Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

       2024         02          16                                          2024/ШЦТ/166

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

Хохирогч П.Х, түүний өмгөөлөгч П.Г,

Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Нт холбогдох эрүүгийн 2303007680584 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс ...., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн суралцагч, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн нарын хамт Хан-Уул дүүргийн ................................ ............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.Н, ................регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн урд 64 дүгээр дэлгүүрийн зүүн талын замд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22:50 цагийн орчим "Toyota Prius-30" маркийн ...-... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино," мөн дүрмийн 10.3. "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө:" мөн дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч П.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2303007680584 дугаартай хэрэгт авагдсан;

 

Хохирогч П.Хын өгсөн: "2023 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хот түгжрэл болсон тухайн үед гэр бүлийн хүн болох Г хүлээж байгаад ажил дээр ажил их байсан учраас орой 21 цаг өнгөрөөд 22 цагийн орчим ажлаасаа гараад алхаад явж байгаад хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн автобус буудал тэнд алхаж явсан. Гэр бүлийн хүн болох Г залгаад чи СU рүү ороод хүлээж байх уу би очиж байна гэсэн. Тэгэхээр нь би автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун талд байрлах CU руу оръё гээд явган хүний гарцаар нэг хоёр алхаж байсан тэгтэл яахын ийхийн зуургүй машин ирээд маш хүчтэй мөргөөд унасан. Зогсоож чадахгүй байсан... Түргэн тусламж ирээд хэвтүүлээд түлэнхийн төвд авчирсан. Ар гэрийнхэн удаагүй ирээд үзлэг хийлгээд эмч тухайн ослын гэмтэл одоо илрэхгүй. 1-2 хоног хэвтрийн дэглэм сахи гэж хэлсэн. MRI болон томографик хийлгээрэй гэж хэлсэн. Баруун гар даагдахгүй нуруу өвдөөд толгой эргээд бөөлжис хүрээд хэвтэрт байсан. ...Хохирлоо бүрэн барагдуулахад анхаарч өгвөл биеэ эрүүл болгомоор байна." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14305 дугаартай дүгнэлт: "1.П.Хын биед баруун атгаал ясны далд хугарал, корокойд сэртэн-атгаал хоорондын холбоосны суналт, тархи доргилт, баруун мөрний үе, баруун шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх /хх-ийн 38-39/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1296 дугаартай: "...Toyota Prius маркийн ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.3.Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө: мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна:, 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино: гэсэн заалтуудыг тус тус зөрсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна." гэх магадалгаа /хх-ийн 60-61/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 16/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг хийсэн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл заавал хуульд заасан хохирол хор учирч төгсдөг. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй. Энэ зөрчлийн улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд зөрчил, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

 

Шүүгдэгч М.Нын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн урд 64 дүгээр дэлгүүрийн зүүн талын замд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цаг 50 минутын орчимд "Toyota Prius-30" маркийн ...-.... БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч П.Хыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд "баруун атгаал ясны далд хугарал, корокойд сэртэн-атгаал хоорондын холбоосны суналт, тархи доргилт, баруун мөрний үе, баруун шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад баримтаар хохирогч Д.Х нь 1 083 000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэгт багтсан гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр тус тус  нэхэмжилсэн.

Хохирогч Д.Х-ын сэтгэцэд учирсан хор уршгийг  Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1, 2.2, тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр гуравдугаар зэрэглэлээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөг, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 1 083 000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт "Гэмт хэргийн улмаас толгой, нуруу, нугас өвдөж, даралт 200 хүрч байгаа. Өнөөдрийг хүртэл өвчин намдаах эм ууж байгаа. Баримтаар өгсөн 1 083 000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тус тус гаргуулах. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа." гэж мэдүүлсэн тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

                    

Улсын яллагч шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлөхөөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.Н нь ..... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн суралцагч, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн нарын хамт Хан-Уул дүүргийн .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 85-91/ зэрэг авагджээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан боловч дараах үндэслэлээр улсын яллагчийн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй, орлого олдог талаар баримт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан гэмт хэрэг  үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэх эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үндэслэн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Хохирогчийн өмгөөлөгч Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай гарсан, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй маргаагүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана." гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн 2303007680584 дугаартай хэрэгт дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ноос 6 583 000 /зургаан сая таван зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн ........................ тоотод оршин суух хохирогч Д.Х /РД:.............................../-т олгосугай.

 

             6.Хохирогч П.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

             7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ