Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

                 2024/ШЦТ/17

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: П.Э түүний  өмгөөлөгч: Э.М,

Шүүгдэгч: С.Г түүний өмгөөлөгч: Ж.Н, Б.Б, А.Т,

Шүүгдэгч: П.Э, С.Г,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пын Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Г нарт холбогдох 1912.......................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт ........... аймгийн .............. сумын ............ багийн ................ гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн 1 дүгээр шүүхийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Сум дундын шүүхийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 4 жил, 5 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Сум дундын шүүхийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Пын Э /РД:....................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............аймгийн .............. сумын .............багийн ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1996 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт Сийн Г /РД:......................../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Э нь Ж.Б, П.Л нартай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Х сумын А багийн Я гэх газраас иргэн Н.Бийн эзэмшлийн 9 тооны үхрийг хулгайлж түүнд 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Н.Н, Ц.Т нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О аймгийн Д багийн Со гэх газраас иргэн А.Бын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө С аймгийн О сумын "Х" гэх газраас иргэн Н.Аийн өмчийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Ц.Ттэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б аймгийн 1 дүгээр багийн Х гэх газраас Д.Оын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Н.Нтэй бүлэглэн 2019 оны 07 дугаар сард Б аймгийн О сумын З эх гэх газраас Г.Бийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын 2 дугаар багийн Х Д хоолой гэх газраас иргэн А.Аы 1 тооны үхрийг хулгайлж түүнд 725.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд С аймгийн Б сумын нутаг “А” гэх газраас иргэн Д.Оийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн, мөн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын нутгаас иргэн Д.Гийн 2 тооны адууг хулгайлж түүнд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд О аймгийн Ж сумын Д багийн “А" гэх газраас иргэн Г.Сгийн 1 тооны үхрийг хулгайлж түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 10-наас 20-нд шилжих шөнө Б аймгийн Б сумын  дүгээр багийн "Ө" гэх газраас С.Дгиин 1 тооны үхрийг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь Ц.Т, Ц.М нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Б аймгийн О сумын Х багийн нутаг Я даваа гэх газраас А.Аийн 1 тооны морийг хулгайлж түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь С.Г, П.Л нартай нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд А аймгийн Х сумын М багийн О гэх газраас иргэн Ц.Хгийн зуслангийн байшинд нууцаар нэвтэрч хууль бусаар 500 литр айраг, худгийн насос, жижиг, том ямааны сам, хатгамал зэрэг эд зүйлсийг хулгайлж түүнд 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э, С.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 27-ны хооронд А аймгийн Х сумын А багийн Х гэх газраас иргэн П.Мын эзэмшлийн 14 тооны сарлагийн үхрийг хулгайлж түүнд 8.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө О аймгийн Ж сумын У багийн нутаг нутгаас иргэн Б.Бын 11 тооны адууг хулгайлж түүнд 10.320.000 төгрөгийн,

иргэн М.Бгийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.000.000 төгрөгийн,

иргэн О.Нийн 1 тооны адууг хулгайлж түүнд 1.500.000 төгрөгийн,

2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр О аймгийн Ж сумын Ж багийн нутгаас иргэн Ш.Бын 2 тооны адууг хулгайлж түүнд 1.950.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч П.Э нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд .....  аймгийн Х сумын А багийн А гэх газраас Д.Лгийн 21 тооны адууг хулгайлж түүнд 8.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Э нь ганцаараа 2020 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр А аймгийн Ц сумын Х багийн С гэх газраас иргэн Ц.Мийн 42 тооны хонийг хулгайлж, түүнд 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: Этой холбогдсон 4 үйлдэлд гүтгүүлсэн, миний оролцоо байхгүй. Эхний үйлдэл Бын алаг гүү, халзан даагыг хулгай хийсэн гэж байгаа. Мөн чанартай 27-28-нд шилжих шөнө Үтай хамт хулгай хийсэн гэдэг. 27-ны өдөр намайг Бтой хамт очиход алаг гүү нь манай хашаанд огт байхгүй байсан. Миний уяж сойдог гээд байгаа даага нь П.Эын надад бэлэглэж өгсөн Архангай аймгаас авчирч манай хашаанд уяж сойж байсан. Урьд жил нь П.Эыг шоронгоос гарч ирэхэд эхнэр нь салаад өөр хүнтэй суугаад явсан. Тэгсэн би хүүхэдтэйгээ үлдсэн, хоёулаа байр хөлсөлж амьдарч байсан чинь үнэ хөлсийг нь дийлэхээ байчихлаа. Танай Улаан толГ байх хашаа байшинд чинь баймаар гэхээр нь би эхнэрээсээ асуугаад тэнд хүн байдаггүй юм чинь гэж бодоод байлгасан.  Урьд нь шоронд байхдаа гал хамууд байсан учраас тэр утгаараа хурдан удмын даага бэлэглэж байна гэж бодсон. Тэр даагыг Э уяж сойж уралдуулсан. Намайг уяж сойж уралдуулсан гэж яриад байдаг. Гэтэл би тухайн үед адууны талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Улаан толгойн наадамд хээр даагаа уралдуулчихаад Эрдэнэтийн даншиг болно гэж байна. Энэ наадмаар сайн давхиж айрагдуулчихаад чамд өгье гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэтийн даншиг наадмын тов гарсан байна 27-ны өдөр ирээд уяж сойсон даагыг уралдуулна гээд 27-ны өдөр Б гэх хүнд хүргэнийхээ машиныг өгч явуулаад тэр даагыг аваад ир гэсэн. Тэгээд манай хашаанд Эын Архангай аймгаас авчирсан даагатай хамт 3 даага байсан. Тэгэхэд миний авсан 2 даага Эын 1 даага байсан. Тэгээд энэ юун даага вэ гэж асуухад Одсүрэнгээс авлагадаа авсан даага байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед алаг гүү байхгүй байсан. Тэр шөнө Этой хамт яваад алаг гүүг хулгай хийсэн болж буруудсан. Мөн чанартай Ү Э нар хоорондоо үгсэн тохиролцсоны дагуу намайг хэрэгт холбогдуулсан. Дараагийн асуудал Х гэх айлын амбаараас айраг хулгайлсан гэдэг. Л бид хоёр 2018 оны 12 дугаар сард халзан даагыг Эоос мөнгийг нь өгч авсан. Дараа нь бэлэглэж өгсөн хээр даага нийт 2 даага Эын дүүгийнх нь адуунд байсан. Мөн хүмүүсээс авлагадаа 3 адуу авсан. Тэгсэн Э манай дүүд өгөөд маллуулчих гэхээр 12 дугаар сард өөрийн худалдаж авсан болон авлагадаа авсан адуунуудаа Хайрхан сум руу дүүгийнд авчирч тавьсан. Тэгээд буцахад манай дүү малчны зээлээ төлөх  гээд Эрдэнэтэд рүү айраг оруулж зарах гэж байгаа гэхээр нь очиж авсан. Тэгсэн С гэх айлаас очиж авсан айраг нь Хгийнхээс авсан хулгайн айраг болсон.  Анх ачихдаа ченжүүд хөлдөө айраг авахгүй байна. Танайд хэсгээж байгаад заръя гээд манай эхнэрээр дамжуулж заруулсан. Тэрийг тухайн үед хулгайн айраг гэж мэдээгүй. Дүүгийнх нь хурааж хуримтлуулсан айраг гэж бодсон. Тэгсэн энэ айргийн асуудалд Хгийн амбаараас очиж хулгай хийсэн болсон. Лтай Эрдэнэтээс адуугаа ачиж ирэхдээ айлын амбаар ухаж айраг байна гэсэн гэж холбогдуулж ярьсан. Сүүлдээ давж заалдах шатны шүүх хуралд Л яваагүй болоод 10 дугаар сард хулгай хийсэн болгож ярьсан. 14 тооны сарлагийн тухайд С.Б гэх хүн А, Э хулгайлсан гэж хэлдэг.  А нь Этой өмнө нь малын хулгайгаар орж байсан. Б гэх хүн нь хэлэхдээ энэ хоёр 14 тооны сарлагийн үхрийг Архангайгаас ачиж явахдаа машин тэрэг нь эвдрээд миний таньдаг хүн очиж машин тэргийг засаж өгсөн гэдэг. Гэтэл энэ асуудалдаа намайг оролцуулж хүнсний дэлгүүрт зарж борлуулсан гэдэг. Гэтэл 11 дүгээр сард махны дэлгүүрийн Б гэх ченжийн данснаас миний данс руу мөнгө орсон зүйл байдаггүй. Харин 10 дугаар сард Бы данснаас миний данс руу мөнгө орсон байдаг. Гэтэл 10 дугаар сард малын хулгай нь  болоогүй байдаг. Б гэх хүний 13 тооны адуу хулгайлсан үйлдэлд мөн намайг гүтгэсэн. Н гэх хүн мэдүүлэхдээ өндөр бор залуу Аксент машинтай ирсэн. Одоо бодоход тэр нь Г юм байна лээ гэж гүтгэсэн. Гэтэл тэр хүн машины задаргаанд олон жил ажилласан хүн Приус, Аксент маркийн машиныг ялгахаар хүн байгаа. Тэгэхээр тэр хүн Эын хэлснээр намайг гүтгэсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ бүхнийг үнэнээр нь хэлж явсан  гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912............................... дугаартай эрүүгийн хэргээс:

 

*Хохирогч Н.Бийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө малдаа явж байгаад дурандтал миний төрсөн ах Бын хашааны гадна шувуу бөөгнөрсөн байхаар нь очоод үзтэл манай 9 тооны үхрийг нядалж гэдэс дотрыг нь гаргаж толгой, шийрийг нь орхиод явсан байсан. Тухайн 9 тооны үхэр бүгд монголын тарган үхрүүд байсан ба 2 хязаалан, 1 соёолон, 1 шүдлэн эр үхэр, 5 сувай үнээ байсан. Өмнөх өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-нд бүртгэхэд бүрэн байсан юм. Миний хувьд одоо гомдол, санал байхгүй. Би хулгайд алдсан 9 үхрийнхээ хохирлыг миний 9 үхрийг хулгайлсан П.Э болон мал махыг нь худалдаж авсан ченж Д.Мээс гаргуулаад авчих юм бол өөр нэхэмжлээд байх зүйлгүй болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 хуу/

 

*Хохирогч Н.Бийн дахин мэдүүлсэн: ...Тухайн үед П.Э нь Орхон аймгийн 2 залуутай манай 9 тооны үхрийг хулгайлан Хөвсгөл аймгийн Их-Уул суманд аваачиж зарсан байсан ба миний хулгайд алдсан 9 тооны үхрийн хохирлыг төлж барагдуулсан учраас миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27 хуу/

 

*Хохирогч Н.Бийн дахин мэдүүлсэн: ...Яг хулгай хийхийг хараагүй. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Бэлчээрээс нь бөөгнүүлж, айлгүй байсан хаваржааны хашаан дээр орхисон байсан. Манай алдсан үхрүүд баруун талын чих нь хойноосоо ухам, зүүн талын чих нь гол цуулбар имтэй, им нь бүгд адилхан, зүс, нас нь улаан тарлан монголын нас нийлсэн үнээ, эвэртэй сувай, үнээг нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлнэ. Цул улаан монголын нас нийлсэн, сувай үнээ 4 толгой, бүгд эвэртэй, хүрэн судалтай хүрэн эрээн хязаалан насны монголын эр үхэр, босоо эвэртэй, хязаалан үхэр нэгийг нь 800.000 төгрөгөөр үнэлнэ, улаан монголын хязаалан эр үхэр, эвэртэй, улаан монголын соёолон эр үхэр, эвэртэй, энэ үхрийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна, улаан зүсмийн монголын шүдлэн эр үхэр зэрэг нийт 9 тооны үхэр алдсан. Шүдлэн эр үхрийг 700.000 төгрөгөөр үнэлж байна. Л эгч манай хаваржааны чиглэлд машин явж байхыг харсан байсан. Ер нь манай тэр хавийн хүмүүс бүгд мэдсэн. Яг хулгайлж байхыг харсан, үзсэн хүн байхгүй. Ойролцоогоор 2 км зайтай. Гэхдээ хэрэг гардаг үеэр нохой их хуцсан боловч өөр ямар нэгэн чимээ анир байгаагүй, мэдэгдсэн зүйл байхгүй. Манайх хамгийн ойрхон. Манайхаас өөр ойрхон айл Л эгчийнх байгаа юм. Л эгч мэдээгүй байсан. Гэхдээ машин явж байхыг харсан байсан. Яг ямар маркийн, ямар улсын дугаартай машин гэдгийг мэдээгүй байсан. Машины мөр, машинаар ухарч байгаад чулуу мөргөсөн мөр байсан. Машины аль хэсгээр мөргөсөн гэдгийг мэдэхгүй. Хэсгийн төлөөлөгч 2 хоногийн дараа очиж үзлэг хийсэн. Өөр нарийн тод мөр гэх зүйл ажиглагдаагүй. Би тухайн үед өмнө нь хулгайн хэрэгт орж байсан. Машинтай ирсэн яваад байсан болохоор нь Эыг сэжиглэсэн. Манай хаваржааг Бага цагаан толгой гэдэг. 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Өөрсдөө хулгайн хэрэг нь баригдаад ярьж байгаа нь 21 цагийн үед эхлээд 9 үхэр гаргаж ачихад 03 цаг гэж дууссан гэсэн. Үнэлгээчний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Санал, хүсэлт байхгүй. Ер нь бол гэрийн гадаа оруулж ирдэггүй. Устайгаа ойрхон хаваржааны байран дээр бөөгнүүлж хонуулдаг, харж манадаггүй. Миний 9 тооны үхрийн хохиролд 6.800.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй. Б ахынх манайхтай айл саахалт олон жил байгаа, нутгийн ах байгаа юм. Төрөл садны холбоо харилцаа байхгүй. Эхнэрийг нь Л гэдэг юм. Б ахын 21 тооны адуу 2018 оны 11 дүгээр сарын эхээр алга болоод сураг гарахгүй удсан. Хэн, хэрхэн хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй. Харсан үзсэн хүн байхгүй. Тухайн үед Б ах, Л эгч 2 гэртээ байхгүй байсан. Харин малыг нь Хөвсгөл аймгийн гаралтай малчин залуу хардаг байсан. Тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй, би сайн танихгүй, зараар авчирч малаа маллуулж байсан юм. Тэр залуугийн хаяг, овог, нэрийг огт мэдэхгүй. Зурвас халзан, хээр алаг азаргатай, 3 унагатай сувай голдуу гүүтэй адуу байсан. Зүсийг нь нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Бын адууг хэн хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь 6 тооны адууны толгойг нь газар булсан байсан сураг гарсан. Энэ талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан 5 гүүний толгой, алаг азарганы халзан толгой нь гарч ирсэн зураг байна лээ. Л эгч надад тэр талаар ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-31 хуу/

 

*Гэрч С.Нийн  мэдүүлсэн: ...Манайх 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Бага цагаан толгой гэх газраас бэлчээрээс 9 тооны үхэр алдсан. Уг үхрүүдийг манай нөхөр Бийн төрсөн ах Н.Бын эзэнгүй байсан хаваржааны дээр шулж, толгой болон гэдэс дотрыг нь гаргаж орхиод махыг нь авч явсан байсан. Манай хулгайд алдсан үхрүүд 9 тооны үхэр байсан. 1 ширхэг улаан монголын шар, судалтай нас нийлсэн монголын шар 1, хязаалан насны 1 хүрэн гуна, улаан зүсний монголын шүдлэн 1, халзан зүсний сувай үнээ 1, нас нийлсэн, улаан зүсмийн монголын сувай үнээ 4, нийт 9 тооны үхрээ хулгайд алдаж шулуулсан. Би 2 монголын нас нийлсэн шараа тус, тусад нь 1.700.000 төгрөгөөр, хүрэн хязаалан гунаа 1.300.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 800.000 төгрөгөөр, 5 сувай үнээгээ бүгд хээлтэй байсан учир нэг тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. П.Э гэх хүнийг 9 үхрээ алдсан гэх хэрэгт сэжиглэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 хуу/

 

*Гэрч Ц.Эийн  мэдүүлсэн: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн 9 тооны үхрээ Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Яргайт гэх газраас алдсаныг шулж толгой, гэдсийг нь орхиод хулгайлж явсан байсан. Манай алдсан 9 тооны үхэр 2 шар, 1 гуна, 1 шүдлэн үхэр, 5 сувай үхэр байсан. Бүгд тарга хүч сайн байсан. Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Пийн Эыг сэжиглэж байна. Манайх үхрээ алдах үеэр манай ойр хавиар явж байсан. Мөн өмнө нь манайхаас 7 тооны үхэр хулгайлж шүүхээр шийтгэгдэж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59 хуу/

 

*Гэрч Н.Оийн мэдүүлсэн: ...Н.Б дүү минь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 11 цагийн орчим манайд ирээд урьд шөнө манай үхрээс 6 сувай үнээ, 1 шүдлэн үхэр, 2 монголын шар, нийт 9 тооны монголын үхрийн толгой, гэдсийг нь орхиод арьс, махыг нь хулгайлж аваад явсан байна гэж байсан. Тэгээд сумын төв рүү явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Лгийн мэдүүлсэн: ...Манайх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн төв рүү ажлаар ороод 2 хоноод 04-ний өдөр гэртээ иртэл манай адууг харж байсан малчин залуу М танай адууг хайгаад олдоггүй гэж байсан. Тэгээд бид ойр хавиар эрж хайсан боловч олоогүй. Тэгээд суманд эзэнгүй 6 адууны толгой цагдаа дээр байна, хохирогчийг нь хайж байна гэхээр нь очоод үзтэл тухайн 6 адууны толгой бүгд манай адууны толгой мөн байсан. Бид тухайн адууг хулгайд алдсанаас хойш ойролцоох аймаг, сумдаар явж үзсэн боловч өөрийн алдсан 21 тооны адуунаасаа нэгийг ч олоогүй, сураг ч гараагүй байсан. Одоо ч 6 тооны адууны толгойноос бусад адуугаа олоогүй байна. Манай адуунууд ер нь нэг их хол бэлчээрлэдэггүй, өмнө нь ингэж алга болж байгаагүй, унаган адуунууд учраас хулгайд алдсан гэж бодож байсан. Хулгайд алдагдах үедээ манай адуу Асгат багийн нутаг Ар хануй гэх газарт л бэлчээрлэж байсан, тэр хавиасаа холдож байгаагүй, манайх өөр аймаг, сум руу отроор болон нүүж явж байгаагүй учир манай адуу байрнаасаа хэзээ ч хол явж байгаагүй. Манай адуунд авмал адуу байхгүй, бүгд унаган адуу байсан. Манайх нийт 21 тооны адуугаа хулгайд алдсан ба хулгайд алдсан 20 тооны адуунууд нь бүгд ижил онги тамгатай ба 1 тооны улаан хээр гүү нь 2 чих нь цуулбар, есийн тоо тамгатай бөгөөд уг тамганы доод хэсэгт гурван нүдэн чандмана тамгатай байсан. Зурвас халзан, 4 хөл шийр цагаан, бор хээр алаг азарга, онги тамгатай 700.000 төгрөгөөр, бор гүү имгүй, нас нийлсэн 500.000 төгрөгөөр, хээр алаг гүү, нас нийлсэн, имгүй 500.000 төгрөгөөр,  хул хээр гүү, имгүй, нас нийлсэн 500.000 төгрөгөөр, З тооны улаан хээр гүү, нас нийлсэн, имгүй, тус бүрийг 500.000 төгрөгөөр, халтар амтай, бор хээр гүү, нас нийлсэн, имгүй 500.000 төгрөгөөр, улаан хээр гүү, 2 чих нь цуулбар, есийн тоо тамгатай, уг тамганы доод хэсэгт гурван нүдэн чандмана тамгатай, нас нийлсэн 500.000 төгрөгөөр, охин халиун даага, бор хээр зүсмийн охин даага, охин, улаан хээр даага, эр, улаан хээр даага, бор хээр зүсмийн эр даага, сартай хээр, эр даага, халтар амтай, бор хээр зүсмийн эр даага, нийт 7 даага байсан бөгөөд даагаа тус бүрийг нь 250.000 төгрөгөөр үнэлнэ. Бор хээр зүсмийн шүдлэн байдас, 300.000 төгрөгөөр үнэлнэ. З тооны хээр зүсмийн унага, хээр алаг унага, охин унага, унагаа тус бүрийг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 21 тооны адуу сураггүй алга болсон. Би адуунуудаа бүгдийг хараад танина, зургийг нь харсан ч танина. Манай гүүнүүд саадаг, номхон гүүнүүд бөгөөд би өөрөө саадаг байсан учир толгойн төрх, байгаа байдал зэргээр нь шууд танина. Манай нөхөр Б, манай малчин М, Б болон манай тэр хавийн айлууд бүгд мэднэ. Харсан, үзсэн хүн байхгүй учир удаан хугацаанд хайгаад сураг гараагүй. Шөнийн цагаар хулгайлсан байх гэж бодож байгаа. Манай малчин Мын овгийг нь мэдэхгүй, манай нутгийн хүн биш, Төв аймгийн Аргалант сумын гаралтай гэж өөрөө ярьж байсан, тэрнээс биш яг аль нутгийн хүн болохыг мэдэхгүй, овог, нэрийг нь бүтнээр нь мэдэхгүй. Манай гэрийн гадаа манай өөрийн барьж өгсөн гэрт эхнэр Баясгалан гэдэг хүний хамт амьдарч байсан бөгөөд эхнэрийнх нь овог, нэрийг бүтнээр нь мэдэхгүй. Баясгалан адуу алга болох үеэр төрөх гээд Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явсан байсан. Харин М манай адуу алдагдах үеэр их хайсан боловч олоогүй, эргэж ирээд олж өгнө гээд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхнэрээ төрүүлэхээр явсан боловч одоог хүртэл ирээгүй байна. Мыг явсан цагаас нь хойш холбоо барьж чадаагүй, хаана яваа талаар нь мэдэхгүй байна. Холбоо барих утасны дугаар байхгүй. Сэжиглэж таамаглаж байгаа зүйл байхгүй байна. Ямар ч сэжигтэй зүйл, ул мөр байгаагүй, бэлчээрээс нь алдчихсан. Халзан азарга, хул хээр гүү, цуулбар чихтэй хээр гүү, бор гүү, хээр даага, бор хээр гүү гэсэн 6 тооны адууны толгойг олсон. Бусад адуу сураг байхгүй байна. Манайх 2018 оны эцэст нийт 600 толгой мал тоолуулсан. Үүнээс 43 тооны адуу тоолуулсан. Харин хулгайд алдсан 21 тооны адуу малын тооноос өмнө нь алга болсон учир малын “А” дансанд 2018 онд ороогүй. Хулгайд алдаагүй байсан бол 64 тооны адуу тоолуулах ёстой байсан. Надад гомдолтой байна. Алдсан адуунуудынхаа хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37 хуу

Бүрэн эхээр нь дараах холбоосоор орж үзнэ үү.   https://drive.google.com/file/d/1_twqWy8dr7v2B3SdAuFKmdOSeLDUjh3w/view