| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
2024 01 15 2024/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,
улсын яллагч Э.Ууганзаяа,
хохирогч Г.Ц,
шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 01483 2046 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Н, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч Г.Ц ийн эзэмшлийн Хаан банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар зарлагын гүйлгээ хийж бусдад нийт 2.918.860 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Хохирогч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би картаа гээсэн гэж бодоогүй. Би картаа ажил юм уу гэртээ үлдээсэн гэж бодсон. Мөн надад дансны мэдээлэл ирээгүй. Энэ миний дутагдалтай тал. Гэхдээ хүний картыг мэдсээр байж авч, олон удаагийн гүйлгээ хийсэн нь шүүгдэгчийн буруу. Өдийг хүртэл хохирол төлөхгүй хуулийн байгууллагад хүндрэл учруулж байна. Би өөрийн картаас гарсан мөнгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Ц ийн Хаан банкны данснаас 2.974.620 төгрөгний зарлага гарсан гэх Хэрэг бүртгэлийн хэрэгт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “0” сүлжээ дэлгүүрийн гаднах хяналтын камерийн бичлэгийг цагаан өнгийн ямар нэгэн бичиггүй цагаан өнгийн Сд-нд хуулбарлан авсан хяналтын камерын бичлэгийг холбогдогч этгээдийн үйлдлийг баримтжуулах зорилгоор Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 205 тасалгаанд СД дээр хадгалагдсан бичлэгийг ... компьютерт хийж үзхэд. СД-ийг нээж нийт 1 дүрс бичлэг бүхий файлд үзлэг хийх ажиллагааг 09 цаг 00 минутад эхлүүлэв. ... Хяналтын камерийн бичлэгийг 00 цаг 00 минут 01 секүндэд саарал өнгийн малгаатай цамцтай, хар өнгийн савхин хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй бор энгийн гуталтай эрэгтэй хүн АТМ-д орж ирээд мөнгө авч байв. Хяналтын камерийн 00 цаг 00 минут 00 секундэд Шарган өнгийн хантаазтай саарал өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй үсээ ардаа боосон эмэгтэй хүн кассанд зогсож байх ба кассны хажууд хар өнгийн урт хар өнгийн куртика өмссөн эмэгтэй хүн мөнгө тоолж өгч байгаагаар эхлэж байх ба түүний ард хар өнгийн Адидасын хар өнгийн цамцтай улаан хүрэн өнгийн урдаа Микимоусын зурагтай цамц өмссөн улаан хүрэн өнгийн өмдтэй 20-25 орчим насны эмэгтэй хүн оочирлдож зогсож байгаагэдр хяналтын камерийн бичлэг эхэлж байв. Хяналтын камерийн цагаар 00 цаг 00 минут 25 секундэд тухайн улаан хүрэн өнгийн хувцастай эмэгтэй хүн кассанд ирээд худалдан авалт хийж байв. Хяналтын камероийн цагаар 00 цаг 00 минут 48 секундэд тухайн эмэгтэй ногоон жгийн картыг кассчин эмэгтэйд өгч карт уншигчинд уншуулж байв. Кассчин тухайн эмэгтэй хүний өгсөн ногоон өнгийн картыг карт уншигчинд хийж үл таних эмэгтэй рүү харуулахад тухайн эмэгтэй үг хэлж байгаа мэт ам нь хөдлөж, кассчин эмэгтэй карт уншигчинаас картыг нь авч чип-ээр нь уншуулав. Кассчин эмэгтэй тухайн ногоон өнгийн картыг карт уншигчин дээр уншуулаад тухайн эмэгтэй хүнд өгөхөд тухайн хар өнгийн цамцтай улаан хүрэн өнгийн биеийн тамирийн хослолтой эмэгтэй хүн аваад дараа нь НӨАТ-ийн баримтаа аваад хяналтын камерийн бичлэгээс гараад явж байгаагаар хяналтын камерийн бичлэг 00 цаг 01 минут 29 секүндэд хяналтын камерийн бичлэг дуусаж байв. Үзлэгээр өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгав. Камерын бичлэгт үзлэг хийхэд оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэснээр уншуулан гарын үсэг зуруулж 09 цаг 28 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),
Хохирогч Г.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны 0 дугаартай дансны үлдэгдлээ үзсэн чинь миний данснаас 2.900.000 төгрөг алга болсон байхаар нь Хаан банкны лавлах утас луу залгаж асуусан чинь таны бүх гүйлгээ картаар гарсан байна таны карт чиптэй карт байна, 50.000 төгрөгөөс доош гүйлгээ нууц үггүй уншдаг гэхээр нь би дансаа ямар ч байсан хаалгах хүсэлтэй байна хаагаад өгөөч гэж хэлээд өөрийн дансаа хаалгаад цагдаагийн байгууллагад хандах болсон. ...2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд миний данснаас гарсан байсан. ...миний санаж байгаагаар 21 дүгээр хороолол байрлах М март дэлгүүрээр үйлчлүүлж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дэлгүүрийн байршил нь Улаанбаатар хорт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж 54-1 тоот гэх хаягтай. ...манай дэлгүүрт карт уншдаг пос машинтай. ...манай дэлгүүрийн терминал 0. ...манай дэлгүүрийн терминал Bayarjin гэсэн бичигтэй гардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээсээ гараад дэлгүүр ороод хүнсний эд зүйл аваад тухайн олсон Хаан банкны ногоон картыг дэлгүүрийн худалдагч эгчид өгөөд чипээр нь уншуулсан чинь болж байсан. Тэгээд тэр өдрөөс тухайн хаан банкны ногоон өнгийн картаар дэлгүүр ороод авсан эд зүйлийнхээ төлбөрийг тухайн олсон Хаан банкны картын чипийг уншуулж дэлгүүрээс эд зүйлс аваад 10 хоног орчим болсон. Тэгээд би тухайн олсон хаан банкны картыг хаячихсан. ...ойролцоогоор 2.900.000 орчим төгрөгийн эд зүйл авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), \
Хохирогч Г.Ц ийн ХААН банкин дахь 0 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 42-46 дугаар хуудас),
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), Г.Ц эд 200.000 төгрөгийг төлсөн гэх гар бичмэл (1 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч Г.Ц ийн эзэмшлийн Хаан банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар зарлагын гүйлгээ хийж бусдад нийт 2.918.860 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Г.Ц ийн гээгдүүлсэн, түүний эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас нийт 2.918.860 төгрөгийг удаа дараа авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Г.Н нь хохирогч Г.Ц эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд зарлагын гүйлгээ хийж бусдад нийт 2.918.860 төгрөгийн хохирол учруулсныг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Г.Ц эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар зарлагын гүйлгээ хийж бусдад нийт 2.918.860 төгрөгийн авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Г.Н нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “үргэлжилсэн үйлдлээр” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Ц нь өөрийн эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаа гээснээ 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дансаа шалгаж байхдаа мэджээ.
Түүний данснаас нийт 2.918.860 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан байх ба эхний гүйлгээ нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гарсан байна.
Ингээд хохирогч Г.Ц ийг дансаа шалгах хүртэлх хугацаа буюу 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Н нь өөрийн эзэмшлийн төлбөр тооцооны хэрэгсэл биш болохыг мэдсээр байж ашиглаж, нийт 2.918.860 төгрөгийн зарлага гаргасан байна.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Г.Ц ийн эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картыг 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тохиолдолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж, анхны гүйлгээ хийсний дараа 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу хохирогч Г.Ц ийг Цагдаагийн байгууллагад хандах хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж нийт 2.918.860 төгрөгийн зарлага гаргасан үйлдэл нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй байх ба хөрөнгө завших гэмт хэргээс илүүтэй хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Н д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн үйл баримттай нийцсэн байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.Н ээс 2.918.860 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цэгмэдэд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаанд завсарлуулах хүсэлт гаргасан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Н нь хохирогч Г.Ц эд хохиролоос 200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Г.Н ээс үлдэх 2.718.860 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ц эд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Г.Н д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Г.Ц ийн эзэмшлийн ХААН банкны төлбөр тооцооны хэрэгсэл болох цахим картаас нийт 2.918.860 төгрөгийн авсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “үргэлжилсэн үйлдлээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н д 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н ээс 2.718.860 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ц эд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ