Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0352

 
 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0352

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б**** овогтой Б******

Хариуцагч: ЭАР****** ********* ХХК ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эн******н овогтой М*********

Гуравдагч этгээд: Г********* ХХК

Д******** ХХК

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б********, К к

Маргааны төрөл: Төрийн худалдан авах ажиллагаа

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М********, Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*********, КК**** , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. ЭАР****** ХХК -ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлээр ... танай компаниас ирүүлсэн тендерээс татгалзаж гэж шийдвэрлэсэн.

1.2. Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6**** тоот албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 6-1**** тоот албан бичгээр тус тус Э*****ХХК нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг буцаасан байна.

1.3. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Э*******ХХК-иас ЭАР******  ХХК -д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР2********** тоот тендерт Г****** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, Г**** ХХК, Д****** ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах бүхий нэхэмжлэл гаргасан.

1.4. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШЗ2021/5*** захирамжаар дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5** дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

1.5. Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7*** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн дээрх нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн.

1.6. Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1*** дугаар захирамжаар дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 225 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь хариуцагчийн ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерт оролцсон боловч ЭАР****** ХХК -ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд ...Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-1.2: ТӨЗ-4.5.8-ны 6 болон 7-д заасан шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзаж... гэж тендерээс татгалзсан. Хариуцагч нь дээрх тендерээс татгалзахдаа техникийн саналд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх төсөл, хугацааны нарийвчилсан график, ажиллах хүчний цагийн хуваарь зэргийг ирүүлээгүй дурджээ. Манай байгууллагын зүгээс тендерийн баримтын маягтад заасны дагуу дээрх асуудлыг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. /үнэлгээний оноог үзээгүй/

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэгт "хуульд заасан нууцад хамаарахаас бусад уйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх;" гэж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 т, Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын 2.5-т тус тус зааснаар шалгарсан оролцогчийн тендерийн материалыг гэрээ байгуулах эрх олгогдсон буюу хариуцагчийн Г****** ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн EA 21/**** тоот албан бичгээр эрх олгосон өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор ил болгох хуулийн зохицуулалтыг зөрчиж тендерт оролцогч нь хэрхэн шалгарсан, бусад оролцогч нарын гомдол гаргах, эрхээ хамгаалуулах эрхийг хязгаарлаж, өнөөдрийг хүртэл материалыг ил болгоогүй байна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд тендерт оролцогч нарын техникийн болон санхүүгийн чадварыг үнэлэхээр зохицуулсан. ЭАР****** ХХК -ийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт ТӨЗ-1.2: ТӨЗ-4.5.8-ын 1-д харилцагч банкны тодорхойлолт, 4-д сүүлийн 3 жил буюу 2018,2019,2020 оны борлуулалтын орлогын нийлбэр захиалагчаас санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна, 5-д сүүлийн 3 жил буюу 2018,2019,2020 онуудад өмнө хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээл /ажлуудыг төсөвт өртөгтэйгөөр, мөн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг хавсарган ирүүлнэ/ гэж тус тус заасан ба захиалагчаас сонгон шалгаруулалтад оролцсон этгээдийн техникийн болон санхүүгийн, ур чадвар, туршлагыг зэргийг үнэлэх зорилгоор тендерийн баримт бичигт тусгасан. Гэрээ байгуулах эрх олгосон компани Г ХХК нь хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай К**** ХХК-тай байгуулан байгуулсан талаарх гэрээнд 1тм өрөмдлөгийн үнэлгээг 580.000 төгрөг /зах зээлийн ханш 85.000-100.000 төгрөг байдаг/ байхаар тусгасан гэрээний үнийн дүн нь 12.750.000 төгрөгийн гэрээ байгуулж, 14386 тм өрөмдөж, гүйцэтгэлийн акт үйлдэж ирүүлсэн нь хуурамч буюу хэрэгжээгүй гэрээ байгуулж, ажлын үзүүлэлтийг зохиомлоор үүсгэсэн баримтыг хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Г**** ХХК, К******* ХХК-ийн нарын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь нэг буюу Д.Б****** бөгөөд н. Ж******** гэх хүн К****** ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан зэрэг нь хариуцагч байгууллагыг төөрөгдөлд оруулсан, хуурамч баримт үйлдсэн байна.

Тухайлбал, ТӨЗ-ийн 1-д зааснаар ажлын гүйцэтгэл, туршлагын талаарх үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт буюу гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулах зори гэрээний гүйцэтгэлийн ажил хүлээн авсан акт, гэрээний үнийн дүнгээр компани хооронд шилжүүлсэн талаарх санхүүгийн баримт, банкны дансны хуулга, тодорхойлолт зэргээр нотлохыг ТӨЗ-д тусгасныг хариуцагч байгууллага шалгаагүй зөрчил гаргажээ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1.1-д харилцагч банкны мэдээлэл, ажлын туршлага зэргийг тодорхойлохоор хуульчилсан ба гэрээ байгуулах эрх авсан компанийн дүрэмд өрөмдлөгийн талаарх чиглэл, эрх байхгүй нь харагдаж байна

Мөн Г******** ХХК болон Д******** ХХК-уудын түншлэл бөгөөд эдгээр оролцогч нар нь тус тендерийн дэлгэрэнгүй жагсаалтын саналын урилгад тус тусдаа оролцохоор мэдүүлсэн ба түншлэлийг ямар зарчмаар зөвшөөрч, түншлэл шалгаруулсан нь тодорхойгүй байна. тухайлбал, дэлгэрэнгүй жагсаалтын саналын урилгад сүүлийн 3 жил буюу 2018,2019,2020 оны борлуулалтын орлогын нийлбэр захиалагчаас санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна гэсэн шаардлага тавигдсан бөгөөд Д****** ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тулгуурласнаар шаардлага нийцэхгүй этгээдийг түншлэлээр шалгаруулж, хууль зөрчжээ.

Нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/Ш32021/5*** шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5** дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг тус шүүхэд 2021 оны 09-р сарын 16-ны өдөр гаргаж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7*** дугаар шүүгчийн захирамжаар мөн өдрөөс 7 хоногийн хугацаатай нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн.

Иймд захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж бидний эрхийг сэргээж өгнө үү.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ:

...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжинэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг зүйл тодорхой болсон. Захиргааны акт гаргахдаа хариуцагч байгууллага тодорхой үндэслэлээ заах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40.3, 40.4-д зааснаар ямар үндэслэлээр захиргааны акт гаргаж байгаа вэ? гэдэг зүйл байна. Хариуцагчийн хэлснээр техникийн шаардлага хангаагүй гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага буюу татгалзахдаа ямар үндэслэлээр татгалзсан бэ? гэдэгт маргаан үүсэж байгаа. Цаашаа оноогоо дүгнүүлж чадаагүй учир тендерийг манайд олгох нь зөв гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Бид нарт оноонд өрсөлдөх боломж олгогдоогүй учраас нэхэмжлэл гаргасан. Ажиллах хүчний хуваарь ирээгүй гэж хэлдэг. Баримт судалж байхад ирүүлсэн байна. Уг нь бол ирүүлээгүй гэж татгалзаж хариу өгсөн. Гэтэл хариуцагч бол ирүүлээд Г***** ХХК-тай харьцуулсан байна. Улмаар үнэлгээ өгсөн байна. Ямар оноо өгсөн талаар мэдэхгүй байна. Нөгөө компани 40 хуудастай ирүүлсэн, танай компани 1 нүүрийг ирүүлсэн гэж байна. Татгалзлын үндэслэл огт ирүүлээгүй гэж байгаа бол одоо болохоор баримт байгаад байхад түүн дээр гуравдагч этгээдийн зүгээс харьцуулахад танайх ийм зүйл ирүүлж байна гэсэн. Ийм байдлаар татгалзлын хууль зүйн үндэслэл байхгүй байна. Шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх вэ? гэдэг талаас нь хараасай. Захиргааны акт болон хариуцагчийн тайлбар зэргээс харахад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд хангаж өгнө үү гэж хүсэж байна. Оноонд маргах зүйл ямар ч боломжгүй. Бид ажиллах хүчний хуваарь ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч компанийн тухайд ажлын гүйцэтгэлийг шалгахын тулд банкны тодорхойлолт хийгдсэн талаар харах ёстой гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиалагч нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн техникийн саналыг үнэлж, тендерт оролцогч Э****ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй тул татгалзсан тухай мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA21*** дугаартай албан тоотоор хүргүүлсэн. Тендерт оролцогч Э******ХХК нь Захиалагчийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, техникийн саналын үнэлгээтэй санал нийлээгүй бол энэ тухай Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана" гэж заасны дагуу Захиалагчид гомдол гаргах боломжтой байсан ч хуульд заасан хугацаанд ямар нэг гомдол гаргаагүй.

Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5 дахь хэсэгт .... гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй" гэж заасан бөгөөд тендерт оролцогчдоос гомдол ирээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр EA21/**** тоот мэдэгдлээр Г******* ХХК Д****\ ХХК-ийн түншлэлтэй/-д гэрээ байгуулах эрх олгосон.

... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт "Тухайн тендер шалгаруулалтад оролцсон этгээд бичгээр хүсэлт гарган энэ хуулийн 49.2.2, 49.2.6, 49.2.7, 49.2.8-д заасан баримт бичиг, материалтай танилцаж болно" гэж заасан. Үүний дагуу тендерт оролцогч Э ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 06*** тоот хүсэлт ирүүлж "Тендерт оролцсон бусад оролцогчдын материалтай танилцах" хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тендерийн бүхий л материалтай танилцуулсан тул Захиалагч нь холбогдох хуулийг зөрчөөгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана"; 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерийн жишиг маягтууд ...-ыг тусгах"-аар тус тус заасан. ТББ-ийн ТӨХ-ийн ТӨЗ-ийн 4.5.8-ын 7-д "Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график, ажиллах хүчний ажлын хуваарь ирүүлэх; ТӨХ-ийн ТӨЗ-ийн 4.5.8-ын 6-д Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх төслийг боловсруулж ирүүлэх -ээр тус тус заасан бөгөөд ямар журмаар ирүүлэхийг ТББ-т дараах байдлаар заасан. Үүнд:

-       Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.5.2.а-д Төсөл арга хэмжээний чанар/үр нөлөөг сайжруулах талаар ажлын даалгаварт өгөх ажил хэрэгч санал, зөвлөмж болон зөвлөхийн зүгээс гарган өгч болох өгөгдөл, үйлчилгээний жагсаалт болон ажлын байр техник хэрэгслийн талаарх аливаа санал, (Маягт 3.3).

-       Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.5.6-д Ажилтны (мэргэжлийн болон туслах ажилтан, хүн-цагаар) ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай оролцоог харуулсан тооцоог хүн тус бүрээр харуулсан хугацааны хуваарийн хамт (Маягт 3.7, 3.8)-ын дагуу ирүүлэх;

-       ТӨХ-ийн ТӨЗ-ийн 4.5-ын 7-д "Зөвлөхийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай оролцоог харуулсан тооцоог хүн тус бүрээр харуулсан хугацааны хуваарийн хамт (Маягт 3.7);

-       ТӨХ-ийн ТӨЗ-ийн 4.5-ын 8-д "Үе шатны ажлыг гүйцэтгэхэд хийгдэх ажлууд, шаардагдах хугацаа, зураг төсөл, төсөв боловсруулах ажлын дуусгаж хүлээлгэн өгөх хугацаа (Маягт 3.8)

Тендерт оролцогч "Э**** ХХК нь Маягт 3.7. Ажиллах хүчний хуваарийг тендерт огт ирүүлээгүй, Маягт 3.8.Ажиллах хуваарь, хийгдэх ажил, шаардагдах хугацааг нарийвчилсан байдлаар ирүүлээгүй; Маягт 3.3-ын дагуу "Төсөл арга хэмжээний чанар/үр нөлөөг сайжруулах талаар ажлын даалгаварт өгөх ажил хэрэгч санал, зөвлөмж"-ийг боловсруулж ирүүлээгүй. Иймд тендерт оролцогч ЭЖЭД**** " ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, заасан хэлбэрээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ"; ТББ-ын тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-ийн 4.5.8-ын 6 болон 7-д заасан мэдээллийг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно гэж тус тус заасны дагуу тендерт оролцогч "Э*******ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн тендерт оролцогч Э**********ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11 дэх хэсэгт "Зөвлөх техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь бэлтгэнэ"; 36.15 дахь хэсэгт "Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын урилгад тусгайлан заасан бол тус тусад нь дугтуйлан битүүмжилнэ; ТББ-ын Зөвлөхийн Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.6-д "Техникийн саналд үнэтэй холбоотой аливаа мэдээллийг оруулж үл болно"; тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ-ийн 1.2-т "Техникийн болон санхүүгийн саналыг цахим хуудас дээрх санхүүгийн санал хэсэг рүү оруулах ба санхүүгийн саналыг мөн цахим хуудас дээрх санхүүгийн санал хэсэг рүү тусад нь оруулна. Техникийн болон санхүүгийн саналыг нэг дор хийж болохгүй гэж тус тус заасныг зөрчиж, техникийн саналтай хамт санхүүгийн саналыг нэгтгэн ирүүлсэн зөрчил гаргасан. Иймд ТББ-ын зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгааны 4.6-д "Санхүүгийн мэдээлэл агуулсан техникийн саналыг шаардлагад нийцээгүй гэж ТООЦНО" гэж заасны дагуу тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЕА 21*** тоот "Э*******ХХК-д хандсан тендерээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ санхүүгийн санал болон техникийн саналыг тусад нь ирүүлсэн тухай, мөн ТББ-ын Маягт 3.7-г ирүүлсэн баримт, Маягт 3.3, Маягт 3.8-ын дагуу ирүүлсэн баримт нь захиалагчаас тавигдсан шаардлагад хэрхэн нийцэж байгаа тухай ямар нэг үндэслэл, тайлбар хийгээгүй, нотлох баримт ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ЕА 21*** TOOT шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тендерт шалгарсан Г*****ХХК /"Д*****" ХХК-ийн түншлэлтэй/-ийн техникийн саналын үнэлгээний тухайд Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Г*******ХХК болонД******" ХХК-уудын түншлэлийг ямар зарчмаар зөвшөөрч, түншлэл шалгаруулсан нь тодорхойгүй;Д" ХХК-ийн борлуулалтын орлого нь "сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр захиалагчаас санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна" гэсэн шаардлагад нийцэхгүй A ne байна; Гэрээ байгуулах эрх авсан компани өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6. дахь хэсэгт тендерт оролцогчийг "тендерт оролцогч" гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно: 5.1.6.6.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд гэж тодорхойлсон байдаг. Тендерийн баримт бичиг /цаашид "ТББ" гэх/-ийн Тендерийн өгөгдлийн хүснэгт /цаашид "ТӨХ" ГЭХ/-ИЙН ТӨЗ 4.4-т "Хураангуй жагсаалтад орсон компани мөн жагсаалтад орсон бусад зөвлөхтэй түншлэл /хамтран ажиллах гэрээний/ ийн хэлбэрээр хамтран оролцож болно. Бусад тохиолдолд зөвшөөрөхгүй" гэж тендерт оролцогч нь тус тендерт түншлэлээр оролцохыг зөвшөөрсөн. Тендерт шалгарсан Г*******ХХК ньД" ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №2***тоот Хамтран ажиллах түншлэлийн гэрээний дагуу түншилж, нэг тендер ирүүлсэн. Үүнийг захиалагч байгууллага хүлээн авч, тендерт шалгаруулсан нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн түншлэлтэй компанийг шалгаруулсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Тендерт оролцогч Г****ХХК, Д*****" ХХК-ийн түншлэлтэй/-ийн аудитлагдсан санхүүгийн тайлангаар сүүлийн гурван жилийн борлуулалтын орлогын нийлбэр нь 1,546,016,410 /нэг тэрбум таван зуун дөчин зургаан сая арван зургаан мянга дөрвөн зуун арав/ төгрөг байсан. Энэ нь тендерт оролцогчийн борлуулалтын орлого нь тус тендерийн нийт төсөвт өртгийн /1,152,476,750 төгрөг/ 70 хувь буюу 806,733,725 /найман зуун зургаан сая долоон зуун гучин гурван мянга долоон зуун хорин тав/ төгрөгөөс дээш байх гэсэн шаардлагыг хангасан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчийн техникийн чадавхийг тендерт оролцогчийн ижил төстэй ажил гүйцэтгэж байсан талаарх гэрээгээр баталгаажсан туршлага, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ зэргээр тогтоохоор заасан. Тендерт оролцогч Г*******ХХК болонД****** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компаниуд нь ашигт малтмалын тойм судалгаа хийх, геофизикийн судалгаа хийх, геологийн зураглал хийх үйл ажиллагааны чиглэл тус тус бүртгэгдсэн. Г*******ХХК, Д**** ХХК-ийн түншлэлтэй/ нь тендерт Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газраас Цооногийн өрөмдлөгийн хайгуул, судалгаанд хээрийн нөхцөлд тээвэрлэн ашиглаж, хадгалах" зориулалтаар олгосон Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус ирүүлсэн. Мөн тус компанийн мэргэжлийн ажиллах хүчин, сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн ижил төстэй геологи хайгуулын ажил гүйцэтгэсэн ажил гүйцэтгэх гэрээнүүд нь дээрх компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан техникийн шалгуурыг бүрэн хангасан, геологи, өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг нотолж байгаа ба нэхэмжлэгчийн тендерт шалгарсан компани нь геологи өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Г********* ХХК-ийн К**** ХХК-тай байгуулсан талаарх гэрээнд 1тм өрөмдлөгийн үнэлгээг 850.000 төгрөг /зах зээлийн ханш 85.000-100.000 төгрөг байдаг/ байхаар тусгасан гэрээний үнийн дүн нь 1,275,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, ажлын үзүүлэлтийг зохиомлоор үүсгэсэн. Г****** ХХК, К**** ХХК-ийн нарын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх дот удирдлага нь нэг буюу Д.Б********* бөгөөд хариуцагч байгууллагыг төөрөгдөлд N оруулсан, хуурамч баримт үйлдсэн гэжээ.

ТББ-ын тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.5.8-ын 5-д "Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад өмнө хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /ажлуудыг төсөвт өртөгтэйгөөр, мөн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн актыг хавсарган ирүүлнэ/ гэж заасан. Үүний дагуу тендерт оролцогч "Г******* ХХК /"Д****" ХХК-ийн түншлэлтэй/ нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "К******" ХХК-тай байгуулсан 20**** тоот Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №20/12*** тоот гэрээ дүгнэсэн актыг нотлох баримтын шаардлага хангуулсан буюу нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний нийт үнэ 1,275,000,000 /нэг тэрбум хоёр зуун далан таван сая/ төгрөг бөгөөд 15,000 /арван таван мянга/ тууш метр өрөмдлөг хийхээр заасан. Гэрээний нийт үнэ болох 1,2 тэрбум төгрөгийг 15,000 тууш метрт хуваахад 1 тууш метрийг 85,000 /наян таван мянга/ төгрөгөөр гүйцэтгэхээр талууд тохиролцсон нь харагдах бөгөөд гэрээнд 85,000 төгрөгийг 850,000 гэж нэг орон алдаж, буруу бичиглэл хийсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхөөргүй бөгөөд хуурамч, зохиомол гэрээ гэж үзэх боломжгүй юм.

Тендерт оролцогч "Г****** ХХК-аас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь Монгол Улсын иргэн Батсүх овогтой Урангэрэл байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.У******ээс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Д.Б*****д олгосон итгэмжлэлийн дагуу тус компаниас ирүүлсэн тендерт Д.Б***** гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгийн нэхэмжлэлд дурдагдсан Г*******ХХК болон "К****" ХХК-ийн нарын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага нь нэг буюу Д.Б****** гэсэн нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл юм.

Дээр дурдсан баримтад тулгуурлан хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЕА21/**** тоот Г******ХХК-д хандсан "Гэрээ байгуулах эрх олгох" шийдвэр хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн ЗАР/20************* тоот тендерт Г******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох Г********* ХХК, Д********* ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ЗАР/20************* тоот "Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажил"-ын хууль бус зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг болохыг тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Санхүүгийн болон техникийн саналыг хамтад нь ирүүлсэн гэдэг үндэслэлээр татгалзсан. Мөн маягтад зааснаар баримтыг бичгийг ирүүлээгүй гэдэг үндэслэл мөн адил байгаа. Техникийн саналтай холбоотой асуудлаар тухайн үед Сангийн яаманд хандаж хянуулах эрх нь байсан. Үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа гаргаж хугацааг хүлээсэн. Тус хугацаанд гомдол гаргаагүй учраас 6 сарын 08-ны өдөр санхүүгийн саналыг нээсэн. Аливаа гомдол санал байсан бол тухайн үедээ гомдлоо гаргах боломжтой байсан. Тендерийн тухайд 2 удаагаа зарлагдаж байгаа асуудал юм. 4 сард зарлаад хүчингүй болгоод дахиж зарласан. Энэ ямар учиртай вэ? гэхээр нэхэмжлэгч компанитай холбоотой юм. Тендерийн үнэлгээнд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон. Улмаар ганцаараа дур мэдэж хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас хүчингүй болгож дахин зарласан асуудал байдаг. Үүнийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд Г******** ХХК,Д*****" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид "ТБОНӨХБАҮХАТХ/ 54 дүгээр зүйлд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмыг илүү нарийн зохицуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д тендерт оролцогч нь тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох тухай заасан.

Захиалагч буюу Э******ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр EA21*** дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид тендерийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар захиалагчид гомдол гаргах бүрэн боломжтой байсан боловч уг хугацаанд гомдлыг гаргаагүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гомдлыг буцаасан тухай хариу егснийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж тайлбарыг өгдөг. Гэвч энэхүү Сангийн яамны албан бичиг нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндсэн дээр тендер шалгаруулалтын ажиллагаа хуульд ёсоор явагдсан эсэхийг "хянасны" үндсэн дээр гарсан шийдвэр биш бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар "хүлээж авахаас татгалзсан" хариу тул үүнийг урьдчилан "шийдвэрлүүлэх" ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7*** дугаартай захирамжаар нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж шийдвэрлэхдээ урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх тухай дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс "шүүхэд нэхэмжлэлийг өгч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон болохоос урьдчилан шийдвэрлэх захиргааны байгууллагад гомдлыг хуульд заасан хугацаандаа гаргаагүй шалтгааныг нотлоогүй болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэлгүйгээр тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 үндэслэлд маргаан үүсэж байгаа. Нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан маргааны тухайд санхүүгийн санал ойлгомжтой байгаа байх. Баримт бичгийн талаар баримтаа ирүүлэх талаар мэдэх байх. Техникийн санал санхүүгийн санал хоёр тусдаа байх ёстой. Нэг нээх юм бол бусад оролцогч нарт давуу байдал үүсэх учраас санхүүгийн саналын асуудал үүсэх юм. Тийм учраас програм болоод хавтаст хэргийн 214 дүгээр хуудсыг шүүгч зөвлөлдөх тасалгаандаа байх харах ёстой байх. Техникийн болон санхүүгийн санал гээд хоёр тусдаа байх ёстой. Санхүүгийн саналд санхүүгийн маягт, тайлан гээд 3 файл байх ёстой. Техникийн саналд ажиллах хүч гэж байх ёстой. Гэтэл техникийн саналд санхүүгийн санал орсон байгаа. Иймд татгалзах үндэслэлтэй байна. Тендерийн маягтад байгаа асуудлыг бид нар өгсөн гэж байна. Шүүх үзээд хаана байгаа вэ? гэхээр 243 хуудсанд байгаа гэсэн. 242, 243 хуудсанд болохоор 3.7 дах заалт биш байна гэхэд миний хэлж байгаа энэ гэсэн. Улмаар баримт өгсөн болох нь тогтоогдсон учраас хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад болон холбогдох баримт болон ямар шаардлагаар шалгаруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан. Ер нь бол яг мэтгэлцээн өрнөөгүй. Нотлох баримт болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар шүүх шийдвэр гаргах байх. Нэг зүйлийг онцгойлон хэлж байна. 20,000,000 сая төгрөгийн дэнчин тавина гээд 2021 оны 8 сарын 30-ны өдөр мөнгөө авсан. Гэтэл нэхэмжлэгч болохоор тендерийн маргааныг тусгай журмаар хянан шийдвэрлэдэг гэсэн. Улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн бол 20,000,000 сая төгрөгийн дэнчин тавина гэж заасан. Манайх 10,000,000 сая төгрөгийн дэнчин тавьсан. Гомдлоосоо татгалзсан тохиолдолд буцаан өгдөг. Сангийн яаманд гомдол гаргах 5 хоногийн хугацаандаа гомдлоо гаргаагүй. Гаргаагүй учир тендерийн баталгааны байх эрх үүсээгүй учир чөлөөлөгдсөн. Маргах гэж байгаа бол тендерийн баталгаагаа сунгуулаад одоо болтол төсөвт байх ёстой. Одоо бол улмаар үр дагавар үүсэх юм. Хууль тогтоогч илэрхий ойлгомжтой процессийн алдаа гаргаж байна. Шүүх улмаар аймшигтай хуулийг хэрэглээд тендерийн баталгаа хамаа байхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх бас хамаа байхгүй гэж үзсэн. Хэрвээ энэ жишиг ингээд явах юм бол Сангийн яаманд гомдол гаргахгүйгээр явж болох юм байна. Тусгай журам, Захиргааны ерөнхий хууль хэнд хэрэгтэй вэ? гэдэг зүйл байна. Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоод тухайн байгууллагад өргөдлөө өгч хугацаагаа сэргээлгэх заалт байна. Нэхэмжлэгчид энэ эрх нь байна. Ковид тусаад Л.Б***** шүүгчид хүсэлт өгөөд эрхээ сэргээлгэсэн. Сангийн яаманд хүсэлтээ өгч болох байсан. Илэрхий алдаатай болсон гэж би дүгнэж байна. Давж заалдах шатны шүүхийн тухайд би хүсэлтээ өгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахгүй байна. Үүнийг эцсийн шийдвэр гэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн захирамж, тогтоол гээд 106 дугаар зүйлд заасан шийдвэрээс бусад тогтоолыг илт үндэслэлгүй гэж үзэх юм бол хэргийн оролцогч нар тухайн гаргасан байгууллага буюу шүүгч болон бүрэлдэхүүнд хянуулж болно гэдэг үндэслэлээр би хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийг давах манай шийдвэр эцсийн учир хянахгүй гэж хариу өгөөгүй бол хянахгүй гэж үзнэ. Улмаар илт процессийн алдаа гаргаж байна. Мөн нэхэмжлэгчийн ямар сэргэх вэ? гэдэг асуудал байна. Үнэлгээ хийхээс өмнө материалыг буцаасан. Нэхэмжлэлийн шаардлага хангасан тохиолдолд дахин үнэлгээ хийх ажиллагаа явах болохоос биш энэ компани ялаад үргэлжлүүлээд аваад явах эрх сэргэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э*******ХХК-иас ЭАР****** ХХК -д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах, ЭАР2********** тоот тендерт Г**** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, Г****** ХХК, Д********* ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ, ТӨХ 1.2, ТӨХ 4.5.8-ыг ханаагүй гэж татгалзсан нь хууль бу, шалгарсан ГИ***** ХХК нь түншлэлийн хувьд санхүүгийн шаардлага хангахаар байхад уг компани нт санхүүгийн шаардлага хангаж байгаа эсэхийг холбогдох банкнаас тодруулж шалгаагүй гэж тайлбарлан маргасан.

 

2. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүчингүй болгох, ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус болохыг тогтоож, дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2.1. ЭАР****** ХХК -ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлээр ...Танай компаниас цахимаар ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт(ТӨХ)-ийн ТӨЗ-1.2, ТӨЗ-4.5.8-ын 6 болон 7-д заасан шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзаж... гэж мэдэгджээ.

2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж тус тус зааснаас үзвэл, тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулахаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендер нь хуульд болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нэгбүрчлэн хянаж, тендерт оролцогч аль нэг шаардлагыг хангаагүй бол уг тендерээс татгалзах үүрэгтэй байна.

2.3. ЭАР****** ХХК -иас зарласан ... ЭАР/202103002 тоот Геологи, эрэл, хайгуул, өрөмдлөг, сорьцлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Техникийн саналын хэлбэр, агуулга гэсэн 4.5 дугаар зүйлд Зөвлөх нь тухайн төсөл, арга хэмжээний онцлог, цар хүрээнээс хамааран ТӨХ-д тодорхойлсон техникийн саналын дагуу бүрэн хэмжээний техникийн санал, эсхүл хялбарчилсан техникийн санал ирүүлнэ. Техникийн санал ирүүлэх хэлбэрээс өөрөөр ирүүлсэн техникийн саналыг шаардлагад нийцээгүй гэж тооцон түүнээс татгалзана. Техникийн санал нь 3 дугаар бүлэгт заасан маягтуудын дагуу дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд: ...(8)ТӨХ-д заасан бусад нэмэлт мэдээлэл гэж, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 1.2-т ... техникийн болон санхүүгийн саналыг тус тусад нь илгээнэ. ...Техникийн болон санхүүгийн саналыг цахим хуудас дээрх холбогдох сонголтууд руу тус тусдаа илгээгдсэн байх шаардлагатай. Техникийн болон санхүүгийн саналыг нэг дор хийж болохгүйг анхаарна уу, учир нь техникийн саналын үнэлгээ явагдсаны дараа санхүүгийн саналыг тодорхой заасан өдөр тусад нь нээдэг болно. ТӨЗ 4.5.8-ийн 6-д Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх төслийг боловсруулж ирүүлнэ, 7-д Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график, ажиллах хүчний ажлын хуваарийг ирүүлнэ гэжээ.

2.4. Гэтэл нэхэмжлэгч Э******** ХХК нь ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо захиалагчаас урьдчилан тодорхойлсон тендерийн баримт бичгийн дагуу материалаа бүрдүүлж хүргүүлээгүй, цахим худалдан авах ажиллагааны системд урьдчилан анхааруулсны дагуу материалаа оруулаагүй(байршуулаагүй) болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож тул 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тодруулбал,

2.4.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн мэргэжилтэн Ц.Л*******гийн албан хэрэгцээний компьютерт Худалдан авах ажиллагааны цахим систем-д шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерт оролцогчийн техникийн санал хэсэгт MGLD-зөвлөх, MGLD-ижил төстэй ажил, MGLD-ИТА-1, MGLD-ИТА-2, MGLD-Техникийн санал, MGLD-Санхүүгийн санал, MGLD-Дотоодын давуу эрх тооцуулах гэсэн 7 хэсэг баримт илгээсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь маргаан бүхий мэдэгдлээр нэхэмжлэгч Э*****ХХК-ийг ТӨХ 1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж мөн хуулийн этгээдийн тендерээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиалагч хуулийн этгээд нь Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт анхнаасаа санхүүгийн саналыг системд тусад нь оруулахыг тусгайлан мэдэгдсэн, шалтгааныг тайлбарласан байхад нэхэмжлэгч нь уг шаардлагыг хангалгүйгээр цахим худалдан авах ажиллагааны системийн техникийн санал хэсэгт өөрийн компанийн санхүүгийн саналыг хамт оруулж хүргүүлсэн байх тул хариуцагч талын ... хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана гэж заасны дагуу шаардсан баримтыг нэхэмжлэгч хуулийн этгээд нь ирүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

2.4.2. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдээс төрийн худалдан авах ажиллагааны системд MGLD-зөвлөх нэрээр 11 хуудас, MGLD-ижил төстэй ажил нэрээр 93 хуудас, MGLD-ИТА-1 нэрээр 34 хуудас, MGLD-ИТА-2 нэрээр 45 хуудас, MGLD-Техникийн санал нэрээр 83 хуудас, MGLD-Санхүүгийн санал нэрээр 75 хуудас, MGLD-Дотоодын давуу эрх тооцуулах нэрээр 4 хуудас баримт бичгийг оруулсан нь хариуцагчаас файл хэлбэрээр CD-нд хуулж ирүүлсэн Э*******ХХК-ийн тендерийн материалтай хуудасны тооны хувьд тохирч ба йх ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерт уг тендерийн баримт бичгийн 4.5.8-ын 7-д заасан 3.7. дугаартай маягтаар хүргүүлбэл зохих Зөвлөхийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай оролцоог харуулсан тооцоог хүн тус бүрээр харуулсан хугацааны хуваарь авагдаагүй байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс татгалзсаныг хууль бус гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3.7. маягтыг хүргүүлсэн гэх боловч 1 дүгээр хавтас хэргийн 244-247 дугаар хуудсанд авагдсан 3.7. Ажиллах хүчний хуваарь нь гуравдагч этгээд ГИ***** ХХК-иас гаргасан хуваарь байна. Харин 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд Э********ХХК болон МС***** ХХК-ийн Маягт 3.8. Ажлын хуваарь авагдсан байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн баримт бичгээр шаардсан баримтыг бүрэн гаргаагүй, хүргүүлээгүй гэж үзэх тул хариуцагчаас маргаан бүхий актаар Э*******ХХК-ийн тендерээс татгалзсаныг хууль бус гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгч талын ТӨХ-ийн 4.5.8 зүйлийн 7-д заасныг хангаагүй гэж татгалзсан нь хууль бус гэх тайлбар үндэслэлгүй, харин ...хэдэн хуудас материал байгаагаас үл хамааран ТӨХ-ийн 4.5.8 зүйлийн 8-д заасныг хангаагүй гэж татгалзсан хууль бус гэх тайлбар үндэслэлтэй боловч тендерт оролцогчоос 3.8. маягтын дагуу ажлын хуваарь хүргүүлсэн нь 3.7.маягтын дагуу ажлын хугацааны хуваарь хүргүүлээгүйг зөвтгөх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хангалттай үндэслэл болохооргүй байна.

2.5. Дээрхээс нэгтгэн авч үзвэл, нэхэмжлэгч Э*******ХХК-ийн хүргүүлсэн тендер нь тендерийг хянан үзэх үе шатны шаардлага хангаагүй байх тул хариуцагчаас маргааны бүхий актаар нэхэмжлэгч Э****ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх буюу үндэслэлгүй, мөн ийнхүү баримт бичгийн шаардлага хангаагүй тендерийг үнэлэх үүрэг хариуцагч захиргааны байгууллагад үүсэхгүй тул ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийг хууль бус гэж үзэхгүй улмаар уг тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл мөн үндэслэлгүй байна.

3. ЭАР2********** тоот тендерт Г****** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, Г******* ХХК, Д******* ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж зааснаас үзвэл, ЭАР2********** тоот Геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, сорьцлолын ажил-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тендерийн үнэлгээг эс зөвшөөрч маргах эрх нь үнэлэгдсэн тендер хүргүүлсэн хуулийн этгээдэд байхаар байна.

5. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу тендер шалгаруулалт нь тендерийг хянан үзэх болон тендерийг үнэлэх гэсэн 2 үе шаттай явагдахаар байх тул тендерийг хянан үзэх үе шатанд шалгараагүй, хүргүүлсэн баримт бичгийн хувьд шаардлага хангаагүй тендерт оролцогч нь тендерийг үнэлэх үе шатны шалгаруулалттай холбогдуулж гомдол нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй юм.

6.Шүүх нэхэмжлэгч Э********ХХК-иас ЭАР****** ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаар хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Э********ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийг тендерийг үнэлэх үе шатны шийдвэртэй маргах эрхгүй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан болох нь тогтоогдсон бол хариуцагчид тендерийн үнэлгээг дахин хийх үүрэг үүснэ, харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс татгалзсан шийдвэр нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан, хууль ёсны шийдвэр байх тул уг шийдвэрийн үргэлжлэл болж гарсан тендерийн үнэлэх үе шатанд үнэлэгдээгүй тендерийг хүргүүлсэн этгээд уг үе шатны эцсийн шийдвэртэй маргах эрхгүй юм.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж, гуравдагч этгээдээс ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж хянуулах ёстой гэж тайлбарлан маргах боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс уг асуудлуудыг шийдвэрлэсэн, уг тогтоолууд нь эцсийн шийдвэр байхаар хуульд заасныг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасныг тус тус баримтлан ЭХХК-аас ЭАР****** ХХК -д холбогдуулан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Э*******ХХК-иас ЭАР****** ХХК -д холбогдуулан гаргасан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн EA 21*** тоот мэдэгдлийг хүчингүй болгох, тендерийг дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Э********ХХК-аас ЭАР****** ХХК -д холбогдуулан гаргасан ЭАР2********** тоот тендерт Г****** ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох, Г********** ХХК, Д******** ХХК-ийг түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ