Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/01072

 

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2275 дугаар магадлалтай,

Н.Ц-ын нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, хөлс болон алданги 43,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Т.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Н.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч У ХХК-тай 66/17 дугаартай тоглогчийн гэрээг байгуулан, тус компанийн У хөл бөмбөгийн клубийн ахлагч болж уралдаан, тэмцээнд клубийн нэрийн өмнөөс оролцохоор тохиролцсон. Уг гэрээ байгуулах үед тус клуб байгуулагдаад удаагүй, шинэхэн клуб байсан тул Монгол улсын хөл бөмбөгийн спортод төдийлөн том амжилт үзүүлж байгаагүй баг байсан. Н.Ц тус клубтэй гэрээ байгуулж, клубийн ахлагч болсноос хойш багийн тамирчдаа манлайлан, бэлтгэлээ сайн хангасны үндсэн дээр олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд үүний үр дүнд тус клуб нь Монгол Улсын хөл бөмбөгийн спортод жинтэй байр суурь эзлэх клуб болж чадсан. Тухайлбал, 2019 онд Монголын үндэсний Хүрхрээ Лигийн аварга, 2017 онд дэд аварга, 2017 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны цомын аварга, 2018 онд Монголын хөл бөмбөгийн супер цомын аварга, багийн түүхэнд анх удаа Азийн хөл бөмбөгийн холбооны цомын урьдчилсан шатанд оролцох болзол хангасан зэрэг амжилтуудыг тус тус гаргасан.

Гэвч клубийн удирдлагын зүгээс Н.Цд гэрээний хугацаанд удаа дараа хууль бус, гэрээнд заагаагүй шаардлага тавих гэрээг цуцалж, гэрээгээр тохирсон хөлс болох байрыг өгөхгүй шүү гэх зэргээр харилцаж ирсэн. Тухайлбал, компанийн захирал Г.Дашням нь өөрийнх нь хамааралтай бусад компаниуд болох Жи Мобайл, МТ групп ХХК зэрэг компаниудын сурталчилгааг болон өөрийнх нь сошиал медианд нийтэлсэн зүйлсийг нь дэмжиж, бусадтай хуваалцахыг шаардах, хүсвэл гэрээнд заасан байрыг өгөхгүй байж чадна шүү, клубд тоглуулахгүй байж чадна гэх зэргээр хууль бус, хүнлэг бус байдлаар харилцах тохиолдлууд удаа дараа гаргаж байсан.

Дээрх нөхцөл байдалтай холбоотой зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг сайжруулах, тодорхой болгох тухай санал тавьж байсан боловч хүлээж авч байгаагүй. Мөн зүй бус шаардлагуудыг тэвчиж байсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн энэ байдал хүндэрч, Н.Цыг клубээс гар, байр болон бусад төлбөр хөлс өгөхгүй зэргээр шууд дарамталж эхэлсэн. Энэ тухай компанийн захирал Г.Дашням нь утсаар ярьж, чатаар ч бичиж байсан. Мөн клубийн дасгалжуулагчийн хүсэлтийн дагуу багийн бэлтгэлд хүн оролцуулсны төлөө багаас гар, гэрээг чинь цуцална зэргээр дарамталж, сүрдүүлсэн.

Н.Ц энэ жил 32 настай бөгөөд хөлбөмбөгчин хүний тухайн спортоор идэвхтэй хичээллэх, амжилт гаргах боломжтой нас нь 34 хүртэл байдаг. Иймд энэ спортоор идэвхтэй хичээллэх, амжилт үзүүлэх 2 орчим жилийн л хугацаа үлдсэн. Энэ хугацаанд Н.Цыг багт тоглуулахгүй байх, тохирсон хөлс, байр өгөхгүй байх тухай дарамталсан нь маш хэцүү байсан.

Тухайн компанитай байгуулсан тоглогчийн гэрээний 3.5-д Тамирчин нь ... зөвшөөрөлгүйгээр аливаа тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно гэж, 3.2-т Тамирчин клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Н.Цыг аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг зөвшөөрөхгүй байх эрх нь клубд байдаг тул клубийн удирдлагын зүгээс санасан зүйлээ хийх боломжтой байсан. Мөн Тоглогчийн гэрээний 6.2-т Тамирчин нь гэрээний хугацаанд өөр клуб, байгууллагын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно гэж, 1.2-т Энэхүү гэрээг байгуулснаар Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлэх бөгөөд зөвхөн Клубийн нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцоно гэж тус тус заасны дагуу гэрээний хугацаанд өөр клубд шилжих боломжгүй. Мөн Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу тамирчид клубтэй байгуулсан гэрээгээ холбоонд нь бүртгүүлдэг бөгөөд клубийн гэрээ цуцлагдсан тухай Холбоонд бичгээр мэдэгдсэнээр л тамирчин өөр клубтэй гэрээ байгуулах боломжтой болдог. Клубийн удирдлагын зүгээс энэхүү давуу байдлаа ашиглан Н.Цыг клубээс гар гэж мэдэгдсэн мөртлөө гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл, шийдвэрийг Хөл бөмбөгийн холбоо эсхүл түүнд өгөлгүйгээр чамайг тоглуулахгүй байж чадна, чиний ирээдүйг ингээд дуусгаж чадна. Чи өөр клубд тоглож чадахгүй гэх зэргээр дарамталж байсан.

Үүнтэй холбоотой 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн захирал, клубийн эзэн Г.Дашнямд хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд Гэрээ цуцалж байгаа талаар албан ёсны хариу өгөх, гэрээ цуцлагдаагүй бол гэрээг шинэчилж байгуулах-ыг шаардсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн дотор байгуулсан гэрээг шинэчлээгүй нөхцөлд гэрээ цуцлагдсан гэж ойлгох тухайгаа мэдэгдсэн. Гэвч албан бичгээр хариу өгөөгүй, сүрдүүлж, дарамталсан хэвээр байсан.

Иймд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хөл бөмбөгийн холбоонд энэ тухай хандаж клубийн удирдлагын зүгээс дарамтлах болсон тухай, шаардлагад хариу өгөөгүй. Гэрээг цуцалсан тухай мэдэгдэж, хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлттэй холбоотой клубийн зүгээс гэрээг цуцлаагүй гэх агуулга бүхий тайлбарыг Холбоонд өгсөн тухай Холбооны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хариу албан бичигт тусгасан байсан. Мөн клубийн эзэн Г.Дашнямын бичсэн хувийн чат, захидал нь гэрээ цуцлаагүй гэх клубийн албан бичигтэй зөрж байх тул баримтын шаардлага хангасан албан бичгийг үндэслэж, гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэсэн байсан.

Ийнхүү Холбооны зүгээс тоглогчийн гэрээг цуцлагдаагүй гэж үзсэн тул Н.Ц өөр клубтэй гэрээ байгуулах, өөр клубийн нэрийн өмнөөс тоглох, тэмцээнд оролцох боломжгүй хэвээр үлдсэн. Ингэж клубийн зүгээс чамайг тоглуулахгүй байж чадна, чиний ирээдүйг дуусгаж чадна гэх дарамтаа бодитойгоор биелүүлсэн. Үүний дараа аргагүй эрхэнд клубд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин бичгээр хандаж, клубийн эзэн, компанийн захирал Г.Дашнямд гэрээг үргэлжлүүлэхгүй, хамтран ажиллахгүй тухай удаа дараа мэдэгдсэн боловч албан ёсоор, бичгээр хариу өгөөгүй тул гэрээг цуцалж байгаа талаар бичгээр баталгаажуулж өгөхийг хүссэн. Гэвч гэрээг цуцалсан тухай албан бичиг өгөхгүй байсан бөгөөд компанийн хуульч, удирдлага хамтран өөрсдийнх нь хүссэн байдлаар өргөдөл авч байж гэрээ цуцалсан тухай албан бичиг өгнө гэсэн. Тухайлбал, өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан мэт ойлгогдох болон тоглогчийн гэрээтэй холбоотой нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол саналгүй гэх агуулга бүхий өргөдөл бичүүлж авсан.

Ийнхүү клубийн өмнөөс тоглуулахгүй, өөр багт ч шилжихийг зөвшөөрөхгүй, цалин хөлс, байр өгөхгүй зэргээр дарамталсаар дээрх хүсэлтийг Н.Цаар бичүүлж авсан. Өөрөөр хэлбэл, клуб өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан хэрнэ тоглогчийн хүсэл зоригоор гэрээг цуцалсан мэт харагдуулах баримтыг авсан. Бичсэн тус хүсэлт нь сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй. Мөн Тоглогчийн гэрээний 8.2-т гэрээг тамирчны хүсэлтээр цуцлахгүй тухай заасан.

Н.Цын хувьд клубээс гарах сонирхол байгаагүй бөгөөд клубийн удирдлагын дарамт, шахалт, санаачилгаар түүнийг клубээс гаргасан тул хариуцагч компани нь өөрийн санаачилгаар Н.Цтай байгуулсан тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн тоглогчийн гэрээний 2.1, 2.2-т заасан ёсоор ажлын хөлс дараах хоёр хэлбэрээс бүрдэж байсан. Нэгдүгээрт, гэрээний турш 1 өрөө байрыг үнэ төлбөргүйгээр ашиглах буюу амьдрах. Хоёрдугаарт, тухайн байрыг өөрийн өмчлөлдөө авах бөгөөд гэрээ дуусгавар болох үед Н.Цын нэр дээр шилжих тухай тохиролцсон бөгөөд энд заасан байр нь 60,000,000 төгрөгийн үнэтэй Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Тэмүүлэн хороолол, 43а байр 18 тоот, 1 өрөө орон сууц юм.

Гэрээнд энэ талаар тусгагдаагүй байсан тул гэрээг шинэчлэх, энэ талаар тодорхой болгохыг хүсэж, клубийн удирдлагад хожим хүсэлт гаргаж байсан ч хүлээн аваагүй. Мөн байрны үнэлгээг тухайн үед 60,000,000 төгрөг хэмээн танилцуулсны үндсэн дээр тоглогчийн гэрээг байгуулж байсан.

Клубийн зүгээс тоглогчийн гэрээг 29 сарын дараа цуцалсан тул Н.Ц нь 29 сарын төлөгдөөгүй хөлс болох 29,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Гэрээний нийт хугацаа 5 жил байсан, үүнд 60 сар ногдож байгаа бөгөөд 60,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон тул 1 сард 1,000,000 төгрөгийн хөлс, нийт 29 сарын 29,000,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүнээс өөр байдлаар сар тутамд хөлс гэж авдаггүй байсан учир ажилласан хугацааны хөлсийг ийнхүү тооцсон байгаа.

Хариуцагч тал орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн үндэслэлд маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтыг нотлохгүй гэж 3 удаа нэхэмжлэгч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Тиймээс одоо шүүх хуралдаанд орон сууцны үнэ 60,000,000 төгрөг биш гэж маргах хууль зүйн боломжгүй тул шүүх хөлсийг нэхэмжлэлд заасан дүнгээр хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Энэ хөлсийг нэхэмжилсэн шаардлагыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У ХХК-д холбогдуулан гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн учир тоглогчийн гэрээний 6.1-т Клуб нь энэхүү гэрээний Тамирчны гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд нийт цалингийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх болно гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх алданги тооцож, шаардлагаа нэмэгдүүлсэн.

Дээрх гэрээний 6.1 дэх заалтын дагуу 29,000,000 төгрөгийн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн алдангийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх хугацаагаар тооцон үзэхэд нийт алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас давсан тул 14,500,000 төгрөгөөр тооцсон.

Иймд эдгээр үндэслэлүүдээр У ХХК-ийг тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, 29 сарын хөлс 29,000,000 төгрөгийг алданги 14,500,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон түүний болоод хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай Улаанбаатар Сити баг Н.Цтай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66/17 тоот тоглогчийн таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаар түүнд байр өгөхөөр тусгасан. Н.Ц нь Улаанбаатар Сити клубд таван жил тоглож, хүчин зүтгэснийхээ дараа байр авах эрхтэй.

Тоглогчийн гэрээний 8.2-т Энэхүү гэрээг зөвхөн клуб цуцлах эрхтэй бөгөөд тамирчны хүсэлтээр цуцлахгүй гэж заасан. Энэ хугацаанд ямар нэгэн мөнгөн цалин өгөхгүй гэж маш тодорхой гэрээнд тусгасан. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Ц байрандаа орсон. Тухайн байрны гэрчилгээ Г.Дашнямын нэр дээр бүртгэлтэй. Таван жилийн гэрээний хугацаа дуусахаар түүний нэр дээр амьдарч байгаа орон сууцыг нь шилжүүлэхээр тохиролцсон болно.

Гэтэл Н.Ц нь Улаанбаатар сити багийн ерөнхий захирал гэрээгээ зөрчсөн гэж худал мэдээлэл тараан гүтгэж, Г.Дашнямын нэр хүндэд халдсан. Сошиал ертөнцөд удаа дараа худал мэдээлэл тараасан.

Н.Ц нь өөр багаас томоохон санал ирээд л гарахын тулд энэхүү үйлдлийг гарган удаа дараа хүсэлт гаргаж, Улаанбаатар сити клубээс гарсан даруйдаа Эрчим-д нэгдсэн. Н.Ц нь багаас гарах өргөдөл өгөхдөө ямар ч дарамт шахалтын үндсэн дээр өгөөгүй. Өөрөө өргөдлөө өгөөд гарсан. Ингэхдээ цаашид тоглогчтой холбоотойгоор нэхэмжлэл гаргах болон цаашид гомдол саналгүй гэж багаас гарч гэрээгээ цуцалчхаад шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцлаагүй, харин нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцалсан.

Тоглогчийн гэрээний нэг сарын хөлс нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хороолол, 43а байрны 18 тоот 1 өрөө орон сууц байранд үнэгүй амьдрах явдал байсан. Уг орон сууцны нэг сарын хөлс нь 600,000 төгрөгийн ханштай байдаг юм билээ. Тиймээс 600,000 төгрөгийн хөлс төлж байсан гэсэн үг.

Үүнээс гадна жил бүр зохиогддог тэмцээнүүдэд амжилттай оролцсон тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор гэрээнд заасан дагуу 2017 онд 10,000,000 төгрөгийн урамшууллыг Н.Цд олгосон байдаг.

Харин энэ маягаараа 5 жил өнгөрсөн тохиолдолд түүний амьдарч байсан орон сууцыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой байсан. Иймд түүнд орон сууцны үнийн зарим хэсгийг шилжүүлэх үндэслэлгүй. Орон сууцыг 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй талаарх нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч байр нэхээгүй учир байрны үнийг тогтоох талаар бид хүсэлт гаргаагүй. Бидний хувьд цалин хөлсийг өгдөг журмаар өгсөн.

Гэрээний хөлс нь орон сууцанд үнэгүй сууснаар төлөгдсөн тул орон сууцны үнээр тооцож хөлс шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-аас 29,000,000 төгрөгийг гаргуулж Н.Цд олгож, Н.Цын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 302,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2275 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Цын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, хөлс, алдангид 43,500,000 төгрөг гаргуулах тухай “У” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2275 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. С

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Хэдийгээр нэхэмжлэгчээс “тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан байх боловч энэ шаардлагын үндсэн дээр ямар үр дагавар арилгуулах буюу үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад юу хүсэж байгаагаа тодорхойлоогүй, гэрээ ямар үндэслэлээр цуцлагдсан асуудал нь нэхэмжлэлийн шаардлага бус харин түүний үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн үндэслэл байх боломжтой тул үүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй” хэмээн үзэж 2020.04.09-ний өдрөөс 2020.08.19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 14,500,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Н.Ц нь 2020.02.05-ны өдөр Монголын Хөл бөмбөгийн Холбоонд “Улаанбаатар сити клубтэй гэрээ цуцалсан тухай” хүсэлтийг гаргасан боловч 2020.03.03-ны өдөр №2 бүхий Монголын Хөл бөмбөгийн холбооны тоглогчдын эрх зүйн байдлын хорооны шийдвэрт “талууд байгуулсан гэрээг цуцлах талаар ОУХБХ болон МХБХ-ны тоглогчдын статус ба шилжилт хөдөлгөөний журам болон талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт үл маргах журмаар харилцан тохиролцож шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах талаар заасан байх тул тус ажиллагааг нэн тэргүүнд хангуулах шаардлагатай юм.” гэсэн шийдвэрийн дагуу 2020.03.06-ны өдөр “У” ХХК-ийн захиралд талуудын хооронд байгуулсан 2017.10.13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг цуцлах талаар мэдэгдэж, мэдэгдэлд бичгээр хариу ирүүлэхийг хүссэн ч хариуцагчийн зүгээс бичгээр ямар нэгэн хариу ирүүлээгүй тул дээрх гэрээ дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэх заалт хэрэглэгдэж шүүхээс 2020.04.09-ний өдрөөс 2020.08.19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 14,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан юм. Хэрэв дуусгавар болсон гэж үзэж байгаа бол хариуцагчийн гэрээг цуцалсан үйлдэл нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч талд албан ёсоор мэдэгдэх ёстой байсан. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад юу хүсэж байгаагаа тодорхойлоогүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн “2017.10.13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох” шаардлагыг авч хэлэлцэлгүй 2020.04.09-ний өдрөөс 2020.08.19-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 14,500,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, эрх чөлөөг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна.

4.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2275 дугаар бүхий магадлалын 6 дахь хуудасны 2 дахь догол мөрөнд “Иргэний хуулийн 367.1 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажиллагч гэрээ цуцлах хүртэл хугацааны ажлын хөлсийг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл нэхэмжлэгчид байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй” гэж үзсэн байна. Иргэний хуулийн 221.2 дахь хэсэгт “...эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасан бөгөөд талууд цаашид гэрээг үргэлжлүүлэх нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшаар нөлөөлөх тул хүндэтгэн үзэх үндэслэлтэй хэмээн үзэх талаар бид тайлбарласан бөгөөд хариуцагч талаас үүнтэй маргаагүй. Тухайлбал, Тоглогчийн гэрээний 3.5-д “тамирчин нь ...зөвшөөрөлгүйгээр аливаа уралдаанд оролцохыг хатуу хориглоно” гэж, 3.2-т “тамирчин клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох үүрэгтэй” гэж заасны дагуу Н.Цыг аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг зөвшөөрөхгүй байх эрх нь клубт байдаг тул клубийн удирдлагын зүгээс санасан зүйлээ хийх боломжтой байсан. Түүнчлэн клубээс гарсан талаар клубийн зүгээс нэхэмжлэгч Н.Цд мэдэгдсэн ч Монголын хөл бөмбөгийн холбоонд тэр талаар мэдэгдээгүй байдаг. Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу тамирчид клубтэй байгуулсан гэрээгээ холбоонд нь бүртгүүлдэг бөгөөд клубийн гэрээ цуцлагдсан тухай Холбоонд бичгээр мэдэгдсэнээр л тамирчин өөр клубтэй гэрээ байгуулах боломжтой болдог. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2275 дугаар магадлалын 7 дахь хуудасны 2 дахь догол мөрөнд “...хариуцагчийн “нэхэмжлэгчид орон сууцаа үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглуулснаар ажлын хөлс төлөгдсөн” гэх тайлбарыг буруутгах боломжгүй” хэмээн дүгнэсэн байна. Ажиллагчаас тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэснийх нь төлөө буюу хийсэн хөдөлмөрийнх нь үр дүнд ажиллуулагчаас төлөхөөр тохирсон хөлс нь гэрээний талуудын хэрэгцээ шаардлага, боломж бололцоондоо тулгуурлан тодорхойлсон ямар ч хэлбэртэй байж болох тул гэрээний дээрх заалтуудад тусгасан гурван өөр нөхцөл хамтдаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлс гэх ойлголтыг бүрдүүлж байна. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” хэмээн заасан ба Н.Цын зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цуцалсан тул гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй юм. Түүнчлэн байр нь хуваагдмал эд хөрөнгө биш тул биет байдлаар шаардах боломжгүй. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй” бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт орон сууцны үнэ 60 сая болохыг эсэргүүцсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тайлбар байхгүй бөгөөд шүүхийн зүгээс тухайн байрны үнэлгээг 60 сая төгрөгөөр бодож нэхэмжлэгчийн зүгээс 29 cap ажилласан хөлс болох 29 сая төгрөгийг шаардсан байтал давж заалдах шатны шүүхээс гэрээний хөлс нь тухайн орон сууцыг ашиглах, эзэмшүүлэх байсан бөгөөд гэрээний хугацаа дууссанаар орон сууцны өмчлөх эрх шилжих байсан гэх агуулгаар дүгнэлт хийж буй нь хуульд нийцээгүй байна. Мөн гэрээг байгуулах үед талуудын хүсэл зориг тоглогчийн хөлс нь тухайн байранд амьдарч мөн 1 өрөө байрыг тоглогчийн өмчлөлд шилжүүлэх байсан бөгөөд ийнхүү санал нэгдэж гэрээг байгуулсан байдаг. Хэрэв гэрээний хөлс нь зөвхөн тухайн байранд амьдрах байсан бол тоглогч тухайн гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахгүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гэрээний хөлс нь тухайн орон сууцыг ашиглах, эзэмшүүлэх байсан хэмээн гэрээг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд бид гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэх хэсэгт алданги 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох байдлаар өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2275 дугаар бүхий магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан тоглогчийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хөлс 29,000,000 төгрөг, алданги 14,500,000 төгрөг нийт 43,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан, гэрээгээр тохирсон хөлсийг хөлс төлөх арга, журмын дагуу бүрэн төлсөн гэж маргасан байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг тус тус баримтлан “У” ХХК-иас 29,000,000 төгрөгийг гаргуулж Н.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

7. Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэгч Н.Цтай 2017.10.13-ны өдөр 66/17 тоот Тоглогчийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Н.Ц нь клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн, уралдаанд оролцох, “У” ХХК нь тамирчны ажлын хөлсөнд 1 өрөө байр ашиглуулах, гэрээний хугацаа дуусгавар болсноор орон сууцны өмчлөх эрхийг Н.Цын нэр дээр шилжүүлэх, мөн гэрээнд заасан нөхцлөөр урамшуулал олгохоор тус тус харилцан тохиролцжээ. 

Зохигчийн тохиролцсоноор орон сууцыг гэрээний туршид үнэ төлбөргүй ашиглуулах нь ажиллагчаас гарах зардлыг хэмнэх аргаар хөлсний тодорхой хэсгийг сар бүр төлж байгаа хэлбэр бол, гэрээ дуусгавар болсноор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нь 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг, ажил үйлчилгээг гүйцэтгэсний дараа төлж байгаа хэлбэр, харин тодорхой болзол хангагдсан тохиолдолд үр дүнгээс хамаарч мөнгөн төлбөрийг төлөх нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн урамшуулал буюу хөлсний бүрдэл хэсэг гэж үзэхээр байна.

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй, тоглогчийн гэрээгээр талууд хөлс төлөх хэлбэр, хугацаа, нөхцөлийг дээрх байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2 дахь хэсэгт нийцсэн талаар зөв дүгнэсэн байна.     

Хэрэгт авагдсан нотлох баримт, үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ц нь гэрээний дагуу 2017.10.13-ны өдрөөс 2020.03.09-ний өдрийг хүртэл буюу гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд, нийт 29 сар хариуцагч “У” ХХК-ийн тамирчнаар ажилласан байх бөгөөд уг хөлсөөр ажиллах гэрээ нь нэхэмжлэгчийн буруугаас, өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн тэмцээн, уралдаанд клубийн нэрийн өмнөөс оролцох үүргээ гүйцэтгээгүйгээс, эсхүл түүний харш үйл ажиллагаа явуулсны улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин ажиллагч, ажиллуулагчийн хооронд үүссэн харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцлын улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх нь зохигчийн хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэнээс цуцлагдсан болох нь тогтоогджээ.  

9. Анхан шатны шүүх ...талууд хөлсөөр ажиллах гэрээг хэн алиныхаа эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр цуцалсан тул энэ нөхцөл байдлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасан үндэслэлд хамаатуулж үзнэ, ...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас тоглогчийн гэрээ цуцлагдаагүй тул тэрээр гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нийт ажилласан 29 сарын хугацаанд ногдох хөлсийг мөнгөөр илэрхийлсэн хэмжээ болох 29,000,000 төгрөг /60,000,000 : 60 сар х 29 сар/-өөр тооцож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, алдангийн 14,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасанд нийцсэн гэж үзлээ.

10. Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29,000,000 төгрөгөөр тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар, нотолгоо гаргаагүй, орон сууцны үнэлгээг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хариуцагч тал маргаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд мөн тайлбар, татгалзал гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн, орон сууцыг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн үнээс түүний ажилласан 29 сарын хугацаагаар ажлын хөлсийг тооцож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...алдангийн 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2275 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.15-ны өдөр төлсөн 375,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                 Н.БАЯРМАА

                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                 Х.ЭРДЭНЭСУВД