Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ.И, А.Е, С.Б,

Б.Н, Г.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Х.Б;

 

Нэхэмжлэгч: Х.И, А.Е, С.Б, Б.Н, Г.М нар

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын ахлах байцаагч Х.Б

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 97 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.И, Б.Н,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Х.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2026/0068/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б, Б.Н, Г.М нараас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
  2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.5, 42 дугаар зүйлийн 42.1.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын ахлах байцаагч Х.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаap хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг журмын 2 дахь хэсгийн 6-д “Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно” гэж заасан. Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.6-д “Эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажилчдад илүү цагаар болон нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу тооцогдох ба тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тодорхой тусгасан байна. Захиргааны байгууллага, төсвийг шууд захирагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд баталж, мөрдүүлж буй хөдөлмөрийн дотоод журмыг тухайн байгууллагын бүх ажилтнууд чанд мөрдөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх уг журмын зохицуулалтыг зөвхөн “нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн олгоход хамаарна” гэж явцууруулан тайлбарлаж, байгууллагын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоод хэм хэмжээг үгүйсгэсэн нь үндэслэлгүй юм. Иймд уг дотоод журмын заалтыг бүхэлд нь эрх зүйн ач холбогдолгүй мэтээр үзэх нь үндэслэлгүй.

Хэрэв дотоод журмын 9.6 дахь заалт нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байгаа бол уг заалтыг хэн, ямар эрх хэмжээнийхээ үйлчилж байсан зэрэг асуудлыг тусгайлан тогтоох шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр дотоод журмын заалтыг ажилтны эрхийг дордуулсан зохицуулалт гэж шууд дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

3.2. Анхан шатны шүүх Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 4.1 дэх заалтыг үндэслэн хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тохиолдолд илүү цагаар ажиллуулахыг хориглоогүй бөгөөд уг тохиолдолд журмын 3 дугаар хэсгийн 3 дахь заалтад заасан 10 хувийн хязгаарлалт хамаарахгүй гэж дүгнэсэн.

Гэвч 4.1 дэх заалт нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ямар нөхцөлд илүү цагаар ажиллуулж болохыг зохицуулсан бөгөөд тухайн ажилтан, тухайн ажилласан цаг бүр шүүж, уг заалтад хамаарна гэсэн агуулгатай биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн илүү цаг нь хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил байсан эсэх, тухайн ажилтныг уг ажлыг гүйцэтгүүлэхээр ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулсан эсэх, тухайн илүү цагийг нөхөн амруулсан эсэх зэрэг нөхцөл бүрийг тусад нь тогтоож байж 4.1 дэх заалтыг хэрэглэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нар эрүүл мэндийн байгууллагад ажилладаг гэх нөхцөл байдлыг үндэслэн тэдгээрийн ажилласан илүү цагийг бүхэлд нь журмын 4.1 дэх заалтад хамааруулсан нь хууль, журмын агуулгыг хэт өргөн хүрээнд тайлбарласан гэж үзэж байна.

Иймд 4.1 дэх заалт нь эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтанд, бүх илүү цагт ямар нэгэн шалгуургүйгээр хамаарна гэж үзэх үндэслэлгүй юм.

3.3. Төсвийн хууль тогтоомж болон төсвийн сахилга батыг зөрчсөн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар төсвийн захирагч нь төсвийг батлагдсан хэмжээнд, зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Санхүүгийн хяналт шалгалтаар Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн төсвийн зарцуулалтад шалгалт хийхэд нэхэмжлэгч нарт 2025 оны 11, 12 сар, 2026 оны 1, 2 саруудад батлагдсан норматив, дотоод журмаар тогтоосон хязгаараас давуулан нийт 190 цагийн илүү цагийн хөлс болох 3,663.7 мянган төгрөг олгосон нь төсвийн сахилга батыг зөрчсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 6.3-т заасан хууль ёсны бүрэн эрхийнхээ дагуу үндэслэлгүйгээр олгогдсон төсвийн хөрөнгийг буцаан төлүүлэх акт тавьсан болно.

3.4. Улсын байцаагчийн төлбөрийн акт гаргах бүрэн эрхийг шүүх буруу үнэлсэн тухай:

Тус хяналт шалгалтаар Сагсай сумын Эрүүл мэндийн төвөөс төсвийн хөрөнгийг хууль, журмаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн зарцуулсан эсэхийг шалгаж, цалингийн цэс, илүү цагийн бүртгэл болон холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн зөрчлийг тогтоосон. Шалгалтаар нийт 190 цагийн илүү цагийн хөлсийг 3,663,700 төгрөгөөр олгосон зөрчил тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нарт хамаарах хэсэг нь 1,974,145 төгрөг байсан. Улсын байцаагч нь төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх зөрчлийг тогтоож, хуульд нийцээгүйгээр олгогдсон төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэхээр төлбөрийн акт гаргасан. Иймд уг актыг зөвхөн хөдөлмөрийн эрхийн маргаан мэтээр авч үзэж, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих санхүүгийн хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг дутуу үнэлсэн нь буруу байна.

3.5. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3380 дугаар албан бичгийн агуулгыг буруу үнэлсэн тухай:

Анхан шатны шүүхийн шийдвэрт Сангийн яамнаас өмнөх актыг дахин тогтоох чиглэл өгсөн талаар дурдсан. Гэвч Сангийн яамны уг албан бичгийг улсын байцаагчийн дараагийн төлбөрийн акт гаргах эрхийг үгүйсгэсэн, эсхүл илүү цагийн хөлсийг огт нөхөн төлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн агуулгатай гэж үзэх боломжгүй. Харин өмнөх төлбөрийн актыг дахин хянаж, хууль зүйн үндэслэлийг нь тодорхой болгох чиглэл өгсний дагуу улсын ахлах байцаагч 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 18-04/31 дугаар актыг дахин гаргасан. Иймд уг актыг өмнөх актыг механикаар давтсан гэж үзэхээс илүүтэйгээр дээд шатны байгууллагын өгсөн чиглэлийн дагуу хууль зүйн үндэслэл, тооцооллыг дахин нягталж гаргасан эсэхийг үнэлэх шаардлагатай байсан.

3.6. Шүүхийн шийдвэрийн үр дагаврын талаар:

Нэхэмжлэгч нарт илүү цагийн хөлсийг хууль, журамд заасан хэмжээнээс хэтрүүлэн олгосон нь санхүүгийн баримтаар тогтоогдсон байхад уг мөнгөн хөрөнгийг бүхэлд нь ажилтнуудад үлдээх нь төсвийн хөрөнгийг хуульд нийцүүлэн зарцуулах зарчимд нийцэхгүй. Хэрэв тухайн илүү цагийн ажил нь үнэхээр хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байсан бол түүнийг нотлох ажил үүргийн хуваарь, тушаал шийдвэр, дуудлага, ээлжийн хуваарь, илүү цагийн бүртгэл болон бусад анхан шатны баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч тус бүрээр нь тогтоох боломжтой. Гэтэл анхан шатны шүүх дээрх ялгааг хийлгүйгээр нийт илүү цагийн хөлсийг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтуудыг хэрэглэхдээ тухайн төсвийн байгууллагад мөрдөгдөж буй санхүү, төсвийн тусгай зохицуулалт болон Хөдөлмөрийн дотоод журмын хүчин төгөлдөр байдлыг харж үзэлгүй, зөвхөн ажилтны эрх ашгийг явцуу байдлаар хамгаалж, хууль ёсны дагуу гарсан захиргааны актыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч буюу Сангийн сайд нь 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/8650 дугаартай “Гомдол хянасан тухай" бичигт Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасныг хянаж, 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3380 дугаартай албан бичгээр хариу хүргүүлэхдээ, шалгалтаар илрүүлсэн зөрчил үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4 дэх заалтад “захиргааны актыг өөрчлөх” гэж заасны дагуу төлбөрийн актыг хууль, дүрэм журамд нийцүүлэн дахин тогтоохыг үүрэг болгосон байна. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай “Илүү цагийн хөлс төлүүлэх тухай” төлбөрийн актыг дахин тогтоосон байна.

Дахин тогтоосон актыг хянаж үзэхэд, нэр бүхий эмч ажилтнуудад илүү цагийн хөлс тооцож олгохдоо Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 2 дахь хэсгийн 6-д заасныг үндэслэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.6-д “Эрүүл мэндийн төвийн захиргаа нь ажилтнуудад илүү цагаар болон нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу тооцогдох ба тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай акт нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтад заасны дагуу дээрх актыг хэвээр үлдээж шийдвэрлэв хэмээн бичсэнийг бас үндэслэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2026/0097 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б, Б.Н, Г.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
  2. Маргааны үйл баримтын тухайд:
    1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар удирдамжийн хүрээнд Сагсай сумын Эрүүл мэндийн төвд хэсэгчилсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” 18-04/31 дугаар актаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 6.3 дахь заалтыг баримтлан Тогтоох хэсгийн

-1 дэх заалтаар илүү олгосон 3,663.7 (гурван сая зургаан зуун жаран гурван мянга долоон зуун) төгрөгийг хавсралтад заасан нэр бүхий 9 эмч, ажилтнуудаар төлүүлж, төсвийн орлого болгох;

-2 дахь заалтаар дээрх төлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төвлөрүүлэхийг Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.М, нягтлан бодогч А.М нарт актаар хариуцуулж,

-3 дахь заалтаар уг актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй талаар дурджээ.

2.2. Ингэхдээ дээрх актын хавсралтад зааснаар нийт 3663719 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Н 46375 төгрөг, Х.И 962175 төгрөг, А.Е 426266 төгрөг, С.Б 462627 төгрөг, Г.М76702 төгрөг нийт 1974145 төгрөгийг тус тус төлүүлэхээр тогтоосон байна.

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Хэрэгт авагдсан цагийн бүртгэл, илүү цаг авах албан хаагчдын жагсаалт, цалин тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нар нь 2025 оны 11, 12 дугаар сар, 2026 оны 01, 02 дугаар саруудад ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн нэхэмжлэгч Б.Н 2 цаг, А.Е 21 цаг, Х.И 46 цаг, С.Б 22 цаг, Г.М 5 цаг илүү цагаар ажилласан болох нь тогтоогдож байна.

3.2. Энэ тохиолдолд тус төвийн эмч, ажилтнуудыг илүү цагийн хөлсийг тус тус төлүүлэхээр тогтоосон маргаан бүхий акт нь хууль бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т “Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно.”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй байна.

3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно:”, 91.2.1-д “... хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх;” гэж зааснаар илүү цагаар ажиллуулж болох ажилтанд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн эмчээр ажилладаг нэхэмжлэгч Х.И, А.Е, С.Б, Б.Н, Г.М нар нь хамаарч байна.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4, 57.8, 57.12-т заасны дагуу төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-аар зохицуулах бөгөөд уг журмын Нэг дүгээр зүйлийн 3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсанд, орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахыг шөнийн цагаар ажиллуулсанд, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг нийтээр амрах баярын өдөр ажиллуулсанд, Бямба, Ням гарагт ажиллуулахыг долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсанд тус тус тооцож, нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгоно”, 4-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дор дурдсанаас бусад тохиолдолд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:”, 4.1-д “... хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, ...,”, мөн журмын 3 дахь хэсгийн 3-т “Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь 4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна.” гэж тус тус зохицуулжээ.

3.5. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх ажилтныг илүү цагаар ажиллуулахыг хуулиар хязгаарлаагүй боловч илүү цагаар ажиллуулсан ажилтныг нөхөн амруулах, нөхөн амруулаагүй тохиолдолд түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох ба ингэхдээ зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх тохиолдолд журмын Гурав дахь хэсгийн 3-т “Илүү цагаар ...ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь ...тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан заалт хамаарахгүй байхаар зохицуулсан байна.

3.6. Нэхэмжлэгч нараас хариуцагчийн “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18-04/20 дугаартай төлбөрийн актыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу уг гомдлыг хянаад Сангийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3380 дугаар албан бичгээр “...Улсын ахлах байцаагчийн тогтоосон төлбөрийн актыг хянан үзэхэд Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ын 3 дахь хэсгийн 3-т “Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь 4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасныг үндэслэн эрүүл мэндийн байгууллагын эмч нар нарт төлбөрийн акт тогтоосон нь дээрх журмын заалттай нийцэхгүй байна” гэж дурдаад Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.4 дэх заалтад “захиргааны актыг өөрчлөх” гэж заасны дагуу санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн тогтоосон 2026 оны 18-04/20 дугаартай төлбөрийн актыг хууль, дүрэм журамд нийцүүлэн дахин тогтоохыг үүрэг болгосон байна. /хх-ийн 84, 85 дахь талд/

3.7. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж заасныг зөрчиж, эрүүл мэндийн байгууллагын ажилтанд нэмэгдэл хөлс тооцох хууль тогтоомжийн зохицуулалтад зааснаар бус уг ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9.6-т “Эрүүл мэндийн төвийн ажилчдад нэмэгдэл хөлс тооцох цаг нь тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэн зохицуулалтыг баримталсан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.8. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т заасан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхийг хөндсөн, энэ талаар нэхэмжлэгч нарын “...Манай сумын хувьд 7 багтай, нийт 6000 хүн амтай, уул устай газар нутагт тархай бутархай амьдардаг. Ажлын бус цагаар, сумын төвөөс 200-300 км-ын алслагдсан газарт дуудлагад явна, оройн, шөнийн цагаар байнга явдаг, хагас бүтэн сайнд амрахгүй, илүү цагаар байнга ажилладаг. Сард заримдаа далаас дээш цаг гардаг, ... Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд бид нар ...зайлшгүй илүү цагаар ажиллах шаардлага гардаг. ...Тухайн үед бид нарыг биеэр амруулаагүй, биеэр амруулаагүй учраас илүү цагийн мөнгийг тухайн эрүүл мэндийн төвийн дарга хянан үзэж, илүү цаг ажилласан гэдгийг тогтоож, илүү цагийн мөнгийг бид нарт өгсөн...” гэх тайлбар үндэслэлтэй.

3.9. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 18-04/31 дугаартай “Илүү цагийн хөлсийг төлүүлэх тухай” актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2026/0097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА