| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0080/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
2024 01 22 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч С.Гэрэлмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Л т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302 00790 0002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Л , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь БЗД-ийн 0 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 3,3396 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Нэгжлэг хийсэн: “Баянзүрх дүүргийн хороо байрны ертөнцийн зүгээр зүүн талын 2 дахь орцны 11 дүгээр давхарт байрлах ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэн өнгийн бүргэд хаалгыг онгойлгож ороход уг байр нь зэрэгцээ 3 өрөө гал тогооны өрөө тусдаа байр байв. Нэгжлэгийг ертөнцийн зүгээр цагийн зүүний дагуу үргэлжлүүлэхэд Б.Л нь ертөнцийн зүгээр зүүн гар талд байрлах өрөө лүү ороход уг өрөөний зүүн хананд модон хувцасны шкаф байрлуулж байсан ба уг шүүгээний 2 давхар тавцан гялгар ууттай хатсан ургамал мэт зүйл байсныг 1 гэж дугаарлан албаны электрон жингээр хиллэж үзэхэд 5 грамм байсныг зиплок уутанд хийж эд мөрийн баримтаар хураан авав. Уг хатсан ургамалын дэргэд хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт байсныг 2 гэж дугаарлан зиплок уутанд хийж эд мөрийн баримтаар хураан авлаа. Нэгжлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд уг өрөөнд байсан ор болон шкафанд /хувцасны/ ... гараар нэг бүрчлэн үзэн үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул дараагийн өрөөнд орж үзлэгийг үргэлжлүүлхэд уг өрөөний голд унтлагын ор болон баруун хананд хувцасны шкаф зэрэг зүйлийг эгнүүлэн байрлуулсан байсан ба нэгжлэгийг гараар нэг бүрчлэн хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг уг өрөөнөөс гарч дараагийн өрөөнд орж үргэлжлүүлэхэд уг өрөөнд Б.Л ын төрсөн ах Б нагац ах Э гэх хүмүүс байсан ба уг өрөөний баруун хананд хувцасны шкаф, зүүн хананд цагаан өнгийн 5 хаалгатай шүүгээн дотор бурхан тахил зэрэг эд зүйл эгнүүлэн өрж өрөөний урд хананд цэнхэр өнгийн буйдан болон модон ширээ зэргийг эгнүүлэн тавьсан байв. Нэгжлэгийг цагийн зүүний дагуу нэг бүрчлэн гараар тэмтэрч үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул уг өрөөнөөс гарч зэргэлдээ гал тогооны өрөөнд ороход уг өрөөний зүүн хананд хөргөгч модон ширээ баруун хананд ягаан өнгийн модон гал тогооны тавилга зэрэг эд зүйл байрлуулсан байсан ба нэгжлэгийг гараараа нэг бүрчлэн тэмтэрч үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Нэгжлэгийг цааш үргэлжлүүлж ванны өрөөнд ороход уг өрөөний баруун хананд усанд ордог онгоц байрлуулсан өрөөний урд хананд 4 тавцантай жижиг тавиур дээр ариун цэврийн хэрэглэл сойз, шампунь, саван, вок зэрэг зүйлийг тараан байрлуулсан ба нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул нэгжлэгийг цааш үргэлжлүүлж хаалганы хажууд байрлах хувцас хийдэг гэх жижиг өрөөнд үргэлжлүүлэхэд уг өрөөний зүүн болон баруун хананд долоо долоо ширхэг модон тавцан хйиж дээр нь гуталнууд эгнүүлэн өрсөн байв. Өрөөний голд жижиг төмөр сунадаг шат байрлуулж хажууд нь модон авдар тавьсан байв. Уг өрөөнд нэгжлэгийг гараараа нэг бүрчлэн тэмтэрч үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Мөн уг өрөөний хаалганд цэнхэр өнгийн куртик, цагаан өнгийн куртик өлгөсөн байсныг нэг бүрчлэн үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зкүйл илрээгүй тул нэгжлэг хийх ажиллагааг 23 цаг 20 минутад дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас)
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5666 дугаар: “...1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ сэд тэнцэж байна. “1 Г-203 БЗД-ийн 0 тоот оос хураан авсан 0,5 грамм а/д Г.Нямдорж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн шал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай венц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...4. “1 Г-203 БЗД-ийн 0 тоот оос хураан авсан өвс 0,5 грамм а/д Г.Нямдорж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 5,0039 цэвэр жин 3,3396 г байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-59 дугаар хуудас),
Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 932 дугаар: “... Дүгнэлт: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Л нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Л нь мансууруулах сэтгэцэт идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 4. Б.Л нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),
Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 554 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар хуудас) баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Л нь БЗД-ийн 0 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 3,3396 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Л нь БЗД-ийн 0 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 3,3396 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хадгалсан байна.
Дээрх “өвс” мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ илэрсэн байх ба илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно гэх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5666 дугаар дүгнэлт гарчээ.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5666 дугаар дүгнэлтээр Б.Л ын гэрээс илрэсэн “өвс” мэт зүйл нь дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэмх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хууль бусаар олж бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүй байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.Л нь БЗД-ийн 0 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт зүйлийн цэвэр жин нь 3,3396 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Мөн шүүгдэгч нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгогүй болох нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Б.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Л нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Л т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч “...Иймд шүүгдэгч Б.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Б.Л нь өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Тухайн бодисыг анх удаа хэрэглэж үзсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Л нь сэтгэц нөлөөлөх ургамал бодис байнга хэрэглэдэггүй гэж гарсан. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал Улаанбаатар хотоос гаргахгүйгээр оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Л ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэсэн нэг гэмт хэргийн шинжтэй нэг удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, “Шоу Теч” ХХК-д туслах ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх шүүгдэгчийн хувийн байдал, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байдал зэргийг харгалзан үзэж, эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдохгүй байх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилах сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Л т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хорилох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн шүүгдэгч Б.Л д зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг тус тус Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AR0156432 гэсэн серитэй зуун төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 3,3396 грамм “өвс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Л т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Л т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Л т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хорилох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Л д зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг тус тус Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AR0156432 гэсэн серитэй зуун төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 3,3396 грамм “өвс” мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Л т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ