| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-02-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
2024 02 16 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа /томилолтоор/,
Хохирогч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Э,
Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Г-Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн 2303007440559 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн МөнхХсуманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн .............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж, ................... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг, Цагдаагийн гудамж 9 дүгээр дэлгүүрийн урд замд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18:20 цагийн орчим “Х” маркийн ...-... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2303007440559 дугаартай хэрэгт авагдсан;
Хохирогч Ц.Хын өгсөн: "...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хувиараа вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Цагдаагийн гудамжны 9 дүгээр дэлгүүрийн урд замд тоног төхөөрөмж ачаад зогсож байсан чинь “Х” маркийн ...-... УБЕ улсын дугаартай автомашины жолооч ардаас ирж мөргөж биед гэмтэл учруулсан. ...эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин мөнгийг нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Б-ын өгсөн: "...Би "Х" маркийн ..-... УБЕ улсын дугаартай автомашиныг 2019 онд өөрийн нэр дээр худалдан авсан 2022 оны 4 сард бусдад худалдсан бөгөөд одоо надад хамаагүй. Автомашинтай холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...Миний эзэмшлийн машин биш учраас бусад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй жолооч өөрөө хариуцна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 27/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өгсөн: "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Х нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48 000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10486 дугаартай: "...Ц.Хын биед баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08- ны өдрийн 3356524 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...зүүн болон баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч. ...стандартын шаардлага хангахгүй байна." гэх /хх-ийн 47-53/,
"Бодит үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: "...Хонда Акти загварын ..-... УАЕ улсын дугаартай автомашинд нийт 755 000 төгрөгийн хохирол учирсан." гэх /хх-ийн 59/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 11781 дугаартай магадлагаа: "Жолооч Б.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч Ц.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна." гэх /хх-ийн 65/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 15/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 3/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл заавал хуульд заасан хохирол хор учирч төгсдөг. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй. Энэ зөрчлийн улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд зөрчил, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Ж-ын Сүхбаатар дүүргийн 11 дугаар хорооны нутаг, Цагдаагийн гудамж 9 дүгээр дэлгүүрийн урд замд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд “Х” маркийн ..-... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч Ц.Хыг мөргөж эрүүл мэндэд нь баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хын эрүүл мэндэд "баруун хөлийн дунд чөмөгний гандан хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн тохойд зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.Х нь вакум цонхны үйлдвэр хувиараа ажиллуулдаг бөгөөд гэмт хэргийн улмаас ажлаа хийгээгүй тул,
өвчтэй байсан 3 сар 15 хоногийн олох ёстой байсан орлого 6 634 639 х 3 сар 15 хоног = 23 221 236 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 700 000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 22 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр 14 225 000 төгрөг, хавтаст хэрэгт эмчилгээний зардал 1 342 700 төгрөг нэхэмжилсэн.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас эрүүл мэндэд учирсан хохирол 704 000 төгрөг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, олох байсан орлого 23 221 236 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хохирогчийн шүүх хуралдаанд ирүүлсэн түүний эзэмшлийн Х банкны дэлгэрэнгүй хуулгаас тодорхой хэмжээний орлого олдог байсан болох нь тогтоогдсон гэж үзэн хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид төлсөн 10 000 000 төгрөгийг хасаж олох байсан орлого 13 221 236 төгрөг, хохирогч Ц.Х-ын сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1, 2.2, тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр гуравдугаар зэрэглэлээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгийг тус тус хангаж шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ц.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт "Миний бие энэ гэмт хэргийн улмаас эмнэлэгт 7 хоног хэвтэж, 1 сар гаруй хугацаанд хэвтэрт байсан. Хөл хугарсаны улмаас төмөр хадуулсан 2 жилийн дараа авхуулна." гэж мэдүүлсэн тул хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал гэх 704 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд 48 000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд 638 520 төгрөг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлөхөөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, вакум цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, ах, хоёр дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ............................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 68-70/ зэрэг авагджээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Ж-д гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч дараах үндэслэлээр улсын яллагчийн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирлоос нөхөн төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-аас нийт 18 721 000 /арван найман сая долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүрэг, ............. тоотод оршин суух хохирогч Ц.Х /РД:...................../-т олгосугай.
6.Хохирогч Ц.Х нь хэлэлцээгүй орхисон эмчилгээний зардал гэх 704 300 /долоон зуун дөрвөн мянга гурванх зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд 48 000 төгрөг, хохирогчийн эмчилгээний зардалд 638 520 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ