Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/48

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: С.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Сийн Ад холбогдох 2312000000337 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Х багийн .. гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 260 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, З овогт Сийн А /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутгаас О.Нн эзэмшлийн 61 тооны бог мал буюу олон тооны мал хулгайд алдагдаж, хохирогч О.Нд 5.700.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутгаас О.Нн эзэмшлийн 61 тооны бог мал буюу олон тооны малыг Э.Гийн хашаанд хашиж хулгайлан хохирогч О.Нд 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч О.Нн мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багт гэртээ байж байгаад 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Буурал цохио гэх газарт байдаг гэртээ ирээд хониндоо яваад хонио тоолоод үзтэл 65 тооны хонь дутаж байсан. Би тэр хавиараа хонинуудаа ирээд олоогүй. Нутгийн малчин С.А нь 10 дугаар сарын 14-ний өдөр Цэцэрлэг сумын Хонгорж багийн Цайдам гэх газар руу хонио нуурлах гээд явсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А хонио туугаад Буурал цохио гэх газарт гэртээ ирсэн. Би С.Ад манай хонинууд танай хоньтой нийлсэн байна уу, манай хонинууд дутаад байна гэж асуухад 10 хурга Шар хаднаас нийлсэн гэж хэлсэн. Өмнө нь намайг Шар хад гэх газраар хонио хайгаад явж байхад манай хурганууд байхгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хонио хайгаад явж байхад Хөшиг гэх газарт Г гэх айлын хашаанд хонинууд байхаар нь очоод үзтэл буруу талдаа ганзага, зөв талын чихэнд хойноосоо хөндлөн имтэй, сэрвээн дээрээ цэнхэр өнгийн оохортой манай хонинууд мөн байсан. Э.Гоос энэ ямар учиртай хонь танай хашаанд байгаа юм гэж асуухад С.А ах хонио нуурлуулаад ирэхдээ хүнээс авсан хонь гээд хашаад явсан, хэд хоногийн өмнө А ах хонинуудаа услаад явсан, хонинуудаа ачуулах гээд машин олдохгүй байгаа гэж манай эхнэр Т хэлсэн байсан. Манай эхнэр Т гэр рүүгээ хонинуудаа туугаад явсан. Нас гүйцсэн 40 эм хонь, 10 эр төлөг, 5 эм төлөг, 1 эр ямаа, 5 эм ямаа зэргийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,

 

хохирогч О.Нн дахин мэдүүлсэн “...Манайхаас 25-30 км зайтай бөгөөд манай хонь тууж л аваачихгүй бол тийшээ очих үндэслэл байхгүй. Тэгээд бог мал нь өөрөө богино хөлийн мал учраас тэгж хол явахгүй. С.А надад хэлэхдээ манай хүү Ад хонь хашсан талаар хэлсэн гэдэг боловч угтаа манай хүүд огт юм хэлээгүй гэж манай хүү А хэлж байсан. Би Аыг дотроо хардаж байсан бөгөөд учир нь нуурлах гэж явсан болохоор явсан замаар нь голдуу хонио 8 хоногийн турш хайсан бөгөөд хамгийн сүүлд Хөшгийн бор гэх газарт байх Гийн хашааны урдуур мотоцикльтой явж байтал хашаан дотор нь хонь харагдахаар нь яваад очиход манай хонь мөн байсан. Тэгэхэд 55 тооны хонь, 7 ширхэг ямаа байсны нэг ямаа нь Аын зассан асман улаан ямаа байсан. Үүний дараа манай эхнэр Гийн гэрт очоод ямар учиртай хонь хашсан талаар асуухад А ах хүнээс авсан хонио хашсан талаар хэлсэн байсан. Мөн ачуулах гээд унаа олдохгүй байна гэж хэлсэн байсан. Мөн хашсан байж байгаад гаргаж услаад эргүүлж хашсан гэж манай эхнэр Тт хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

 

хохирогч О.Нгийн дахин мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдсан хонинуудаа хайгаад явж байтал Э.Гийн хонины хуучин хашаанд миний хулгайд алдсан хонинууд байсан. Би эхнэрийн хамт бүртгээд үзтэл 55 тооны хонинууд хашаатай байсан. 10 тооны хурга дутаж байсан. Манай эхнэр Т гэр рүүгээ хонинуудаа туугаад явсан. Хэд хоногийн дараа С.Аын хонинууд дундаас нь өөрийн алдсан 10 тооны хургануудаа олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 109/,

 

гэрч Э.Гийн мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хөшиг гэх газарт гэртээ байж байхад Нн эхнэр манай гэрт ирээд манай хулгайд алдсан хонинууд танай хашаанд байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би А ах ирээд хашсан, хүнээс авсан хонинууд гэсэн, ачуулах гээд унаа олдохгүй байгаа гэж хадам аав Т надад хэлсэн. ...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед А ахаас юун хонь хашсан юм, Нн эхнэр ирээд аваад явлаа гэж би хэлсэн чинь чамд хамаагүй, би наад хонинуудыг чинь хүнээс авсан юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

гэрч Э.Гийн дахин мэдүүлсэн “...Хадам аав Ттай таараад манай хашаанд хонинууд хашсан байна, та хэний хонь болох талаар мэдэх үү гэж асуухад манай дүү С.Аын хонинууд байгаа юм, С.А танай хонины хашаанд байгаа хонинуудаа ачуулах гээд унаа олдохгүй байгаа гэж хадам аав Т надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/,

 

гэрч Г.Тын мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багт байх гэртээ байж байгаад Цэцэрлэг сумын Хонгорж багийн Буурал цохио гэх газарт хөдөө байдаг гэртээ нөхөр Нгийн хамт ирсэн. Нөхөр О.Н хониндоо явж ирээд манай хонинууд дутуу байна гэж надад хэлсэн. Нөхөр, бид хоёр хонинуудаа тоолоод үзтэл 65 тооны хонь дутаж байсан. Манай нөхөр ойр хавиар хайгаад олоогүй. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Н хонио хайж явж байхад нь Хөшиг гэх газарт Гийн хонь хашдаггүй хашаанд нь хонинууд байхаар нь манай хулгайд алдсан хонинууд хашаатай байна гэж над руу утсаар ярьсан. Би хонинуудынхаа зургийг нь дарахаар очтол манай хонинууд мөн байсан. Би Э.Гийн гэрт очоод танай хашаанд байгаа хонинууд ямар учиртай хонинууд юм гэж асуухад С.А ах хүнээс авсан хонь байгаа юм гээд хашаад явсан, ачих гэсэн чинь унаа олдохгүй байгаа гэж надад хэлсэн, хэд хоногийн өмнө С.А ах хонинуудаа услаад явсан гэж Э.Г надад хэлсэн. ...Нас гүйцсэн 40 тооны эм хонь, 10 тооны эр төлөг, 5 тооны эм төлөг, 1 ширхэг эр ямаа, 5 тооны эм ямаа зэргийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

гэрч С.Тын мэдүүлсэн “...Манай хүргэн Э.Гийн хашаанд 60 гаруй тооны хонинууд хашаатай байсан. Би юун хонь хашаатай байгаа талаар Э.Гоос асуухад С.А ах Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хөшөөт гэх газарт байсан хониноос тууж ирээд манай хашаанд хашсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

гэрч С.Тын дахин мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Хөшиг гэх газарт төрсөн дүү С.Атай таарахад би Гийн хашаанд хонинуудаа хашаад явж байна гэж надад хэлсэн. Би гэр рүүгээ харих гээд явж байгаад хүргэн Гтой таараад С.А ах чинь танай хонины хашаанд хүнээс авсан хонинуудаа хашаад явж байна гэж хэлсэн. Би сая Атай таарлаа гэж хүргэн Э.Гт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,

 

насанд хүрээгүй гэрч Н.Аын мэдүүлсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Буурал цохио гэх газарт А ахын хамт адуу хайж явахад А ахын мотоциклийн дугуй хагараад бид хоёр Сүрэнжавын Г ахынд дугуйгаа янзлах гээд очсон. Бид хоёрыг мотоциклийн дугуй нөхөөд байж байхад С.А ах танай хонийг Э.Гийн хонины хашаанд хашсан гэж юм яриагүй, бид хоёртой хууч хөөрөх зуурч болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

 

гэрч Э.Аийн мэдүүлсэн “...Би Н.Аын хамт мотоциклийн дугуйгаа нөхөж байсан тул С.А ахтай хуурч хөөрөх зуур  болоогүй. С.А ах Н.А бид хоёрт Н ахын хулгайд алдсан хонинуудыг Э.Г ахын хонины хашаанд хашсан гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-105/,

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн АЦ-23-127 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-39/, “Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-23-236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-87/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Аын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 Шүүгдэгч С.А нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Аын бусдын олон тооны малыг бусдын хашаанд хашиж хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Аыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нд 5.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч С.А нь хохирогч О.Нгээс хулгайлсан малаа буцаан өгсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч О.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч О.Н нь нааш, цаашаа явсан замын зардал болон шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөрийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Сийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч О.Н нь өөрт учирсан бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР