| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 110/2020/0848/З |
| Дугаар | ШШ2020/01019 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар ШШ2020/01019
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, АХХК /захирал Ш.Х/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал А.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа худалдаж авсан болон ажил үйлчилгээний хөлс 4.362.582 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч АХХК-ийн захирал Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АХХК нь 2012 оны 01 дүгээр сараас эхлэн Б сумын ерөнхий боловсролын сургуультай бараа, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ хийж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн. Уг гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан. Одоогийн байдлаар тус сургуулийн санхүүгээс манай компанид нүүрсний үнэ 3841650 төгрөг, түлээний үнэ 160000 төгрөг, хоолны үнэ 80932 төгрөг, ариутгалын хөлс 280000 төгрөг, бүгд 4362582 төгрөгийг элдэв шалтаг зааж өгөхгүй байгаа юм. Манай компанийн өглөгийг тус сургуулийн захирал А.Е өгье гэхэд сургуулийн нягтлан бодогч Т.Муратхан өгөхгүй байгаа явдалд гомдолтой байна. Би уг авлагыг авах талаар өнгөрсөн хугацаанд авах тухай сургуулийн удирдлагад удаа дараа хандаж хүсэлт гаргаж байсан боловч намайг чирэгдүүлж өдий хүртэл бараа, ажил үйлчилгээний төлбөрийг өгөхгүй байгаа явдалд гомдолтой байна. Иймд Б сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс бараа худалдаж авсан болон ажил үйлчилгээний хөлс 4362582 төгрөгийг гаргуулан АХХК-ийн санхүүд олгож өгөх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: А ХХК 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Б сумын Ерөнхий боловсролын сургуультай бараа, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ хийж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн. Уг гэрээг 2019 оны 01 дүгээр сард цуцалсан. Гэтэл уг сургуулийн санхүүгээс А ХХК нүүрсний үнэ 3841650 төгрөг, түлээний үнэ 160000 төгрөг, хоолны үнэ 80932 төгрөг, ариутгалын хөлс 280000 төгрөг нийт 4362582 төгрөгийг өгөхгүй байгаа. Уг мөнгийг элдэв шалтаг хэлж өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б сумын бүрэн дунд сургуулиас авах хоолны мөнгөний талаар А ХХК-ийн захирал Ш.Хы өргөдлийн дагуу шалгасан 2017 оны хоолны өр, авлагын тооцоо байгаа. Уг өр авлагын тооцоонд сургуулийн захирал А.Е, ня-бо Т.М болон А ХХК-ийн захирал Ш.Х нарын гарын үсэг зурагдсан байгаа. 2017 оны жилийн төсвөөр Б сумын сургуулийн хоолны зардалд хэдэн сая төгрөг хуваарилсан эсэх, үүнээс А ХХК-аас хэдэн сая төгрөгийн хоол олгосон эсэх, сургуулиас хэдэн сая төгрөг шилжүүлсэн эсэх талаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээчээс мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлтэд аж ахуйн баримтаас А ХХК-ийн гүйцэтгэсэн нүүрсний зарцуулалтыг шалгаж үзэхэд, А ХХК нь 2017 онд нүүрс, түлээ мод, галч нарын норм сүү, саван, бээлийд нийт 22.400000 төгрөг зарцуулсныг сургуулиас нэхэмжилсэн ба сургууль нь А ХХК-д 18.400000 төгрөг шилжүүлж 3900000 төгрөгийг дутуу шилжүүлж санхүүгийн тайланд 3800000 төгрөгөөр өр төлбөрт харуулсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Ш.Хы гомдлоор Авлигатай тэмцэх газарт шалгуулсан материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрчээр мэдүүлэг өгсөн А.Е, Жазира, Ш.Х нараас авсан мэдүүлгээр тухайн өр байгаа гэдэг нь нотлогдож байгаа. Мөн хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: АХХК нь 2017 онд тус сургуулийн түлш, халаалт болон дотуур байрны хүүхдийн хоолыг түрээсийн гэрээний дагуу авч ажиллаж байсан. Тухайн онд АХХК хоолны зардлаас 4053,7 мянган төгрөг илүү авч харин түлш халаалтын зардлаас 3917,4 төгрөг дутуу авсан ба тухайн жилийн эцэст тус сургуульд 136,0 мянган төгрөг өглөгтэй байсныг тухайн үед тайлан балансад тусгасан болно.
Энэ маргааны талаар АХХК-ийн захирал Ш.Х аймгийн Цагдаагийн газарт хоёр удаа өргөдөл гаргаж шалгуулсан ба аймгийн Прокурорын газарт нэг удаа өргөдөл гаргаж энэ мөнгөний маргааныг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү, хяналт шалгалтын улсын байцаагч Х.Бергений дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтийн №01 хавсралт, №04, хавсралт №06 тоотод харуулсан байгаа. Уг хавсралтад А ХХК хоолны зардлаас 4053,7 мянган төгрөг илүү ба түлш халаалтын зардлаас 3917,4 мянган төгрөг дутуу авч байгууллага хоорондын тооцоогоор өр, авлагыг хааж тооцоогүй болгосон гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас бараа худалдаж авсан болон ажил үйлчилгээний хөлс 4.362.582 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ АХХК нь Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуультай бараа, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр бараа нийлүүлж, үйлчилгээ үзүүлж байсан ба нийлүүлсэн бараа, үйлчилгээний хөлс болох нүүрсний үнэ 3.841.650 төгрөг, түлээний үнэ 160000 төгрөг, хоолны үнэ 80932 төгрөг, ариутгалын хөлс 280000 төгрөг, бүгд 4.362.582 төгрөгийг олгохгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:
-Нэхэмжлэгч байгууллага АХХК болон төлөгч байгууллага Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллага хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд АХХК-д 3841650 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан ба энэхүү өрийн үлдэгдлийг 2018 оны эхний улиралд багтааж шилжүүлэхээр тохиролцсон байна.
-АХХК-ийн захирал Ш.Хаас бэлэн мөнгө олгохыг хүсэж өргөдөл гаргаж байсан байх ба сургуулийн захирлаас тог тасарсан үед гал тогоонд олгосон нүүрс түлээний үнэ 160000 төгрөг, сургуулийн гал тогоонд болон эрэгтэй дотуур байранд ариутгал хийлгэсний хөлс 280000 төгрөгийг Ш.Хд олгох талаар зөвшөөрөл олгосон байна.
-Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Хайратханаас Б сумын ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны хоолны мөнгөний зарцуулалтыг үндсэн баримтаар шалгаж үзэхэд АХХК нь 80932 төгрөгийн хоолны мөнгөний авлагатай гарсан болно гэж тодорхойлсон ба 2017 оны хоолны өр авлагын тооцооны баримтаар 80932 төгрөгийн авлагатай болохыг тусгаж Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч болон сургуулийн захирал, ня-бо, АХХК-ийн захирал нар гарын үсэг зуржээ.
-Хариуцагч Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай албан бичгээр нэгдүгээр сургуулийн хоол хүнс, түлш, халаалтыг 2017 онд гэрээгээр АХХК гүйцэтгэж байсан ба 2018 онд түлш халаалтын зардлаас 3841650 төгрөгийн авлагатай гарсан боловч одоо хүртэл авч чадаагүй байна гэж тодорхойлсон байна.
-Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолтод сургуулийн захирал миний бие АХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед авах ёстой 4362582 төгрөгийг сургуулиас гаргуулж өгөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа АХХК нь 2017 оны тус сургуулийн түлш халаалт болон дотуур байрны хүүхдийн хоолыг түрээсийн гэрээний дагуу авч ажиллаж байсан ба тухайн онд АХХК нь хоолны зардлаас 4053700 төгрөгийг илүү авч харин түлш халаалтын зардлаас 3917400 төгрөгийг дутуу авсан тул байгууллага хоорондын тооцоогоор өр, авлагыг хааж тооцоогүй болгосон гэж тайлбарласан байна. Гэвч байгууллага хоорондын тооцоогоор өр авлагыг хааж тооцоогүй болгосон талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч ажилтай Х.Б-ний 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба уг дүгнэлтээс үзэхэд сургуулийн аж ахуйн баримтаас хоолны зардалд нийт 36318 /225 хүүхэд/ өдөрт 88210.8 мянган төгрөгийн хоол зарцуулсан ба, харилцахын баримтаас АХХК-д хоолны үнэд 13 удаагийн шилжүүлгээр нийт 86829.3 мянган төгрөг шилжүүлж, кассаас 1300.0 мянган төгрөгийг бэлэн шилжүүлэн нийт 88129.9 мянган төгрөг олгож 80.9 мянган төгрөгийг нэхэмжлэлээс дутуу олгосон байна, ... АХХК нь 2017 онд нүүрс, түлээ мод, галч нарын норм сүү, саван, бээлийд нийт 22359,9 мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд сургуулийн төсвөөс АХХК-д түлш халаалтын зардалд 18442,5 мянган төгрөг шилжүүлж, 3917.4 мянган төгрөгийг дутуу шилжүүлж, санхүүгийн тайланд 3782,2 мянган төгрөгийг хувь хүмүүст төлөх өглөгөөр бүртгэж 135400 төгрөгийн өглөгийг дутуу харуулсан байна гэж тус тус дурдсан байна. Мөн дүгнэлтэд сургууль нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 106 тоот тогтоолын Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоосныг зөрчиж илүү олгосон талаар дурдсан боловч илүү олгогдсон нь АХХК-ийн буруутай ажиллагаатай холбоотой болохыг тогтоогоогүй, мөн энэхүү дүгнэлтээр хоёр байгууллагын хоорондын тооцоог харилцан тооцож, өр авлагыг хаасан тухай утга агуулаагүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Иймд Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас бараа худалдаж авсан болон ажил үйлчилгээний хөлс 4362582 төгрөгийг гаргуулан АХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас бараа худалдаж авсан болон ажил үйлчилгээний хөлс 4362582 /дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан АХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84751 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас 84751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдааны оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М