Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        02          22                                   2024/ШЦТ/192

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Г.Хурмандах,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б.Лид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 00000 0044 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, нээлттэй  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр, Төв аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суух. Урьд,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар 4 зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн.

 Б.Л /Регистрийн дугаар АА00000000/ 

            Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Б.Л  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ХХХХ хотхонд байрлах "ХХХХ" рестораны гадна талын зогсоолд өөрийн найз охин болон Атэй маргалдаж байх үед салгах гэж очсон Ц.Бтэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд зүүн хоншоорын хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Энэ асуудал бол 2023 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би найз Бгийнхаас гараад явж байсан чинь нэг эмэгтэй намайг авраач гээд машинаас орилоод байсан. Тэгээд би тухайн үед эмэгтэй хүнийг ингэж болохгүй гээд тухайн залууд хэлээд маргалдсан тэгсэн намайг миний нүдэн тус газар цохиулаад ийм асуудал үүссэн байгаа. Тэрнээс хойш энэ залуу намайг нэг ч удаа яах уу гэж асууж байгаагүй. Тэгсэн мөрдөгч энэ хүн таны утсыг асууж байна. Таны утсыг өгчих үү гэсэн тэгээд би тэг тэг гэж хэлсэн...эмчилгээнд зарцуулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бийн өгсөн: "...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ХХХХ хотхоны гадна явж байхад 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй нар хоорондоо маргалдаж эрэгтэй нь эмэгтэй рүүгээ хүч хэрэглэж гэж дайраад байхаар нь эмэгтэйг нь хамгаалах гэж оролдох үед эрэгтэй нь миний зүүн нүд рүү цохиж цус гаргасан. Тухайн үед миний нүд рүү ямар зүйлээр цохисон талаар мэдэхгүй байна. ...би тухайн миний биед халдаж зодсон хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Ямар нэгэн шалтгаангүйгээр миний биед халдаж зодсон гомдолтой байна. Миний нүднээс цус гарч, хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дэх тал/,

 Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 24-25 дахь тал/,

 Гэрч А өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны орой 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХХХ хотхонд байрлах ресторан очиж найз залуу болох Б.Лтой уулзаж гэртээ харих гээд Энконто хотхоны гадна авто машины зогсоол руу явах үед хоорондоо маргалдаж улмаар Б.Л намайг гараараа түлхэх үед нь 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “хөөе юу болж байгаа юм, чи эмэгтэй хүн рүү дайраад байна уу” гэхэд Б.Ц тухайн эрэгтэй рүү хандаж “та зүгээр явчих, бид хоёр учир аа олчихно” гэж хэлсэн. ..тухайн үед Б.Ц босож ирээд тэр эрэгтэйн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохих үед 50 орчим насны эрэгтэй доош тонгойж нүүр нь цус болсон байдалтай босоод ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаартай "...1.Ц.Бийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээч эмч Б.Баяртогтохын дүгнэлт, /хх-ийн 18-19 дэх тал/ 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 40 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг зургаан жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Лид  холбогдох хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:  

           Шүүгдэгч Б.Л  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ХХХХ хотхонд байрлах "ХХХХ" рестораны гадна талын зогсоолд өөрийн найз охин болон Атэй маргалдаж байх үед салгах гэж очсон Ц.Бтэй маргалдаж, улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд зүүн хоншоорын хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо ХХХХ хотхоны гадна явж байхад 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй нар хоорондоо маргалдаж эрэгтэй нь эмэгтэй рүүгээ хүч хэрэглэж гэж дайраад байхаар нь эмэгтэйг нь хамгаалах гэж оролдох үед эрэгтэй нь миний зүүн нүд рүү цохиж цус гаргасан.  ... Ямар нэгэн шалтгаангүйгээр миний биед халдаж зодсонд гомдолтой байна... эмчилгээнд зарцуулсан болон цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэсэн утга бүхий мэдүүлэг,

 Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх-ийн 24-25 дахь тал/,

 Гэрч А өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны орой 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....Энконто хотхоны гадна авто машины зогсоол руу явах үед найз залуутайгаа хоорондоо маргалдаж улмаар Б.Л намайг гараараа түлхэх үед нь 50 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “хөөе юу болж байгаа юм, чи эмэгтэй хүн рүү дайраад байна уу” гэхэд Б.Ц тухайн эрэгтэй рүү хандаж “та зүгээр явчих, бид хоёр учир аа олчихно” гэж хэлсэн. ...тухайн үед Б.Ц босож ирээд тэр эрэгтэйн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохих үед 50 орчим насны эрэгтэй доош тонгойж нүүр нь цус болсон байдалтай босоод ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаартай

"...1. Ц.Бийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх шинжээч эмч Б.Баяртогтохын дүгнэлт, /хх-ийн 18-19 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

              Шүүгдэгч Б.Лид нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Атэй маргалдаж байх үед нь салгах гэж байсан Ц.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд зүүн хоншоорын хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ярьж мэдүүлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм бурууд маргаагүй болно.

 

             Бусдыг зодох үйлдэл нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болдог.

 

Шүүгдэгч Б.Л нь хохирогчийн эрүүл мэндэд  хохирол учруулахаар зодсон үйлдэлдээ санаатай хандсан нь өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарч байна.

 

          Шүүгдэгч Б.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Б.Лийн гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

Хохирогч Ц.Б нь шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн 128,886 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц.Б нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын болон сэтгэл санааны хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Лоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан: ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Лид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лид оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Хохирогч Ц.Б нь баримтаар 128,886 /нэг зуун хорин найман мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг нэхэмжилнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын болон сэтгэл санааны хохирлоо хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Б.Лоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Лид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ