Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/01089

 

                                   “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01419 дүгээр магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах, Б.Наранчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Нарангэрэл, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, Б.Энхмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2021.08.30-г хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг, хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,038.10 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****, ****нараас 44,107,694.23 төгрөг гаргуулж “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,624,178.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2201007344 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол 20 дугаар байрны 331 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 449,044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01419 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****, Б.Энхмөнх нараас 58,731,873 төгрөг гаргуулж “ **** ****” ХХК-д олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****, ****нараас улсын тэмдэгтийн хураамжид 521,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,080 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярлах, Б.Наранчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****, ****нарт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.04.13-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 102/ШШ2022/01350 тоот дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.29-ний өдрийн 210/МА2022/01419 тоот магадлалыг мөн эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.29-ний өдрийн 210/МА2022/01419 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 болон 172.2.3-т заасныг дор дурдсан байдлаар зөрчсөн. Үүнд: Магадлалын ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 7 дугаар талын 7-д “...нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг дээр гэрээг цуцлах хүртэлх хугацааны болон түүнээс хойшхи хугацааны хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,038.10 төгрөгийг тус тус нэмж хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна” гэжээ. 

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг зөрчсөн тухай: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ. Уг заалт бүхий хууль нь 2021.05.21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “ **** ****” ХХК болон хариуцагч ****, ****нарын хооронд байгуулагдсан 2015.04.13-ны өдрийн 15/0520 дугаар бүхий “Зээлийн гэрээ”-г 2019.12.23-ны өдөр цуцалсан гэж дүгнэхдээ 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримталсан. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-г 2019.12.23-ны өдөр цуцлагдсан гэж дүгнэсэн харилцаанд 2021 онд батлагдсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийг хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д ч энэ зохицуулалт тусгагдаагүй. Ийнхүү Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөв хэрэглэсэн байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.12.23-ны өдрийн харилцаанд ямар үндэслэлээр 2021 онд батлагдсан хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Монгол Улсын эрх зүйд хууль буцаан хэрэглэх ойлголт байдаг боловч энэ нь процесс хуулийн хувьд яригддаг бөгөөд материаллаг хуулийн хувьд хууль буцаан хэрэглэх зохицуулалт яригдах боломжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь процесс хууль биш бөгөөд материаллаг хуулийн ангилалд хамаарна. Түүнчлэн, уг хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд энэ хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт тусгагдаагүй. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019.12.23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г цуцалсан харилцаанд 2021 онд Улсын Их Хурлаар батлагдсан хуулийг хэрэглэсэн нь маш буруу болсон. Ийнхүү Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлаас шалтгаалан Монгол Улсын жирийн иргэн хохирч, өр, зээлийн асуудал нь маш ихээр нэмэгдэж, зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 

4.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалтыг зөрчсөн тухай: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн “Зээлийн гэрээг цуцалсан ч хүү, нэмэгдүүлсэн хүү зогсохгүй” гэж дүгнэсэн. Гэтэл Монгол Улсын Дээд шүүх 2016.09.05-ны өдрийн №3 тоот дугаар бүхий “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжөөр “Гэрээ цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой харилцаа”-нд тайлбар өгсөн. Уг Зөвлөмжийн ХОЁРДУГААР хэсэгт “гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана” мөн “Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд Шүүхийн уг зөвлөмжид тайлбарласнаар бол Иргэний хуульд зааснаар аливаа гэрээг хугацаанаас нь өмнө “цуцалсан” нөхцөлд гэрээний харилцаа цуцалснаар дуусгавар болох бөгөөд цуцалснаас хойш гэрээний үүргийг шаардах боломжгүй юм. Энэхүү гэрээний эрх зүйн харилцааг “цуцлах”, “татгалзах” журам болон түүний үр дагаврыг Иргэний хуульд маш тодорхой зохицуулсан. Иргэний хуулийн уг зохицуулалтаас өөрөөр гэрээ цуцлах үр дагаврыг зохицуулах, тайлбарлах боломжгүй юм. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын Дээд Шүүхийн зөвлөмжөөс өөрөөр тайлбарлан хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн, Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Уг зохицуулалт нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд гэрээг цуцлах хүртэл хугацаанд хэрэгжих боломжтой. Харин зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй байдаг. Гэвч уг зохицуулалт нь гэрээг цуцлах, цуцалсны үр дагавраас өөр бөгөөд 2021 онд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” батлагдахаас өмнө уг зохицуулалт Монгол Улсын Шүүхийн хэмжээг хэрэглэгдэж байсан зохицуулалт. Уг зохицуулалтын дагуу шүүхийн практикт ч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд цуцлах хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү боддоггүй. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөс өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарыг илт хохироож байгаад гомдолтой байна. 

4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 1995.10.31-ний өдөр батлагдсан бөгөөд уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт нь 1998.01.15-ны өдөр болон 2002.07.04-ний өдрүүдэд батлагдсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт орсон. Гэхдээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэн шиг 1999 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт гэж байхгүй бөгөөд магадлалд дурдсан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь зээлдэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаас хойшхи хугацааны xүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” агуулга бүхий заалт өмнөх хуульд байгаагүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь огт байхгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

4.4. Хариуцагч нарын зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулгаа дэмжиж байгаа. Учир нь, хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн хууль болон гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээс болж маш их хохирсон. ...зээлдэгч ****ын зүгээс уг зээлийг авсан цаг хугацаанаас эхлэн зөрчил үүсгэсэн байдаг. Учир нь, зээлдэгч **** нь 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу жилийн 22.8 хувийн хүүгийн төлөлтийг төлөх боломжгүй бөгөөд анхнаасаа жилийн 8 хувийн хүүгийн төлөлттэй зээл авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь хэрэгт авагдсан маш олон баримтуудаар тогтоогддог. Тухайлбал, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн гаргаж өгсөн 2019.03.19-ний өдрийн 41 тоот дугаар бүхий “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” (Хавтаст хэргийн 30 дугаар тал)-д “Зээлдэгч **** нь 2015 оны 2 дугаар сард **** ****инд хүсэлт гаргаж, ээж Ц.Оюуны тэтгэврийг барьцаалан зээл авч, орон сууцны зээлийн төлбөрийн хуваарийн зөрчлийг арилгаж, цаашид хуваарийн дагуу төлж байсан. Гэвч 2018 оны 05 дугаар сараас хойш 7 удаа 67 хоногоор хугацаа хэтрүүлэн төлсөн. Энэхүү зөрчил үүссэнээр МИК-ийн 8 хувийн зээлийн шалгуур үзүүлэлтийн эхний шаардлагыг хангахгүй байх, цаашид уг зээл нь МИК-ийн дахин санхүүжилтийн зээлд шилжихгүй байх нөхцөл байдал үүссэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Үүнээс үзвэл зээлдэгч **** нь 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хүүгийн нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд оруулахаар 2015 оноос л эхлэн хандаж байсан нь илэрхий харагдаж байна. Мөн нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн гаргаж өгсөн 2019.01.25-ны өдрийн 14 тоот дугаар бүхий “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл” (Хавтаст хэргийн 29 дүгээр тал)-д “Цаашид уг зээлийн төлбөрийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй байх тохиолдолд МИК-ийн орон сууцны ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна” гэх агуулга бүхий мэдэгдлээр мөн л илэрхий харагдаж байгаа юм. Уг агуулга бүхий хүсэл зоригийн илэрхийлэл нь хавтаст хэрэгт авагдсан “Зээлдэгчийн хүсэлт” болон “Талуудын уулзалтын тэмдэглэл”-үүдээс маш их харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч **** болон ****нартай байгуулсан 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд зээлийн хүүг буруулах үүрэг хүлээгээгүй боловч нэхэмжлэгчийн зүгээс 2015.04.13-ны өдрөөс 2019.12.23-ны өдрийг хүртэл хугацаанд түүний зээлийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд шилжүүлэх горьдлого төрүүлсэн нь үнэн юм. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж заасантай зөрчилдөж байна. 

Учир нь, “ **** ****” ХХК-ийн зүгээс анхнаасаа эсхүл арай эрт зээлдэгч нарт 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн нөхцөлд шилжүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн бол “зээлийг анхнаасаа авахгүй байсан” эсхүл “ээжийнхээ болон аавынхаа тэтгэврийг барьцаалж зээл авч 40,000,000 (дөчин сая) төгрөгийн хүү төлөхгүйгээр байраа зараад зээлийг төлөх байсан” юм. Үүнд нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн зүгээс ч хариуцлага хүлээх ёстой бөгөөд тиймээс ч хариуцагчийн зүгээс хүү төлөх үүргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 

Мөн, нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж заасныг зөрчиж 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлөлтийг шаардах эрхээ өөртөө ашигтай байдлаар ашигласан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхэд маргасан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зүгээс уг татгалзлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, дээр дурдсаны дагуу хариуцагч буюу зээлдэгч нь 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г байгуулсан дараа сараас нь эхлэн зээлийн зөрчил үүсгэсэн бөгөөд зээлийн хүүг 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхгүй нөхцөлд зээлийг төлөх санхүүгийн боломжгүй гэдгээ нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д удаа дараа илэрхийлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан “Мэдэгдэл”, “Хүсэлт” болон “Уулзалтын тэмдэглэл” (Хавтаст хэргийн 25-37 дугаар тал)-р нотлогддог. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс 2015 онд бусдад залилуулж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон гэдгээ удаа дараа нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д мэдэгдэж байсан. Түүнчлэн, зээлдэгч **** нь зээл, түүний хүүг төлөх эдийн засгийн чадваргүй тул арга буюу 8 хувийн зээлийн нөхцөлд шилжүүлэх зорилгоор өөрийн төрсөн аав, ээжийн тэтгэврийг барьцаалж зээл авч, улмаар зээлийн хүүг төлж байсан баримт хавтаст хэрэгт бүрэн авагдсан. Гэтэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.13-т “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй”, мөн “ **** ****” ХХК болон ****, ****нарын хооронд байгуулагдсан 2015.04.13-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.11, 7.1.22 болон 8 дугаар зүйлийн 8.23, 8.2.14-д заасны дагуу “ **** ****” ХХК нь 2015.04.13-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г цуцалж, уг зээлийг хугацаанаас нь буцаан төлүүлэх арга хэмжээ авах ёстой байхад уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр зээлдэгч буюу хариуцагчийг хүүгийн дарамтад оруулсан. Мөн 2015.04.13-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцлах дээр дурдсан маш олон үндэслэл бий болсон байхад нэхэмжлэгч нь “МИК ОССК” ХХК-иас уг нөхцөлүүдийг нууж, улмаар ****, ****нарын зээлийг 2018.11.30-ны өдөр “МИК ОССК” ХХК-д жилийн 13.75 хувийн хүүгийн нөхцөлтэйгөөр шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нь зээлийг төлөх эдийн засгийн чадваргүй, орлогогүй байхад, жилийн 22.8 хувийн хүүгийн нөхцөлтэйгөөр зээлийг төлөх боломжгүйгээ илэрхийлж, жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлж өгөхийг удаа дараа хүсэж байхад хариуцагч ****, ****нарт мэдэгдэхгүйгээр “МИК ОССК” ХХК-д жилийн 13.75 хувийн хүүтэйгээр зээлийг шилжүүлсэн байсан. Тодруулбал, “ **** ****” ХХК нь хариуцагч буюу зээлдэгч ****, ****нараас жилийн 22.8 хувийн хүүгийн орлого авч, харин “МИК ОССК” ХХК-д жилийн 13.75 хувийн хүү төлж, хүүгийн зөрүүгээс 9.05 хувийн хүүгийн орлогыг давхар олж байсан нь хавтаст хэрэгт авагдсан 2018.11.30-ны өдрийн ХХАГ-18/14-05 тоот “Ипотекийн зээл худалдан авах нэмэлт гэрээ”-ээр бүрэн тогтоогдож байгаа. Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан маш олон баримтуудаар тогтоогдож байхад тухайн баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр, хэт нэг талыг баримталж, зээлийн нөхцөлд тохиролцоо тусгагдаагүй гэх ганцхан өгүүлбэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн эрх бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Гэтэл хуульд заасан аливаа эрх нь үргэлж үүргийг давхар агуулж байдаг. Гэрээ цуцлахыг хуулиар эрх гэж тодорхойлсон боловч “Банк” гэх чиг үүрэг бүхий байгууллага нь харилцагч, зээлдэгчийг ямагт эдийн засгийн дарамтад оруулахаас сэргийлж, зээлдэгч үүргээ биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд нэн даруй зээлээ шаардах ёстой байдаг. Энэ агуулга бүхий зохицуулалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгагдсан. Гэвч үүнийг эрх төдий байдлаар тайлбарлаж, бүхий л үр дагаврыг ганц зээлдэгч буюу ****т хариуцуулах нь шударга ёсонд хэрхэвч нийцэхгүй байна. 

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.29-ний өдрийн 210/МА2022/01419 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн 102/ШШ2022/01350 тоот дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 6,987,217 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 

/Жич: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 58,731,873 төгрөгөөс 6,987,217 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөрүү 51,744,565 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд улсын тэмдэгтийн хураамжийг уг зөрүү дүнгээс тооцох ёстой боловч 58,731,873 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно. Энэхүү гомдолд улсын тэмдэгтийн хураамжид 451,610 төгрөгийг зохих ёсоор төлж баримтыг хавсаргав./ гэжээ. 

5. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2022/01013 дугаар тогтоол гаргажээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,731,873.11 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2021.08.30-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг, хүүгийн 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 81,038.10 төгрөгийг гаргуулна гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ... **** нь жилийн 22,8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн төлбөрийг тасралтгүй 6 сар төлсөн нөхцөлд хүүг жилийн 8 хувь болгож бууруулна гэж тохиролцсон боловч хүүг бууруулаагүй, зээлдэгч **** төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой байсан тул гэрээг 6 сарын дараа цуцлах байсан. ...зээлийн төлбөрт төлсөн 39,987,437.38 төгрөгийг үндсэн зээлийн 42,000,000 төгрөгөөс хасч, үлдэх үндсэн зээл 2,012,562.2 төгрөгийг, 6 сарын хүү 4,974,655 төгрөгийн хамт нийт 6,987,217 төгрөгийг төлөх боломжтой. ...хариуцагч ****зээл авах хүсэл зорилгоор бус, ****ны тавьсан шаардлагаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан... гэж маргасан байна.  

7. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 44,107,694.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 14,624,178.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагч нараас 58,731,873 төгрөг гаргуулж “ **** ****” ХХК-д олгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдлыг 2022.10.12-ны өдрийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 9. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

10. “ **** ****” ХХК нь ****, ****нартай 2015.04.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 42,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 150 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба уг гэрээгээр, зээлдэгч нар үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Болорын өмчлөлийнэрхийн улсын бүртгэлийн Ү-2201007344 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 20-р байрны 331 тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаархарилцан тохиролцжээ. 

10.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь энэ хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан, барьцааны гэрээ мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна. 

10.2 Хэргийн баримтаар зээлдэгч нар 2015.05.20-ны өдрөөс 2019.03.29-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 4,365,740 төгрөг, зээлийн хүүд 35,618,627.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,069.88 төгрөгийг тус тус төлсөн боловч 2019.03.29-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь тогтоогджээ. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульчилсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1, 8.2.1-т зээлдэгч ...зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө, нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж заасан. 

Нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас зээлдэгч нарт 2019.05.03-ны өдөр, 2019.08.27-ны өдөр, 2019.10.01-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүргүүлж, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, улмаар 2019.12.23-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ хугацаагаар зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна. 

10.3 Иймд, анхан шатны шүүх “ **** ****” ХХК-ийн, зээлдэгч ****, ****нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 37,634,259.22 төгрөг, 2019.12.23-ны өдөр буюу гэрээг цуцлах хүртэл хугацааны зээлийн хүүд 6,464,800.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,635.01 төгрөг, нийт 44,107,694.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх 14,624,178.14 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцжээ. 

Түүнчлэн, анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг биелүүлээгүй бол барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн байна. 

11. Харин, давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалсан 2019.12.23-ны өдрөөс хойш хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй. Учир нь, мөн зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1999 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3, ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт ...зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн зохицуулалт тусгагдсан, ...иймд үндсэн зээлийн үлдэгдэл 37,634,259.22 төгрөг, ...хүүгийн төлбөрт 21,016,575.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,038.10 төгрөгийг тус тус нэмж гаргуулах нь зүйтэй... гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцээгүй, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс  6,987,217 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2022/01419 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.08.26-ны өдөр төлсөн 451,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ