа 6 настай, Т.Бат-Оюун 5 настай хүүхдүүдийн ээжээс нь хуулийн дагуу өвлөгдөх хөрөнгийг асуудлаар хөөцөлдсөн боловч хүүхдүүдийн өвлөгдөх үл хөдлөх хөрөнгө мөн хөдлөх хөрөнгүүдийг бүгдийг **** бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.09.20-нд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар, Хан-Уул дүүргийн Вива Сити хороолол 3/17 дугаар байрны 3-05 тоот 2 өрөө байрыг ****гаас албадан чөлөөлүүлэхээр, нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн 280.1.1 дэх хэсэг тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна, өөрөөр хэлбэл талийгаачийг нас барахаас өмнө 7 хоногийн өмнө эрх зүйн чадамжгүй байхад хийсэн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус юм, энэ талаарх эмчийн бичиг нас барсан өдөр хоног тодорхой байхад хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн хууль бус гэж үзэж байна. Мөн **** нь хүүхдүүдийг харж хандаж чадахгүй гэж ээжид бичгээр бичиж өгсөн нь нотлох баримт бий, хүүхдүүдээ харахгүй гэж байгаа хүнд бэлэглэж хөрөнгөө өгөх үү, энэ бэлэглэгчийг гомдоож байгаа нэг баримт, мөн одоо хүртэл хүүхдүүдийг гэр оронд нь оруулахгүй гэж өөрийн нэр дээр өмчлөлийг тогтоож хамтран эзэмшигч охин Мядагмааг дүүтэй нь үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, бэлэглэгчийг ноцтой гомдоож байгаа хэлбэр мөнөөсөө мөн гэж үзэж байна. Ямар ч үед хүн хүүхдүүдийнхээ сайн сайхныг үзэх л гэж хөрөнгө мөнгө цуглуулдаг гэтэл хамт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнд охин Т.Мядагмаа байхад байранд нь оруулахгүй байгаа энэ үйлдэл өөрөө хүүхдийг, мөн 1-р өвлөгч Т.Бат-Оюуныг эрхээ эдэлж чадахгүй бага насны гэдгээр нь хүүхдийг үл тоож байгаа нь мөн бэлэглэгчийг ноцтой гомдоож байгаа үйлдэл мөн. Ийм байхад Иргэний хуулийн 280.1.1 тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхдээ ХУД-ийн анхан шатны шүүх хууль зөрчөөгүй хуулийн дагуу шийдвэрлэсэн гээд, Дашмаа Т.Мядагмааг байраа эзэмшин ашиглахад нь эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байлгахыг даалгаж шийдвэрлэжээ. Энэ нь ойлгомжгүй байна, өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээгээр 2 өрөө байрыг **** өөрийн өмчлөлд шилжүүлээд авсан байгаа Т.Мядагмаа үл хөдлөх хөрөнгийн 1-р өвлөгч бөгөөд эзэмшигч байхад зөвхөн өөрийн өмчлөлд бүхнийг захиран зарцуулж авсан нь хууль зөрчиж энэ байр нь яаж өөрийн өмчлөлд шилжүүлснийг ойлгохгүй байгаа бололтой. Иймд ээжийнх нь бие муу эрх зүйн чадамжгүй байхад хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож 1-р өвлөгч буюу хууль ёсны өмчлөгч Т.Мядагмаагийн байр ХУД-ийн Вива Сити 4-р хороо 3/17 байрны 3 давхрын 05 тоот 2 өрөө байрыг ****гаас албадан чөлөөлүүлж өгнө үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6.1 Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан 2018.09.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг ...талийгаач С.Хандсүрэн нь хүнд өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдол, юу хийж байгаагаа ойлгохгүй хэвтэрт байхад нь хариуцагч **** нь бэлэглэлийн гэрээгээр түүний хоёр өрөө орон сууцыг өмчлөлдөө авсан төдийгүй 2 хүүхдийг орон сууцанд нь суулгахгүй, хүүхдүүдийн эцэг ****ыг танихгүй, хаа хамаагүй хүн гэж ярьж буй нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл, иймд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...дүү С.Хандсүрэн уг орон сууцыг сайн дурын үндсэн дээр надад болон охин Т.Мядагмаа нарт бэлэглэж, өмчлөлийг шилжүүлсэн, ... **** талийгаач дүүгийн маань нөхөр нь гэж гарч ирэхээр нь уг орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас амьдруулсан боловч орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөөгүй, улмаар хоёр нялх хүүхдийг орон сууцанд амьдруулахгүй, энд тэнд орхисон байсан. ...Гэтэл **** нь манай дүүтэй огт амьдарч байгаагүй, өөрөө гэр бүл, үр хүүхэдтэй хүн байсныг мэдээд байраа чөлөөлж авсан. ...Миний бие өөрийн өмчлөлийн байрыг хамгаалах үүрэгтэй тул ****д орон сууцыг өгөхгүй, харин Т.Мядагмааг насанд хүрэхээр нь түүнд шилжүүлж өгөх болно. Т.Мядагмаагийн хуваарьт хөрөнгийг ****д шилжүүлэх боломжгүй... гэж маргасан байна.
6.2 Анхан шатны шүүхИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028613 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч ****гийн эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****ын, 2018.09.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж,шийдвэрийн 1 дэх заалтын “хариуцагч ****гийн эзэмшлээс албадан чөлөөлж” гэснийг “Т.Мядагмаагийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд ****гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.
Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч **** нь С.Хандсүрэнтэй хамтран амьдарч, тэдний дундаас 2014.06.22-ны өдөр охин Т.Мядагмаа, 2016.09.16-ны өдөр хүү Т.Бат-Оюун нар төрсөн, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.19-ний өдрийн 10/ШШ2019/01844 дүгээр шийдвэрээр хүү Т.Бат-Оюуны эцэг нь **** мөн болохыг тогтоож, хүүг ****ын асрамжид байлгахаар шийдвэрлэсэн байна.
Хүүхдүүдийн эх С.Хандсүрэн 2018.09.27-ны өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач С.Хандсүрэн нь нас барахын өмнө, 2018.09.20-ны өдөр өөрийн эгч ****тай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, Вива сити хороолол, 3/17 дугаар байрны 3-05 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг өөрийн охин Т.Мядагмаа болон эгч **** нарт бэлэглэсэн, уг гэрээний дагуу орон сууц 2018.09.25-ны өдөр ****, Т.Мядагмаа нарын өмчлөлд шилжин бүртгэгджээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, гэрч С.Гэрэлийн мэдүүлэг болон бусад баримтаар талийгаач С.Хандсүрэн нь 2018.09.20-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нотариатч С.Гэрэлийг эмнэлэгт дуудан ирүүлж, өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг төрсөн охин Т.Мядагмаад сайн дурын үндсэн дээр бэлэглэж, охин Т.Мядагмаа нь насанд хүрээгүй тул уг орон сууцыг эгч ****гаар харж, хамгаалуулах үүднээс түүнийг хамтран өмчлөгчөөр оруулж, бэлэглэлийн гэрээг өөрийн хүсэлтээр байгуулсан ба тэрээр уг гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах явцад өөрийгөө удирдах, аливаа зүйлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон, хохироосон ноцтой үйлдэл хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, иймд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч ****ын, 2018.09.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
8. Нэхэмжлэгчийн гаргасан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/17 тоот байрны 3-05 тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагын тухайд, анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ...хариуцагч **** нь насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй атал охин Т.Мядагмаа болон түүний дүү Т.Бат-Оюун, эцэг **** нарыг уг орон сууцыг эзэмшиж, ашиглахаас татгалзаж, өөрийн эзэмшилд авсныг хууль бус эзэмшил гэж үзнэ. ...эцэг ****, нагац эгч **** нарын хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаарх маргааны улмаас ...хүүхдүүд нь төрсөн гэртээ амьдарч чадахгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой зөрчил тул ...хоёр өрөө орон сууцыг хариуцагч ****гаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцээгүй байна.
Талийгаач С.Хандсүрэн нь 2018.09.20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр түүний охин Т.Мядагмаа болон эгч **** нар орон сууцны өмчлөгч болж, уг орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй болсон, давж заалдах шатны шүүх ... ****гийн орон сууцны эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, ...насанд хүрээгүй Т.Мядагмаа нь өмчлөгчийн хувиар уг орон сууцыг эзэмшиж, ашиглах эрхтэй тул уг эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ****д даалгах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөв шийдвэрлэжээ.
9. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД