Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0705

 

 

 

 

П.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд С.Ц, Б.Ө

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: П.Б

          Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

          Гуравдагч этгээд: С.Ц, Б.Ө

          Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 м.кв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0618 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц

          Гуравдагч этгээд Б.Ө, өмгөөлөгч Б.Энхтүвшин

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн  

          Хэргийн индекс: 128/2025/0968/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч П.Баас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан "Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 мкв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгах"-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0618 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан П.Баас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн П.Бд холбогдох хэсгийг одоо байгаа хашааны хэмжээгээр өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, П.Бын эзэмшил газрын хэмжээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/26 тоот дүгнэлтэд дурьдсан 455 мкв талбайгаар өөрчлөхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.  

              3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Гуравдагч этгээд С.Ц, Б. Ө нарын Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 сарын 05-ны өдрийн "газар өмчлүүлэх тухай” 430 дугаар захирамжийн талаар:

Бид 2006 онд иргэн Г.Ц, Т.М нараас Нийслэлийн Засаг даргын 2006 оны А/430 захирамжаар өмчлөгдсөн газрыг хуулийн дагуу “худалдах, худалдан авах" гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Д*** салхитын 17 гудамж, 332 /хуучнаар 203а/ тоот хаягт, 1864***9347483 нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай "Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай” газар өмчлөх эрхийг баталгаажуулсан 000667970 дугаартай гэрчилгээтэй газрыг хуулийн дагуу шилжүүлэн авсан. Манай хашааны хаяг солигдож 2023 оны 05 сард "Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хаягийн бүртгэл солиулахад "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар"-ын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зургийн бүртгэлийн дагуу 250 орчим м.кв талбайгаар манай газрыг П.Б гэх хөрш залгаа айл 2015 оноос эхлэн эзэмшилдээ авч эзэмшиж, ашиглаж байгаа тухай мэдэж газраа чөлөөлүүлж авах тухай шаардлагыг татгалзаад зогсохгүй бидний "газар өмчлүүлэх эрх"-ийн тухай Нийслэлийн Засаг даргын 2006 оны А/430 захирамж, нэхэмжлэгч өөрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/645 захирамж, кадастрын зураг, бүртгэлийг өөрчлүүлж, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.25-ны өдрийн дугаар 128/Ш32024/021 "Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, буцаах” тухай захирамжийн 2, 3 хэсэгт "П.Бд эзэмшүүлсэн 2015.11.06-ны өдрийн А/645 захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, кадастрын зурагт өөрчлөлт оруулах шаардлагыг буцаасан.

Шүүх нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Газрын эрх шилжүүлэх тухай" 2015 оны А/645 захирамжаар 254 м.кв газар олгосонтой холбоотой /гэрчилгээ болон кадастрын зураг, нотариатаар батлуулсан газар шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлбөр тушаасан баримт/ тайлбар, хэргийн үйл баримтыг шинжлэн судалж, хянан шийдвэрлээд 2024.12.02-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0976 шийдвэрээр ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг үндэслэн "П.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь бидний Нийслэлийн Засаг даргын А/430 захирамжийн дагуу олгосон 600 м.кв талбайтай "газар өмчлүүлэх тухай акт", "кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-тэй үл хөдлөх хөрөнгийн эрх хуулийн хүчинтэй байгаа. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмнө нь хэлэлцэж тогтоосон маргаан, үйл баримтын тухай нэхэмжлэгч 2025 оны 11 сарын 06-ны өдөр дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/645 захирамжаар олгосон 254 м.кв газар эзэмших гэрчилгээ, кадастрын зурагт өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэл гаргаж шүүх хэрэг хянан шийдвэрлээд 2026 оны 06 сарын 22-ны өдрийн дугаар 128/ ШШ2026/0618 шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж эзэмшил газрын хэмжээг одоо байгаа хэмжээгээр 455 м.кв талбайгаар өөрчлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн талбайг ямар нэртэй, аль байгууллага, хэрхэн өөрчлөхийг даалгасан тухай тогтоогоогүй байна.

Тодруулбал, ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.4.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол татгалзана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гуравдагч этгээд нарт газар өмчлүүлсэн эрхийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн”, 4-т “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах”, 16 дугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн зохицуулалтаас харахад эзэмшлийн газар нь төрийн нийтийн өмч, өмчилсөн газар нь хувийн өмч бөгөөд хувийн өмчтэй холбоотой өмчлөгчийн эрх, үүрэг, хамгаалалтын тухай зохицуулалт болно.

3.2 Нэхэмжлэгч П.Бд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 сарын 06- ны өдрийн А/645 дугаар захирамжаар 254 м.кв газар эзэмших эрх үүссэн тухай:

Гуравдагч этгээд нарын 2006 оны “газар өмчлүүлэх тухай” А/430 захирамж гарснаас хойш 8 жилийн дараа Болд овогтой Бд анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 10 сарын 27-ны өдрийн А/372 дугаар захирамжаар, 2014.11.11 өдрийн нэгж талбарын дугаар 1864***9343470 кадастрын зурагтай Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын 17 дугаар гудамж, *** тоот хаягт 254 м.кв газар "эзэмших эрхийн гэрчилгээ"-г захирамжилсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл газар эзэмших эрх нь тухайн газарт "бодитоор хашаа барьсан” гэх нөхцөлөөр бус, харин цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан хүсэлт, олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэсэн гэрээ, эрхийн гэрчилгээ, бүртгэлээр баталгаажих тусгай эрхээр, өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн хууль ёсны эх сурвалж нь эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ бөгөөд эдгээрийн аль нэг нь байхгүй тохиолдолд тухайн этгээдийг хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй.

Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газрын даамал, газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулсан. Газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэл нь 1/ эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэр; 2/ газар эзэмших гэрээ; 3/ эрхийн гэрчилгээ; 4/ улсын бүртгэл гэсэн дараалсан, хуульд заасан шаардлагыг хангахаар байна. Нэхэмжлэгчийн 2015 онд “ийм хашаа авсан” гэж тайлбарласан нь 254 м.кв эрхийн гэрчилгээний газрын хэмжээг томруулан 455 м.кв талбайгаар шинээр газар нэмж олгох, эзэмшүүлсэн эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, газар эзэмших гэрээ байгуулсан, улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгчийн хувьд хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх", 35.3.5-д "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан үүргийг тус тус зөрчсөн байгаа нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон зохицуулалт түүний одоогийн газрын эзэмшилд хамаарч байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “миний барьсан хашааны хэмжээгээр кадастрын зураг өөрчлүүлэх” /үндэслэх хэсэг-3/ гэх нөхцөл байдлыг гуравдагч этгээд нарын 9-н жилийн өмнө хуульд зааснаар авсан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй адилтган үзэх, улмаар хуульд заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олж авсан гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үгүйсгэх, газрын метр квадратын хэмжээг багасгах, хасах, байршлыг өөрчлөх үндэслэл байхгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024.12.02-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0976 шийдвэрээр, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл 2025.06.20-ны өдрийн дугаар 46 дүгнэлтээр анх талуудын эзэмших эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын хэмжээ, кадастрын зурагт зааснаар зөвтгөн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хашаа байхгүй ба тус хөрш хоорондын хашааг бид өөрийн хөрөнгөөр өмчлөх эрхийн газар дээрээ барьсан бөгөөд бидний хашаа нэхэмжлэгчийн газрын хил, эргэлтийн цэг, эзэмших эрхийг зөрчөөгүй. Харин нэхэмжлэгч бидний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөгдсөн газрыг үнэ, төлбөргүй олон жил ашигласан, нөгөөтээгүүр бид өмчилсөн газрынхаа тал хэсгийг олон жил захиран зарцуулж чадаагүй хохирол учруулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.., Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах хуулийн зохицуулалт, зарчим зөрчигдсөн хэвээр байна.

3.3 Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авсан тухайд:

Б.Б 2015 онд 254 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг П.Бд газар шилжүүлэх тухай Хорооны Засаг даргаар уламжилсан, талуудын гарын үсэгтэй “Өргөдөл”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Газрын төлбөр төлсөн орлогын баримт”-ыг 2015.08.26-ны өдрийн 65 дугаартай нотариатын №2310 дардас, тэмдгээр баталгаажуулан, үйлчилгээний хөлс төлж хүсэлтийг дүүргийн газар зохион байгуулагч М.Нэргүй 2015.08.26 өдөр хүлээн авсан тухай “Өргөдөл, гомдлын бүртгэл- зэрэг баримтыг хяналтын картын маягт” /хэргийн индекс: 128/2025/0968/2 XX/ Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба шүүхэд ирүүлснийг, хурлаар хэлэлцэж нэхэмжлэгч өөрөө “зөв”, “254 м.кв хэмжээтэй газар эзэмшиж авсан” /хэргийн индекс: 128/2025/0968/2 ХХ-ийн 50 тал/ гэж мэдүүлсэн хурлын тэмдэглэлд тусгасан байхад шүүх үнэлээгүй байна.

Тодруулбал, Шүүхэд ирүүлсэн “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар"-ын 2024.02.21 №1/453 албан бичигт “Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024.02.20- ны өдрийн зурган мэдээлэлд нэгж талбарын 1501400770 дугаар 600 м.кв талбайтай газар нь С.Цгийн нэр дээр, нэгж талбарын1501413389 дугаар бүхий 254 м.кв талбай бүхий газар нь П.Бын нэр дээр тус тус давхцалгүй бүртгэлтэй...”, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.06.22-ны өдрийн дугаар 128/ШШ2026/0618 шийдвэрийн /үндэслэх хэсэг-5/ “уг газрууд нь мэдээллийн сангийн зургийн болон бодит байдалд давхцалгүй” гэсэн нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгчийн шаардсан, гуравдагч этгээд нарын өмчлөх эрхийн газар нь ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй өмчлөгч нарынх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1- т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул үйлдлийг таслан зогсоох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч өөрийн алдаагүй шийдвэр, хууль ёсны үйлдлээ өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр амьдарсан үйл баримт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсэхгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны дагуу үүссэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин П.Б нь газар эзэмших эрхийг шилжүүлж авсан үйл баримтаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо болно гэсэн заалтыг хангасан. Мөн нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 7 зүйлд заасны дагуу газрын төлбөрийг татварын албаны хаан банк-100200700943 дансаар 2026.06.09-ны өдөр 12,192 төгрөг, 2026.06.15-ны өдөр 19,852 төгрөг төлсөн нь өөрийн газрын эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл Б.Бгийн 254 м.кв газартай A/372 "Эзэмших эрхийн гэрчилгээг" Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар анх олгож, Засаг даргын 2015 оны А/645 захирамжаар нэхэмжлэгчид хуульд заасан тодорхой нөхцөл, журмын дагуу шилжүүлсэн хувийн хэрэг бүртгэлд тусгагдан, шүүхэд ирүүлсэн байх тул уг эрх шилжүүлсэн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үгүйсгэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид шинээр газар эзэмших эрх үүссэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд, Газрын тухай хуулийн 27, 31, 34, 38 дугаар зүйлийн агуулгад нийцээгүй байна.

3.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13, 14, 15 дахь хэсгийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тухай:

Монгол улсын иргэн Алт овогтой Б нь Чингэлтэй дүүргийн 19 хорооны Д*** салхитад байрлах 327 м.кв газрыг Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших хүсэлт холбогдох баримтыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Уг үйл баримт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үйл баримт, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газартай давхцалгүй ба тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй.

Тодруулбал иргэн А.Б нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т "Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэнд энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана", 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа. болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэнд олгоно", 29 дүгээр зүйлийн 29.5-т "Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих талбай нь хувийн гэр, орон сууцны хашааны газрын зэргэлдээ, эсхүл уг зориулалтаар тусгайлан тогтоогдсон газарт байж болно", 31 дүгээр зүйлийн 31.1-т “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн байх шаардлагыг хангах", 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг үндэслэн 2022 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох” журмын 5.1.4-т зааснаар "Монгол улсын иргэн үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлт, зориулалтаа сонгож гаргасан бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана" гэж заасны дагуу хүсэлт, өргөдөл нь газрын бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж үлдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн, маргаагүй асуудал, хамааралгүй баримтыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй", Монгол Улсын Д*** шүүхийн 2023 оны дугаар 30 "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно, 9-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “хэргийн оролцогчдын маргаагүй асуудал" гэдэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон тэдгээрт холбогдох талуудын татгалзал, тайлбараар талуудын маргаж буй үйл баримтад хамаарахгүй асуудлууд, үйл баримтыг тогтоох, түүнчлэн, маргаан бүхий захиргааны шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг тогтоохтой хамааралгүй бусад нөхцөл байдлыг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн.

3.5 Нийслэлийн Засаг даргын дүүргийн засаг дарга нарт “Эрх шилжүүлэх тухай" 2024 оны А/451, "Эрх шилжүүлэх тухай” 2025 оны А/715, “Эрх шилжүүлэх тухай" 2025 оны А/1458 дугаар захирамжуудын талаар:

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шүүхэд ирүүлсэн 2026.04.27-ны өдрийн №03/2606 бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/451 дүгээр захирамжаар иргэн аж, ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ нэмэхээс бусад...эрхийг дүүргийн засаг дарга нарт шилжүүлсэн бөгөөд тус захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байна” гэсэн хариу ирүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын дүүргийн засаг дарга нарт “Эрх шилжүүлэх тухай" 2025 оны А/715, А/1458 дугаар захирамжийн агуулгаас үзэхэд “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тогтоолын хүрээнд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн газар эзэмшүүлэх, ашиглуулах, газрын хэмжээ нэмэхээс бусад... асуудлыг шийдвэрлэх эрхийг шилжүүлснээс үзэхэд дээрх захирамжуудаар газрын хэмжээ нэмэх эрхийг дүүргийн засаг дарга нарт шилжүүлээгүй ба нэхэмжлэгчид газар шинээр, нэмэгдүүлж эзэмшүүлэх харилцаа байгааг шүүх хуулийг буруу үнэлсэн.

3.6 Нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтууд үйлчлэхгүй тухай:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг гэсэн хуулийн зохицуулалттай.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчид болон гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт авагдсан үйл баримт, хурлаар хэлэлцсэн асуудлаас үзэхэд нэхэмжлэгчийн хуульд заасан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч өөрөө Монгол Улсын үндсэн хууль, Газрын тухай болон бусад хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбараар тогтоогдож байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах" захиргааны үйл ажиллагааны зарчим нэхэмжлэгчийн хувьд үгүйсгэгдэж, харин гуравдагч этгээд нарт үйлчилнэ гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газартай боловч гуравдагч этгээд нарын өмчилсөн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа зөрчил тогтоогдож байхад өмчлөгчийн газартай давхцуулан газар шинээр эзэмших эрхийн гэрчилгээ олгох, бүртгэл хийх хууль зүйн үндэслэл байхгүй болох нь, мөн өмчлөгчийн газрын хэмжээ, хил хязгаарыг өөрчлөх, бусдын болон нийтийн эдэлбэр газарт шинээр өөрчлөлт оруулж гуравдагч этгээд бидний газар өмчлөх эрхэд халдах бодит үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийн тухайд:

          2.1 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д*** салхитын 17-*** хаягт байрлах 254 мкв газрыг анх тус дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/372 дугаар захирамжаар Б.Бд эзэмшүүлж, тус газрын эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар П.Бд шилжүүлж, ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

          2.2 Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхитын 17 дугаар гудамжны 203а тоот хаягт байрлах 600 м.кв газрыг Г овогтой Ц, Т овогтой М нарт өмчлүүлсэн,

          2.3 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас дээрх газрын өмчлөх эрхийг Г.Ц, Т.М нарын өмчлөлд 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр анх бүртгэсэн,

          2.4 Мөн газрын өмчлөх эрх С.Ц, Б.Ө нарт шилжсэнийг 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000050304 тоот гэрчилгээг олгосон байна.

          3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах үйл баримтыг тогтоосон байна. Үүнд:

          3.1 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлдөө байлгаж буй /одоогийн хаягаар/ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д*** салхитын 17-***, 17- 332 тоот хаягт байрлах газрууд нь бодит байдал дээр өөр хоорондоо давхцалгүй, тус тусдаа хашаатай, зэргэлдээ оршиж байгаа,

          3.2 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь өөрсдийн эзэмшил, өмчлөлд олгогдсон хэмжээ, газрын кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй болох нь шинжээчийн 2024/26 тоот дүгнэлтэд “... П.Бын хашаа 455 мкв талбайтай..., ... С.Ц, Б.Ө нарын хашаа 706 мкв талбайтай..." гэснээр тус тус тогтоогдож байна.

          3.4 Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт тухайн үед Г овогтой Ц оршин сууж байгаад газраа Б.Бгийн нэр дээр эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байсан нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан, тухайн газар нь зөвхөн гуравдагч этгээдийн өмчлөлд бус өөр этгээдийн бодит эзэмшилд байсан тухайд гуравдагч этгээдээс маргахгүй байгаагаас үзвэл хэргийн оролцогчдын газар эзэмших болон газар өмчлөх эрх зэрэг үүссэн,

          3.5 Энэхүү маргаан нь дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээдийн өмчилж авсан газрын зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн зөрүүтэй бүртгэснээс үүдэлтэй зэрэг үйл баримтуудыг тус тус тогтоожээ.

          4. Уг шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид хэн аль нь гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зохицуулсан тул энэхүү маргааны хүрээнд ач холбогдол бүхий дээрх үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй.

          5. Гуравдагч этгээд нараас энэ талаар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа бол татгалзана” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

          5.1 Учир нь хэдийгээр энэхүү маргаануудад холбогдох объект, зарим үйл баримтууд нэг боловч нэхэмжлэлийн шаардлага, түүгээр тодорхойлогдох шүүхийн хяналтын цар хүрээ өөр байна.

          Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр П.Бын “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.М нарт өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б.Ө нарын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүсээд байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг, гуравдагч этгээд С.Ц, Б. Ө нарын “С.Ц, Б. Ө нарын газрын хилийг тогтоож, иргэн П.Быг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах" шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг зөвтгөхтэй холбоотой асуудлаар гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж дүгнэсэн.

          Энэ тохиолдолд П.Баас өөрийн эзэмшлийн талбайн кадастрын зургийг зөвтгүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.  

          6. Гуравдагч этгээд нараас “... газар эзэмших эрх нь тухайн газарт "бодитоор хашаа барьсан” гэх нөхцөлөөр бус, ... эрх бүхий этгээдийн шийдвэр, газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ бөгөөд эдгээрийн аль нэг нь байхгүй тохиолдолд тухайн этгээдийг хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй., ... нэхэмжлэгчээс 254 м.кв газрын хэмжээг томруулан 455 м.кв болгосон хүсэлт, үйл баримт тогтоогддоггүй, ... нэхэмжлэгчид газар шинээр, нэмэгдүүлж эзэмшүүлэх харилцаа байгааг шүүх буруу үнэлсэн” гэж маргаж буйг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

          6.1 Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр “талуудын эзэмших эрх зэрэг үүссэн,  бодит байдал дээр нэхэмжлэгч П.Бын хашаа 455 м.кв талбайтай,  гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нарын хашаа 706 м.кв талбайтай бөгөөд давхцалгүй. Мөн энэхүү маргаан нь дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээдийн өмчилж авсан газрын зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн зөрүүтэй бүртгэснээс үүдэлтэй бөгөөд уг алдаатай бүртгэлийг зөвтгүүлэхээр хүсэлт гаргах эрх нь нээлттэй” гэх үйл баримтуудыг тогтоожээ.

          6.2 Нөгөөтээгүүр, талуудын шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч П.Б нь гуравдагч этгээдүүдийн газар өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй, хашаагаа томруулаагүй, гуравдагч этгээдүүдийн газар луу нэвтрээгүй байх бөгөөд тухайн  хамар хашааг гуравдагч этгээд нар өөрсдөө анх барьж түүнээс хойш уг хашаагаар тусгаарлагдан тус тусдаа газраа өмчилж байсан байна.            

          6.3 Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нар нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Д*** салхитын 17 гудамж, 332 тоотод 1864***9347483 нэгж талбарын дугаартай, 000667970 дугаартай гэрчилгээтэй, 600м.кв талбайтай газар өмчлөх эрхтэй бөгөөд энэ эрх огт хөндөгдөөгүй байна. Субьектив эрх зөрчигдөөгүй байна.

          6.4 Анхан шатны шүүх “Гуравдагч этгээдүүдээс маргаан таслан зөвлөлийн шийдвэрийн дагуу өөрийн байшинг нураана гэх агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаануудад удаа дараа гаргасан боловч өөрсдийн өмчлөлийн 600 м.кв газрын кадастрын зургийг өөрийн байшинг багтаасан байдлаар хөндлөн болгосон зураг, илүү гарсан талбайд гэр бүлийн гишүүн Л.Б, Б.Ө нарын нэр дээр кадастрын зургуудыг тус тус “Л”ХХК-иар хийлгэсэн болох нь гэрч Д.Аийн мэдүүлгээр, илүү талбайд гэр бүлийн гишүүн Л.Бгийн нэрээр жимсний мод, хүнсний ногоо тарьж ургуулах зориулалтаар 372 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтуудаар тогтоогдов” гэж дүгнэсэн. Гуравдагч этгээд талаас шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдолтой байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08-18/141 тоотод “Иргэн А.Б нь 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдөр тус дүүргийн 19 дүгээр хороо Д*** салхитад шинээр газар эзэмших тухай хүсэлт ирүүлснийг судалж Газрын кадастрын мэдээллийн системд газрын маргаантай тул шийдвэрлэх боломжгүй төлөвт шилжүүлсэн болно.” гэх баримт, мөн “Л” ХХК-ийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/97 тоотод “2023 оны 03-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Д*** салхитын 17-р гудамжинд 327 метр квадрат хэмжээ бүхий эдлэн газрын хашааны буланг Иргэн Б овогтой Өийн хүсэлтээр E survey E5003A20000190 маркийн GPS-ээр UB01 корсоор булангийн цэгийг хэмжиж кадастрын зураг гаргаж өгсөн болно. Өөрсдийн хүсэлтээр хийлгүүлж, тарифт үнээр хийлгүүлсэн болно.” гэх хариуг ирүүлсэн байх бөгөөд холбогдох нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс үзвэл маргаан бүхий байршилд иргэн А.Б газар эзэмших хүсэлт гаргажээ.

          Гуравдагч этгээд нараас хамааралгүй хүнийг гэрчээр асуусан гэж маргах хэдий ч гэрч Д.А нь маргаан бүхий газарт кадастрын зураг хийсэн “Л” ХХК-ийн төлөөлөгч байна.

          Дээрх байдлаас дүгнэхэд гуравдагч этгээд нарын газар өмчлөх эрх зөрчигдөөд түүнийг сэргээлгэхийг хүсэж байна гэхээс илүүтэй илүү гарсан талбайд гэр бүлийн гишүүн Л.Бд шинээр газар эзэмшүүлэх, улмаар өмчлүүлэх сонирхолтой гэж үзэхээр байна.

          6.5 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 976 дугаар шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч П.Баас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж "... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн надад газар эзэмшүүлсэн 254 м.кв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 477 м.кв болгон иргэн П.Б миний хашааны газрын хэмжээгээр үйлдсэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 10-17/61 тоот албан бичгээр "... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр таны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгсөн байна.

          6.6 Зүй нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж зааснаар захиргааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон алдааг залруулах шаардлагатай байжээ.

          6.7 Иймээс анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлж захиргааны байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн үр дагаврыг хариуцан арилгах нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2024/26 тоот шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 455 мкв хэмжээгээр П.Бын эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. 

           7. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн “шүүх хуралдааны явцад 128/2024/0023/3 индекстэй 2 хавтас бүхий хэрэг нотлох баримтаар авагдсан байсан хэдий ч шийдвэрт давж заалдах гомдол гаргасны дараа алга болсон байна” гэх гомдлоор шүүх хуралдааныг хойшлуулж, анхан шатны шүүхээс тодруулах ажиллагааг хийхэд 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/8569 дугаар тоотоор “... 128/2024/0023/3 индекстэй захиргааны хэрэг нь архивд хадгалагдаж буй хадгаламжийн нэгж тул хянан шийдвэрлэгдэж буй захиргааны хэргийн хувьд хавсаргах нотлох баримт биш юм.” гээд тус хэргээс холбогдох 28 хуудас материалыг хуулбарлаж хэрэгт хавсарган, хэргийг архивд буцаасан тухай хариу ирүүлсэн.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байхаар зохицуулсан, мөн тухайн хэргийн шүүхийн шийдвэр энэхүү хэрэгт авагдсан, өмнө нь уг хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

          Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлж дээрх 28  хуудас нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

 

                               ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА

 

                               ШҮҮГЧ                                             Э.ЗОРИГТБААТАР