Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2026/0693

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “А” ХХК

          Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

          Гуравдагч этгээд: “Г” ХХК

          Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэр болон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Г" ХХК-ийн хооронд байгуулсан ЭΥΤΘΥΓ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0047 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, Д.М, Э.Э

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

          Хэргийн индекс: 119/2026/0002/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэр болон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Г" ХХК-ийн хооронд байгуулсан ЭΥΤΘΥΓ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0047 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, тендерт дахин үнэлгээ хийхийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгаж” шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1 Тус шүүх 2026.02.09-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцэж, ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11 заалтыг удирдлага болгон "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025.10.15-ны өдрийн М-ДБ-112-12|10770 дугаартай шийдвэр, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Г" ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ 20250102426 тендерийн дугаартай худалдах- худалдан авах гэрээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх, хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол эдгээрийг хүчингүйд тооцох, гуравдагч этгээд "Г" ХХК-ийн тендерт ирүүлсэн ICR|VC|HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ шаардлага хангаж буй эсэхийг нягтлан үзэж, 1 сарын дотор дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан.

3.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн.

Ингэхдээ ЗХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 106 дугаар зүйлийн 106.2 заалтыг тус тус дурдаж, “Г” ХХК-ийн ICR|VC|HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ хуурамч эсэх талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “нотлох баримт" хуульд заасан шаардлага хангаагүй байхад уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь ЗХШХШТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасантай нийцэхгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ” гэх дүгнэлт хийсэн.

3.3 Давж заалдах шатны шүүх нь ЗХШХШТХ-ийн 7.1-д заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг би хууль зүйн үндэслэл бүхий магадлал гэж үзэхгүй байна. Тодруулбал, анхнаасаа нэхэмжлэгч шүүхэд зөвхөн ганц хуудас хуулийн шаардлага хангаагүй хэвлэмэл бичиг гаргаж өгсөн боловч үүнтэй холбогдох өөр бусад нотлох баримт цуглуулах, ICRIVC|HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ хуурамч эсэхийг шүүхээр нотлуулах талаар ямар ч хүсэлт гаргаагүй. ЗХШХШТХ-ийн 7.1 болон 1.4 заалтаар гадаад хэл дээрх нотлох баримтыг орчуулж, хуулийн шаардлага хангах үүргийг шүүхэд хүлээлгээгүй. Мөн хуулийн 7.2-т зааснаар шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй. ЗХШХШТХ-ийн 20.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг ЗХШ-ээс шаардах эрхтэй гэж хуульчилсан.

3.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д ... "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Г" ХХК-ийн хооронд 2025.11.10-ны өдрийн 2025/14-Н дугаартай "Худалдах, худалдан авах тухай" гэрээ байгуулагдсан боловч тус гэрээний дагуу бараа нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй ... Мөн хэсгийн 3.16-д ... Тендерт шалгарсан "Г” ХХК нь Ган туйван нүүрстөрөгчит ган ХХАГ-нд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй болох нь хариуцагчаас "гэрээний дагуу бараа нийлүүлэгдээгүй” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “шүүхэд маргаантай байгаа учраас гэрээний дагуу бараа нийлүүлээгүй” гэх тайлбаруудаар нотлогдож байх ба ХХША-ны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, гэрээг түдгэлзүүлэх, зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэжээ.,

3.4.1 Худалдах худалдан авах гэрээний дагуу бараа нийлүүлсэн эсэх нь тендер шалгаруулсан шийдвэрийг хүчин болгоход нөлөөлөх гол хүчин зүйл биш. ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу ... Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгаж, энэ хүрээнд шийдвэр гаргах ёстой.

3.4.2 Хэрэв анхан шатны шүүх бараа нийлүүлэгдсэн эсэх асуудлыг авч үзэж байгаа бол гуравдагч этгээдийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн барааны үнэ төлсөн, бараагаа авахын тулд бизнесийн зээл авсан зэрэг 7 хуудас нотлох баримт (шхт-2Х)-ыг яагаад үнэлсэнгүй вэ? Шүүх хуралдаан дээр яригдсан зүйлүүд, нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдээс асуусан асуулт хариулт, даргалагчийн ХХАГ-тэй холбогдох асуулт зэрэг (шхт-5-7х, 10х)-ийг ДЗШШ анхаарч үзэх нь зүйтэй. Энд нэхэмжлэгч, хуралдаан даргалагч нар хоорондоо шүүх хуралдаан болон шийдвэрийн талаар урьдчилан ярилцаж тохиролцсон байж болзошгүй гэх хардалт дагуулахаар асуудал байгаа нь харамсалтай.

3.4.3 "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох хэргийг Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2026.02.09-ний өдөр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ХХАГ-г хүчингүйд тооцсон. Гуравдагч этгээд АШШ-ийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаснаар 2026.03.12-ны өдөр ДЗШШ-ийн магадлал гарч, улмаар 2026.05.07-ны өдөр УДШ-ийн тогтоол гарсан. Эдгээр бүх шийдвэрүүд хавтаст хэрэгт байгаа, гэтэл АШШ-ийн 47 дугаар шийдвэрт ХХША-ны явцад маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, гэрээг түдгэлзүүлэх, зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэх дүгнэлт бичсэн нь үнэхээр гайхалтай бус уу?

3.4.4 Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, ХХАГ-г хүчингүйд тооцсон АШШ-ийн 2026.02.09-ний өдрийн 6 дугаар шийдвэр цааш үргэлжилсээр хэрэг дахин АШШ-д буцсан байтал энэ хооронд ХХАГ-ний үүргийн биелэлтийн 60 хоногийн талаар асууж яриад, бараа нийлүүлээгүй гэх үндэслэлээр тендер шалгаруулалтын шийдвэр, ХХАГ-г хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэхээс илүү ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэвэл үнэнд дөхөм болов уу.

3.5 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн талаар:

Хэрэв тендерт оролцогч "хуурамч" бичиг баримт бүрдүүлсэн бол холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй тухай тайлбарлаад тендер шалгаруулалтын шийдвэр, ХΧΑΓ-г хүчингүй болгожээ. Ийм шийдвэрийг энд дурдсан эрх зүйн үндэслэлийг баримтлан гаргахын тулд "Г" ХХК-ийн тендерт ирүүлсэн тохирлын гэрчилгээ хуурамч болохыг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгч, улмаар шүүх уг баримтыг зохих ёсоор үнэлэх учиртай. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд тохирлын гэрчилгээ хуурамч гэж үнэлж болохуйц нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч тохирлын гэрчилгээ хуурамч гэдэг нотлох баримтаар Сангийн яаманд гомдол гаргасан гэх боловч ядаж хэзээ, ямар агуулгатай гомдлыг, ямар албан тоотоор Сангийн яаманд өгснөө нотлох баримт шүүхэд өгөөгүй, зөвхөн амаараа л ярьсан. Ийм атал тохирлын гэрчилгээ хуурамч гэдгийг нотлох баримтгүйгээр шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.5.1 ЗХШХШТХ-ийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах ёстой. Мөн хуулийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 34.3-т шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус хуульчлагдсан. Нэхэмжлэгч ICR|VC|HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг олгосон байгууллага нь түүнийг 2025.11.12-ны өдөр хуурамчаар үйлдэгдсэн тухай манай компанид мэйл ирүүлсэн гэх боловч үүнийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

3.5.2 "А" ХХК-ийн гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон тохирлын гэрчилгээ "хуурамч болсон” цаг хугацаа хоорондоо зөрүүтэй байдаг. Тодруулбал, "А” Сангийн яам гомдлыг нь үндэслэлгүй гэж мэдэгдсэн 2015.10.31-ний өдрөөс 10 хоногийн дараа буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерт шалгарсан компанитай 2025.11.10-ны өдөр бараа ХХАГ гэрээ байгуулсны дараа 2025.11.12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т "тохирлын гэрчилгээ хуурамч" гэх мэдэгдэл хүргүүлсэн. Түүнчлэн 2025.11.12-ны энэ өдөр ICR|VC|НЕ240704 дугаартай тохирлын гэрчилгээ дээр "хуурамч" гэх бичилт хийгдсэн гэж ярьдаг. Хэрэв "А" ХХК ямар нэгэн байгууллагад и-мэйл илгээж, тохирлын гэрчилгээ хуурамч гэх хариу авсан нь үнэн юм бол яагаад энэхүү и-мэйлээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгдөггүй юм бэ? Шүүх ямар ч нотлох баримтгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн аман үгээр, хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч өөрөө ICR|VC|HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ "хуурамч” гэх хуулийн шаардлага хангасан нотлох баримт шүүхэд өгөөгүй, уг гэрчилгээ хуурамч болох нь зохих ёсоор нотлогдоогүй, шүүхээс үүнийг нотлох ажиллагаа хийгдээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй нь ойлгомжтой бус уу?

3.5.3 АШШ-ийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч 3.Ж, хэргийн гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д нар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үйл баримтууд, хууль зүйн үндэслэлийн талаар хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн дээрх 5.2 дахь хэсэгт дурдсан цаг хугацаа, үйл баримтуудаар хавтаст хэрэгт авагдсан “А" ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдол, түүний хариу мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн мэдэгдэл, АШШ-д гаргасан нэхэмжлэл зэрэг хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тал бүрээс нь харьцуулан үнэлж, зохих дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд би АШШ-д ийм тайлбарыг бичгээр гаргаж өгсөн.

3.5.4 ЗХШХШТХ-ийн 20.2.4-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 36.1-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна, 101.3-т хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргана. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд энэ тухайгаа нотлох үүрэгтэй гэж тус тус заасан байдаг. Хэрэв нэхэмжлэгч хүсвэл, уг гэрчилгээ хуурамч болохыг илрүүлсэн нь үнэн бол ТБОНӨХБАҮХАТХ-ийн 56 дугаар зүйлд заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид гомдол гаргаж, мөн зүйлийн 56.5.1-д зааснаар "Г” ХХК хуурамч бичиг баримт тендерт ирүүлсэн эсэх талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчид үүнийг хийх хүсэл зориг байхгүй, өнөөг хүртэл Сангийн яамны улсын байцаагчид гомдол гаргаагүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүйд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Учир нь энэ үйл баримт ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход хамааралтай, ач холбогдолтой боловч эсрэгээр нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огт хангаагүй байна.

3.6 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.15-д ... эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдэж, тус тендер шалгаруулалтад 1 дүгээр шалгарсан "Г" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон" гэх мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ган туйвангийн тендерийг 2025.03.18-ны өдрөөс эхлэн 3 дахь удаагаа зарлаж, 2025.10.15-ны өдөр "Г" ХХК-ийг шалгаруулжээ. Ийнхүү нэг жил гарангын өмнө зарлагдсан тендерт 6 сарын өмнө шалгарсан компани тендер захиалагчтай ХХАГ байгуулж, бараагаа татаж авсан. Гэсэн ч шүүхийн маргааны улмаас худалдан авагч тал тендерийн барааг хүлээн авсан акт үйлдээгүй, уг барааг үйлдвэрлэлд ашиглах боломжгүй, худалдагч талд барааны үнийг төлөөгүй хэвээр байна. “Г” ХХК-ийн мөнгөн хөрөнгө ийнхүү царцаагдсанаар уг компани эдийн засгийн үр ашиггүй нөхцөл байдалд өртөж, тендерт шалгарсан компанийн хууль ёсны эрх, бизнесийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь үнэн. Гэтэл мөнгө санхүүгийн болон бусад хохирол, хор уршигтай бодит байдлаар учраагүй “А" ХХК-ийн нэхэмжлэлийн улмаас тендер захиалсан, тендерт шалгарсан ашгийн төлөөх ААНБ-уудын хувьд, цаг хугацааны алдагдал араасаа ямагт эдийн засгийн хохирол, хор уршиг дагуулсаар байгаа нь үнэн. Эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг харгалзан хууль тогтоох байгууллага тендертэй холбогдох ХХША-г цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй тусгай журмаар, хурдан шуурхай шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Иймээс энэхүү ХХША хэтэрхий удаашралтай, их хугацаа алдсаны улмаас үүсэж болох үйлдвэрлэлийн хүндрэл эрсдэл, эдийн засгийн үр ашиг, эрх зүйн үр дагавар ач холбогдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй хэр нь, нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийжээ.

3.7 ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.4-т ... Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж тодорхой ойлгомжтой заасан бөгөөд хавтаст хэрэгт хуулийн шаардлага хангасан, үнэлж болохуйц нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн "хуурамч" гэх тохирлын гэрчилгээ, мэйлүүд нь гадаад хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгдэж, орчуулгын товчооны тэмдэг дарагдсанаар "хуурамч"-ийг нотлох баримт болох ёсгүй. Орчуулгын товчооны тамга тэмдэг нь уг орчуулга үнэн зөв болохын нотолгоо. Тохирлын гэрчилгээ хуурамч, эсхүл мэйл үнэн бодитой гэдгийг орчуулгын товчоо нотлохгүй гэдгийг шүүгч биш, хууль зүйн сургуулийн оюутан ч мэднэ. Энэ талаар би анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж тайлбарласан атал, шүүх бүрэлдэхүүн ойлгохгүй мэдэн будилсан нь харамсалтай байна. Анхан шатны шүүх мөн зүйлийн 106.3.14-т заалтыг удирдлага болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульчлагдсан шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд дээр дурдсан үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан “А" ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь захиргааны хэргийн ААШ-ийн 2026.07.20-ны өдрийн 119/ШШ2026/0047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан “А" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шударгаар шударгаар шийдвэрлэж, хэргийн гуравдагч этгээд "Г" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:    

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Маргаан бүхий үйл баримтын тухайд:

          2.1 "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/20250102426 дугаартай "Ган туйван /нүүрстөрөгчид ган/" тендерийг зарлаж 10 компани материал ирүүлсэн байх ба үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, “Г” ХХК, “А" ХХК-уудын тендерийг 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэн, хамгийн бага үнийн саналтай "Г" ХХК-ийн тендерийг “Хамгийн сайн" тендерээр үнэлж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

          2.2 Анх нэхэмжлэгч “А” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон "Г” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮΤΘΥΓ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах, Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

          2.3 Энэхүү маргааныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 6 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: ""Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112- 12/10770 дугаартай шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Г” ХХК- ийн хооронд байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2025/14-Н- дугаартай худалдах, худалдан авах гэрээг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “хууль тогтоомжийн дагуу тендерт дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах”, “Улсын орлогод хураагдсан 7.294.173,0 төгрөгийн тендерийн баталгааг буцаан олгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102426 дугаар тендерийн захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112- 12/10770 дугаартай мэдэгдэл, 2025/14-Н- дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус хүчингүйд тооцож,

          3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь гуравдагч этгээд “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт ирүүлсэн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ шаардлага хангаж буй эсэхийг нягтлан хянан үзэж, 1 /нэг/ сарын дотор дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн.

          2.4 Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаар магадлалаар “анхан шатны шүүх “Г” ХХК-ийн ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ хуурамч эсэх талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн англи хэл дээрх баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т .... заасантай нийцэхгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.” “... Ийнхүү хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон хариуцагчийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.” гэж дүгнээд хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

          2.5 Уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 202 тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

          2.6 Улмаар анхан шатны шүүх дахин хэлэлцэж 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0047 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/10770 дугаартай мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан ЭҮТӨҮГ/20250102426 тендерийн дугаартай, Ган туйван /нүүрстөрөгчит ган/ нэртэй худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгож, тендерт дахин үнэлгээ хийхийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          3. Анхан шатны шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хариуцагчийг тодорхойлох ажиллагаа хийгдэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарч хүчин төгөлдөр болсон байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн үлдсэн шаардлагаа тодруулсан байна. Мөн “Г” ХХК-ийн ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээ хуурамч эсэх талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн англи хэл дээрх материалыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулан хэрэгт хавсаргажээ.

          4. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаар магадлалд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх нөхцөл арилсан гэж үзэхээр байна.

          5. Нэхэмжлэгч “А” ХХК-иас "Тендерт шалгарсан "Г” ХХК нь ICR/VC/HE240704 дугаар бүхий барааны тохирлын гэрчилгээг хуурамчаар үйлдэж тендерт шалгарсан бөгөөд тухайн тохирлын гэрчилгээг олгосон Польш улсын байгууллага болох ICR Certification center (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-рүү ICR/VC/HE240704 дугаартай гэрчилгээг үнэн зөв эсэхийг тодруулахад хариуд тус гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэнийг анхааруулсан бүртгэлийг өөрсдийн цахим сайтад баталгаажуулж байршуулсан болохыг бидэнд мэдэгдсэн и-мэйл ирүүлсэн" гэж, гуравдагч этгээдээс "Тохирлын гэрчилгээ хуурамч гэдэг нь нотлогдохгүй байна. Тохирлын гэрчилгээг хуурамч гэсэн и-мэйл ирсэн гэдгээр хуурамч баримт баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчээс имэйлд үзлэг хийлгэх зэргээр өөр бусад байдлаар үүнийг нотлоогүй, хуурамч гэдгийг нотлолгүйгээр шийдвэр гаргасан" гэж тус тус маргадаг.

          6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Г” ХХК-ийн тендерт ирүүлсэн ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг хуурамч болох талаар ICR Certification center (ICR гэрчилгээжүүлэлтийн төв)-өөс мэдэгдсэн байна.

          7. Энэ тохиолдолд, дээрх үйл баримтыг тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.” гэж заасны дагуу үнэлэх нь зүйтэй.  

          8. Энэ талаар анхан шатны шүүх “ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээг олгосон эрх бүхий байгууллагаас тохирлын гэрчилгээг хуурамч болох талаар мэдээлсэн энэ нөхцөлд захиалагч болон Үнэлгээний хорооноос маргаан бүхий тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг тодруулах, дахин хянан үзэх замаар тендерийг дахин үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

          9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ...” заасан ба “ICR/VC/HE240704 дугаартай тохирлын гэрчилгээ үнэн зөв болох талаар гуравдагч этгээдийн талаас гаргаж ирүүлсэн баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 119/ШШ2026/0047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                                     Э.З