Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

     2024         01           22                                         2024/ШЦТ/97

 

           

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгч Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э т холбогдох эрүүгийн 2306 00316 3899 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Р.Э , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” хотхоны баруун талын уулзвар дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Э.А аас зорчих хэсгээс холд гэсэн шаардлага тавьсанд дургүйцэж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар пивоны шилэн саваар хохирогч Э.А ын толгой тус газарт нь 1 удаа цохиж зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед гэрч Тулгаатай, түүний найзтай нь хамт явж байсан. Хүмүүс гарцгүй газраар зам гарч байсан. Би уусан байсан. Намайг хүчтэй биш ч гэсэн мөргөсөн. Уучихсан байсан болохоор би яаж байгаа юм бэ гэхэд намайг замаас зайл гэж хараасан. Бууж ирээд өөрөө эхэлж цохисон. Тэгээд би түрүүлээд ууж байсан пивоны шилээр цохисон. Тэгээд тэндээс салаад явсан. Намайг Цагдаад өгсөн гэж мэдээгүй, жилийн дараа намайг Цагдаагаас дуудахад нь би очсон. Тэгсэн ийм юм болсон, надад ийм зүйл хэлээгүй гэж хэлсэн. Тэгэхэд миний нүд хөхөрсөн байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Э.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 19 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” хотхоны баруун талын уулзвараар төв замаасаа туслах зам руу орох гээд эргэтэл зам дээр 3 эрэгтэй 2 эмэгтэй нийт 5 хүн гарч ирээд замын урсгал хаагаад зогссон байсан. Тэгээд би цонхоор холдооч гээд хэлэхэд өөдөөс салаавч өгсөн намайг буугаад очиход бариад авсан юм, тэгээд ноцолдож байтал найзууд нь хүрч ирээд салгахаар нь “найз чинь согтуу байна аваад яв” гэж хэлээд машин руугаа буцаад явж байтал хойноос ирээд толгой руу пивоны шилээр цохисон гэх. Тэгээд тэр хүмүүс зугтсан, би араас хөөсөөр байгаад нэг эрэгтэй эмэгтэй хоёрыг бариад авсан. Эрэгтэйг нь чирээд буцаад явж байтал эмэгтэй нь ард үлдээд цаашаа явчихсан. Би тэр эрэгтэйг машин дээрээ аваад ирсэн хойно цагдаа нар ирсэн. Намайг пивоны шилээр цохисон эрэгтэй нь улаан хүрэн малгайтай, урт хар куртиктэй, 175-180 см өндөртэй байсан. Миний барьсан эмэгтэй нь махлаг, 160-165 см өндөртэй байсан, бусад хүмүүсийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би тухайн үед ганцаараа ажил руугаа ганцаараа явж байсан. Хөл дээрээ бараг тогтож чадахгүй байсан их уусан байсан. Миний толгой зүүн чихний дээд талд хагарсан. Гэмтлийн эмнэлэг орж 2 ширхэг оёдол тавиулсан. Өөр гэмтэл миний биед үүсээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Э ын хамт халдвартад явж байсан. Би дэлгүүрээс пиво аваад гараад иртэл нэг танихгүй ахтай замын хажууд барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд би юу болоод байна гээд салгасан. Тухайн үед хамт байгаагүй болохоор яг юу болсныг нь мэдэхгүй байна. Тэгээд салгаад явах гэтэл нөгөө ах цагдаа дуудлаа гэтэл манай найз зам гараад зугтаачихсан. Би араас нь гараад хараад зогсож байтал тэр ах намайг чи найз нь юм чинь цагдаа руу явна, цагдаа дээр аваад ирсэн. Үнэндээ би юу болсныг үнэхээр мэдэхгүй байна, ямар ч байсан манай найз Э  тэр танихгүй ахыг л зодсон юм шиг байна лээ, шүүхийн шийдвэрээс зорчих эрхийг нь хязгаарласан ялаар шийтгэсэн тул бугуйндаа цагтай байгаа, хулгайн хэргээс ийм ял авсан юм. Би өөрөө гар утасгүй байгаа болохоор яг өөрийнх нь гар утсыг мэдэхгүй байна, аавынхаа хамт хороололд гэмтлийн ард харанхуй гэх газар л амьдардаг. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Э  тэр танихгүй ахтай л маргалдаж зодолдсон байж магадгүй би яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар: “... Үзлэг ба шинжилгээ Зовиур: Толгой хөндүүрлэж өвдөнө гэнэ. Үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугариг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, см. Пастернацкий 2 талд сөрөг, см.Манна/-/, хамар хурууны сорилд алдахгүй, см. Ромбергийн сорилд тэнцвэртэй. Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн хуйхны ар хэсэгт босоо байрлалтай, зах ирмэг тэгш бус, 2.0см хэмжээтэй, мэс заслын 2 ширхэг оёдол тавигдсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. “Бриллиант” эмнэлгийн он саргүй толгойн КТГ шинжилгээнд: Тархины эдэд шинэ цус хуралт болон эзэмлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн,...Субарахноидаль зайнууд өөрчлөлтгүй. Гавал яс болон хоёр талын нүдний ухархайд гэмтлийн болон деструкци өөрчлөлтгүй. Хамар ясны хуучин хугаралтай... Хамрын таславч баруун тийш муруйлттай... Зүүн талын зулайн дэлбэнгийн харалдаах хэсгийн арьсан дор бага хэмжээний гематома төст зон тодорхойлогдоно. ДҮГНЭЛТ 1 .Э.А ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Шүүгдэгч Р.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр найз Баттулгатай 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооллын ойролцоо уулзаад “0” хотхоны баруун талд байрны дунд 0,75 литрийн “Хараа” нэртэй архи, 2,5 литрийн пиво хувааж ууж дуусгаад Баттулга Сансарын ойролцоо байр түрээсэлдэг гэх тул тэднийх рүү явж байгаад “Зүүн хотхон”-ны “Петровис” шатахуун түгээх станцын урдаасаа ордог хэсгээр гарцгүй газраар зам гарч явтал нэг машин зөөлхөн мөргөөд зогссон тэгэхээр нь би согтуу байсан болохоор жолоочийг нь “яаж яваад байгаа писда вэ” гэж хэлээд хэл амаар доромжилж хараасан чинь тэр жолооч нь надад хандаж “замаас зайл писда минь” гээд машинаасаа бууж ирээд намайг заамдаад миний нүүр хэсэг рүү 1 удаа цохихоор нь би ууж явсан пивоны шилээр тухайн хүний толгойн тус газар 1 удаа цохиод хөлөөс татаж барьж байгаа хавирч унагаад дээр нь дараад байж байтал тэр залуу цагдаа дуудна гээд орилоод байхаар нь би зугтаачихсан. Би А гэгчийн толгойд ууж явсан пивины шилээр 1 удаа цохиход уг гэмтэл үүссэн байх гэж бодож байна өөр тэр хүнд хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас, 46-47 дугаар хуудас),

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 50-69, 112-131 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Р.Э нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” хотхоны баруун талын уулзвар дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Э.А аас зорчих хэсгээс холд гэсэн шаардлага тавьсанд дургүйцэж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар пивоны шилэн саваар хохирогч Э.А ын толгой тус газарт нь 1 удаа цохиж зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Р.Э нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “0” хотхоны баруун талын уулзвар дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хохирогч Э.А аас зорчих хэсгээс холд гэсэн шаардлага тавьсанд дургүйцэж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар пивоны шилэн саваар хохирогч Э.А ын толгой тус газарт нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Э.А т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар дүгнэлтээр “зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Р.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Р.Э нь хохирогч Э.А ыг пивоны шилээр толгой хэсэгт цохиж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Э.А т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар дүгнэлтээр “зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Р.Э нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Р.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Р.Э нь уур бухимдлаа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хохирогч Э.А  нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан хохиролд 192.000 төгрөгийн баримтаар шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Иймд шүүгдэгч Р.Э 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.А т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Э хохирол, төлбөр төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Р.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч хэрэгт түүний ажил эрхлэлтийн байдал, амьжиргааны эх үүсвэрийн талаарх баримт, орлогын талаарх баримт авагдаагүй байх ба торгох ял шийтгэл оногдуулах нь гэм бурууд тохирохгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзэв. 

Шүүгдэгч Р.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, хохирогчид учирсан хохирол төлбөр барагдаагүй, урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Р.Э урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Р.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нь оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э 192.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.А т олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Р.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ