Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

 Улсын яллагч Ц.Чингүүн,

Иргэний нэхэмжлэгч Л.Д,

Шинжээч Ц.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-д холбогдох эрүүгийн **********  дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.С нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн *********дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Т.С нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн ********дугаартай, “багш, математик мэдээлэл зүй” мэргэжилтэй, “Боловсролын бакалавр”-ын зэрэгтэй дипломыг уг сургуульд бүрэн суралцалгүй худалдан авч, улмаар **********дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл томилогдон ажилласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй.. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Дийн өгсөн“..би Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байна. Т.С багш 2014 онд ажилд орсон. Тухайн үед боловсрол соёл урлагийн газраас анхны жилдээ ажиллаж байгаа багш нарыг сонгон шалгаруулж энэ хүүхдүүдээс багш нарыг сонгож болно гэж захирлуудад санал болгодог байсан. Т.С тэр сонгон шалгаруулалтад орж манай сургуульд тэнцэж байсан. Энэ хугацаанд хуурамч дипломтой байсан ч гэж мэдээгүй. Хараад мэдэх боломжгүй санагдаж байна. Ажиллаж байхдаа сургуулийн гол үзүүлэлт болох элсэлтийн шалгалт, уралдаан тэмцээнд манай математикийн багийнхан аймагт тэргүүн байр, 1-5 дугаар байрыг эзэлж амжилт гаргаж ажилласан байдаг. Аймгийн олимпиадын аварга сурагч, математик физикийн чиглэлээр олон хүүхдийг бэлтгэж сайн инженерүүд төрсөн байдаг. Энэ багш маань 100,000,000 гаруй төгрөгийн шийтгэлтэй хэрэг хийсэн гэхэд хувийнхаа зүгээс болон иргэний нэхэмжлэгчийн тухайд хүүхдүүдийг бодож нэхэмжлэх мөнгөнөөс нь багасгах арга тал байна уу гэж хүсэж байна. Японд хүртэл инженер бэлтгэсэн байдаг. Иймд иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Мөнхтуяагийн өгсөн: “..Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Гал-Эрдэнийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын үндсэн дээр энэ шинжилгээг хийсэн. Мөрдөгчийн ирүүлсэн материал дотор диплом байгаагүй харин тогтоолд нь 2013 оноос 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэдэн төгрөгийн цалин урамшуулал авч, шимтгэл төлөгдсөн бэ гэсэн асуулт байсан. Ирсэн материалд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, сургуулийн нягтлан бодогчийн Т.Сын авсан цалингийн тодорхойлолтууд ирсэн. Энэ хүрээнд би шинжилгээгээ хийсэн. 2013 оноос шимтгэл төлөгдсөн байдаг боловч 2013 оноос Т.С багш түр ажиллаж байсан юм байна. 2014 онд дипломоо аваад жинхэлсэн байна гэдгийг өчигдөр хэргийн материалтай танилцахдаа мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас олж мэдлээ. Прокурорын зүгээс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс энэ хүний цалин шимтгэлийг тогтоох ёстой гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзсэн. Тэгэхлээр миний хийсэн шинжилгээний дүгнэлт дээр өөрчлөлт орж Т.Сын 2013, 2014 оны цалин, шимтгэл хасагдаж цалин 111,583,703.33 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 13,520,513.05 төгрөг нийт 125,104,216.38 төгрөг болон өөрчлөгдөж байна..” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

 Гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан юм...Манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Шалгалтаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гээд байгаа зөрчилтэй диплом гэж тогтоогдсоныг дараах байдлаар ойлгоно. 1. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс /мэргэжлийн нэршил/ буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. 2. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон өөр сургуулийн дипломын дугаар, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм.. Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 дугаартай баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудыг нэрс гаргасан явуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 тал/,

 Гэрч Я.Номинцэцэгийн өгсөн: “...Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг, /диплом, мэдээллийн сангийн бүртгэл /Esis программ/ бүртгэл. рdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд 1. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар гарын үсэг, тамга тэмдгийг сканердсан/ зөрчил нь 458 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. 2. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил нь 145 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн, 3. Их, дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. 4. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон, архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ илэрсэн 1 зөрчил. 5. Өмнөх шатны боловсролын зөрчилтэй 108 зөрчил илэрсэн нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан нь 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн дэб, мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/,

 Гэрч А.Танан-Эрдэний өгсөн: “...Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм... .Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 тал/,

Гэрч Б.Доржхуягийн өгсөн: “...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...Эхний ээлжид 2000-2022 оныг хүртэлх хугацаанд олгогдсон дипломыг бүгдийг нь хамруулж шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Гэхдээ энэ хугацаанд дипломын хуулбарыг боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсээс ирүүлэхэд 10.000 орчим багш одоогоор дипломын хуулбараа ирүүлээгүй бөгөөд үүнийг нөхөж авах ажиллагаа явагдаж байгаа. Хэрвээ дээрх 10.000 хүн нөхөж ирүүлээд түүнээс зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад шилжүүлнэ...Ерөнхийдөө он, цагийн хувьд диплом авсан багш нарын дунд харилцан адилгүй байгаа. Гэхдээ үүнийг бол одоо дараагийн шалгалтаар 2000 оноос өмнөх онуудад диплом авсан төгсөгчдийг шалгах үйл ажиллагааг хийнэ... Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 тал/,

Гэрч Л.Дийн өгсөн: “...Би 2004 оноос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж эхэлсэн. 2013 оноос одоог хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байна. Т.Сыг 2013 оны 08 дугаар сард манай сургуульд дагалдан багшаар ажилд авч байсан. Тухайн үед би сургуулийнхаа захирлаар ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сард математикийн үндсэн багшаар томилон ажиллуулж эхэлсэн. Ер нь аймгийн мэргэжлийн хяналтын газраас бол сургуулийн багш, удирдлагуудын дипломыг мэргэжлийн индекс зөрүүтэй эсэхийг шалгадаг. Диплом нь бол өөрт нь байгаа, тухайн үед ямар шалгуур үзүүлэлтээр багшийг ажилд авдаг байсан тэр шалгуураар л авсан. Т.С нөөцөд бүртгэгдсэн байсан болохоор л би багшаар авсан. Т.Сын дипломын зөрчлийн талаар би өмнө нь мэдэж байгаагүй. Цагдаагийн байгууллагаас над руу залгахад нь гадарласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/,

Гэрч Д.Цэдэвсүрэнгийн өгсөн: “...Тухайн албан бичгээр манай сургуусуралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн албан бичгээр манай сургуулийг суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт, төгсөлтийн бусад иргэд нь бол төгсөлт болон элсэлтийн тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна. Би үүнийг бас лавлаж үзсэн бөгөөд одоогийн байдлаар хайлт хийсэн байгаа. 196 хүн бол ямар нэгэн байдлаар шилжилт хийж ирээгүй хүмүүс байна...Бидний зүгээс бол элсэлт төгсөлтийн тушаалыг үндэслэж манай сургуулийг суралцаж төгссөн гэж яриад байгаа тэрнээс биш бол бусад баримтуудад бол шүүлт хийж үзээгүй байна, Харин шаардлагатай тохиолдолд манай сургуулийг төгсөлт хийсэн иргэдийн төлбөрийн мэдээлэл, төгсөлтийн шалгалтын материал, дүнгийн нэгтгэл зэргийг шүүж нэмэлтээр мэдээлэл хийж өгч болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 104 тал/,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Дийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай: “...Т” овогтой С**нь 2013 оны 08 дугаар сарын 28-наас туршилтын хугацаагаар 1 жил, 2014 оны 11 дүгээр сараас математикийн багшаар тасралтгүй 8 жил ажиллаж байгаа болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт / хх-ийн 113 тал/,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Дийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай “Нэр бүхий багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 121 тал/,

 Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Д.Цэдэвсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай МУБИС-д суралцаж төгсөөгүй иргэний мэдээлэл, хавсралтын хуулбар /хх-ийн 123-124 тал/,

 Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Дийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай “Багш Т.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 138 тал/,

 “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Т.С нь 2013-2023 онд төрөөс 122,139,728.33 (Нэг зуун хорин хоёр сая нэг зуун гучин есөн мянга долоон зуун хорин найман төгрөг 33 мөнгө) төгрөгийн цалин авсан байх ба байгууллагын зүгээс ажил олгогчийн хариуцах 14,681,675.74 (Арван дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг 74 мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Эдгээр цалин, мөнгөн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн нь 136,821,404.07 (Нэг зуун гучин зургаан сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг 07 мөнгө) төгрөг байна...” гэх дүгнэлт / хх-ийн 146-151 тал/,

Шүүгдэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2009-2013 онд Монгол Улсын их сургуульд математик мэдээлэл зүйн багшаар суралцаж байсан нь үнэн. Гэхдээ кредит буюу багц цагийн сургалтуудад хамрагдаагүй дутуу байсан учраас шалгалтад ороогүй, төгсөж чадаагүй. Тэгээд би нэг жилийн чөлөө аваад Арбулаг сумандаа ирж туршилтын журмаар түр дагалдан багш хийсэн. 2014 оны намар буцаж очоод үлдсэн кредитээ суралцаж төгсөх гээд явж байтал найз ******гэх залуутай тааралдсан. Тэгээд ********диплом гаргадаг хүн байдаг гэсэн гэхээр нь диплом гаргадаг хүн гэсэн утасны дугаар олж аваад өөрөө холбогдож тухайн хүнтэй уулзаад мөнгө төгрөгөө бэлнээр тэр танихгүй эмэгтэйд өгч учир байдлаа хэлээд дипломоо гаргуулж авч байсан. Тэгээд тухайн дипломоо ашиглан 2014 оны 12 сарын 26-ны өдрийн тушаалаар Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажилд орж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм... Би өөрөө сураагүй байж мөнгө төгрөг өгч диплом авч ашигласан нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Гэхдээ тухайн диплом гаргаж өгсөн эмэгтэйг миний өгсөн мөнгөөр кредитийг маань нөхөөд, сурсан сургуулиас маань албан ёсны диплом гаргуулж өгсөн гэж ойлгож явсан боловч буруу ойлгосон байна. Би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд зохих журмын дагуу эчнээгээр сурч албан ёсоор төгсөөд дипломоо авч цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа. Би ажиллаж байх хугацаандаа шавь нараа сургаж, бэлтгэн нилээдгүй амжилтыг үзүүлж байсан. Би Арбулаг сумын төвд эхнэр, 1-8 насны гурван хүүхдийнхээ хамт амьдардаг...Өөрийн гэм буруугаа хүлээж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 110 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *******дугаартай бакалаврын диплом 1 ширхэг зэргийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруу дээр маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол” гэж хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгох бөгөөд боловсролын диплом нь их, дээд буюу тусгай мэргэжлийн сургууль төгссөн ба холбогдох мэргэжил олгосон, түүнчлэн эрдмийн зэрэг хүртээсэн тухай албан ёсны баримт бичиг гэх ойлголтод хамаарахаар байна.

Шүүгдэгч Т.Сыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажилд орохдоо ашигласан Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийг “багш, математик, мэдээлэл зүй” мэргэжлээр 2014 онд төгссөн гэх, *******дугаартай бакалаврын диплом нь боловсролын салбарын мэдээллийн системд Монгол Улсын Их сургуульд олгогдоогүй дугаар байгаа нь тогтоогдсон тул уг боловсролын дипломыг хуурамч баримт бичиг гэж үзнэ.

Шүүгдэгч Т.С  нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших” үүргийг биелүүлээгүй, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, .. доошгүй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

 Шүүгдэгч Т.С нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн багш, математик мэдээлэл зүй” мэргэжлийн багц цагийг бүрэн хангаагүй, бакалаврын дипломыг гардан авах шаардлага хангаагүй, Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийг бүрэн суралцаж төгсөөгүй буюу бакалаврын боловсролыг бүрэн дүүрэн эзэмшээгүй байхад *******дугаартай бакалаврын диплом шүүгдэгч Т.Сод  олгогдсон байх боломжгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удаарширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Т.Сын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  туршилтын хугацаагаар ажил орж улмаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Дийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай тушаалаар тус сургуульд математикийн үндсэн багшаар томилогдон ажиллаж эхэлснийг гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн хугацаа гэж тооцох нь зүйтэй байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн “багш, математик мэдээлэл зүй” мэргэжлийн ********* дугаартай бакалаврын диплом 2014 оны 06 сарын 12-ны  өдөр олгогдсон байх бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр анх туршилтын хугацаагаар ажиллахдаа  “багш, математик мэдээлэл зүй” мэргэжлийн **********дугаартай бакалаврын дипломыг ашигласан байх боломжгүй гэж дүгнэв.

 Иймд шүүгдэгч Т.Сын  гэмт  хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тооцож, гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, таслан зогсоогдсон үе буюу ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг  хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.С нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийг бүрэн суралцаж төгсөөгүй буюу бакалаврын боловсрол эзэмшээгүй атлаа дээд боловсролтой мэтээр өөрийгөө ойлгуулж 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар томилогдон ажиллахдаа Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн ********дугаартай бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Л.Дийн мэдүүлэг, гэрч Ч.Энх-Амгалан, Я.Номинцэцэг, А.Танан-Эрдэнэ, Б.Доржхуяг, Л.Д, Д.Цэдэвсүрэн нарын мэдүүлэг, Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт, Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт, бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай тодорхойлолт,  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай “Нэр бүхий багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Д.Цэдэвсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай МУБИС-д суралцаж төгсөөгүй иргэний мэдээлэл, хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай “Багш Т.Сыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, шүүгдэгч Т.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Т.С нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн *******дугаартай, “багш, математик мэдээлэл зүй” мэргэжилтэй, “Боловсролын бакалавр”-ын зэрэгтэй дипломыг уг сургуульд бүрэн суралцалгүй худалдан авч, улмаар ********дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл томилогдон ажиллаж, Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Сын хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.С  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Сыг  Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.С нь хуурамч диплом ашиглаж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж нийт 125.104.216.32 төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд уг мөнгийг задалж авч үзвэл цалин 111,583,703.27  төгрөгийн цалинг гар дээр бэлэн авсан, 13,520,513.05  төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт /хх-ийн 147-163 тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Сын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд 2013 оны 08 дугаар сарын 08-наас туршилтын  хугацаагаар  ажилд орж 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр жинхлэн томилогдсонтой  холбогдуулан төрөөс авсан үндсэн цалин болон түүнтэй адилтгах орлогыг Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийн холбогдох хэсгээс хасч тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар  2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа авсан цалинг Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийн хавсралт 1, 2, 3, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын нягтлан бодогчийн гаргаж өгсөн цалингийн жагсаалт, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож үзвэл, /хх-ийн 147-163 тал/,  нийт  цалин 111,583,703.27  төгрөг, шимтгэлд 13,520,513.05  төгрөг нийт 125.104.216.32 төгрөгийн цалин бодогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан 125.104.216.32  төгрөгийг шүүгдэгч Т.Соос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Сыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Сын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “..Эрүүгийн хариуцлага болон бусад асуудлын тухайд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж энэ гэмт хэрэг нь гурван төрлийн санкцитай учраас торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялтай учир шүүгдэгчид 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусад асуудлын тухайд шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтыг устгуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “.... Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн энэ гэм буруугаа мэдүүлж байна. ********зэргийг харгалзан үзэж торгуулийн арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна. Торгуулийн арга хэмжээ нь 450 нэгжээс эхэлдэг гэж сая улсын яллагч дурдаж байна. Ийм учраас эдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэжээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгор ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Сод тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ********* дугаартай Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерийн сургуулийн хөх өнгийн боловсролын хуурамч дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******овогт Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С-оос 125.104.216.32   /нэг зуун хорин таван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун арван зургаан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

              6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Их сургуулийн математик компьютерийн сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн ********* дугаартай хөх өнгийн хавтастай дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН