Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч З.Т,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,          

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн З Т-д холбогдох 2428000190026 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт:                                    

Шүүгдэгч З.Т нь согтуугаар, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн үед Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн нутаг Ц гэх газарт зам буруу заасан гэх шалтгаанаар иргэн Б.Б-тай маргаж, улмаар түүний хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалж, хэвлийд нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.Т-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч З.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б-тай маргалдаж биед нь гэмтэл учруулсан. Мөнгөний модноос баруун тийшээ гараад болсон. Гэмшиж байгаа. Байнгын холбоотой байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 07-ны орой Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомт Элбэг гэх газар руу явах гээд фейсбүүкээс зар харсан чинь “Pruis-11” загварын машин хүн аваад гарлаа гээд зар тавьсан байхаар нь залгаад яриад Төв аймгийн уулзвар дээрээс 17 цаг өнгөрч байсан байх уг машинд суугаад Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу гарсан. Тэгээд Улаанбаатар хотоос 100 км газар явж байхад Т гээд хүн /өнөөдөр л нэрийг нь мэдсэн/ нэг шил Алтантүрүү гээд архи гаргаж ирээд тэгээд замдаа явж байхдаа нэг нэг татацгаагаад явцгааж байгаад 20-21 цагийн үед Дундговь аймаг ороод Өндөр ээж гээд хоолны газар очиж хоол идэцгээчихээд хоолны газраас гарч ирээд би дэлгүүр орж 2 шил Хараа, Экс нэртэй архи аваад, тэгээд хэдүүл хөдлөөд нэг шил Экс нэртэй архиа ууж явсаар байгаад шөнийн 02 цагийн үед Өмнөговь аймгийн төвөөр ороод шууд Гурвантэс сумын чиглэлд явцгаасан. Мөн явж байх замдаа Хараа нэртэй архиа ууцгаасан. Тэгээд явсаар байгаад үүрээр Мөнгөний мод гэх газар очсон. Мөнгөний модонд мөнгө хавчуулдаг юм гэж тэр гуравт зааж өгчихөөд хэдүүл цааш хөдөлцгөөсөн. Тэгээд явсаар байгаад Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Ноёнгийн дөрвөн замын уулзвар гэдэг газар өдрийн 12 цагийн үед очсон. Дөрвөн замын уулзвар дээр байдаг дэлгүүрээс цуг явсан хүмүүс хиам идэх юм аваад хөдөлцгөөсөн, хөдлөхдөө жолоочид энэ замаараа шланз машиныг дагаад явна шүү гэж хэлчихээд унтаад өгсөн. Тэгсэн жолооч буруу зам аваад буцаад мөнгөний мод руу явдаг замаар явж байсан. Сэрээд мөнгөний мод руу явж байхад жижигхэн хэсэгт засмал зам байдаг тэр замаар явж байхаар нь буруу явж байна шүү дээ гээд жолоочид хэлсэн. Тэгсэн замд том шланз явж байхаар нь зам асуусан чинь та нар дөрвөн замын уулзвараас зүүн тийш 60 км газар явж байна гэж тэр жолооч хэлсэн. Тэгээд буцаад 10 гаруй км газар явж байхад Рruis тээврийн хэрэгслийн жолооч зам буруу заалаа гээд уурласан. Тэгэхээр нь би мөнгө төгрөгөө өгөөд явж байгаа биз дээ гэсэн чинь мөнгө төгрөг чинь ямар хамаатай юм замаа мэдэж байгаа юм бол заагаад өгөхөд яадаг юм гээд уурлаад тэгээд хэрүүл маргаан болоод бид хэд бүгд машинаасаа бууцгаасан. Тэгсэн машины жолоочийн хажууд сууж явсан Т гэх хүн машины урд хайрцгаас хутга авч гарч ирээд шууд миний гэдэс хавь руу хутгаар хатгасан. Тэгтэл миний хүйсний зүүн хэсэгт гэдэснээс цус гарсан. Тэгээд би гэдсээ бариад сууж байхад Т гэх хүн нэг мөсөн гүйцээчихье гүйцээчихье гээд байсан. Би айхдаа зүгээр байна зүгээр байна гэсэн чинь жолооч ах машиныхаа араас нэг шил архи гаргаж ирээд 2 татчих одоо гайгүй гэхээр нь 2 татсан. Тэгээд дөрвүүлээ нөгөө архиа бүгдээрээ ууцгаачихаад явсаар байгаад шөнөдөө МАК-ын уурхай дээр машиндаа бууж үлдээд тэр гурав Поошиг гэх газар руу явлаа гээд хөдөлсөн. Тэр хэдээс бууж үлдээд менежер рүүгээ яриад Гурвантэс сум руу эмнэлэгт ирж гэдсэндээ 3 оёдол тавиулсан... Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй байна. Цаашид ч санал гомдол байхгүй. Бэлнээр 3 сая төгрөг З.Т-с авсан.” /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/     

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Шивээ хүрэн хилийн боомтын төмөр зам дээр ажиллахаар болоод Өмнөговь аймгийн Гурвантэс сум явах унаа сурж байсан чинь манай эхнэр зар хараад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Поошиг гэх газар руу унаа явна гэж хэлэхээр нь Драгон дээрээс “Pruis-11” загварын саарал өнгийн машинд суугаад жолоочтой, жолоочийн хажууд нэг эрэгтэй хүн бид гурав хотоос үдээс хойшхон гараад Төв аймгийн уулзвар дээрээс нэг эрэгтэй хүн аваад тэгээд дөрвүүлээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Поошиг гэх газар руу хөдөлсөн. Замдаа явж байхад Т гээд хүн /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ архи гаргаж ирээд миний хажууд сууж байсан залуу бид гурав нэг шил архи хувааж уусаар байгаад Дундговь аймагт очиж, хоолны газар орж бүгдээрээ хоол идчихээд Өмнөговь руу явцгаасан. Мөн л замдаа Т архи аягалаад Б, Т бид гурав хувааж ууцгаасан. Харанхуй болж байхад Өмнөговь аймгийн төв ороод аймгийн дундуур гараад чигээрээ наашаагаа явцгаасан. Үүр цайж байхад би сайн мэдэхгүй байна Ноён сумын уулзвар гэсэн тэр газраас цаана Мөнгөний мод гэдгийг өнгөрөөд явж байгаад жаахан унтацгаасан. Өглөө болгоод наашаагаа хөдлөөд явцгаасан. Тэгсэн Ноён сумын дөрвөн замын уулзвар гэдэг газар ирлээ гэж хэлсэн. Тэр гурав дөрвөн замын гуанзнаас хиам ойр зуурын юм авсан, би нэг ундаа авсан. Тэгээд машиндаа суугаад хөдөлцгөөсөн. Тэгсэн миний хажууд сууж явсан залуу /Б/ унтаад өгсөн, сэрснээ та хэд буруу замаар яваад байна, буцаад явчихсан байна гэж байсан, би зам мэдэхгүй болохоор хараад сууж байсан, миний хажууд сууж явсан залуу /Б/ нэг машин зогсоогоод уулзсан чинь тэр жолооч нь та хэд буруу замаар буцаад явсан байна гэж хэлсэн гэж хэлсэн. Бид хэд буцаж эргээд явж байтал жолоочийн хажууд сууж явсан Т гээд хүн зам буруу заалаа гээд жолооч руу хэлээд байсан. Машин зогсохоор нь Т, Б бид гурав машинаас буусан. Т гээд хүн Б гэдэг хүнтэй юм яриад байсан, тэр үед би буцаад машиндаа суугаад ундаа уух гээд суусан, тэгсэн тэр хоёрыг жолооч очоод машиндаа суулгасан. Хэдүүлээ цаашаагаа явсаар байгаад Гурвантэсийн уурхай гэсэн байх машинуудын хажууд нөгөө залуу /Б/ буугаад үлдсэн. Бид хэд Поошиг гэх газар очсон... Би хутгалж байгааг нь хараагүй, тэр үед би машинд сууж байсан болохоор мэдэхгүй байна, бид хэд машиндаа суугаад явж байхад Т гэх хүн Б руу гэдэс гүзээ чинь гайгүй юу гээд байсан, тэгээд сүүлдээ эм уух уу болоод явчихаар нь мэдсэн, тэгсэн тэр Б гэх залуугийн гэдэсний хүйсний хажуу талд нь хутгалсан юм шиг болоод явчихсан, явж байснаа зогсоод Т Б-ын гэдсэн дээр нь лент наагаад байгаа харагдсан.” /хавтаст хэргийн 26 дахь тал/

Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос найз Т-ын хамтаар гарахдаа бензиний мөнгө хийчих санаатай Драгон дээрээс 1 хүн аваад 16 цагийн үед гарсан. Төв аймгийн уулзвар дээрээс нэг хүн хамт явъя гээд, тэр хүнийг аваад Өмнөговь аймгийн чиглэлд дөрвүүлээ гарцгаасан. Миний хажуу талд урд сууж явсан Т архи гаргаж ирээд /нэрийг нь сүүлд мэдсэн огт танихгүй хүмүүс /Г, Б/ нар нэг шил архи хувааж уугаад аягалаад явцгаасан. Дундговь аймагт шөнө очсон хоолны газар онгойж байсан. Хэдүүл тэндээ хоол идчихээд хоолны газрын хажууд талд байдаг дэлгүүрээс хамт явсан Б архи авсан. Хэдүүл Өмнөговь руу хөдөлцгөөсөн, замдаа машинд байсан хэд ахиад нэг шил архи задлаад ууцгаагаад л явцгаасан. Шөнө дунд Өмнөговь аймаг руу ороод шууд наашаагаа Гурвантэс сумын чиглэлд явцгааж байгаад шөнөжингөө явсаар байгаад маргааш өдөр нь Ноён сумын дөрвөн замын уулзвар гэдэг газар ирсэн. Дөрвөн замын гуанзанд орчихоод, Поошиг гэх газар руу явцгаалаа гэж бодсон чинь буцаад ирсэн замаараа явсан байсан. Би анх удаа явж байсан болохоор зам сайн мэдэхгүй байсан, тэгээд төөрөөд явж байгаад нэг том машин таарахаар нь машинд сууж явсан Б бууж очоод асуусан чинь та хэд буруу явж байна, Ноён сумын нутагт явж байна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэндээ зогсоод би жаахан машиндаа унтсан, тэгсэн унтаж байх хойгуур Т, Б хоёр хоорондоо маргалдсан байсан. Тэгсэн хойно сууж явсан Г гэдэг хүн Т, Б хоёр хоорондоо маргалдаад байна гээд намайг сэрээсэн юм билээ, сэрээд хартал Т гартаа хутга барьчихсан машины гадаа зогсож байхаар нь гарч очоод хутгыг нь булааж аваад өөрийнхөө гутлын түрүүнд хийсэн, тэгээд юу болж байгаа юм яасан юм бэ? гэхэд нээх тийм юм яриагүй, тэгээд тэр хоёр хоорондоо эвлэрээд, Б-ын гэдсэн дээр нь хүйсний хажууханд нь хутгалсан байсныг машинаас лент гаргаж өгөөд зүсэгдсэн хэсэгт нь лент наасан. Тэгээд Гурвантэс сумын Поошиг гэх газар руу хөдөлсөн, явсаар байгаад шөнөдөө уурхай дээр л ирэх шиг болсон газар мэдэхгүй учраас Б заагаад яваад байсан, Б-ын машин дээр ирээд Б-ыг буулгасан, тэгээд гурвуулаа цаашаагаа Поошиг гэх газарт шөнө харанхуй болсон хойно очсон.” /хавтаст хэргийн 29 дэх тал/   

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ын биед хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.Б-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/

З.Т-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 50-72 дахь тал/

Драгер багаж үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72, 78 дахь тал/

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 73, 77 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80-83 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч З.Т нь согтуугаар, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн үед Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн нутаг Ц гэх газарт зам буруу заасан гэх шалтгаанаар иргэн Б.Бтай маргаж, улмаар түүний хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалж, хэвлийд нь шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/, гэрч Г.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч М.Э-ын мэдүүлэг  /хавтаст хэргийн 29 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, драгер багаж үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 72, 78 дахь тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 73, 77 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 80-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.     

Шүүгдэгч З.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/-ээр тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.    

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч З.Т, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.           

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч З.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд хэвлийд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй байна. Цаашид ч санал гомдол байхгүй. Бэлнээр 3 сая төгрөг З.Тас авсан.” /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч З.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч З.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, хохирогч Б.Б-ын хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн подволк 1 ширхэг, хүрэн өнгийн малгайтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б овгийн З Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, хохирогч Б.Б-ын хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн подволк 1 ширхэг, хүрэн өнгийн малгайтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч З.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бт 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ