| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.*******, өмгөөлөгч Б.Буянтогтох,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ы *******од холбогдох ............. дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт
.................................
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Z нэртэй баарны гадна М.*******, Б.******* нартай маргалдан, М.*******ийн нүүр толгой хэсэгт, Б.*******гийн нүүр, толгой болон хэвлий хэсэгт тус тус цохиж, М.*******ийн биед баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий, Б.*******гийн биед баруун хөмсөгөнд шарх, зүүн 1-р шүдний эмтрэл, баруун нүдний дээд доод зовхи, зүүн баруун бугалга, хэвлий баруун хэсэгт цус хуралт, дээд доод уруулын дотор салстад зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зулгаралт бүхий тус тус эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.*******ын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хэнийг яаж зодсоноо сайн санахгүй байгаа. Хэт их согтсон байсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тухайн өдөр буюу 12 дугаар сарын 18-ны өдөр нийлдэг найзуудаараа гарсан. Караоке хаус ороод гараад баар руу орсон. Тэгээд 01 цагийн үед гараад бааранд юм үлдээсэн байсан учраас би буцаж ороод гараад ирэхэд хүмүүс муудалцаад зодолдож байсан. Дунд нь манай найз байхаар нь салгаад аваад гарахад араас ирээд цохисон. Эвгүй унасан. Тэгээд толгой руугаа 2-3 өшиглүүлээд ухаан алдаад оёдол тавиулж байхдаа сэрсэн. Шүүгдэгчийн хэлж байгаагаар бааранд улаан үстэй хүнийг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд би 1 сарын сүүлээр эмчилгээ хийлгэсэн. 3 сард бас хийлгэнэ. Тэгээд хэдэн төгрөг болсон талаар мөрдөгчид хэлсэн. 5.762.800 төгрөгийн хохирол гарсан. Имплянт шүд болон явах зардал, өмнө нь бие өвдөөд сувилалд хэвтсэн зардал орсон байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Тэр өдөр караоке хаус ороод дараа нь баар орсон. Гараад ирэхэд бөөн хэсэг хүмүүсийг салгах гээд манай найз зогсож байгаад над руу алхсан. Тэгэхэд араас нь ирээд манай найзыг зодохоор нь өмөөрөөд зодуулсан. Нүд рүүгээ өшиглүүлсэн. Дээрээс дараад өшиглөсөн. Нүдэндээ 2 оёдол, урууландаа 1 оёдол тавиулсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед найз *******, *******, ******* эхнэр нарын хамтаар Караоке хаус гэх газарт орж дуулж архи, пиво ууцгаасан караоке хаусаас 22 цагийн үед гарсан түүнээс гараад ******* сумын 3-р багт байх Z нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад орсон тухайн бааранд ороод бид нар бүжиглэнгээ пиво ууцгаасан хэсэг бүжиглэж байгаад 23 цаг өнгөрч байхад баарнаас гарахаар болоод би эхнэрийн хамтаар түрүүлээд баарнаас гараад Гандрис худалдааны төвийн хойд талын зогсоолын баруун талд гараад ирэхэд хүмүүс муудалцаж байхаар нь хажуугаар нь гараад явах гэсэн чинь манай найз ******* хүнтэй муудалцаж байсан нүүр нь цус болсон харагдахаар хүрч очиход нэг залуутай муудалцаж байхаар нь салгаад би *******г дагуулаад явж байхад миний араас нэг залуу ирж өшиглөж унагаасан тэгээд миний толгой нүүр хэсэг рүү өшиглөсөн түүнээс болоод би ухаан алдсан нэг сэрхэд би эмнэлэг дээр очсон байсан эмнэлэг дээр очоод зүүн нүдний доод хэсэгт 3 оёдол тавиулаад эмнэлгээс явсан. Миний зүүн нүдний доод хэсэгт 3 оёдол тавиулсан зүүн нүд хавдаж хөхөрсөн дээд талын үүдэн нэг шүд унасан доод 4 шүд хөдөлсөн, өвдөг бага зэрэг шалбарсан уруулын дотор тал язарч хавдар үүссэн зэрэг гэмтлүүд үүссэн юм. Миний хувьд бусадтай харилцан зодолдсон асуудал байхгүй. Намайг зодуулж байх үед манай эхнэр салгах гэж байгаад өшиглүүлж зүүн хөлний шилбэнд гэмтэл авсан байсан өөр зодоонд оролцсон хүн байхгүй. Өөрийн биед хохирсон хохирлоо бүрэн барагдуулж авахыг хүсч байна гэжээ. /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед найз *******, түүний эхнэр , *******, нарын хамтаар Караоке хаус гэх газарт орж дуулж архи, пиво ууцгаасан караоке хаусаас 22 цагийн үед гараад ******* сумын 3-р багт байх Z нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад орсон тухайн бааранд ороод бид нар бүжиглэнгээ пиво ууцгаасан бүжгийн талбай дээр би ******* гэх залуутай муудалцсан тэгээд хэсэг хугацааны дараа би баарнаас гараад ирэхэд ******* гадаа байсан тэгээд дахин маргалдаж бид хоёр хоорондоо барилцаж авсан тэр үед манай найз ******* ирээд салгасан би *******оос салаад тусдаа арай хол очоод зогсож байхад манай найз ******* над руу дөхөөд алхсан тэр үед ******* нь манай найз *******ийг араас нь өшиглөж унагаад зодсон тэгэхээр нь би очоод найзыгаа салгаж авах гээд зууралдаж байгаад би унасан тэр үед ******* миний баруун нүд, баруун уруул хэсэг тус тус өшиглөж авсан тэр үед манай хамт явсан найзууд ирж салгаж аваад ******* бид хоёрыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн тэгсэн миний баруун уруул сэтэрсэн байна гээд 2 оёдол, хөмсөг хэсэгт 2 оёдол тавиулсан юм ийм зүйл болсон юм. Миний баруун нүд хөхөрч хөмсөг сэтэрсэн, уруулын баруун тал хэсэгт бас сэтэрч оёдол тавиулсан үүдэн шүдний хэлтэрхий хугарсан унах явцад нурууны ар хэсэгт хөхөрсөн байсан өөр гэмтэл учраагүй. Эмчилгээний зардлыг гаргуулж авахыг хүсч байнга. Хохирол барагдуулбал гомдолгүй гэжээ. / хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн дахин өгсөн мэдүүлэгт: Би бусдад зодуулснаас болж 1 сарын ростер ажилдаа явж сарын чадаагүй. Үүний улмаас нэг сар цалингүй байсан. Тэгэхээр би нэг сарын цалин болох 2.600.000 төгрөгийг буруутай этгээдээс авахыг хүсч байна. Мөн шүдээ үзүүлэхэд 25.000 төгрөг болсон. сумаас ирж очсон зардал нийт 70.000 төгрөг, шүүх шинжилгээнд үзүүлэхэд 8.000 төгрөг болсон ингээд би буруутай этгээдээс нийт 2.703.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. / хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрч Б.ын мэдүүлэгт: Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед найз ******* түүний найз охин нарын хамтаар ******* сумын төвд байх Рояал нэртэй караокед орсон тэнд ороод бид гурав пиво уунгаа дуулж суусан хэсэг дуулж тэнд байгаад 23 цаг өнгөрч байхад гараад урд талд нь байх Z нэртэй бааранд орсон. Ороод бид гурав нэг нэг пиво захиалсан тэгээд бүжгийн талбайд гараад бүжиглэсэн. Бүжиглэж байхад найз ******* нэг залуутай муудалцаад байсан тэгж байгаад нэг мэдсэн алга болчихсон байсан тэгээд хэсэг хугацааны дараа баарнаас гараад очиход ******* хүмүүстэй зодоон хийсэн байдалтай цээж нүцгэн байж байсан тэгэхээр нь би эргэж баар руу ороод *******ын малгай, бээлийг аваад гараад ирэхэд ******* яваад өгсөн байсан гэжээ. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Гэрч Г.ын мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед найз *******, , *******, нарын хамтаар Караоке хаус гэх газарт орж дуулж архи, пиво ууцгаасан караоке хаусаас 22 цагийн үед гарсан тэндээс гараад ******* сумын 3-р багт байх Z нэртэй бааранд орсон. Тухайн бааранд ороод бид нар бүжиглэнгээ пиво ууцгаасан ямар ч байсан бааранд бүжиглэж байсан нэг мэдэхэд цагдаагийн газарт ирсэн байсан яасан бэ гэсэн чинь *******, ******* нар зодуулсан гэж байсан би бааранд байж байгаад согтоод тасарсан байсан байна лээ. *******, ******* нар ямар хүмүүстэй муудалцаж зодолдсон талаар мэдээгүй маргааш энэ нэг залууд зодуулсан гэдгийг мэдсэн өөр мэдэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/
Гэрч Ч.ын мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед нөхөр ******* түүний найз *******, , нарын хамтаар караоке хаус гэх газарт орж дуулж архи, пиво ууцгаасан караоке хаусаас 22 цагийн үед гарсан тэндээс гараад ******* сумын 3-р багт байх Z нэртэй бааранд орсон тухайн бааранд ороод бид нар бүжиглэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа баарнаас явах гэхэд манай нөхөр найзуудын хамтаар алга байсан тэгээд араас нь гараад ирэхэд куртикээ дотор орхисон байна гэсэн тэгээд дотор ороод куртикийг нь хамт хайлцаж олоод гарч ирээд нөхөртэйгөө уулзахад манай нөхрийн нүд нь хөхөрсөн шүд унасан нүүр нь цус болсон байсан тэгээд миний уур хүрээд тэнд байсан залуу руу дайрсан чинь нөгөө залуу миний зүүн хөл хэсэгт ташсан юм уу яасан мэдэхгүй ямар ч байсан би газар унасан тэгээд нөхрөө аваад эмнэлэг явсан эмнэлэг дээр очиход манай нөхрийн нүдний доод талд 3 оёдол тавьсан. *******д бас оёдол тавих шиг болсон тэгээд гэртээ харьсан. Бас цагдаагийн газарт гомдол гаргасан гэжээ. /хавтаст хэргийн 32 дахь тал/
Гэрч Г.гийн мэдүүлэгт: Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед найз залуу ******* түүний найз нарын хамтаар ******* сумын төвд байх Рояал нэртэй караокед орсон тэнд бид гурав пиво уунгаа дуулж суусан. Дуулж байгаад 23 цаг өнгөрч байхад гараад урд талд нь байх Z нэртэй бааранд орсон тэнд ороод бид гурав нэг нэг пиво захиалсан тэгээд бүжгийн талбайд гараад бүжиглэсэн тэгээд бүжиглэж байгаад суухад манай найз залуу *******, нар 00 орно гээд гараад явсан. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч ирэхгүй байхаар нь баарнаас гарахад баарны гадаа манай найз залуу байхгүй байсан тэгээд Гандирс худалдааны төвийн хойд тал руу гараад очиход манай найз залуу тэнд хүмүүстэй муудалцсан бололтой цээж нүцгэн байж байсан тэгээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь хүнтэй муудалцсан гэсэн тэгээд би эргэж баар руу ороод куртикийг нь авч гарч ирээд найз залуугаа аваад явсан ийм зүйл болсон. Тэр үед ыг хаана байсныг мэдээгүй гэжээ. /хавтаст хэргийн 33 дахь тал/
Гэрч Б.гийн мэдүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед найз *******, , *******, нарын хамтаар Караоке хаус гэх газарт орж дуулж архи, пиво ууцгаасан караоке хаусаас 22 цагийн үед гарсан. Тэндээс гараад ******* сумын 3-р багт байх Z нэртэй бааранд орсон. Тухайн бааранд ороод манай хэд пиво захиалж ууцгаасан. Би нэг пиво захиалаад хажуугаар нь 100 грамм архи 2 удаа авч уусан би ширээндээ суугаад пиво, архиа уусан. Манай хамт явсан хэд бүжгийн талбайд гарч бүжиглээд байсан. Намайг ширээнд сууж байхад хажууд сууж байсан нэг залуу зодоон болоод байна гэсэн тэгэхээр нь би ОО ороход тэнд зодоон болж байгаа зүйл байхгүй байсан. Тэгээд гадаа гараад очиход бас зодоон болж байсан зүйл байхгүй санагдаж байгаа. Эргээд бааранд ороход манай хэд байхгүй байсан бүжгийн талбайд очиход манай хэд бас байхгүй байсан. Тэгэхээр нь би куртикээ аваад гарсан. Би хүнтэй муудалцсан эсэхээ санахгүй байгаа гэжээ. /хавтаст хэргийн 36 дахь тал/
Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би болсон асуудлын талаар урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан одоо нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 61-62 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******гийн биед баруун хөмсөгөнд шарх, зүүн 1-р шүдний эмтрэл, баруун нүдний дээд доод зовхи, зүүн баруун бугалга, хэвлийн баруун хэсэгт цус хуралт. дээд доод уруулын дотор салстад зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар х үндэслэ тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******ийн биед баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. М.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алданги 5 хувь нөлөөлнө. М.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.ын биед зүүн өвдөгө, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ч.ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ч.ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
....... дугаартай яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/
...... дугаартай яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн дэх тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь /
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Z нэртэй баарны гадна М.*******, Б.******* нартай маргалдан эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн эрүүл мэндэд баруун 1-р шүдний булгарал, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн эрүүл мэндэд баруун хөмсгөнд шарх, зүүн 1-р шүдний эмтрэл, баруун нүдний дээд доод зовхи, зүүн баруун бугалга, хэвлийн баруун хэсэгт цус хуралт, дээд доод уруулын дотор салстад зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, дээд доод уруулд зулгаралт гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд халдсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.*******ын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.762.800 төгрөгийн хохирол төлбөрийн нэхэмжлэл гаргасан.
Үүнээс шүүх хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан 78.700 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 78 дахь талд авагдсан 455.000 төгрөгийг баримт, хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан Хэрмийн цахиур эмнэлгийн 360.000 төгрөгийн баримт, Жинс эмнэлгийн 7.000 төгрөгийн баримтууд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаар үнэлж нийт 900.700 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т олгож шийдвэрлэлээ.
Харин хавтаст хэргийн 77 дахь талд авагдсан 94.100 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 79 дэх талд авагдсан 455.000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан 7.000 төгрөгийн нийт 556.100 төгрөгийн баримтууд нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн эхнэр болох ын сувилалд хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой зардлын баримтууд байх тул тус гэмт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарах үндэслэлгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлээс 556.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.703.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Үүнээс шүүх хавтаст хэргийн 84-88 дахь талд авагдсан шүүх эмнэлгийн зардал 8.000 төгрөг, 25.000 төгрөгөөр 3 удаа, 20.000 төгрөгөөр 1 удаа явсан замын зардал нийт 103.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн имплянт суулгацтай шүд хийлгэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаа болон цалингийн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаарх хохирол төлбөрийн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д 103.000 төгрөг, М.*******т 900.700 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын тухайд 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ээж, дүүгийн хамтаар ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг зүүн сайхан 7-29 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлбөрийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг хангаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэж заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би суманд шатахуун түгээх станцад түгээгч ажил хийж, түүний хөдөлмөрийн хөлсөө авах талаар илэрхийлсэн. Тийм учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид торгох шийтгэл оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэргийн цар хүрээ зэрэгт хамаарч байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ял оногдуулсантай холбогдуулж түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн хувьд М.*******, Б.******* нарын биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон ба шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох төрлийн санкцтай. Шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлоо цалингаараа төлсөн. Өмгөөлөгчийн зүгээс 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар санал байхгүй гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар санал байхгүй гэх,
Шүүгдэгч Б.******* дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа ухаарч ойлгож байна гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүх шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* шүүхээс оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т 906.700 төгрөг, Б.*******д 103.000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлж барагдуулсан болно.
Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “хоёр хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.******* нь 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******т 906.700 /есөн зуун зургаан мянга долоон зуу/ төгрөг, Б.*******д 103.000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ