Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0702

 

О.Ц, Т.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0012 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.Ц, Т.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн төлөөлөгч Л., хариуцагчийн өмгөөлөгч Г.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 109/2026/0008/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0012 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаас “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05, 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож”,

Хоёр дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрийг тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус үндэслэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.  

3.1. “...  нэхэмжлэгч нарын маргаж буй гол асуудал нь зөвхөн хуралдааны танхимд биечлэн нэвтрэх боломж байсан эсэх асуудал биш. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хуралдаанд оролцох, хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, асуулт асуух, санал гаргах, санал хураалтад оролцох зэрэг хуулиар олгогдсон эрхийг бодитой, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж олгогдсон эсэх асуудал байсан. Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Эрдэнэбулган сумын 5 дугаар багаас сонгогдсон.

Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчийн хувьд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн”.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар тухайн хуралдаанаар эрх, үүргээ хэрэгжүүлж болох байсан учраас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нар нь энгийн иргэний хувиар бус, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг төлөөлөх албан тушаалтан бөгөөд төлөөлөгчийн эрх, үүрэг зөрчигдсөн гэж үзээд шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Б болон О.Ц нарын хувьд хуралдаанд оролцох нөхцөл, боломж болон хуралдааны тов, цагийн талаарх мэдэгдэл, хуралдааны бэлтгэл ажиллагаа, хуралдааны үеэр төлөөлөгчийн эрхээ бүрэн хэрэгжүүлэх бодит боломжийг бүхэлд нь эргэлзээгүй талаас нь үнэлээгүй атлаа зөвхөн хуралдаанд оролцохыг шууд хориглосон баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад бүрэн нийцэхгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт зааснаар “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана” гэж зааснаар хуралдааныг хуульд заасан хугацаанд, зохих журмын дагуу дахин товлон зарлаагүй нөхцөл байдлаас болж, нэхэмжлэгч О.Ц нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан хурлын товийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 23 минутад мессежээр авах үед хүндэтгэх шалтгаанаар Улаанбаатар хотод байсан бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт заасныг зөрчиж, төлөөлөгчийн хуралдаанд оролцох, асуудал хэлэлцэх, санал өгөх, иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан.

Өөрөөр хэлбэл, тус сумын Иргэдийн төлөөлөгчийн эрхийг зөрчсөн эсэхийг зөвхөн “хуралдааны танхимд орохыг хориглосон эсэх”-ээр хязгаарлан дүгнэхгүй бөгөөд тухайн төлөөлөгч хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэн бодитойгоор оролцох нөхцөл байдал бүрдсэн эсэх, түүний оролцоо хуралдааны шийдвэр гаргах ажиллагаанд хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлэх шаардлагатай байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлан дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч нарын маргаж буй Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу зарласан эсэх, хуралдааны бэлтгэл хангагдсан эсэх, хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу тодорхойлсон эсэх, төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдсэн эсэх, хуралдааныг хуульд нийцүүлэн зохион байгуулсан эсэх зэрэг асуудлыг тус тусад нь авч үзсэн боловч эдгээр үйл ажиллагааг хооронд нь уялдуулан, нэг бүхэл ажиллагаа болох талаас нь үнэлээгүй байна.

Тодруулбал, Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.М нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах, бэлтгэл хангах, төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагыг зөрчсөн нөхцөл байдалтай байхад уг журмын зөрчил нь тухайн хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн хууль ёсны байдалд хэрхэн нөлөөлсөн талаар анхан шатны шүүх бүрэн дүгнээгүй байна.

Учир нь маргаан бүхий 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоол, шийдвэрүүд нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэг хуралдаанаар хэлэлцэн батлагдсан бөгөөд уг тогтоолуудыг батлах ажиллагаа нь хуралдааны тов, мэдэгдэл, бэлтгэл ажиллагаа, төлөөлөгчдийн оролцоо, хэлэлцүүлэг, санал хураалт зэрэг өмнөх ажиллагаанаас салангид авч үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан хуралдааныг зохион байгуулах ажиллагаа болон тухайн хуралдаанаар гарсан тогтоолуудын эрх зүйн шинжийг тус тусад нь авч үзэж, улмаар маргаан бүхий тогтоолуудын хууль ёсны байдлыг хэт явцуу хүрээнд дүгнэсэн байна.

Тухайлбал, шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.16 дахь хэсэгт "Маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 07, 08, 09 дүгээр тогтоолоор баталсан асуудлууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.1.8, 35.1.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарч байх бөгөөд уг тогтоол, шийдвэр нь гуравдагч этгээд болох иргэн, байгууллагад хандаагүй буюу гадагш чиглээгүй, зохицуулалт агуулаагүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй, захирамжилсан шинжгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон захиргааны акт биш" гэж дүгнээд уг тогтоолуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

Гэвч уг дүгнэлтийн хувьд маргаан бүхий тогтоолуудын нэр, хэлбэрт бус, харин тэдгээрийн агуулга, зохицуулж буй харилцаа, үүсгэж буй эрх зүйн үр дагавар болон нийтийн эрх ашигт үзүүлж буй нөлөөлөлд үндэслэн эрх зүйн шинжийг нь тодорхойлох шаардлагад нийцэхгүй байна. Учир нь дээрх тогтоолууд нь зөвхөн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн бус, тухайн сумын нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн хөрөнгө, төсөв, орон нутгийн хөгжлийн бодлого, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан шинжтэй байна.

Тухайлбал, 04 дүгээр тогтоолоор сумын 2026 оны төсвийг баталсан, 07 дугаар тогтоолоор сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж дүгнэсэн, 08 дугаар тогтоолоор сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн, 09 дүгээр тогтоолоор сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталсан зэрэг нь зөвхөн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудал бус, тухайн сумын хэмжээнд нийтийн ашиг сонирхол, төсөв, хөгжлийн бодлого, төрийн удирдлагын үйл ажиллагаанд шууд хамаарах асуудлууд юм.  Иймд эдгээр тогтоолыг зөвхөн гуравдагч этгээдэд хандаагүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй гэх үндэслэлээр захиргааны актын шинжгүй гэж дүгнэсэн нь маргаан бүхий тогтоолуудын бодит агуулга, зохицуулалтын шинж, эрх зүйн үр дагаврыг бүрэн үнэлээгүй дүгнэлт болсон байна.

Түүнчлэн анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 5.4-5.7 дахь хэсэгт 05, 06 дугаар тогтоолыг захиргааны актын шинжтэй болохыг авч үзсэн атлаа уг тогтоолуудыг гаргахын өмнөх хуралдаан зарлах, төлөөлөгчдөд мэдэгдэх, хуралдааны бэлтгэл хангах, хэлэлцэх асуудлыг урьдчилан хүргүүлэх, төлөөлөгчдийн хуралдаанд оролцох болон санал өгөх эрхийг хангах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг дээрх тогтоолуудын хууль ёсны байдалтай уялдуулан бүрэн дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны актын эрх зүйн шинжийг тогтоох асуудал болон тухайн актыг гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх асуудал нь харилцан ялгаатай боловч хоорондоо салшгүй холбоотой байхад анхан шатны шүүх эдгээрийг бүрэн уялдуулан үнэлээгүй байна. Маргаан бүхий тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд гарсан эсэх, тухайн тогтоолыг батлах үед хуульд заасан процедурын шаардлага хангагдсан эсэх, улмаар уг тогтоолууд нь иргэдийн болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрх зүйн үр дагавар бий болгосон эсэхийг тус бүрээр нь бодит агуулгаар нь тогтоох шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр 04, 07, 08, 09 дүгээр тогтоолыг захиргааны акт биш гэж, 05, 06 дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй гэж тус тус дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг бүрэн тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг хэт явцуу хүрээнд тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Архангай аймаг дахь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талыг баримтлан хуулийн буруу тайлбарлаж гаргасан шийдвэр байх тул Архангай аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0012 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Ц, Т.Б нараас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс “... иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн эрхийг хэрэгжүүлэх, хуралдаанд оролцох, хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлэх, асуулт асуух, санал гаргах, санал хураалтад оролцох зэрэг хуулиар олгогдсон эрхийг бодитой, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан” гэж маргаж байна.

4. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны 10 цаг 00 минутад товлон зарлаж”, улмаар ирц хүрээгүй үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/27 дугаар захирамжаар хуралдааныг 12 дугаар сарын 19-ний өдөр зарлаж, түүний хавсралтаар хэлэлцэх 9 асуудлын дарааллыг тогтоосон, үүний дараа мөн үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/29 дүгээр захирамжаар хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товложээ. 

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлд “... хуралдаанд 29 төлөөлөгчөөс ирсэн - 14, чөлөөтэй - 1, 50,4% ирцтэй хурал эхлэв. 12 цаг 37 минутад төлөөлөгч ... Т.Б ... гэсэн 7 төлөөлөгч орж ирснээр нийт – 21 төлөөлөгч, чөлөөтэй – 1, хурлын ирц 80,7% болж хурал үргэлжилж байна... 15 цаг 17 минутад ... Т.Б ... нар хурлыг орхиж гарав” гэж, мөн нэхэмжлэгч О.Ц тухайн үед “... хурлын товыг 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 23 минутад мессежээр мэдэгдсэн, хүндэтгэн үзэх шалтгаатай Улаанбаатар хотод байсан” гэж тайлбарлаж байна.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, 39.1.3-т “Хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах”, 46 дугаар зүйлийн 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно”, 46.9-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хурлын Төлөөлөгч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүйд хүрвэл Хурлын дарга, нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр ирүүлж болох бөгөөд саналыг хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонх нь дэмжсэн тохиолдолд дэмжигдсэн саналд тооцно. Харин хуралдааны ирцийг тооцоход тухайн төлөөлөгчийг оруулж тооцохгүй”, 4.4-т “Хурлын төлөөлөгч, нам эвслийн бүлэг Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцэхийг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заажээ.   

7. Тодруулбал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралд оролцох, асуулт асууж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах эрхтэй, нөгөө талаар хуралдааныг орхиж гарахыг хориглох, хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаанд оролцох үүрэгтэй бөгөөд хүндэтгэх үзэх шалтгаантай тохиолдолд урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээсэн байна.

8. Гэтэл нэхэмжлэгч Т.Б хуралдаан эхэлсний дараа ирсэн боловч дундаас нь орхин гарсан, нэхэмжлэгч О.Ц хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлах боловч үндэслэлээ баталсан баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч нарын хуралд оролцох, санал өгөх зэрэг хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

9. Нэхэмжлэгчээс “... хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу зарласан эсэх, хуралдааны бэлтгэл хандагдсан эсэх, хэлэлцэх асуудлыг зохих журмын дагуу тодорхойлсон эсэх, төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдсэн эсэх, хуралдааныг хуульд нийцүүлэн зохион байгуулсан эсэх асуудлыг нэг бүхэл ажиллагаа болох талаас нь үнэлээгүй” гэж тайлбарлан маргаж байна.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхын саналаар батална” гэж хуульчилсан.

11. Хянавал хэсгийн 4-т дурдсанаар анх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хурлын даргын захирамжаар 12 дугаар сарын 15-ны өдөр зарласан, үүний дараа ирц хүрээгүй шалтгаанаар 2 удаа зарлаж, 12 сарын 25-ны өдөр хуралдаан болсон, нэхэмжлэгч нар хуралдаанд хуульд заасан үүргээ биелүүлж оролцоогүй бөгөөд нэгэнт хуралдаанаас гарсан шийдвэрүүд төлөөлөгчдийн олонхын саналаар батлагдсан энэ тохиолдолд маргаан бүхий тогтоолуудыг хууль бус гэж үзэхгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

12. Түүнчлэн, дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.5-т “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”, 35.1.6-т “Тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”, 35.1.8-д “Нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 35.1.9-т “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах”, 35.1.10-т “Хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох” гэж тус тус заасан.

13. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 05 болон 06 дугаар тогтоолд  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар 04, 07, 08, 09 дүгээр тогтоолд холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилсан төлсөн 72000 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН