Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25ы өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  М.Б нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын ********** дугаар багийн ************гэх газраас гэртээ түлээ бэлтгэх зорилгоор 29.82 метр куб хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан  зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж экологи эдийн засагт 5.029.292 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20 тал/, Хөвсгөл аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/308 дугаартай албан бичиг /хх-ийн 22 тал/, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-38 тал/, Байгаль хамгаалагч Л.Баасанжаргалын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мод бэлтгэсэн гэх газарт шалгалт хийсэн тэмдэглэл, тооллогын хүснэгт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41 тал/, Прокурорын эд мөрийн баримт хураан авах тухай  зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 тал/, иргэний нэхэмжлэгч Л.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 50-51, 53, 249-250 тал/, гэрч П.Мөнхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, гэрч Н.Отгончимэгийн мэдүүлэг /хх-ийн 65-66, 68-69, 233-234 тал/, гэрч Ж.Мягмаржавын мэдүүлэг /хх-ийн 72-73, 76-77, 240 тал/, гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 79-81 тал/, гэрч Д.Баасанжавын мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/, гэрч Э.Ганзоригийн  мэдүүлэг /хх-ийн 88-89 тал/, гэрч Г.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 92-93 тал/,  гэрч Ж.Лхагважавын мэдүүлэг /хх-ийн 96-97, 241-242 тал/, гэрч Л.Бямбацогтын мэдүүлэг /хх-ийн 243 тал/, гэрч М.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/,  Ашид билгүүн ХХК­­­-ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-823/6534 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 205-208 тал/, Ашид билгүүн ХХК­­­-ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-823/6535 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан /хх-ийн 211-213 тал/, Ашид билгүүн ХХК­­­-ний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ- 923/6536 дугаартай шинжээчийн тайлан /хх-ийн 216-218 тал/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн  2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 131-132 тал/, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 тал/, Мөрдөгчийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол /хх-ийн 03-04 тал/, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн  2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 08-09 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын  газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  дүгнэлт /хх-ийн 18 тал/, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ, Хөвсгөл аймгийн ********* сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/548 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч М.Б-ны гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 5.029.292 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын  газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 15,087,876 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг хохирлыг М.Б нь  нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Б-аас 15.087.876 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь ******** тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүү хэргийн тухайд   29.82 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, “FT-250” загварын бага оврын трактор, жижиг оврын чиргүүл зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “FT-250” загварын бага оврын трактор, жижиг оврын чиргүүл зэрэг нь шүүгдэгч М.Б-ны  эзэмшлийнх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 823/6534  дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “FT-250” загварын бага оврын трактор, жижиг оврын чиргүүл болон гэмт хэрэг үйлдэж олсон 29.82 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж  шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-аас 15.087.876 /арван таван сая наян долоон мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь *********** тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “FT-250” загварын бага оврын трактор, жижиг оврын чиргүүл болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого 29.82 м3 шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

 8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН