| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2020/00468/И |
| Дугаар | 146/ШШ2020/00512 |
| Огноо | 2020-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2020/00512
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг, ********* тоотод оршин суух, ************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, ********** оршин суух, ***********д холбогдох
95,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дашмаа, нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дашмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Таравчамба нь 2020 оны 06 дугаар сарын эхээр 95,000 төгрөг хэрэгтэй байна, олоод өгөөч гэж надаас гуйсан. Би мөнгийг олж өгсөн. Тухайн үед мөнгийг удаахгүй өгнө гэсэн. Наадмын үеэр уулзахад хөдөө явж хонь авчирч өгье гэхэд нь зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 23-ныг хүртэл хүлээсэн. Энэ өдөр уулзаж акт үйлдэж тохиролцсон ёсоор 2020 оны 09 дүгээр сарын 02-нд тэтгэвэрээ авч өгөхөөр болсон. Гэвч мөнгөө өгөхгүй байгаа учир хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Иймд С.Таравчамбаас 95,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дашмаа нь хариуцагч С.Таравчамбад холбогдуулан 95,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... С.Таравчамбаас 95,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Шүүхээс хариуцагч С.Таравчамбад 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг гаргаж өгөөгүй байна.
Зохигч талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С.Таравчамба миний бие 95,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. 95,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгнө гэж байгуулсан гэрээ /хх 2 хуудас/ нь харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгч нь 95,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Гэтэл хариуцагч нь 95,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Нэгэнт зээлдүүлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагч тал 95,000 төгрөгийг төлөх үүргээ заавал биелүүлэх ёстой болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Таравчамбаас 95,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дашмаад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Хариуцагч С.Таравчамбад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хаягаар нь мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газраасаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн, эсхүл сум, баг, хорооны засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна, мөн хуулийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6 дахь хэсэгт заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заажээ.
Хариуцагч С.Таравчамба нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж,
Энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Таравчамбаас 95,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дашмаад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Таравчамбаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дашмаа олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажид төлсөн 4,550 төгрөгийг орон нутгийн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН