Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0337

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0337

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* ХХК  

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс,    

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Маргааны төрөл:    Нийгмийн даатгалын болон татварын тайланг хүлээн

авахыг даалгах,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*****, түүний өмгөөлөгч Д.Ж*****, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******, Л.О****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ж****** ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс болон мөн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ... 2014 оноос тасарсан Татварын тайлан, балансыг нөхөж өгөх талаар хүсэлт гаргажээ.

1.2. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1**** дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр 2014 оноос тасарсан татварын тайланг нөхөж өгөх боломжгүй гэсэн,

1.3. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11** тоот албан бичгээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнах боломжтой гэсэн,

1.4. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3*** тоот албан бичгээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж тайлагнах боломжтой юм гэсэн,

1.5 Нийслэлийн Татварын газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03**** тоот албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1**** дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэг мар хариу өгсөн байна гэсэн хариуг тус тус өгчээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Тус компани 2007 онд байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирал Ц.Г*****-ыг 2011 оноос "нотлох баримт хуурамчаар үйлдсэн" гэх Эрүүгийн 21**** дугаартай, эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 зүйлийн 253.1-т заасан огт үндэслэлгүй гэмт хэрэгт эрүүдэн шууж, Эрүүгийн 2104**** дугаартай хэрэгт нэгтгэн 2 удаа 11 жилийн хорих ялаар яллан 3 сар хорих ангид ял эдлүүлэн 2014 оны 10 сараас нийт 274 хоног цагдан хорьсноос тус компанийн Нийгмийн даатгал, Татварын тайлан, баланс тасарч иргэн, аж ахуйн нэгж хохирсон. Эрүүгийн шүүхийн 2019 оны 8 сарын 01-ны өдрийн 610 тогтоол дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан.

Үйл ажиллагаа хэвийн явуулахад тасарсан тайлан, баланс нөхөж бүртгүүлэх
зайлшгүй шаардлага байгаа ч харьяа Нийгмийн даатгал, Татварын хэлтсүүд
2021.10.21-ний өдөр 11** тоот, 2021.10.22-ны өдөр 1**** тоот, Нийслэлийн
Нийгмийн даатгал, Татварын газрууд 2021.12.22-д 3*** тоот, 2021.12. 24-д 03****
тоотоор хуульд заасан шүүхийн шийдвэр шаардлагатай гэж хариу ирүүлсэн.
Иймд тус компанийн 2014 оны 10 сараас тасарсан тайлан, баланс нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгал, Татварын хэлтсүүдэд даалгаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.7, 41.1.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 зүйлийн 9-д заасныг тус тус үндэслэн шүүхийн зардал төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Иргэн Х.О****** , Б.Б**** , Ё.Э****** нарыг залилсан, итгэмжлэл хуурамчаар үйлдсэн гэх огт үндэслэлгүй гэмт хэргүүдэд Ц.Г***** намайг 2010 онд яллагдагчаар татаж, яллан 274 хоног хилс ял эдлүүлснээс тасарсан тайлан баланс нөхөж бүртгүүлэх хүсэлт гаргахад харьяа дүүрэг, Нийслэлийн татвар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг газрууд хүлээж аваагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Монгол улс нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт-ын 9 дүгээр зүйлд Хууль бусаар хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилган гэж тус тус заасан.

Гэтэл Татвар, Нийгмийн даатгалын хэлтэс, газрууд ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1**** , 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11*** , 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3*** , 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 03**** тоот хариу үйлдэл, эс үйлдэхүй Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, эрүү, Иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн.

Иймд тус компани тайлан, баланс нөхөж бүртгэхийг Татвар, Нийгмийн даатгалд даалгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан болно гэжээ.

2.3. Нэхэмжлэгч Ж***** ХХК-ийн захирал Ц.Г******-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

....2010 оны 5 сараас иргэн Х.О****** , Б.Б**** , Ё.Э****** нарыг залилж итгэмжлэл хуурамчаар үйлдсэн талаар олон жил эрүүдэн шүүж 2014 оны 10 сараас 2015 оны 8 дугаар сар дуусах хүртэл хугацаанд хилс хэрэгт ял эдлүүлж нэхэмжлэгч компанийн тайлан тасарсан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд хүний эрх чөлөө бусад хөндөгдсөн эрхийг сэргээх талаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д хууль бусаар татагдсан этгээдийн зөрчигдсөн эрх болон учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцаж ажиллана гэж заасан. Мөн Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээний 9 дүгээр зүйлд хууль бусаар хохирсон этгээдэд эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж мөн адил гэж заасан.

...Тайлан баланс бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль, олон улсын гэрээг зөрчиж байна гэж үзэж байна. Үндсэн хуулиас давсан хууль журам байх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах зайлшгүй шаардлага байгаа. Иймд тайланг нөхөж бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн гол зөрчигдсөн буюу ямар эрх сэргээх талаар тайлбар хэлэхэд Үндсэн хууль болоод Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон гэрээгээр эрх чөлөө баталгаажуулахтай холбоотой бусад зүйл харагдаж байна. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хувийн өмчтэй байх, хувийн өмчид тулгуурлан бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тус үндсэн эрх чөлөө хангагдсан юм. 2010 оноос эхлээд эрүүгийн хэрэгт шалгагдаад 2011 оны 5 сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гарсан. Үүнээс хойших хугацаанд гол компанийн үндсэн үйл ажиллагаа буюу ашигт малтмалын салбар, уул уурхайн салбарт үндсэн үйл ажиллагаа эрхэлж байсан. Тус үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны талаар ашигт малтмал олборлох, хайх ажлын тухай зогссон. Улмаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2014 оны 10 сарын 23-ны өдрөөс эхлээд цагдан хоригдсон. Үүнтэй холбоотой прокурорын газрын албан тоот ирсэн. Архивын газраас ирсэн шийтгэх тогтоолоор хоригдсон цаг хугацаа тодорхойг дурдсан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар иргэн н.Ганболдын ямар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх вэ? гэхээр тус компанийн хөдөлмөр эрхэлж байсан удирдлагууд болоод гүйцэтгэх албан тушаалтын цалин хөлстэй холбоотой эрх ашиг сэргэх юм. Тайлан нөхөн бичилт тушаагдсан тохиолдолд цаашаа аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулах үйл явц сэргэнэ. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу тайлбараа ирүүлсэн. Шууд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал юу вэ? гэхээр хуулийн зохицуулалттай гэсэн. Хуулийн зохицуулалт бол нийгмийн даатгалын сангаас олгосноор хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байдлыг шалгагдсан мөн эрүүдэн шүүсэнтэй холбоотой тус хэрэг хэрэгсэхгүй болсон тухай нөхцөл байдал тогтоогдох юм бол эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тайланг залруулах боломж нээлттэй. Хэрвээ шүүх 2014 оны 10 сараас эхлээд 2022 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тайланд нөхөн бичилт хийлгэж даалгаад шийдвэрлэх юм бол бид нар боломжтой гэдэг хариуг өгч байгаа гэж ойлгож байна. Татварын хууль одоо хүчингүй болсон хуулиар хүндэтгэн үзэх шалтгаан буюу аж ахуйн нэгж байгууллага шалтгааны улмаас буюу Нийгмийн даатгалын тухай хуульд тусгагдсан үйл явц байхгүй байна. Хуульд тийм зохицуулалт байхгүй гээд хариуцагчийн тайлбар шууд үнэн зөв гэж ойлгохгүй байна. Жишээ болгоход төрийн албанаас хууль бусаар халагдсан асуудлууд зөндөө байдаг. Гэмт хэргийн улмаас шалгагдаад хожим гэмт хэрэг хэрэгсэхгүй болж цагаатгаж эргээд ажилдаа буцаан орж байгаа асуудал байдаг. Нийгмийн даатгалын нөхөлт бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлага гардаг. Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлдэг. Татвар нийгмийн даатгалын хэлтэс гэхээс илүүтэйгээр улсын өмчид үйлдвэрийн газар гэж байдаг. Тус байгууллага шийдвэрийг үндэслэж програм нээгээд өгөх юм бол 2021 оны өмнөх тайланг бүртгэнэ. 2014-2019 он хүртэл хугацааг тухайн жил нэмэлт байдлаар бүртгэх боломжтой байдлыг хариуцагчийн зүгээс хэлж байна. Татварын хуулиар нэхэмжлэгч компанитай холбоотой нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн эцсийн зорилго бол хэргийг шийдвэрлэхгүй татгалзахаас илүү бусад хууль болоод олон улсын гэрээнд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 2014 оны 4 дүгээр улирлын тайлан тусгагдсан гэдэг зүйл хэлж байна. 2015 оны 1, 2 дугаар улирлын тайлан бол үйл ажиллагаа явуулаагүй хэлбэрээр тайлагнасан гэж хэлж байгаа. 2015 оны 8 дугаар сард компанийн удирдлага батлан даалтад гарч ирээд буцаад тайлангаа завсарлах магадгүй 2014 оны тайланг засварлах тухайн үеийн тайланг зөвтгөх боломж байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн тухайд энэ асуудал өөрөө компанийн үйл ажиллагаа явуулах боломж нь 2010 оноос эхлээд тасалдсан юм. Энэ хугацаанд хууль шүүхийн байгууллагаар хоригдож улмаар чөлөөтэй зорчих боломж байхгүй. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нөхцөл байдал бүхэлдээ хязгаарласан байдал байсан. Компанийн тайлан гэхээс илүү хэд хэдэн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хэргийн ард гарах гээд ямар ч байсан энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгох дараа нь болох байх гэдэг нөхцөл байдлаар хандаж эхэлсэн. 2014 онд өгсөн гэж байгаа тайлан 2014 оны тайлангаар бодит нөхцөл байдалд нийцээгүй тайлан байж байна. Тус тайланг залруулах боломж байхгүй. Нийгмийн даатгалын хэлтсээс хуримтлагдсан татвар тайланг шаарддаг. Улмаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд гарсан. Өр төлбөрүүд нь үйл ажиллагаа явуулаад ашиг олоод татвараа төлөөгүй асуудал биш юм. Удирдлагатай холбоотой асуудлууд байгаа. Одоо болохоор хууль тогтоомжид нийцүүлээд татварын үйл ажиллагааг хуульд нийцүүлж ажиллагаа явуулмаар байна. Татварыг төлөхгүй гэж маргаагүй. Гэмт хэргээс болж учирсан хохирлын асуудлын тухайд жич шийдвэрлэх асуудал юм. Хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь хуульд нийцэхгүй. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1**** тоот захиргааны шийдвэр буюу захиргааны актыг хууль бус гэж үзэж байна.

Хүндэтгэн үзэх шалтгааны тухайд онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан мөн удаан хугацаанд шалгагдаж байсан, ял шийтгэл эдэлж байсан хугацаатай холбоотой асуудалтай уялдуулж тайлбарлаж байгаа. Тайлагнах боломжтой байхад тайлагнаагүй нөхцөл байдал байхгүй. Албан тоотуудаар хариу өгөхдөө харьяаллын захиргааны байгууллага ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч 2021 ондоо 2020 оны тайланг зөвтгөөд одоо 2022 ондоо 2021 оны тайланг зөвтгөөд залруулах гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа зүйл бол 2014 онд буруу тайланг зөвтгөөд тайланг өгнө. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлын асуудал биш. Цаана нь хөдөлмөр эрхэлж байсан нийт иргэдийн асуудлууд байна. Цаашлаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох, ажилласан жилийг тооцуулахтай холбоотой асуудлууд байгаа учир нэхэмжлэгч компанийн удирдлагын эрх ашиг сонирхлын асуудал биш юм. Хариуцагчийн өгч байгаа тайлбараар бид нар 2022 онд 2021 оны тайланг зөвтгөөд өгнө гэхээр 2014-2019 оны тайланг өгөөгүй учир тус тайланг хүлээж авах боломжгүй. Тус асуудлыг баталгаажуулах боломжгүй юм. Шүүхээр шийдвэр гарах юм бол гааль татвар санхүүгийн төвөөр эрхээ эдлэх юм. Боломж нь байгаа учир нэхэмжлэгч компани энэ ондоо 2021 оны тайлан хүртэл хийгээд тушаах боломж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Гурав. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*****аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай хэлтэст Ж********/РД:****/ ХХК нь Ц.Г*******ыг цагдаа, прокурор, шүүхээс үндэслэлгүйгээр онц хүнд гэмт хэрэгт эрүүдэн шүүж, хорих ангид ял эдлүүлсний улмаас тус компанийн нийгмийн даатгалын тайланг таслуулсан бөгөөд шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 610 тогтоол дээрх үйлдэл холбогдлуудыг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шаардлагатай, шийдвэрлэж өгнө үү гэсэн утга бүхий 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дугаар 01/73 тоот албан бичиг ирүүлсэн. Ж******** ХХКнь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2011 оны 11 дүгээр сараас эхлэн бүртгэлтэй бөгөөд 2014 оны 9 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлсэн.

2022 оны 01 дүгээр сарын байдлаар 41,158,245 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй бөгөөд уг өр төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д Төр аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: Үүнд 4/хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа гэж мөн Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Журам батлах тухай 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.г-д хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн хууль бусаар ажлаас зайлуулагдсан, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх шаардлагатай.

Ж******ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г****** /*********/-ыг хил хэргээр хорих ял эдэлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөн тайлагнах боломжтой юм.

Энэ талаар Ж***********ХХК-д манай хэлстийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11** тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.

Ц.Г********ыг хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй байх тул Ж*******ХХК-ийн 2014 оны 10 дугаар сараас тасарсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөн тайлагнах боломжгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н****-оос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"... Ж****** " ХХК-ийн захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ж****** " ХХК-ийн 2014 оны 10 сараас тасарсан тайланг нөхөж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст шүүхээс үүрэг болгож өгнө үү гэсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст 2014 оноос хойш татварын тайланг нөхөж өгөх хүсэлтээ өгсөн. Улмаар боломжгүй талаар албан бичгээр хүргүүлсэн. Ингээд Нийслэлийн татварын газар хандаж тус газраас холбогдох хариуг өгсөн байдаг. Татварын ерөнхий хуулийн 29.1-д Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана гэж заасан. Мөн хуулийн 29.2-т Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан. Үүний дагуу хуулиар тогтоосон хугацаандаа өгөөгүй учир дараагийн тайланг засаж болно гэсэн тайлбарыг тухайн үед өгч байсан. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/2** дугаар тушаалд татвар тайлан хүлээн авах журам гэж байдаг. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.13-д татварын нэгдсэн мэдээллийн систем хуулиар тогтоосон татварын тайлан тушаах эхний өдрөөс сүүлчийн өдрийн 24 цаг хүртэл нээлттэй байна гэж заасны дагуу тухайн үед тасарсан тайланг нөхөн авах боломжгүй гэсэн.

Нэхэмжлэгч компанийн өгч байсан тайланг татварын системээс харахад 2014 оны тайланг бүхэлд нь өгсөн байдаг. 2015 оны 1, 2 дугаар улиралд Х тайланг гаргаж өгсөн байдаг. Х тайланг улсын байцаагч хүлээж авсан төлөвтэй байгаа. Ц.Г болохоор 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 8 сар хүртэл хугацаанд хоригдсон байдаг. 3 дугаар улиралд 9, 10 дугаар сард тайлангаа өгөх боломж байсан. Тухайн үедээ 2015 оны тайланг 2016 онд засах боломж байсан. Өөрсдөө боломжоо эдлээгүй. Нөхөж авахгүй боломжгүй талаар албан бичгээр хүргүүлсэн.

Иймд Ж******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Ж***** ХХКнь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэст холбогдуулан ...даалгах нэхэмжлэл анх гаргасан.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж****аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож тайлангуудыг нөхөж бүртгэхийг даалгах гэж тодруулж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Н.Г*****оос уг шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн үндэслэлээ Нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.Г***** нь хилсээр хоригдож, удаан хугацаанд шалгагдсаны эцэст цагаатгагдсан байхад уг хугацааны тайлан, балансыг нөхөж бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 610 дугаар шийтгэх тогтоолд ...шүүгдэгч Ц.Г******ыг П.И*********г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Г*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Ц.Г****** нь Ж*******ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирлаар 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн, үүнээс хойших хугацаанд бүртгэлд өөрчлөлт ороогүй байх Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/****дугаартай албан бичгээр Ц.Г***** нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 4691 дүгээр ангид хоригдож байсан болохыг тодорхойлжээ.

5. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд:

5.1. Ж*****ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандаж гаргасан ... 2014 оноос тасарсан татварын тайлан балансаа нөхөж өгөх шаардлагатай тул шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэд тус хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/6****дугаар албан бичгээр ...танай байгууллага нь 2014 оноос хойш тасарсан тайлангаа нөхөж өгөх боломжгүй байна гэсэн хариуг хүргүүлжээ/хавтаст хэргийн 78-79 дэх талд/

5.2. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс тус компани нь 2014 оны 1-4 дүгээр улирал болон 2015 оны 1 дүгээр улирлын х тайланг ирүүлж, 2015 ондоо засварлах боломжтой байсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

5.3. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалт болон 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан байх ба 31 дүгээр зүйлийн 31.1-т Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болох-оор зохицуулжээ.

5.4. Хуулийн этгээдийн татварын тайлан гаргах хугацааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т ... татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2019 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ гэж зохицуулсан байна.

5.5. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас нэгтгэн үзвэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс маргаан бүхий актаар танай байгууллага нь 2014 оноос хойш тасарсан тайлангаа нөхөж өгөх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн нь татварын албаны Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгт нийцэж гарсан шийдвэр байна. Учир нь:

5.5.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Г*****-ыг хоригдож байх хугацаанд татварын х тайлан гаргасныг татварын алба хүлээн авсан байхын зэрэгцээ хуулийн этгээдийн хувьд татварын тайланг 1 жилийн дотор залруулах боломжтой байсан байхад захирал Ц.Г**** нь батлан даалтад гарснаас хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 20-оос мөн оныг дуусталх хугацаанд залруулаагүй байна.

5.5.2. Хэдийгээр 2008 оны Татварын ерөнхий хуульд татварын тайланд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж татварын албанд хүргүүлэхээр хуульчилсан байсан, нэхэмжлэгч Ж****** ХХК-ийн захирал Ц.Г**** нь цагдан хорих ангид тодорхой хугацаагаар хоригдож байсан нь тогтоогдож байгаа, түүнчлэн түүний энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан авч үзэх боломжтой хэдий ч татвар төлөгчийн хувьд тушаасан татварын тайланд залруулга хийх боломж мөн хуулиар олгогдсон байхад энэхүү боломжийг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд ...2014 оны 10 сараас эхлэн 2022 он буюу өнөөдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон татварын тайланг нөхөн бичилт хийлгэхийг даалгах хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд:

6.1. Ж ХХКнь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 01/** тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ... 2014 оноос хойш тасарсан нийгмийн даатгалын тайлангаа нөхөж өгөх тухай хүсэлт гаргасан байх ба тус хэлтсийн мөн сарын 21-ний өдрийн 11** тоот албан бичгээр ...шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тайлагнах боломжтой гэсэн хариуг өгчээ/хавтаст хэргийн 83-84 дэх талд/.

6.2. 2014 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж**** ХХК-ийн нийгмийн даатгалын тайлан гаргаагүй, шимтгэл төлөөгүй, өртэй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

6.3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана гэж заажээ.

6.4. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актаар тухайн тохиолдолд хэрэглэгдэхгүй, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тооцоход хэрэглэгдэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Төр, аж ахуй нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно 4 дэх хэсэгт хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа гэж заасныг хэрэглэж шүүхийн шийдвэр гарсан байх шаардлагатай гэж татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, Ц.Г**** нь өөрийн буюу хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцуулах талаар хүсэлт гаргаагүй, харин Ж*****ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нөхөж өгөхөөр хүсэлт гаргасан байхад хариуцагч нь Ж******ХХК-ийн захирал Ц.Г****-ын 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд компанийн нийгмийн даатгалын тайланг гаргаж тооцоо хийх бодит боломжгүй байсныг харгалзан үзээгүй байна.

7. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 3* дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал-ыг ойлгохоор тайлбарлажээ.

8. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч Ж********ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Г****** нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргах боломжгүй байсан нь тогтоогдож байх тул тухайн хугацааны тайланг хүлээн авч бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй байна.

9. Харин Ц.Г******** нь 2015 оны 09 дүгээр сараас хойших хугацааны тайланг нь хуулиар тогтоосон хугацаанд гаргах, даатгалын байгууллагад хүргүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж******** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж******** ХХК улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ