| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/00481/И |
| Дугаар | 146/ШШ2020/00494 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 146/ШШ2020/00494
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* багт оршин суух, Монгол овгийн Энхтогтохын Даваасамбуу /РД: ЙБ98120711/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, ********* тоотод оршин суух, Жаргалсайханы Даш-Өлзий /РД: ЙБ94072910/-д холбогдох
2,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Даваасамбуу, хариуцагч Ж.Даш-Өлзий, гэрч Х.Мөнхзул, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Даваасамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2017 онд Хархорин сумын иргэн Х.Мөнхзул гэдэг хүнээс 27-04 УНС улсын дугаартай цагаан өнгийн Портер автомашиныг 4,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би автомашиныг худалдаж аваад 200,000 төгрөгөнд өндөрлөгөө хийлгээд 2018 оны 03 дугаар сард тухайн автомашиныг Ж.Даш-Өлзий гэж хүнд 5,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож наймаа хийсэн. Би автомашинаа зарчихаад Ж.Даш-Өлзийгөөс 1,200,000 төгрөгөнд улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл авсан. Би 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд явж 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 дүгээр ээлжээр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд үлдсэн мөнгөө Ж.Даш-Өлзийгөөс авах гэтэл мөнгөний боломж байхгүй байна гээд Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл 1,500,000 төгрөгөнд бодож авсан. Би тухайн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Х.Мөнхзул гэж хүний нэр дээр байгаа. Би хариуцагч Ж.Даш-Өлзийгөөс 2,700,000 төгрөгийг авсан.
Одоо хариуцагч Ж.Даш-Өлзийгөөс Портер автомашины үлдэгдэл мөнгө 2,300,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ж.Даш-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 03 дугаар сард Э.Даваасамбуугаас Портер автомашиныг 4,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон үүнээс аккумляторын үнэ 200,000 төгрөгийг хасч тухайн машиныг 3,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Би 1,600,000 төгрөгөнд бодож улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль Э.Даваасамбууд өгсөн. Э.Даваасамбууг 2,000,000 төгрөг авах гээд ирэхээр нь мөнгөний боломжгүй байсан учраас 2,000,000 төгрөгөнд бодож Улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл өгсөн. Портер автомашиныг худалдаж авахад ойр зуурын хийх юм ихтэй байсан. Би одоо Э.Даваасамбууд 200,000 төгрөг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Даваасамбуу нь хариуцагч Ж.Даш-Өлзийд холбогдуулан 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... Би портер автомашинаа Ж.Даш-Өлзийд 5,000,000 төгрөгөнд зарахаар тохиролцож 2,700,000 төгрөгийг нь авсан, одоо үлдэгдэл 2,300,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Э.Даваасамбуу болон хариуцагч Ж.Даш-Өлзий нар нь 2018 оны 03 дугаар сард портер машиныг 5,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар амаар тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан гэрч Д.Баасандорж, Х.Мөнхзул нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар худалдагч нь машиныг хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь машиныг хүлээн авсан талаар маргаагүй, хэлцлийн дагуу машины хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ж.Даш-Өлзийгөөс 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Даваасамбууд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ж.Даш-Өлзий нь шүүх хуралдаанд Портер автомашиныг 4,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон үүнээс аккумляторын үнэ 200,000 төгрөгийг хасч тухайн машиныг 3,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Би одоо Э.Даваасамбууд 200,000 төгрөг төлнө гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасны дагуу нотлоогүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 51,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид төлсөн 51,750 төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Даш-Өлзийгөөс 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Даваасамбууд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Даш-Өлзийгөөс 51,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Даваасамбууд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид төлсөн 51,750 төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН