Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Р.Очирсүрэн,

          Шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Тарви овогт Эрдэнэцогтын Энхбат-д холбогдох 201726010111 дугаартай, 188/2017/0113/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 27 дугаар гудамж 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Тарви овогт Эрдэнэцогтын Энхбат /РД:ЛЮ88122993/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

            Э.Энхбат нь архидан согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 27 дугаар гудамжны 31 тоот хашаанд байх иргэн Ч.Очирболдын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн шарп маркийн LCD зурагт, МNВС маркийн зурагтын суваг хүлээн авагч төхөөрөмжийг тус тус хулгайлан авч бусдад 286,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар Үүнд:

 

          Шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19-20 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчин 27 дугаар гудамжны 31 тоотод байдаг танил айл Очирболдын гэрийн үүдний амбаарын хаалга цоожтой байхаар нь тооноор нь орох гээд гэр дээр нь гарсан чинь тооноор ороход эвгүй байхаар нь гэр дээрээс нь буугаад үүдний амбаарын хаалгыг татаж онгойлгоод гэрт нь орж зурагтыг нь суваг хүлээн авагчтай нь авч яваад “Боргил” дэлгүүрийн нийтийн байранд байдаг Цогттөр гэдэг өвгөнийд аваачиж тавьсан. Очирболдын гэрт нь би орохдоо зуухыг нь харалгүй зууханд нь бүдрээд зуух нь газар унасан. Гэрийн үүдний амбаарын хаалгыг татах үед хаалганы мод цуурч эвдэрсэн. ...Би Цогттөрийг микронд явж байгаад танидаг болсон. Хамаатан, садан төрлийн холбоо байхгүй. Зурагт, зурагтын хүлээн авагчийг би ганцаараа хулгайлж авсан. ...Би зурагтын суурийг нь янзалж өгсөн. ...Хулгайлсан эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Хохирогч Ч.Очирболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 27-30 тоот хашаанд монгол гэрт амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 30-ны үдээс хойш 17 цаг өнгөрч байхад гэрээ цоожлон гарсан. Гэрээс гарахад манай манай хамар хашааны Энхбат манай хашаанаас хамт гарсан. Энхбат манай хашааг даваад ороод ирсэн байсан. Би 21 цаг өнгөрч байхад гэртээ буцаж иртэл гэрийн үүдний амбаарны цоож, хаалгыг нь эвдээд гэрт хулгай орсон байсан. Гэрт орж үзтэл гэрийн эд хогшил бусниулсан байсан. Манай гэрээс 32 инчийн шарп маркийн зурагт МNBC-ийн суваг хүлээн авагч төхөөрөмж алдагдсан байсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. …Манай зурагтын суурь урд хэсэг нь хугарч гэмтсэн, баруун доод булангийн арын хуванцар нь бага зэрэг хагарч гэмтсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. …Алдагдсан зурагт, төхөөрөмжөө хүлээн авсан, санал хүсэлт байхгүй, зурагтын хагарсан суурийг нь янзалсан байна. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-27 х/,

         

          Гэрч Ц.Цогттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Энхбатыг бага зэрэг танина. Кондуктор хийдэг болохоор нь зүс таних болсон, садан төрлийн харилцаа байхгүй. Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байх хорооны байрнаас тахилт явах замд байдаг “Боргил” дэлгүүрийн 2 давхарт байх нийтийн байрны 9 тоотод амьдарч байгаа. Би тухайн өдөр гэртээ архи уусан бага зэрэг халамцуу унтаж байхад орой Энхбат нэг хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрсэн миний амьдарч байгаа нийтийн байранд орж ирсэн. Барьж явсан зурагтаа танайд түр тавичихья гэхээр нь тэгээ тэг, наадхаа яах гэж байгаа юм гэхэд зарах гэж байгаа манай зурагт гэж хэлээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд зурагтыг нь хулгайн зурагт байна гээд хурааж аваад явсан. Маргааш нь би орон доороос гутлаа авч өмсөх гээд гутлаа авахад нэг жижиг хар зурагтын суваг хүлээн авагч гараад ирэхээр нь Энхбат авч ирсэн байна гэж бодоод буцааж орон доогуураа хийсэн. Хохирогч гэх залуу манай тэнд явж байхаар нь би суваг хүлээн авагчийг хохирогч гэх анх манай гэрт цагдаа нартай ирж байсан залууд танай юм уу гэхэд мөн гэхээр нь өгөөд явуулсан. …Энхбатыг хулгайн эд зүйл авч яваа гэдгийг би мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 х/,

 

          Гэрч М.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Энхбат бага насандаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад Сүхбаатар аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд 1-р ангид сурч байгаад 2000 онд Бага хангай дүүргийн сургуульд сурч байгаад 2002 онд Улаанбаатар хотод ирээд нийслэлийн 42 дугаар дунд сургуульд сурч сургуулиас гараад Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж суралцаж байгаад сургуулиасаа гараад 2008 онд хилийн цэргийн 151 дүгээр ангид хугацаат цэргийн албыг хааж цэргээс халагдаад Онцгой байдлын албанд 2009 онд гал сөнөөгчөөр ажилд орж гал унтраах 11 дүгээр ангид ажиллаж байгаад 2014 онд ажлаасаа гараад одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эхийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхэдгүй. Очирболдын гэрээс хулгай хийсэн талаар мэдсэн. Манай төрсөн дүү Очирболдын эгчтэй сууж, манай хүү төрсөн эгчийнх нь охинтой суусан. Худын талын хамаатнууд, яг ясан болон цусан төрлийн харилцаа байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 х/,         

         

          Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

          Э.Энхбат нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ айлын гэр лүү хаалгаар нь нэвтэрч үйлдсэн байх тул уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Хувийн байдлын талаар:

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 х/-аар Э.Энхбат урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

          Хохирлын талаар:

          Гэмт хэрэг үйлдэж олсон 32 инчийн шарп маркийн зурагт, МNВС маркийн зурагтын суваг хүлээн авагч төхөөрөмжийг хохирогч Р.Очирболд-д буцаан олгосон нь эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14,15 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

          Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 55.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

          Шүүгдэгч Э.Энхбат анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын шинж чанараар их биш, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нийт 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

         

            Шүүгдэгч Э.Энхбат нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт заасан түүний эрхийн асуудал бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн шаардлагад хамаарахгүй тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Тарви овогт Эрдэнэцогтын Энхбатыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Энхбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Энхбат-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Э.Энхбат-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нийт 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхбат-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Энхбат-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ