| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хорих ялаар, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. РД: /*******/
Шүүгдэгч ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 07-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний тоотод архи ууж согтуурсан үедээ хамтран амьдрагч Г.******* хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн тамхины цогоор түлэх, тоосгоор толгой тус газар цохих зэргээр удаа дараа зодож түүний биед зүүн зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, цээжний гол хэсэгт түлэгдсэн шарх, баруун зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дал, зүүн гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохойнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсний тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч Г.******* хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, тамхины цогоор түлэх, тоосгоор толгой тус газар цохих зэргээр удаа дараа зодож түүний биед “зүүн зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, цээжний гол хэсэгт түлэгдсэн шарх, баруун зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дал, зүүн гуя, шилбэ, баруун гуянд цус хуралт, баруун тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г. “...2023 оны 06 сарын 07-ны орой Д.******* нь 19 цагийн үед намайг гэртээ ганцаараа байхад маань архи уусан байдалтай над руу залгаад “гэрт байгаа архи аваад гэрт аваад ирээ” гэж хэлсэн. ... би түүний гэрт үлдээсэн архийг аваад оршин суух Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын хороололд байрлах гэрт нь ороход , ******* нар байж байсан. Улмаар би архийг өгчхөөд явах гэтэл ******* “хамт явъя” гээд байсан. ... ******* нь тухайн архинаас хэдэн хундагыг уугаад надтай хамт гэр лүүгээ явсан. Гэрт ирээд үлдсэн архиа ганцаараа уугаад суусан. 21 цагийн үед манай хамаатны ах фейсбүүкээр над руу залгаад надтай ярьж байтал ******* хардаад над руу дайрч эхэлсэн. ... би гэрээсээ гараад зугтаасан. Улмаар түүнийг тойрч зугтааж байгаад гэртээ ороод хаалгаа түгжтэл тэрээр хаалганы цоожийг угз татаж дотогш орж ирсэн. Тэгэхээр би хаалгаар зөрөөд зугтаах гэтэл хаалганы ойролцоо байсан тоосгыг гартаа бариад миний толгойн тус газарт нэг удаа цохисон. Миний толгой хагарсан бөгөөд би тухайн хашаанд байдаг төрсөн дүү гэр рүү ороход , нөхөр хамтаар байж байсан. ... 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсны тоот хашааны гадна талд намайг ажилд орох гээд байна гэж бусадтай хардаад гараараа миний нүүр хэсэгт 2 удаа цохиж, татаж байсан тамхиа цээжин хэсэг дээр унтраасан юм аа. Тухайн асуудлын улмаас миний нүүр ам хөхөрч, цээж хэсэг шалбарч, хамаг бие хөндүүр байна. Мөн ******* нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсны тоотод байрлах гэртээ надтай хамт байж байхдаа гэнэт л хардаад миний нүүрэн тус газарт маань алгадаад авсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 тал/
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г. өгсөн:“... Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 07-ны орой 21-22 цагийн үед манай эгч нүүр ам хөхөрч хавдсан, толгойноос нь цус гарсан байдалтай орилж чарлаад манай гэрт орж ирсэн. Улмаар юу болсон талаар асуухад ******* нь дөнгөж сая миний толгойг тосгоор цохисон. Мөн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсны тоот хашааны гадна талд хардалтаас болоод миний нүүр лүү гараараа хэд хэд цохиод татаж байсан тамхиа цээжин дээр унтраасан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсны тоотод гэртээ байж байхдаа гэнэт л намайг хардаад алгадаад авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Х.: “... Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байх үед манай эхнэр эгч нүүр ам нь хөхөрч хавдсан, толгойноос нь цус гарсан байдалтай орилж чарлаад манай гэрт орж ирсэн. ... юу болсон талаар асуухад “******* нь дөнгөж сая миний толгойг тосгоор цохисон. Мөн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 дүгээр баг Хивсны тоот хашааны гадна талд хардалтаас болоод миний нүүр рүү гараараа хэд хэд цохиод тамхиа цээжин дээр унтраасан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сумын 11 дүгээр баг Хивсны тоотод гэртээ байж байхдаа гэнэт л намайг хардаад алгадаад авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 352 тоот дүгнэлтэд: “...
1. Г. биед зүүн зулайн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх, цээжний гол хэсэгт түлэгдсэн шарх, баруун зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн дал, зүүн гуя, шилбэ, баруун гуяанд цус хуралт, баруун тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Зүүн зулайн хуйхны шарх нь 2023.06.07-ны өдөр, цээжний гол хэсгийн түлэгдсэн шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь 3 хоногийн дотор үүсэн байх боломжтой шинэ гэмтлүүд, баруун, зүүн дал, зүүн гуя, шилбэ, баруун гуяанд цус хуралт, баруун тохойнд злгаралт нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Д. үйлдлийн улмаас хохирогч Г. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1,000,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.******* прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ