Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Б.Батхишиг,

            шүүгдэгч Х.Өнөболд, түүний өмгөөлөгч И.Чимидбадам /ҮД:0-464/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Харчу овогт Халтарын Өнөболд-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000053 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын 30-527г тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Харчу овогт Халтарын Өнөболд /РД:СЛ89042315/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Өнөболд нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг 16 дугаар гудамжинд Honda CR-V маркийн 91-05 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс О.Лхамсүрэнгийн Тоёота Приус 78-04 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг автомашинд  1,826,000 төгрөгийн шууд, 2,310,500 төгрөгийн нийт хохирол учруулсан зам тээврийн осол гарган улмаар мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг  зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Х.Өнөболд нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг 16 дугаар гудамжинд “Honda CR-V” маркийн 91-05 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж иргэн О.Лхамсүрэнгийн “Тоёота Приус 11” 78-04 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь:

 

Шүүгдэгч Х.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Толгойтын хуучин эцэсээс зүүн тийш, гэр хороололд хүн буулгачихаад буцаж явж байгаад замын хажууд зогсож байсан автомашиныг санаандгүй араас нь мөргөсөн. Би осол гаргах үедээ хурдтай явж байхад замын хажуу талд улаан өнгийн Т.Приус машин шахаад тавьчихсан байсан, мөн тэр үед өөдөөс машин ороод ирэхээр нь тэр машинаас жаахан зайлуулж баруун гар тийшээ дарж байгаад хэтрүүлж дараад зогсож байсан улаан өнгийн Т.Приус машины араас мөргөсөн. Тэгээд сандарч айсандаа тэр чигтээ хэргийн газраас зугтаад явсан, хэд хоногийн дараа надад Honda CR-V маркийн 91-05 УНП дугаартай автомашиныг зарсан Амартүвшин гэдэг хүн залгаад “машин чинь хаана байгаа вэ, замын цагдаагийн төлөөлөгч асуугаад байна” гэхээр нь эрүүгийн төлөөлөгч нямдорж гэж хүнтэй холбоо барьж замын цагдаа дээр ирсэн. Би хэдэн км цагийн хурдтай явсанаа мэдэхгүй байна, ойроцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөн сийрэг, зам тэгш, шулуун, үзэгдэх орчин муу байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч А.Тогос-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Honda CR-V маркийн 91-05 УНП автомашиныг манай нөхөр 2017 оны 12 сарын дундуур бусдаас худалдаж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө намайг ажилдаа явах гэж байхад манай нөхөр машинаа мөргөлдүүлчихсэн гэж хэлсэн. Ослын талаар дэлгэрэнгүй мэдэхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр таксинд яваад 22 цагийн үед гэртээ ирсэн, ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байна, дундаасаа 2 нас 4 сартай Ө.Аялгуу гэдэг охинтой, манай нөхөр барилга дээр туслах ажил хийдэг. Өнөболд зан төлөвийн хувьд даруухан, муу зан чанаргүй, гэр бүлдээ халамжтай, урьд хэрэгт холбогдож байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

Гэрч О.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 26-р хороо 16-р гудамж буюу манай гэрийн дээд талын гудамжинд Тоёота Приус 11 маркийн 78-04 УБЛ дугаартай автомашиныг тавиад, найз Даваагийн гэр рүү ороод сууж байтал удаагүй хүчтэй мөргөх чимээ сонсогдсон. Ганцаараа гараад иртэл хашааны гадаа байсан миний унаж ирсэн Тоёота Приус 11 маркийн 78-04 УБЛ дугаартай автомашины ар талаас машин мөргөөд зугтаасан байсан. Би явган гудамжаар мөргөсөн автомашины араас явж байгаад үл таних хүнтэй гудамжинд тааралдаад “үүгээр мөргөлдсөн байдалтай машин өнгөрсөн үү” гэхэд улаан өнгийн 91-65 дугаартай Раун юм уу HRV маркийн загвартай машин дугуй нь хагарсан байдалтай доошоо уруудаад явж байсан гэхээр нь такси зогсоогоод араас нь жаахан яваад олоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Шинжээчийн ¹625 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн Honda CR-V маркийн 91-05 УНП улсын дугаартай автомашины урд бамбайн баруун тал 55х42 см, баруун урд гэрэл хагарсан, капотны баруун урд ирмэг 30х7 см, баруун урд далбаа 73х61 см, баруун урд далбаан хүрээ /хөмсөг/ хугарч унасан гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтлүүд байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хар хуванцар Honda CR-V маркийн 91-05 УНП улсын дугаартай автомашины баруун урд далбаан хүрээ /хөмсөг/-ны хугархай байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Галбадрах /хх-ийн 51 х/

 

Техникийн шинжээчийн №57 тоот дүгнэлт 

1.CR-V маркийн 91-05 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Х.Өнөболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.  

2.Тoyota Prius маркийн 78-04 УБЛ дугаартай автомашины жолоодон явсан жолооч О.Лхамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг /хх-ийн 57 х/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Х.Өнөболд нь жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар, Үүнд:

 

Шүүгдэгч Х.Өнөболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Толгойтын хуучин эцэсээс зүүн тийш, гэр хороололд хүн буулгачихаад буцаж явж байгаад замын хажууд зогсож байсан автомашиныг санаандгүй араас нь мөргөсөн. Би осол гаргах үедээ хурдтай явж байхад замын хажуу талд улаан өнгийн Т.Приус машин шахаад тавьчихсан байсан, мөн тэр үед өөдөөс машин ороод ирэхээр нь тэр машинаас жаахан зайлуулж баруун гар тийшээ дарж байгаад хэтрүүлж дараад зогсож байсан улаан өнгийн Т.Приус машины араас мөргөсөн. Тэгээд сандарч айсандаа тэр чигтээ хэргийн газраас зугтаад явсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 х/

 

Гэрч О.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг 26-р хороо 16-р гудамж буюу манай гэрийн дээд талын гудамжинд Тоёота Приус 11 маркийн 78-04 УБЛ дугаартай автомашиныг тавиад, найз Даваагийн гэр рүү ороод сууж байтал удаагүй хүчтэй мөргөх чимээ сонсогдсон. Ганцаараа гараад иртэл хашааны гадаа байсан миний унаж ирсэн Тоёота Приус 11 маркийн 78-04 УБЛ дугаартай автомашины ар талаас машин мөргөөд зугтаасан байсан. Би явган гудамжаар мөргөсөн автомашины араас явж байгаад үл таних хүнтэй гудамжинд тааралдаад “үүгээр мөргөлдсөн байдалтай машин өнгөрсөн үү” гэхэд улаан өнгийн 91-65 дугаартай Раум юм уу HRV маркийн загвартай машин дугуй нь хагарсан байдалтай доошоо уруудаад явж байсан гэхээр нь такси зогсоогоод араас нь жаахан яваад олоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 х/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-19 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба сэдэлтийн хувьд шүүгдэгч “... айсандаа зугтаасан ...” гэж мэдүүлсэн хэдий ч энэ байдал нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, обьектив тал нь хэргийн газрыг орхин зугтаасан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд энэ байдал нь шүүгдэгч Х.Өнөболдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Лхамсүрэнгийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Х.Өнөболдыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирлын талаар:

Бэлэн мөнгө  хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 х/

Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 38 х/,

Иргэний нэхэмжлэгч О.Ганзориг-н гаргасан хүсэлт: “…Өнөболд нь 2,500,000 төгрөг болон 1 бярууны мах өгсөн тул энэ хүнд гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. …” /хх-ийн 96 х/ зэрэг баримтуудаас үзэхэд Иргэний нэхэмжлэгч О.Ганзориг-н автомашинд учирсан эвдрэл гэмтэл 2,310,500 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шүүгдэгч нийт 2,500,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан, жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй болох нь тус тус тогтоогдсон.

 

Хувийн байдлын талаар:

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 х/-аар Х.Өнөболд гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Бичиг баримт хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 99 х/-ээр Х.Өнөболдын 724581 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авсан байна.

 

Х.Өнөболд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараар төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Х.Өнөболд нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, өөрийн сайн дураар хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Х.Өнөболд-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “CD” 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хуванцарыг устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тогтоолд дурьдаж, Х.Өнөболдын 724581 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Харчу овогт Халтарын Өнөболдыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Х.Өнөболдыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Өнөболд-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

 

4.Х.Өнөболд-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид 2,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн хуванцарыг устгаж, 724581 дугаартай жолооны үнэмлэхийг Х.Өнөболд-д буцаан олгосугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Өнөболд-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнийн засрал, хүмүүжилд тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Өнөболд-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ