| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
2024/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Г.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Гын Пд холбогдох 2312001490278 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын .. дүгээр багийн .. гэх газарт оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 504 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Гын П /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.П нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын 01 дүгээр багийн Сансар хороололд байрлах “Бүжин” хүнсний дэлгүүрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.Цийг “түрийвчнээс мөнгө авлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн зовхины цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Цийн мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21:00-22:00 цагийн орчимд манай нөхөр П болон манай төрсөн ах Цоожил, Цахын эхнэр О, бид нар Хотонт сумын төвд байрлах манай гэрт бүгдээрээ 2.5 литрийн багтаамжтай 2 ширхэг пиво хувааж уугаад дараа нь дэлгүүр орохоор болоод бүгдээрээ хамт хамт манай гэрээс гараад Хотонт сумын Сансар хорооллын захад байрладаг “Бүжин” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа очоод машиндаа сууцгааж байтал манай нөхөр П чи яах гэж мөнгө өгч байгаа юм гэж хэлээд над руу дайрч өөр зүйл ярьж хэлэлгүйгээр намайг баруун гараараа шууд цохисон. П гараараа миний зүүн талын нүдний хэсэгт 1 удаа цохихоор нь би түүнээс айгаад машинаас гарч зугтаад хашааны буланд ирээд зогсож байтал П миний хойноос ирээд 1 гараараа үснээс зулгааж, намайг үсдсэн бөгөөд ингэж үсдэхэд нь миний үснээс бага зэрэг үс унасан. Манай бэр эгч О тухайн үйл явдлыг хараад цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Удалгүй цагдаа ирээд манай нөхрийг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,
хохирогч Б.Цийн дахин мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орой бид хоёр дэлгүүр орох үед манай ах Цхалааснаасаа гаргаж өлгөө гэж буруугаар ойлгоод бид хоёр маргалдсанаас болж манай нөхөр П миний нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд миний нүд хөхөрсөн. Миний зүүн талын нүд хөндүүршиж өвдөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/,
гэрч Б.Огийн мэдүүлсэн “...Би дэлгүүр орж Пын гэрт суудаг хүүхдүүддээ ойр зуурын хүнс, бараа авах зорилгоор П, Ц нарын хамт оройн 21:30 цагт Хотонт сумын төвд байдаг “Бүжин” гэх нэртэй дэлгүүрийн гадаа зогсоод машин дотор байж байтал Ц Пын хэтэвчнээс 10.000 төгрөг авсан юм. Гэтэл П хэтэвчээ булааж аваад уурлаад шууд Цийн нүүрэнд гараараа цохисон. Ц Пд цохиулаад шууд машинаас гараад гүйсэн, араас нь П тэр хоёр хэрэлдээд Ц орилж чарлаад байсан. Ийм үйл явдал болсон учраас би цагдаа дуудаад өөрийн нөхөр Цоожилыг бас дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
шинжээч Б.Бийн мэдүүлсэн “2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Цд үзлэг хийхэд зүүн зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал болон эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош сарниулж байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
яллагдагч Г.Пын “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Цийн биед зүүн зовхины цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...гэх дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Пыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Пын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Г.П нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Пд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Пд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Гын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР