Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

 

 

 

        

   2024       02        29                                          2024/ШЦТ/71

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Д.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-т холбогдох эрүүгийн 2238001630010 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Э-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э- нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар баг ...тоот хашаанаас Д.Б-ийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.400.000  төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001630010 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Л.Э- нь нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар баг ...тоот хашаанаас Д.Б-ийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э-ын өгсөн: “...гэм буруугийн талаар маргаангүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогч Д.Б-ийн өгсөн: “...2022 оны 03 сарын 31-ний орой 06 цагийн үед манай найз болох Б.Г- манай гэрт хүрч ирсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад нэг шил архи хувааж ууцгаасан. Б.Г- орой 09 цагийн үед манай гэрээс ойрхон байдаг айлд унтах гээд явсан. Орой 11 цагийн үед миний мотоцикль гэрийн гадаа байсан. Шөнийн 04 цагийн үед манай урд байдаг Сагсан гэж дууддаг ах согтуу орж ирээд хүүхдээ асуугаад гарсан. Түүний дараа удалгүй Б.Г- орж ирээд таны мотоцикль хаана байгаа юм бэ гэрийн чинь гадаа байхгүй байна гэхээр нь гараад хартал миний мотоцикль алга болсон байсан. Б.Г- бид хоёр утасгүй болохоор дуудлага тухайн үед өгч чадаагүй өглөө нь миний мотоциклийг түрж хашаанаас гаргаад зам руу оруулаад унаад явсан байсан. Би тэгээд Сагсан ахын гэрт нь очоод мотоцикль алга болсон байна танайхаар хүмүүс ирээ юу гэтэл Л.Э- гэж хүн ирээд шөнө гараад явсан гэж хэлсэн. Сагсан ах болон түүний эхнэр бид гурав мотоцикль авч явсан хүний мөрийг хөөтөл Сагсан ахын гэрт архи ууж байгаад шөнө явсан гэх Л.Э-ын гутлын мөр байсан. Сагсан ах болон түүний эхнэр нь Л.Э-ын өмсөж явсан гутлын мөр байна гэсэн. Миний мотоциклийг авсан хүний гутлын мөр Сагсан ахынхаас гарч яваад манай гэрт очоод миний мотоциклийг аваад явсан байсан. ...миний мотоцикль Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгөтэй, суудал нь хар өнгөтэй, суудлын бурээс нь голоороо урагдсан, банк нь цүдгэр, гинжний хамгаалалтгүй мотоцикль байсан. ...сүүлд надтай Хөх толгойд таарахдаа Л.Э- нь “ёстой муухай юм болсон ах, уучлаарай” гэсэн зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43, 45 тал/,

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 сарын 31-ний орой 18 цагийн үед Д.Б-э гэж ахынд очоод бид хоёр нэг шил архи хувааж ууцгаасан. Би тэгээд орой 21 цагийн үед ойрхон байдаг Оюунтуяа гэж ахынд очиж унтаж байгаад сэрээд шөнийн 04 багийн үед Д.Б-э ахынд орох гээд хашаан дотор нь ортол нэг залуу суусан орилж байсан. Тэгээд би Д.Б-э ахын гэрт нь ороод гадаа орилоод байгаа хэн бэ гэж асуутал Сагсан гэж хэлсэн. Тэгээд гадаа мотоцикль чинь хаана байгаа алга байна гэтэл өөрөө гарч хараад Бат- Эрдэнэ ах мотоциклио байхгүй байгааг мэдсэн. Д.Б-э ах өглөө мотоциклио олдох байх гээд бид хоёр амарсан. Өглөө нь Д.Б-э ах хүмүүстэй хайж байгаад Л.Э- гэж хүн авчихсан юм шиг байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

Гэрч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг миний танилууд Сагсан гэж дууддаг. Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний шөнө би эхнэр Б.Б-, танил Л.Э- нарын хамт нэг шил архи уусан. Тэгээд архи ууж дууссаны дараа шөнө манайхаас бие засахаар гараад эргэж ирээгүй. Тэгээд өглөө босоод байж байтал үүрээр Д.Б-э гэдэг танил маань манайд ирээд миний унаж явсан мотоциклио хулгайд алдчихлаа. Л.Э- гэдэг залуу авсан юм шиг байна. Л.Э-ын гутлын мөр мөн байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Б-этэй хамт мотоцикль байсан гэх газарт нь очиход Л.Э-ын гутлын мөр мөн байсан. Тэр мөр мотоциклийг түрээд явж байгаа мөр байсан. Тэгээд би Д.Б-ийг цагдаад хэл гэж хэлсэн. Л.Э- шөнийн 1 цаг болж байхад бие засна гэж хэлээд л гарсан. Тэгээд буцаж орж ирээгүй. Л.Э- гарахдаа оймсгүй гутлаа холхиндог өмсөөд гарсан. Л.Э-ын гутал арзгар хээтэй хар өнгийн түрийтэй гутал байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цаг өнгөрч байхад Л.Э- нь Мөрөн сумын Хөх толгойн 43-01 тоот манай гэрт ирсэн. Ирэхдээ Л.Э- нь архи уугаагүй эрүүл ирсэн. Л.Э-т би хоол унд хийж өгөөд байж байтал Л.Э- миний сэтгэл санаа тавгүй байна гээд нөхөр Л.Л-аар 1 шил 0.75 граммын Хараа архи авахуулсан. Нөхөр Л.Л-, Л.Э- хоёр тэр архийг хувааж уусан. Би оройн 22 цаг өнгөрч байхад Л.Э-т өөрийн гэртээ ор засч өгсөн. Тухайн үед Л.Э- манай гэрт хононо гэж ярьж байсан юм. Оройн 23 цаг өнгөрч байхад Л.Э- манай гэрийн юм угаадаг саванд ус хийгээд өөрийн хөлөө мөн өмсөж явсан оймсоо угаасан. Тэгж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад Л.Э- хөл нүцгэн өөрийн гутлаа өмсөөд дээл хувцсаа өмсөөд яваад өгсөн. Тухайн үед Л.Э- нь нэлээн согтсон байсан. Хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Түүнээс хойш одоог хүртэл Л.Э- нь манайд ирээгүй. Тэгтэл маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад манай баруун талын айл болох Д.Б-э манай гэрт орж ирсэн. Д.Б-э хэлэхдээ танай гэрт ирдэг Л.Э- гэж залуу миний мотоциклийг авсан юм шиг байна. Миний гар утас надад алга. Цагдаа дуудах уу эсвэл 2-3 өдөр харзнах уу гэж асуугаад байсан. Тэгээд Д.Б-э хэлэхдээ манай хашаанд мотоцикль авч явсан хүний гутлын мөр байна. Танай гэрт ирсэн Л.Э-ын гутлын мөр мөн байна уу гэж нөхөр Л.Л- бид хоёроос асуусан. Нөхөр бид хоёр Д.Б-ийн хашаанд орж мотоцикль авсан хүнийх нь гутлын мөрийг нь хартал Л.Э-ын өмсөж явсан гутлын хээтэй таарч байсан. Тэр мотоцикль авсан хүний гутлын мөр манай хашаан дотор, мөн манай хашаанаас гараад Д.Б-ийн гэр лүү явсан, мөн Наран-Өндөр хүнсний дэлгүүр лүү явсан байсан. Л.Э- нь манайд 2021 оны намраас хойш амьдарсан. Би гутлыг нь ямар хээтэйг нь мэднэ. Тэр мөр Л.Э-ын гутлын мөр мөн байсан. Том 42-43 размерын хар өнгийн хагас түрүүтэй, өвлийн гутал байсан. Хээ нь арзгар мөртлөө бөөрөнхий хээтэй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед Улаан-Уул сумын иргэн Э- гэх залуу Л.Э-ын мотоциклийг авчирч өгсөн. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад мэдүүлэг өгснөөс хойш 5 хоногийн дараа би зах дээр явж байгаад Л- гээд залуутай таарч юм ярихад Сарангэрэл гэж хүүхэн Л.Э-ын мотоциклийг манай таньдаг найзад 100,000 мянган төгрөгөөр зарсан байна лээ гэж хэлэхээр нь Л-гаар би мотоцикль худалдаж авсан найзынх гэрийг заалгуулж очиход хөдөө явсан байсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа ганцаараа очиж уулзахад нэг залуу байсан тэр залуутай уулзахад өөрийнхөө утсан дээр тухайн худалдаж авсан мотоциклийн зургийг дарж авсан байсан. Надад тэр зургаа үзүүлсэн, яг Л.Э-ын мотоцикль мөн байсан. Тэгсэн тэр залуу хямд зарна гээд байхаар нь 100,000 мянган төгрөгөөр худалдаж аваад хонинд унах гээд хөдөө гаргасан гэж байсан. Би тэр залууд наадах чинь хулгайн мотоцикль юм шиг байна лээ шүү гэж хэлсэн чинь цагдаа энэ тэр болох юм бол зохицуулаарай чадахгүй бол мөнгөө төгрөгөө өгөөд авна биз гэж хэлж байсан. Би тэгээд хөдөө гараад яваад өгсөн юм. Тэр мотоциклийн түлхүүрийг зах дээр намайг архи ууж байхад Сараа гээд хүүхэн түлхүүрийг нь авъя гээд байхаар өмднийхөө халааснаас авч өгсөн. Би Л.Э- гэх залуугаас гуйж зөвшөөрөл авч гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 65 тал/,

“Ашид-Билүүн” ХХК-ийн шинжээчийн  2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 622/3608 дугаартай: “...Мустанг-5 маркийн мотоцикль 1.400.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 71-74 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-40 тал/,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 34 тал/,

           Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг мартсан байна. Мөрөн сумын 10-р баг Хөх толгойд найз Л.Л-ын гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд шөнө би тэдний гэрээс гараад хажуухан талын айлынх нь хашаанд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байхаар нь нууцаар хулгай хийгээд аваад явчихсан юм. Мотоцикль түлхүүргүй байсан, би хальт гишгиж асаагаад Арбулаг сум руу гараад явчихсан юм. Тэгээд би нэлээн хэдэн хоногийн дараа тэр мотоциклоор Мөрөн суманд орж ирээд архи согтууруулах ундаа хэрэглэж явах үедээ нөгөө мотоциклийг алга болгочихсон. Би Д.Б-э гэж хүний мотоциклийг хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нь хавар ноолуур үеэр төлөөд өгчих боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б-, гэрч Б.Г-, Л.Л-, Б.Б-, Л.Э- нарын өгсөн мэдүүлэг, “Ашид-Билүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 622/3608 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э-ын  2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар баг ...тоот хашаанаас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.400.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

             Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

              “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.

             Шүүгдэгч Л.Э-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Э-ын  2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 10 дугаар баг ...тоот хашаанаас хохирогч Д.Б-ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.400.000  төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

             Шүүгдэгч Л.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д  1.400.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 622/3608 дугаартай дүгнэлт “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Л.Э-аас 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгох нь зүйтэй байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

              Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Л.Э-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Л.Э-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

              Шүүгдэгч Л.Э-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 80-87, 89-91, 95-96 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Э- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Л.Э-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлйн 1, 2,3,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Э-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-аас мотоциклийн үнэ болох 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР