| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн техникч, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Маршал хотхоны ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 852 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 91А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 264 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 33 хоногийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэгдэж байсан, Хатигин овогт ******* *******. /РД: *******/
Шүүгдэгч овогт ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 12 сарын 02-ны өдөр шөнийн 22-23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадна хохирогч Ц.******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож Ц. биед баруун хөлийн шагайн гадна хавчаар яс, тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Парис баарны гадна гэдэг найзын хамт ирсэн. Тухайн үед бид хоёр Зангиат хороололд найзындаа пиво уучихаад такси бариад Парис баарны гадна очсон юм. Парис баар руу очиход үүдэнд нь зүс таних *******тай таарсан. *******тай юм яриад эргээд гадагш гарсан. , ******* хоёр, хоёр биеээ сайн мэддэг юм шиг байсан бөгөөд би хажуугаас нь мэндлээд гар барихад ******* нь надтай зандрангуй өнгөөр юм ярихаар нь би “чи надтай яаж яриад байгаа юм бэ” гээд маргаан үүсгэсэн. Өөдөөс ******* нь “би чамтай яаж ч ярьсан яахав дээ, хоёулаа хойш гараад уулзчих юм уу” гээд намайг дагуулаад Парис баарны хойд талд очоод үгийн зөрүүгүй заамдаж аваад доош татаж унагаасан. Улмаар босч ирэхэд миний нүүрэн тус газарт гараагаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгсэн миний цамцны захаас татаж өөр рүүгээ ойртуулаад намайг мөргөсөн. Энэ үед би газарт унасан. Тэр үед нь би дээрээс зодох гэж байна гэж бодоод хөлөө нугалж атийхад дээрээс дэвссэн. Энэ үед хөл рүү дэвссэн юм шиг байгаа юм. Дэвсэхээ болихоор нь босох гэхэд босч гишгэж чадахгүй эргээд унасан. ... хөл хугарсан юм шиг байхаар нь утсаа гаргаж ирээд эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. ... Тухайн үед би цагдаад мэдэгдээд байхад ******* нь ирээд “хоёулаа тохиролцчихъё, чи гомдолгүй гээд хэлчих” гээд гуйгаад байхаар нь би хөл хугарсан талаар мэдэгдээгүй, мөн шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Тэгсэн ******* нь надад эмчилгээний мөнгө өгнө гэж хэлээд дахиж холбогдохгүй алга болсон. Би эмчилгээ хийлгэж эмнэлэгт 8-9 хоног хэвтсэн. Энэ үед ор хоногийн мөнгө гэж 300,000 гаран төгрөг төлсөн. Үүнийгээ нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн мөнгөн дүнтэй холбоотой баримтаа цуглуулж чадаагүй. Тодорхой хэмжээний мөнгө гарсан байгаа. Баримтгүй ч гэсэн нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж, үүнээс ******* нь 500,000 төгрөг өгсөн. ... Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,28тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 59 тоот дүгнэлтэд:
1. Ц. биед баруун хөлийн шагайн гадна хавчаар яс, тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус бүртээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэжээ. /хх-ийн 35-37 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38х/
- Л.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 12 сарын 02-ны өдөр шөнийн 22-23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадна хохирогч Ц.******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар зодож Ц. биед “баруун хөлийн шагайн гадна хавчаар яс, тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхын үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцоно, шүүгдэгчид гомдолтой байна, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэж байна” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн боловч шүүхэд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдын эрүүл мэндэд учирсан хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******аас сэтгэцэд учирсан хор уршигт 7,150,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Л.*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 7,150,000 /долоон сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын тоотод оршин суух, хохирогч Ц. //-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ