| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0052/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 43
М.Ө-д холбогдох
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0052/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Уянга
Шүүгдэгч М.Ө-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой, М-ын Ө-д холбогдох, 1918007720582 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт М-ын Ө-.
Шүүгдэгч М.Ө- нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 7 дугаар цэцэрлэг дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Л.С-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт М-ын Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б- овогт М-ын Ө-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.т зааснаар шүүгдэгч М.Ө-д оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Ө-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Ө-д анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ө- давж заалдах гомдолдоо:
М- овогтой Ө- миний бие 7-р цэцэрлэгт 2013 онд анх нээгдсэн цагаас хойш 7 жил ажиллаж байна. Манай цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого болоход би цагдаад үнэн зөв мэдүүлэг өгснөөсөө хойш дарамтлуулан явсан. Эрхлэгч О.Э- нь одоогийн энэ хэргийн хохирогч хэмээх Л.С-ээр 2017 онд Дархан-Уул аймгийн боловсрол соёлын газрын ёс зүйн хороонд миний эсрэг мөн л өргөдөл өгүүлэн шалгуулж байсан. /уг өргөдлийн дагуу шалгаад надад ямар ч арга хэмжээ аваагүйг эрхлэгч О.Э- нь дандаа сахилгын арга хэмжээ авсан мэтээр ярьдаг/
Үүнээс улбаалан миний бие эрхлэгч О.Э-ын олон удаагийн ёс бус үйлдэл, төрсөн ээж болон, нөхрийн хамаатан садангийн эхнэрүүд, ээжийнхээ найзын хүүхэд, нөхрийнхөө найзын эхнэр, нутгийн хүмүүсээ ажилд авч өөрийгөө тойруулсан байдал, нөхрөөрөө цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсийг Оросоос зөөлгөн авчруулж удаа дараа өттэй жимсний шүүс, үнэр нь тэсвэрлэхийн аргагүй хүүхэд уудаггүй зөгийн бал, гэх мэтээр хүүхдийн хоолны шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүн хувиараа нийлүүлдэг, цэцэрлэгийн эцэг эхчүүдээс удаа дараа их хэмжээний мөнгө хураасан, цэцэрлэгт хүүхэд авахдаа 300,000 төгрөг авдаг нь задгайрч багш нараас мөнгөний хүүхэд авч ирэхийг шаарддаг, мөн ажилчдаа дарамталж миний мэдсэнээр 10 гаруй хүнээс цалингийн зээл авахуулж хүмүүсийн амьдралд асар том саад дарамт болж мөнгөө нэхсэн хүнийг ажлаас халагдсан гэх мэт ашиг сонирхлын зөрчил, түүний харилцаа, ёс зүйгүй байдлыг дэлгэн аймгийн Засаг даргад өргөдөл бичин шалгуулж байсанд өс санан, өөрийн хадам талын ах дүү, хамаатан саднаасаа бусад багш, ажилчдынхаа сул талыг атган өөрийн эрхшээлд оруулан миний эсрэг турхирч намайг ажлаас халах гэж бүхий л боломжийг хайн ажлын байран дээр гадуурхаж ганцаардуулан, эцэг эхчүүд дунд нэр төр унаган, миний эсрэг баримт бүрдүүлэн /зузаан номны хэмжээтэй болсныг харсан ч дотор нь юу байгааг хараагүй/ хурааж байсан. Улмаар ажлын байрны дарамт нь маш хүчтэй эрчимжин намайг цагдаагийн байгууллагад 2019 онд гүтгэн доромжлон өгч шалгуулж байсан.
Энэ үйлдэл нь миний эрүүл мэндэд маш их нөлөөлсөн. /2019 оны 4 сард зүрхний шигдээс болохоо шахаж ухаан алдан түргэн дуудан тариа хийлгэн 4 хоног бүх бие мэдээгүй болж 10 хоног хэвтэрт байсан.
Мөн 2 гарын мэдээ муудаж явсаар сүүлдээ бүр мэдээгүй болж эмчлүүлэн одоогоор гарын сарвуу атгахгүй 1кг зүйл ч өргөж дийлэхгүй болж онош нь илрээгүй тул тархины имрайд харуулах шаардлагатай болоод байна./
Эрхлэгч Э-ын арга нь нарийсан, туслах багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан анги танхимын цэвэрлэгээ үйлчилгээг тасалдуулан, эрүүл аюулгүй байдлыг хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандаж буй байдалд дөрөөлөн ажлын байрны тодорхойлолтод заасан бүлгийн багшийн хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд шаардлага тавьсан байдлыг овжин ашиглан цагдаагийн байцаалтанд хохирогч С- болон Э- нар нь намайг гүтгэн худал мэдүүлэг өгсөн тул тэдний мэдүүлгийг үндэслэн, намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял, шийтгэл оногдуулсан. Эрхлэгч О.Э- нь үнэхээр намайг Л.С-ийг зодож байхыг харсан буюу уг өдөр хамт байсан гэрчүүдээс зодсон гэдэг яриа гарсан бол хамгийн түрүүнд үнэн зөвийг тогтооход ач холбогдолтой коридорын болон манай ангийн камерын бичлэгийг өгөх байсан. Гэтэл уг нотлох баримт болох камерийн бичлэг устсан гээд өгөөгүй атлаа олон жилийн өмнөх сахилгын шийтгэл авсан тушаал буюу миний мэдэхгуй баримтуудыг цуглуулан энэ хэрэгт хамаарал гүй хүмүүсээр, байцаагчийг ажил дээр авч ирэн мэдүүлэг өгүүлж, нотлох баримт болгон өгсөн байсан.
Эдгээр баримтуудыг би огт үзээгүй, сонсоогүй баримтууд байсан нь эртнээс төлөвлөж гүтгэх зорилготой байсан байна гэж бодож байна. Жич: Л.С-ийн жилийн чөлөө авч хамрын гамритаа эмчлүүлэхэд миний нэрийг оруулан таарамжгүй байсан гэж өргөдөл бичсэнийг сая л олж харсан.
Шүүх хурлын дараа надтай утсаар өөрөө залгаж утсаар ярихдаа маргалдхаасаа нилээд хэд хоногийн өмнө сургуульд яваад бас ажил давхар хийхэд хүндрэлтэй байна гээд ажлаасаа гарах болсон тул , дараагийн туслах багшаа олж хайгаараа гэж эрхлэгч Э-д хэлж байсан талаараа ярьсан. Энэ яриа нь миний утсан дээр хадгалагдаж байгааг нотлох баримтаар хавсаргаж байна. Үүнээс харахад С-ийн надаас болж ажлаасаа чөлөө авах болсон, ажлаасаа гарах болсон гэж бичсэн өргөдөл нь Э-ын шахалтаар бичсэн гэдэг нь илэрхий байна.
Мөн байцаагч Б- нь яллах болон цагаатгах талын баримтуудыг аль алиныг нь бүрдүүлэхгүйгээр нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байсан. Үүний шалтгаан нь миний гэм буруутай эсэх асуудал тогтоогдоогүй байхад анхны мэдүүлэг авахаар дуудангуутаа өөрийгөө танилцуулалгүй дээрэнгүй ёс зүйгүй харьцаж, бүдүүлэг авир гаргаж байсан учраас цагдаагийн ёс зүйн утсаар 126-д залгаж гомдол мэдүүлсэн юмаа.
Иймд хэрэг бүртгэгч Б- нь нэг талыг барьж дан миний талаарх Э-ын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсанд би гомдолтой байна.
Миний бие ч гэсэн тухайн үед Л.С-т холбогдуулан зодуулсан талаараа гомдол гаргасан байхад зөвхөн Л.С-ийн гомдолд тулгуурлан хэрэг бүрдүүлж миний эрх чөлөөнд халдсан Л.С-т хариуцлага хүлээлгэхгүйгээр / зөрчлийн хэргээр/ шалгаж арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.
Л.С- хэрүүл маргааныг өдөөж, эд зүйлээ шидэж миний эрх чөлөөнд халдаж гар хөхрүүлсэн энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад үүнийг анхаарч үзээгүй. Л.С- нь хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ.... Гаднаас нь хаалга хаах гэхээр нь би хөл гараа хавчуулаад мөрөөрөө түлхэж хаалга онгойлгосон... гэж өөрөө гар хөлөө хаалганд хавчуулж гэмтэл авснаа илэрхийлж мэдүүлсэн байхад энэ гэмтэлийг намайг учруулсан мэтээр гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд мөн гомдолтой байна.
Тухайн үед болсон үйл явдлыг нүдээр харж, байсан шууд гэрчүүд болох Т.М-сүрэн, Г- нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүйгээр Л.С- болон О.Э- нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэж надад ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцох болно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Ө- тайлбартаа:
Намайг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Гол нотлох баримт болох камерийн бичлэг байхгүй болсонд гомдолтой байна. Цагдаагийн байгууллагад намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр хандсан. Хоёр хүний маргалдсан үйлдлийг гэмт хэрэг болгож байгааг ойлгохгүй байна. Би Л.С-ийг зодоогүй. Иймд намайг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:
Мөрдөн байцаагч хэргийг хэт нэг талыг барьж шалгах ажиллагааг явуулсан. Гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт нь 6 хоногийн дараа гарсан байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогддоггүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:
Хавтас хэрэгт нотолвол зохих зүйлүүдийг бүрэн нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч М.Ө-ыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 7 дугаар цэцэрлэг дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт ажилладаг Л.С-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хохирогчийг зодож, цохиогүй тул цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж, ийм агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судлаж үзвэл :
Тухайн үед буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн 7 дугаар цэцэрлэгт туслах багш Л.С- ...ангийн цэвэрлэгээг маргааш үргэлжлүүлж хийнэ...гээд харих гэхэд нь багш М.Ө- ...явуулахгүй цэвэрлэгээгээ хий... гэснээс тэдний хооронд маргаан гарч М.Ө- Л.С-ийг цохьсон, үснээс нь зулгаасан, улмаар шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо барилцсан., мөн М.Ө- ангийн хаалгыг гаднаас нь түлхэхэд Л.С- ангийн хаалгыг онгойлгох зорилгоор биеэ хавчуулж түлхсэн зэрэг үйл баримт болжээ.
Энэ үйл баримт нь шүүгдэгч М.Ө-ын өгсөн:
Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ангидаа М-сүрэн багшийн хамт сургалтын хөтөлбөрөө бичиж, Л.С- угаалгын өрөө цэвэрлэж байсан., түүнийг удаад байхаар нь би очсон бөгөөд суултуурын хагархай таглаа газарт хэвтэж байхаар нь ...хүүхдүүд гэмтвэл яах юм бэ... хаяач гэтэл ...данс тооцоо, бүртгэлтэй байлгүй., та өөрөө хая... гээд уурлаад байсан.
Ажил үүргийн хуваарийн дагуу туслах багш цэвэрлэгээг хариуцдаг бөгөөд мэргэжлийн хяналтын шалгалт ирэх гэж байсан учир цэвэрлэгээгээ сайн хий гэж зүй ёсны шаардлага тавихад өөдөөс доромжлонгуй байдлаар надтай харьцаад ...би явлаа, маргааш ирээд цэвэрлэгээгээ хийнэ... гэхээр нь ...чи хэдэн цагт ирэх үү... цуг ирээд хийчихье... гэхэд ...чамд ямар хамаатай юм... гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь эрхлэгчид харуулаад яв гээд эрхлэгчийг дуудах гэсэн чинь Л.С- холд гээд миний гар луу нэг удаа цохиод, эрхлэгч рүү өөрөө залгаж дуудсан ч эрхлэгч ирээгүй., Тэгээд бидний хооронд маргаан болоод тэр бүх юмаа шидлээд, бид хоёрын харааны шил газар унаад би шилийг нь авч өгсөн., Тэгээд би С-г байж бай гээд гараас нь бариад жижүүрийг дуудахад эрхлэгч хамт ирээд ажлыг нь харчихаад Л.С- явсан бөгөөд өөр ямар нэг зодоон болоогүй би түүнийг зодоогүй гэсэн мэдүүлэг.,
Хохирогч Л.С-ийн өгсөн:
...намайг угаалгын өрөөнд цэвэрлэгээ хийж байх үед М.Ө- багш ирээд ...ямар удаан цэвэрлэдэг юм бэ., суултуурын таглааг хаяхгүй яасын гээд уурлаад байхаар нь ...данс, тооцоо бүртгэлтэй юм байх гэж бодоод хаяагүй... цэвэрлэгээгээ маргааш ирээд хийе... гээд хувцсаа өмсөх гэж байтал намайг явуулахгүй гээд цонх руу түлхсэн., тэгээд бид хоёр маргалдаад намайг түлхээд ...дандаа хүний урдаас хэрүүл хийдэг... гээд хоёр гартаа барьж байсан савтай сүүгээ газарт унагаагаад миний гар луу цохисон., хажуугаар нь зөрөөд гарах гэтэл үснээс зулгаасан.., Тэгээд эргэж харах үед миний харааны шил, гар утсыг унагаасан., Ө- багш ангиас гүйж гараад хаалга гадна талаас нь хаахад миний хөл хавчуулагдсан.,Тухайн үед би эрхлэгч рүү залгаж дуудаад болсон явдлыг хэлэхэд намайг явуулсан., бид хоёр барьцалдах үед миний баруун гарын дунд хуруунаас бариад, дээш нь тулгасан. Одоо баруун гараа бүрэн атгаж чадахгүй байгаа.,
Ө- багш хаалганы цаанаас түлхэх үед миний хөл хавчуулагдан хөхрөлт үүссэн., одоо харааны шилний үнэ 100.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт үзүүлсэн шүүх сэтгэцийн үзлэгийн төлбөр 60.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8.000 төгрөг, нийт 168.000 төгрөгийг нэхэмжилж байгаа., би Ө- багштай таарамжгүй харилцаатай байсны улмаас ажлаасаа гарсан, гомдолтой байна.., гэсэн мэдүүлэг.,
-Гэрч Т.М-сүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би М.Ө- багштай хамт тэдний ангид бага бүлгийн сургалтын төлөвлөгөө боловсруулаад, туслах багш С- цэвэрлэгээ хийж байсан.., Энэ үед Ө- багш угаалгын өрөө ороод цэвэрлэгээг шалган С- багшид ажил үүрэгтэй нь холбогдуулан шаардлага тавихад ...яриад бай, яриад бай, та угаасаа дандаа ингэдэг... гэх зэргээр хэрүүлийн шинжтэй харьцаж байсан., тэр хоёр ангийн үүдэнд байсан бөгөөд ...би явлаа, даргыг дууд.. гэх зэрэг үг сонсогдсон, намайг очиход зодолдсон зүйл байхгүй байсан., гэсэн мэдүүлэг.,
-Гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн :
...19 цагийн орчимд гарчихаад ороод ирэхэд 1 давхарт байдаг бага бүлгийн ахлах багш Ө- туслах багш С- маргалдаад С- гарах гээд Ө- багшийг түлхчихсэн., Ө- багш гаргахгүй гээд гараас нь бариад түлхсэн байдалтай байж байхаар нь би “боль” гээд салгасан. ,Тэр үед нэгнийх нь шил унасан гээд юм яриад байсан. Тэгээд би жижүүрийнхээ сандал дээр очоод суусан чинь тэр 2 эрхлэгчийг дуудна гээд орилоод байснаа С- удалгүй гараад явсан.., гэсэн мэдүүлэг., /х.х.ийн 9-р хуудас/
Гэрч О.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийж байхад 19 цагийн орчимд манаач Г- орж ирээд ...дарга аа, Ө- багш туслах багштайгаа зодолдоод байна шүү дээ... гэхээр нь гүйгээд очтол ангийнхаа үүдний хаалга дээр С- багш гадуур хувцсаа өмсчихсөн гарах гээд Ө- гаргахгүй гээд үүд алдлаад зогсчихсон зууралдсан байхаар нь “хүүе ээ, юу болж байгаа юм бэ., болиоч та хоёр” гээд болиулсан., С- багшийн нүдний шил нь хугараад шалчийсан, ..гар эвгүй болчихлоо ... гээд гарынхаа хурууг барьсан байсан., Яг аль гар нь гэдгийг мэдэхгүй байна. Ө- бол ...намайг цохисон”... гэж ярьж байсан., гэсэн мэдүүлэг /х.хийн 17-18-р хуудас/.,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 919 дугаартай :
...Л.С-ийн биед баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуу, баруун гуя, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо., дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой., Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна., цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй., гэсэн дүгнэлт., /х.хийн 29-30-р хуудас /,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 935 дугаартай:
...М.Ө-ын биед зүүн бугалганд шинэ цус хуралт тогтоогдлоо., Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой., Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй., цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /х.хийн 35-36-р хуудас/,
-Шинжээч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Л.С-ийн биед үүссэн гэмтлийн баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеийн холбоосны гэмтэл, зүүн сарвуунд үүссэн гэмтэл нь гэмтсэн хэсгийг чанга атгах, мушгих үед буюу ноцолдооны үед үүсэх боломжтой., харин баруун гуя, шагайнд цус хуралт гэмтэл нь хаалганд буюу ямар нэг зүйлд хүчтэй хавчуулагдах үед үүсэх боломжтой гэмтэл., гэсэн мэдүүлэг /х.хийн 160-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон байна.
Болсон үйл баримтанд үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн шинж, байдал, хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч дээрх нотлох баримтыг үгүйсгэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч түүний гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үйл баримт болсон цаг хугацаа, мөн хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө-ын ...би түүнийг цохиогүй намайг цагаатгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ө-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА