Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0331

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0331

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г***** ХХК /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц*****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.А**********

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э*******

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц**** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А***** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э****, нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргаан үйл баримтын тухайд:

1.1. Нэхэмжлэгч Г***** ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан.

1.2. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9** дугаар шийдвэрээр Д**** аймгийн Б***** сумын нутаг Зүүн хошуу нэртэй 2631.33 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-01****тоот тусгай зөвшөөрлийг ГХХК-д олгож, мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7** дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01****тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

1.3. Гэрч: Г***** ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 03*** тоот албан бичгээр гаргасан гомдолд Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1**** тоот албан бичгээр мөн ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

            2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г***** ХХК нь Д**** аймгийн Б***** сумын нутаг дэвсгэрт Зүүн хошуу нэртэй газарт байдаг ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан болно. Г**** ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эмшигч иргэн Г.Н**** компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ялангуяа компанийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах чиглэлээр холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн бүхий л үүргийг хүлээн ажилладаг байсан.

Дээрх ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрөл 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон байдаг ба компанийн хувьцаа эзэмшигчийн хурлаар хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Г.Н**** гийн хариуцлагагүй үйлдлээс болж, компанийн гол хөрөнгө XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон хариуцлагын асуудал хөндөгдөж, ирээдүйд олох ногдол ашгаас суутгах тухай яригдахад, тухайн үед Г.Н**** нь Татварын ерөнхий хуулийн 6.1.41 хүндэтгэн үзэх шалтгаан гэж: 6.1.41.а эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан буюу ковид-19 өвчнөөр хүнд өвдсөний улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргах ямар ч боломжгүй байсан талаарх нотлох баримтыг үзүүлдэг.

Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосонд гомдолтой байгаа тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргахад тус агентлагийн дарга Х.Х*****, Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга хүлээж аваагүй.

Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн өөрчлөлтөөр 4.1.2."аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг" гэж өөрчилсөн ба иргэн, хуулийн этгээд нь дээрх нөхцөл байдал тохиолдвол хөнгөлөлт эдлэх боломжийг хуулиар олгожээ. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх боломжтой байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28 цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх, 7.1.29 төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах гэж тус тус заасныг Ашигт малтмал, газрын тосны газар огт хэрэгжүүлээгүй.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал Г.Н*** ганцаараа ковид-19 вирусээр өвдөөгүй. ГСМ**** ХХК-ийн дийлэнх хувьцааг эзэмшигч, толгой компани болох У**** ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б***** мөн гэр бүлийн гишүүдийн хамт ковид-19 халдварт өвчнөөр өвдсөн ба ашигт малтмалын хайгуулын ХV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар гаргах гэтэл e-mongolia-д Ашигт малтмал, газрын тосны газрын нэг ч бүртгэл байхгүй байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад заавал биечлэн гарга гэсэн утгагүй тайлбар хэлсэн.

Одоо ч гэсэн цар тахалтай байхад Ашигт малтмал, газрын тосны газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийг биечлэн гаргуулж, гардаж аваад байгааг ойлгохгүй байна.

Хариуцагч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална, 5.1.2 шуурхай, ил тод, хариуцлагатай байх; зарчмыг хэрэгжүүлж ажиллахгүй манай компанийн гол хөрөнгө болсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгож, манай компанийн эдийн бус хөрөнгөд туйлын сөрөг нөлөө үзүүлсэнд гомдолтой байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй гэж заасан байдаг. Тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирал Г.Н**** болон хувьцаа эзэмшигч толгой компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Н. Б**** нар нь Ковид-19 вирусээр өвчилж компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй хүндэтгэн үзэх байсаар байхад Ашигт малтмал газрын тосны газрын, Геологи, уул уурхай кадастрын хэлтэс ойлгож, хүлээн авахгүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийг зөрчин, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосонд гомдолтой байна.

Г***** ХХК нь Д**** аймгийн Баянтуул сумын зүүн хошуу гэх нэртэй газар ашигт малтмалын хайгуулын ХV-01****дугаартай тусгай зөвшөөрлийг 2013 оноос хойш сунгалт хийгээд эзэмшиж байсан. Нэхэмжлэгч компани нь ХV-01****тоот дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 7 дах жилдээ сунгалт хийлгэх өргөдлийг 2021 оны 10 сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд өгөх ёстой байсан. Тус хугацаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Х.Наранхүү нь 2021 оны 10 сарын 14-ны өдрөөс 2021 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй н.Б***** нь 2021 оны 10 сарын 26-ны өдрөөс 11 сарын 12 хүртэл хугацаанд корона вирус халдварт өвчин туссаны улмаас хэвтэн эмчлүүлж хөл хорионд орно өвчний улмаас чөлөөтэй байгаа талаар баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч компанийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд корона вирус халдварт өвчнөөр өвчилж Эрүүл мэндийн сайдын А/3** дугаар тоот тушаалын хавсралтаар баталсан шинэ корона вирус халдварын оношилгоо эмчилгээний төвийн журмын дагуу тусгаарлалтаас гарах шалгуур нь Ковид-19 хүндэрч шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрч мөн 3 хоногийн турш халуураагүй болон бусад шинж тэмдэг сайжирсан гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг хугацаандаа гардаж өгөх боломжгүй байсан.

 

Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах тухай тогтоолын улмаас манай байгууллагын үйл ажиллагаа түр зогссон буюу удирдах эрх бүхий албан тушаалтан корона вирус өвчнөөр хүндээр тусч эмчилгээ хийгдэж байсан учраас өргөдлөө гаргах боломжгүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгүүлэх өргөдлийг өгөх боломжгүй байсан бөгөөд энэ нөхцөл байдал нь давтагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. 2021 оны 11 сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга н.Х*** д тус тус хүсэлтээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь 2021 оны 11 сарын 05-ны өдрөөс Ашигт малтмалын газрын сайтын бүртгэлээс хасагдсан байна. Тус компанийн удирдлага эрх бүхий албан тушаалтан нь ковид 19 халдвар авч өвчин хүндэрч хөл хорионд орж ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тусгай зөвшөөрөл сунгалт хийх өдөр цаг хугацааны хувьд давхцаж давагдашгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар давагдашгүй хүчин чадал үүсэж компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, сунгалт хийх өргөдөл буюу эрх бүхий албан тушаалтан өвчтэй байгааг харгалзан үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлнэ тооцож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хариуцагч байгууллага хүлээж авахгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ГХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-01****тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч компанийн ХV-01****дугаартай ашиглалтын хайгуулын лиценз дуусах хугацаа нь 11 сарын 05-ны өдөр хугацаа дууссан. Хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгах хүсэлтээ өгч чадаагүй талаараа 11 сарын 12-ны өдөр сунгах хүсэлтээ хүргүүлсэн. Ингэхдээ эмнэлгийн баримт мөн өвчин туссан тухай холбогдох баримтуудыг бүгдийн хуулийн дагуу гаргаж өгсөн. Гэтэл 11 сарын 05-ны өдрөөс өмнө сунгалтаа өгөөгүй байна гэдэг хариунууд ирсэн. 11 сарын 05-аас өмнө хүсэлтээ өгөөгүй талаар хүлээн зөвшөөрч байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас хугацаандаа өгч чадаагүй талаар удаа дараа илэрхийлж байна. Захиргааны байгууллагаас хууль зүйн үндэслэлтэй хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдааны явцад яг яагаад манай хүндэтгэн үзэх баримтыг хүлээж авч үзэхгүй байгаа талаар асуултыг тавихад хугацаандаа өгөөгүй гэж хариулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаарх гэрчилгээ олгогдог. Гэрчилгээг Худалдаа аж үйлдвэрийн танхимд хуульд заасны дагуу баримтуудыг бүрдүүлж гэрчилгээг авсан. Авагдаж байгаа хугацааны хувьд 10 сарын 14-ны өдрөөс 11 сарын 15-ны хооронд авсан байгаа. Гэтэл хууль зүйн хувьд 10 сарын 05-ны өдрөөс өмнө өгөх ёстой гэсэн ойлголт гарч байна. Ер нь дуусахаас 1 сарын өмнө гэдгийг тухайн сар хугацаандаа орж тооцох ёстой гэдэг байр суурьтай байна. Тийм учраас хуулийн дагуу пост мажор системийг тодорхойлох эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр бичээс юм. Улмаар манай байгууллагад олгосон учраас давагдашгүй хүчин чадал бий болсон талаар мэргэжлийн байгууллагаар тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаан болох юм. Улмаар хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож өргөдлийг хүлээн авч бүртгэж холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын тухайд:

3.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эаас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д**** аймгийн Б***** сумын нутагт байрлах Зүүн хошуу нэртэй газарт орших 2631.33 гектар талбайд анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9** дугаар шийдвэрээр ГСМ**** ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 05- ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосныг Кадастрын бүртгэлийн УУККС-д бүртгэсэн байна.

Улмаар ГСМ**** ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- 01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг EX-00**** дугаарт бүртгэн хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7** дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэрийн дагуу

мэдэгдэл хүргүүлэх 7**** тоотоор аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Хуулийн дээрх шаардлагын дагуу ГСМ**** ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан байна.

"Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж ГСМ**** ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн

6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасан.

Гэтэл ГСМ**** ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын

хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 11 дүгээр сарын 05/ өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө, хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсгийн 7.2.7-д ашигт

малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр нь Монгол Улсын татварын төрөлд хамаардаг болно. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйл ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 6.1.41, 6.1.41.а. хэсэгт хамааруулж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзсэн нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 6.1.41, 6.1,41.а. хэсэгт заасныг баримтлан маргах боломжтой болохоос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд, хуулийн шаардлага хангуулан төрийн захиргааны байгууллагад гаргаагүй буруутай үйл баримтыг дээрх зүйл заалттай холбон тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

ГСМ**** ХХК нь анх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 02/12 тоотоор сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж

чадаагүй тул сунгаж өгөхийг хүссэн албан бичиг /хугацаа сунгуулах тухай өргөдөл, холбогдох баримтуудыг хавсаргаагүй/ ирүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 8/5212 тоотоор Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамтаар гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байгааг мэдэгдсэн байна. Уг хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03*** тоот албан хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт ирүүлсэн байх бөгөөд хариуг 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 1**** тоотоор хүргүүлсэн байна.

Энэ бүхнээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 11 дүгээр сарын 05/ өдрөөс өмнө ямар нэгэн хүсэлт, хуульд заасан өргөдөл материал ирүүлж байгаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах нь хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ГСМ**** ХХК нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно... тодорхойлсон байгаагаас үзвэл ГСМ**** ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-01****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байхад түүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор байна. Гэтэл "ГСМ**** ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- 01****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө АМТХ- ийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Дээрх үйл баримтаас үзэхэд АМГТГ-ын ГУУКХэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

... Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсгийн 7.2.7-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр нь Монгол Улсын татварын төрөлд хамаардаг болно. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйл ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 6.1.41, 6.1.41.а. хэсэгт хамааруулж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзсэн нөхцөлд Татварын ерөнхий хуулийн 6.1.41, 6.1.41.а. хэсэгт заасныг баримтлан маргах боломжтой болохоос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд, хуулийн шаардлага хангуулан төрийн захиргааны байгууллагад гаргаагүй буруутай үйл баримтыг дээрх зүйл заалттай холбон тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг бол аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр тусгай эрх эдэлж тусгай үүрэг хүлээдэг этгээд юм. Энэ агуулгаар нэхэмжлэгч компани бусад аж ахуйн нэгжээс тусгай эрх эдэлж тусгай үүрэг хүлээж байгаа. Үүний дагуу хүлээх хариуцлага нь арай өөр зохицуулалттай юм. Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй. Хуулийн энэ шаардлагыг бүрэн биелүүлж тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлыг хангаж ажиллахаа мэдэгдэж нэхэмжлэгч компани нь 2015 оны 11 сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан талаарх нотолгоо гэж шүүхэд хариу тайлбартаа хавсаргаж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь анх олгогдсоноос эхлээд 3 жилийн хугацаанд 3 удаа нийтдээ 12 жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагааг бүрэн хийж ашиглалтын тусгай зөвшөөрлийн ажиллагаа явагдана. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч өнөөдөр болохоор танайх дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргаж байгаа. Энэ талаар шүүхэд өмнө өгсөн 2 бичгийн хариу тайлбараар хангалттай тайлбар өгсөн байгаа. Г ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө өргөдлөө гаргахгүй юмаа гэхэд албан бичиг хүсэлт нэг ч удаа ирүүлээгүй байгаа талаар шүүхэд цугларсан нотлох баримтуудаар харагдана. 11 сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон. Дуусгавар болсны дараа 11 сарын 12-ны өдөр кадастрын хэлтэст хүсэлт гаргахдаа 4 баримтыг хавсаргаж байдаг. Үүн дээр хугацаа сунгах өргөдөлтэй холбоотой ямар ч материал байхгүй. Хуулийн өөр нэг зохицуулалт нь хариуцагч байгууллагын эрхийг зохицуулсан байдаг. Зохицуулалтын хүрээнд хуулийн хугацаанд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдлөө гаргаагүй аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болгох үүрэгтэй. Хууль зүйн зохицуулалтынхаа дагуу кадастрын хэлтсийн дарга дуусгавар болох бүртгэлийг хийлгэсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасан. Энэ бүх хууль зүйн үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгч компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан нөхцөл шаардлага бүрдээгүй юм. Өргөдлөө хуулийн хугацаанд гаргасан эсвэл орхигдуулсан байхыг орхино. Улмаар хугацаандаа өргөдлөө гаргаж ирүүлээгүй. Хуулийн хугацаандаа өргөдлөө гаргаагүй талаар бүрэн тогтоогдож байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн ямар ч боломж байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

1. Г****** ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдууланАшигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ковид-19 өвчнөөр өвдсөний улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан байхад хүсэлтийг хүлээж аваагүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тухайдаа маргаагүй.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтаар,

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9** дугаар шийдвэрээр Д**** аймгийн Б***** сумын нутаг Зүүн хошуу нэртэй 2631.33 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-01****тоот тусгай зөвшөөрлийг ГХХК-д олгож, мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7** дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01****тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан,

3.2. ГХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 02/21 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтэст хандаж гаргасан ... ковид 19 өвчин туссан нь тусгай зөвшөөрлийн сунгалт хийх өдөртэй цаг хугацааны хувьд давхцсаныг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцож, сунгах агуулга бүхий хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/5212 албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн,

3.3. Г****** ХХК нь XV-01****тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 5,723,143 төгрөгийг төлсөн,

3.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Н.Б***** нь нь Ковид19 өвчнөөр өвдсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 14-өөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд үүсгэн байгуулагч Г.Н**** нь 2021 оны 10 дугаар сарын 04-өөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд, Г.Н**** гийн гэр бүлийн хүн болох Б.Т***** нь 2021 оны 10 дугаар сарын 16-өөс 26-ны өдрийг хүртлэх хугацаанд тус тус тусгаарлагдан эмчлүүлсэн,

3.5. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмал газрын тосны газар болон тус газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтэст хандаж гаргасан хүсэлт, гомдлууддаа дээрх өвчний учир тусгаарлагдан эмчлэгдэж байсан шалтгааныг дурьдаж, холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

4. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж хүсэлтийг хүлээж аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх гэж, 4.2.5-д ... бодит нөхцөл байдалд тохирсон ... байх гэж заасан зарчмуудад нийцэхгүй байна.

5. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т "хүндэтгэн үзэх шалтгаан, 6.1.41. а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа заасан ба Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал-ыг ойлгохоор тайлбарлажээ.

6. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий этгээдүүд нь ковид-19 өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, тусгаарлалтанд байсан болох нь эмнэлэгийн магадлагаагаар тогтоогдсон, энэ тухайгаа хариуцагч байгууллагад гаргасан хүсэлтдээ дурьдаж холбогдох баримтыг хавсаргасан байхад хариуцагч нь уг хүсэлтийг хүлээж аваагүй нь захиргааны үйл ажиллагааны дээр дурьдсан зарчмыг хэрэгжүүлэхээс татгалзсан, бодит нөхцөл байдалд тохироогүй, түүнчлэн хуульд үндэслээгүй/хуульд заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан/ хууль бус эс үйлдэхүй байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан боловч уг хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй, харин хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Татварын ерөнхий хуульд заасан, Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байхад хариуцагч нь нарийвчилсан зохицуулалттай хуулиар зохицуулаагүй харилцааг ерөнхийлөн зохицуулсан хуулийн зохицуулалтаар тайлбарлаж хэрэглэхээс татгалзсан гэж үзэхээр байх тул Ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... эс үйлдэхүй тогтоогдохгүй, ... Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны талаарх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

8. Түүнчлэн Монголын худалдаа, үйлдвэрийн танхимийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/191 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-нд ГХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б***** нь 2021 оны 10 дугаар сарын 14-өөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл короноьирусын халдварын улмаас чөлөөтэй байсан болох нь эмнэлэгийн магадлагаагаар тогтоогдож байна. ... дээр дурьдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээ олгож байна гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Г******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох баримтуудаа гаргах ёстой байсан, манай байгууллагад ирүүлсэн хүсэлтдээ хугацаа сунгуулах материалуудаа хавсаргаагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч талаас үгүйсгэж маргаагүй, харин бид анхнаасаа хуульд заасан хугацаа хэтэрсэн болохыг хүлээн зөвшөөрч хүсэлтдээ баримтуудаа хавсаргаагүй, харин хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэх талаарх хүсэлт гаргасан байхад хүлээж аваагүй гэж тайлбарласан. Энэ тохиолдолд буюу нэхэмжлэгч талаас хуульд заасан хугацаа хэтэрсэн болхоыг хүлээн зөвшөөрч байгаа болон Г********** ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхийг урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд хүсэлтдээ хугацаа сунгуулахтай холбоотой хуульд заасан баримтуудыг хавсаргаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41-ийн а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-01****тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ