Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2021/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             2021           01           12

                        184/ШШ2021/00055

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: БУХЗХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох

 

гэрээний үүрэг 1,810,261.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БУА” ХЗХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч №17/19 тоот зээлийн №17/53 дугаар бүхий барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийг 2017.09.12-ны өдөр 135,000 төгрөг /хугацаа хэтрэлт 19 хоног/, 2018.01.26-ны өдөр 100,000 төгрөг /хугацаа хэтрэлт 136 хоног/, 2018.03.30-ны өдөр 100,000 төгрөг /хугацаа хэтрэлт 63 хоног/, 2018.10.05-ны өдөр 269,000 төгрөг /хугацаа хэтрэлт 189 хоног/, 2018.11.07-ны өдөр 262,000 төгрөг /хугацаа хэтрэлт 33 хоног/, 2018.12.07-ны өдөр 100,000 төгрөг /хугацаа хэтрэлт 30 хоног/, 2019.04.26-ны өдөр /хугацаа хэтрэлт 140 хоног/, 2019.08.26-ны өдөр 200,000 төгрөг /хугацаа хэтрэлт 122 хоног/, 2019.09.30-ны өдөр 200,000 төгрөг  /хугацаа хэтрэлт 35 хоног/, 2019.10.28-ны өдөр 170,000 төгрөг /хугацаа хэтрэлт 28 хоног/, 20199.12.03-ны өдөр 200,000 төгрөг /хугацаа хэтрэлт 36 хоног/ нийт 1,836,000 төгрөг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр тооцоход зээлийн үлдэгдэл 1,151,565.89 төгрөг, зээлийн үндсэн хүү 548,913.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,782.61 төгрөг /хугацаа хэтрэлт 286 хоног/ болж байна. Г.Б нь зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн төлбөрийг сар бүрийн 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний 1.3-т заасныг зөрчин хугацаа хэтрэлт 19 хоног, 136 хоног, 63 хоног, 189 хоног, 33 хоног, 30 хоног, 140 хоног, 122 хоног,, 35 хоног, 28 хоног, 36 хоногоор хэтрүүлж төлсөн байна. Зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийн 20%-иар тооцож бодсон болно. Зээлийн гэрээний 1.4-т зээлийн хүүг дараах аргачлалаар тооцно. Г.Б зээлийн барьцаанд гэр ахуйн цахилгаан бараа, зурагт, хөргөгч, угаалгын машин, нөүтбүүк, 5 ханатай иж бүрэн гэр барьцаалсан байна. Г.Бг хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэж орохдоо 65,000 төгрөгийн хувь хөрөнгө нийлүүлсэн. Хадгаламж байхгүй. 2019.10.28-ны өдөр зээлийн эргэн төлөлтөөс 30,000 төгрөгийг гишүүний татварт нь суутган авсан. Г.Б хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2019.10.18-ны өдрийн 01/43 тоот тогтоолоор хоршооны гишүүнээс чөлөөлсөн болно. ... Г.Б нь 2017.07.24-ний өдөр гишүүний анкет бөглөж хувь хөрөнгө 65,000 төгрөгөө бэлнээр өгсөн. 2017.07.26-ны өдөр тухайн үеийн тэргүүлэгчдийн зөвлөлийн №01/01 хурлын тэмдэглэлд дурдсанаар хувь хөрөнгөө өгч өргөдлөө өгсөн нэр бүхий гишүүдийг УБЕГ-т бүртгүүлэх талаар хэлэлцэж, зохих материалыг бүрдүүлсэн боловч тухайн үед тус хоршоо нь УБЕГ-тай бүртгэлийн талаар шүүхийн асуудалтай байсан тул ямар нэгэн бүртгэл хийхээс татгалзаж, шинээр элссэн гишүүдийн бүртгэл хийгдээгүй байна. ... Иймд Г.Бгоос зээлийн үлдэгдэл 1,151,565.89 төгрөг, үндсэн хүү 584,913.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,782.61 төгрөг нийт 1,810,261.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “БУА” ХЗХ-оос 1,000,000 төгрөгийн зээл авсан, зээл олгохдоо 65,000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Энэ мөнгийг суутгаж авах учиргүй. Г.Бг анхнаасаа “БУА” ХЗХ-д гишүүнээр бүртгээгүй. Энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгнө гэсэн боловч өгөөгүй, угаасаа гишүүнээр элсээгүй. ... гэрээнд 100 хоног хэтэрвэл үүргийг барьцаа хөрөнгөөр хангана гэж заасан. Үүрэг гүйцэтгүүлэгч нь хугацааг зогсоолгүй явсаар байгаад 1,836,000 төгрөг авсан. Г.Б нь үүрэг дууссан гэж бодоод явж байтал гэнэт үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг байна гээд дахин мөнгө төлүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахад шаардах эрх тодорхой байх ёстой. Хоршооны тухай хуулийн 13.1, 13.2, 13.3-т зааснаар гишүүн өөрөө сайн дурын байх ёстой, хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлөө тэргүүлэгчид гаргах тухай дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдлийг түүний гишүүнээр элссэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл мөнгөн хадгаламж гаргахыг хориглоно гэж заасан байдаг. Тус хуулиудыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Г.Б нь хариуцагч байгууллагаас 1,000,000 төгрөгийн зээл аваад эргүүлээд 1,836,000 төгрөг төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БУА” Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ нь хариуцагч Г.Бд холбогдуулж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,151,565.89 төгрөг, үндсэн хүү 584,913.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,782.61 төгрөг нийт 1,810,261.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 1,836,000 төгрөг төлсөн, хоршооны гишүүн бус этгээдэд зээл олгосон тул талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр бус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээл, барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 32 инчийн зурагт, хөргөгч,  угаалгын машин, зөөврийн компьютер, 5 ханатай иж бүрэн гэрийг барьцаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”, мөн өдрийн №17/53 дугаар Барьцааны гэрээ, бусад бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд, мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэхдээ нэхэмжлэгчийн энэхүү шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд үндэслэгдэн бий болно.    

 

Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтаар нэхэмжлэгч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын хувьд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдээс ялгарах онцлог нь зөвхөн гишүүддээ үйлчилж, тэдний эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилготой байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдагт оршино.

 

Энэ шаардлагын үүднээс Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн /цаашид хуулийн гэх/  17 дугаар зүйлийн 17.1Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно: ...  18.1.2.гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах ... “ гэж заасан.

 

Талууд хариуцагч Г.Бг хоршооны гишүүнээр бүртгэсэн эсэх асуудлаар маргаж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ ... хариуцагчийг хоршооны гишүүнээр бүртгэхгүйгээр зээл олгосон тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус ... “, нэхэмжлэгчийн төлөөлөгч “ ...  Г.Б нь 2017.07.24-ний өдөр гишүүний анкет бөглөж хувь хөрөнгө 65,000 төгрөгөө бэлнээр өгсөн ... “ гэсэн тайлбар гаргаж маргасан.          

 

Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргана”, хуулийн 21.3Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

Хариуцагчийг гишүүнээр элсүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч “БУА” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №01/01 дугаартай тэмдэглэлд “ ... өргөдлөө өгсөн 13-н гишүүнийг бүртгүүлэхийг 100 хувь дэмжиж гүйцэтгэх албанд тушаал гаргаж өгнө ... “ гэж тусгагдсан боловч хариуцагчийг хоршооны гишүүнээр элсүүлсэн талаар хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гараагүй байна.

 

Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Тэргүүлэгчдийн зөвлөл нь гишүүдийн бүртгэлийг хөтөлж, хадгалах ба түүний үнэн зөвийг хариуцаж, гарсан өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд Хороонд мэдэгдэнэ”, хуулийн 20.3Хадгаламж, зээлийн хоршоо, түүний тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх захирал болон албан тушаалтан нь тухайн этгээдэд хамаарах гишүүний бүртгэлд туссан мэдээллийг саадгүй гаргаж өгөх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор саадгүй, шуурхай хангах үүрэгтэй” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийг гишүүнээр элсүүлсэн талаар шийдвэр, холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргахаар хүсэлт гаргаж, энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдож байсан боловч энэ хугацаанд шаардлагатай баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа “ ... 2017.07.26-ны өдөр тухайн үеийн тэргүүлэгчдийн зөвлөлийн №01/01 хурлын тэмдэглэлд дурдсанаар хувь хөрөнгөө өгч өргөдлөө өгсөн нэр бүхий гишүүдийг УБЕГ-т бүртгүүлэх талаар хэлэлцэж, зохих материалыг бүрдүүлсэн боловч тухайн үед тус хоршоо нь УБЕГ-тай бүртгэлийн талаар шүүхийн асуудалтай байсан тул ямар нэгэн бүртгэл хийхээс татгалзаж, шинээр элссэн гишүүдийн бүртгэл хийгдээгүй ... “ гэжээ.

 

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан нэхэмжлэгч “БУА” ХЗХ-ны зээлийн хорооны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг нь хариуцагчид зээл олгосон үйл баримтыг нотлоход ач холбогдолтой боловч хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх, хариуцагчийг гишүүнээр элсүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу, хугацаанд нь шийдвэрлэсэн болохыг нотлохгүй.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Г.Б нь хоршооны гишүүнээр бүртгэгдээгүй, цаашлаад нэхэмжлэгч нь гишүүн бус этгээддээ зээл олгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул шүүх нэхэмжлэгч “БУА” ХЗХ, хариуцагч Г.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №17/19 дугаар “Зээлийн гэрээ”, уг зээлийн гэрээний үүргийг дагалдаж үүссэн буюу тухайн гэрээний үндсэн дээр хийгдсэн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №17/53 дугаар “Барьцааны гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан ба талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний дагуу нийт 1,836,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч “БУА” ХЗХ-ны гаргасан хариуцагч Г.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,810,261.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,810,261.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “БУА” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ЛХАГВАСҮРЭН