Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 114

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Ч.Болормаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Мөнхтэгш, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар /ҮД:0-342/, Ж.Яринпил /ҮД:0-013/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Мөнхтэгш-т холбогдох 201626011716 дугаартай, 188/2017/0120/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 38 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бадарчийн Мөнхтэгш /РД:ХН75092877/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Б.Мөнхтэгш нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамж 37б тоот хашаанд оршин суух Г.Эрдэнэ-Оюуны гэрт ороод урьд нь үл таних Ц.Батбаярыг “хэн бэ айлд юу хийж байгаа юм” гэж хэлэн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохих, мөн гэрийн гадаа гарган толгойн тус газарт нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулан, хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар, үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхтэгш-н мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн найз Тулга гэх залуугийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байх гэрт нь очоод Тулгын хамт 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Би хажуу хашаанд байх Оюунаагийн гэр лүү ус уухаар ороход Оюунаа, Батбаяр гэх залуугийн хамт согтуу архи уучихсан сууж байсан. Тухайн үед би согтсон байсан болохоор нэг хэсэг юу болсноо санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Батбаяр гэх залуутай уг хашаан дотор гэрийн хажууханд маргалдаж байсан. Юунаас болсон гэдгээ би сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа би ухаан орсон ба би Батбаярыг түлхсэн чинь Батбаяр унаад өгсөн. Тэгэхээр нь би очоод Батбаярын толгой руу хоёр удаа өшиглөөд дараа нь цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн. Батбаяр намайг цохиогүй газар хэвтсэн чигээрээ үлдсэн. …Батбаяр гэх хүнийг би танихгүй. … би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, гэхдээ өшиглөсөнөө санаж байна. Хаана хаана өшиглөсөнөө санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 х/,

 

Гэрч М.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Ээж Эрдэнэ-Оюун, түүний ах Доржсүрэн, түүний эхнэр Мөнхжаргал нар согтсон байдалтай байсан, манай дүү Батзул дугуй унаад байж байсан. Намайг гэртээ ирсэнээс хойш 20 орчим минутын дараахан Батбаяр ах халамцуу байдалтай 0.75 литрийн архитай ирсэн. Би 18 цаг өнгөрч байхад ломбарднаас гар утсаа авах гээд гарч яваад буцаад 20 цагийн орчим гэртээ ирэхэд Тулгын гэрт Мөнхтэгш нь архи уугаад сууж байсан. Мөнхтэгш манай гэрт 20 цаг өнгөрч байхад нилээд согтуу орж ирээд Батбаяр ахад хандаад “чи юун хүн бэ энэ айлд юу хийж яваа юм” гэхэд Батбаяр ах “би хүү дээрээ ирсэн юм” гэхэд Мөнхтэгш нь шууд Батбаяр ахын нүүр лүү гараараа хоёр, гурван удаа цохиж авсан. Батбаяр ах өөдөөс нь цохиогүй. Тэгэхэд Доржсүрэн ах чи наад ядарсан хүнээ яах гээд байгаа юм, наадах чинь Батзулын аав нь шүү дээ болиоч гэж хэлсэн чинь Мөнхтэгш үнэн юм уу гэж хэлээд Батбаяр ахыг зодохоо больсон. Манай дүү Батзул нь Батбаяр ахын хүүхэд биш, манай дүүг 5 настай байхад Батбаяр ах манай ээжтэй хамтран амьдарч эхэлсэн болохоор дүүг маань миний хүүхэд гэж дууддаг байсан юм. Тэгээд Мөнхтэгш Батбаяр ахыг энгэрээс нь заамдаж аваад гэрээс чирч гаргасан чинь Батбаяр ах тамхи татах гээд асаасан чинь Мөнхтэгш Батбаярын нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан чинь Батбаяр ах шууд газар унаад өгсөн. Мөнхтэгш нь Батбаярын толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсээд Батбаяр ах руу нилээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэдэн удаа өшиглөөд дахин цохихоо болиод байж байхад Байгальмаа ирээд Мөнхтэгшийг одоо боль гэрт ор гэхэд үгэнд нь орохгүй тэнд хэсэг байж байсанаа яваад өгсөн. Батбаяр ах өөрөө босч ирээд манай гэр лүү орсон. Батбаяр ах нэмж архи уугаагүй, ээж тэр хоёр хоёулаа согтуу байсан болохоор хоорондоо юм ярьж хоёулаа уйлж байгаад 23 цаг өнгөрч байхад унтаад өгсөн. Батбаяр ах манай гэрт ороход нүүр нь зарим хэсгээрээ бага зэрэг хавагнасан байсан санагдаж байна, гэхдээ бүр айхтар хавдаагүй, сүртэй шалбарсан зүйл байхгүй бага зэрэг зулгарсан юм уу гэмээр улайчихсан байсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө би 11 цагт сэрэхэд Батбаяр ах байхгүй байсан, Батбаяр ах  0.5 литр нэрийг нь мэдэхгүй архи барьж орж ирээд ээжтэй хамт тэр архиа хувааж уусан. …13 цагийн үед гэрээсээ гарч ажил руугаа явсан. Ээжийг согтуу байсан болохоор 17 цагт чөлөө аваад гэртээ ирэхэд Батбаяр ах хашаан дотор жорлонгийн хойд газар баруун талаараа хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Гэрт ороход ээж тасраад унтчихсан байсан. Би дүүгээсээ “Батбаяр ах тасарчихсан юм биш үү оруулахгүй яасан юм бэ” гэхэд дүү маань “харин тиймээ босохгүй байна, толгойг нь усаар шавшиж  өгөөд сэрэхгүй, босохгүй байна” гэхээр нь би хувцасаа сольчихоод гараад Батбаяр ах дээр очоод “Батбаяр ахаа бос гэрт ор” гэж хэлэхэд ямар ч ухаангүй, сэрэхгүй босохгүй байсан. Би гэртээ ороод хоол унд хийгээд гэрээ цэвэрлэчихээд харахад Батбаяр ах босохгүй байхаар нь 20 цагийн орчимд байх 103-т дуудлага өгсөн. Түүнээс хойш 20-30 минутын дараа ирж үзээд архины хордлого юм шиг байна эрүүл мэндийн 14-р төв дээр хордлого тайлах эмчилгээ хийнэ 40-50 мянган төгрөг болдог юм аа гэхэд нь би гэрийг нь мэднэ би гэрт нь очиж хэлээд араас чинь хүн дагуулж очьё гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-30-31 х/,

 

Гэрч Г.Эрдэнэ-Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Батбаяр манайд ирэхдээ 0.75 литрийн нэг шил архи авчихсан халамцуу байдалтай ирсэн. Тэгээд би Батбаяр, Доржсүрэн, Мөнхжаргал нарын хамт уг архийг хувааж уусан. 19 цаг болох гэж байсан байх Мөнхтэгш нэлээн согтсон байдалтай орж ирэнгүүтээ “энэ одоо хаанахын хэн бэ гээд” Батбаяр луу хэлэхэд Батбаяр инээгээд суугаад байхаар нь би Мөнхтэгш-д хандаад “чамд ямар хамаатай юм бэ” гэхэд Мөнхтэгш “чи хэн бэ” гээд Батбаярын толгой руу нь гараараа хоёр гурван удаа цохиод авсан. Батбаяр гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Мөнхтэгш нилээд бухимдсан ууртай байдалтай явж байсан ба Батбаярыг шууд гэрээс чирээд гарсан. Мөнхтэгш Батбаярыг гэрийн хажуу талд зодоод байсан. Би араас нь гараагүй, гадаа Батбаярыг зодоод байх шиг байхаар нь хэсэг хугацааны дараа гарахад Батбаяр газар явган суучихсан Мөнхтэгш хажууд нь зогсож байхаар нь би Мөнхтэгшийг чи дахиад зодоод байгаа юм биш үү гэхэд Мөнхтэгш үгүй үгүй би зодоогүй гэж хэлж байсан. Намайг гарснаас хойш Мөнхтэгш Батбаярыг цохиогүй Батбаяр ороод надтай юм ярьж байгаад манайд унтсан. Тухайн өдөр манайд Батбаяр, би, Хонгорзул, Батзул бид нар хоносон. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд хэвтэж байтал …Батбаяр босоод толгой өвдөөд байна гээд өвдсөн байдалтай байгаад байсан. …Батбаяр хүүхдийн пүүз өмсөөд гараад явахаар нь би 00 орох гээд гарсан юм байх гэж санасан чинь удаагүй 10 гаруй минутын дараа дэлгүүр орчихоод ирлээ гээд 0.5 литрийн нэг шил архи, бэлэн гоймонтой аваад ороод ирсэн. …Батбаяр манайд ирэхдээ зодуулсан гэхээр зүйл байгаагүй, халамцуу байдалтай байсан. Биед нь болон нүүр аманд нь ил харагдахаар гэмтэл шарх огт байгаагүй. …Батбаяр Мөнхтэгшид зодуулсанаас хойш манай гэрт байж байхад уруулынх нь завсар жавьж орчимд нь жаахан цус болчихсон байдалтай, нүүр нь зарим хэсгээрээ зулгарч бага зэрэг улайсан, бага зэрэг хавдсан байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-33-34 х/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Батзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай ээж Эрдэнэ-Оюун, Доржсүрэн ах, түүний эхнэр Мөнхжаргал эгч нар архи уугаад сууж байтал гаднаас Батбаяр ах 18 цагийн орчимд орж ирсэн. Тэд нар архи уугаад сууж байтал Мөнхтэгш ах нилээн согтсон байдалтай зүүн талын Тулга ахын гэрээс орж ирэнгүүтээ Батбаяр ахыг хараад “чи хаанаас ирсэн лалар вэ гэхэд” Батбаяр ах юм дугарахгүй байсан чинь “чи хэлгүй юм уу” гэхэд Батбаяр ах мөн юм дугарахгүй байсан. Батбаяр ах гэрийн баруун талд байх орон дээр сууж байсан чинь Мөнхтэгш ах очоод шууд гараараа нүүрэнд нь нилээд хэдэн удаа цохиж авсан. Батбаяр ах болий агаа болий агаа гээд сүүлдээ орлуугаа хойшоо хэвтсэн. Батбаяр ахыг Мөнхтэгш ах заамдаж бариад чирээд гэрийн гадна талд баруун талд очиход Батбаяр ах халааснаасаа тамхи гаргаж ирээд татах гэтэл Мөнхтэгш ах гараараа Батбаяр ахын нүүрэнд нилээд хэдэн удаа цохисон чинь Батбаяр ах газар унасан чинь Мөнхтэгш ах Батбаяр ахын толгой руу нь нилээн олон удаа дэвссэн. Тухайн үед ээж Эрдэнэ-Оюун болон Доржсүрэн ах салгах гээд дийлэхгүй байсан чинь цаанаас Байгальмаа эгч хүрч ирээд салгасан. Ингээд Батбаяр ах манайд ороод ээж Эрдэнэ-Оюун, эгч Хонгорзул, Батбаяр ах бид нар хоносон. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Батбаяр ах архи авч ирээд ээжтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд Батбаяр ах толгой өвдөөд байна гээд ээж даралт ихсээд байна гэж байсан. Хонгорзул эгч гэрээс гараад явсан, ээж унтаад өгсөн, Батбаяр ах надтай цуг суугаад зурагт үзэж байгаад бие заслаа гээд 17 цагийн орчимд гарсан. Би зурагт үзээд хэвтэж байгаад бие засахаар гэрээс гарсан чинь хашааны жорлонгийн хажууд Батбаяр ах хэвтэж байсан. Би очоод Батбаяр ахыг сэрээх гэсэн чинь Батбаяр ах хурхираад  унтаад байх шиг байсан, тэгээд сэрэхгүй би ганцаараа дийлэхгүй болохоор гэртээ орсон. Удаагүй Хонгорзул эгч ирээд хоол хийгээд Батбаяр ахыг сэрэхгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлсэн чинь архины хордлого гээд Цамбагарав төв дээр байх эмнэлэг дээр очсон чинь наадах чинь архины хордлого биш зодуулсанаас болсон байна гээд гэмтэл рүү авч явсан. …Батбаяр ах тэр өдрийн өглөө гарч архи авч ирсэн байсан. Тэрнээс өөр гарч ороогүй. Харин өмнө орой нь Мөнхтэгш ахад зодуулаад нүүр нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд тэр өдөр толгой нь өвдөөд байна толгой эргээд байна гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-36-37 х/,

Гэрч Г.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би төрсөн дүү Эрдэнэ-Оюуны гэрт өөрийн эхнэр Мөнхжаргалын хамт очсон. Бид нар 0.75 литрийн нэг шил архи хувааж уугаад дуусч байтал гаднаас өмнө нь Эрдэнэ-Оюунтай хамтран амьдарч байсан Батбаяр гэх залуу гаднаас нэг шил архи авч орж ирсэн ба халамцуу байдалтай байсан. Ингээд гаднаас манай дүү Эрдэнэбилэгийн гэрээр орж гарч байдаг Мөнхтэгш гэх залуу халамцуу байдалтай орж ирсэн. Мөнхтэгш орж ирэнгүүтээ Батбаярыг заагаад “чи энд юу хийж байгаа юм бэ” гээд зүүн талын орон дээр Батбаярыг сууж байхад нь Мөнхтэгш шууд гараараа нүүрэнд нь нилээд хэдэн удаа цохиж авсан. Батбаяр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гараараа нүүрээ хаагаад хойшоо болоод байсан. Батбаяр угаасаа хүнтэй зодолдоод байдаггүй ноомой зантай хүн байгаа юм. Би Мөнхтэгшид наад хүн чинь Эрдэнэ-Оюуны хүүгийнх нь аав нь байгаа юм гэхэд Мөнхтэгш үнэн юм уу гэхэд үнэн гэж хэлсэн чинь арай гайгүй намдах шиг болохоор нь би тархины өвчтэй хүн болохоор айгаад эхнэрээ дагуулаад аваад гараад Тулгын гэрт ороход Тулга унтаж байсан, Байгальмаа гэртээ байж байсан. …Батбаяр анх орж ирэхэд зодуулсан гэхээргүй цэвэрхэн хувцасласан халамцуудуу байдалтай инээгээд орж ирж байсан. Ямар нэгэн зовиур хэлж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-40 х/

 

Гэрч Б.Байгальмаагийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Тулгын хуурай ах Мөнхтэгшийг манайд ирэхэд 0.75 литрийн  Арвай архи аваад бид гурав хувааж уучихаад дахиад 0.75 литрийн архиа уугаад сууж байтал манай хажуу айлын эгч Оюун согтуу орж ирээд Мөнхтэгш ахтай хэрэлдээд байсан.  Оюун эгчийн охин Зулаа орж ирээд Оюун эгчийг аваад гэртээ орсон. Мөнхтэгш ах саванд ус хийгээд айлын хөргөгчинд хийнэ гээд манайхаас гарсан. 10-20 орчим минутын дараа Оюун эгч “болиоч ээ хүн аллаа шүү дээ” гэж орилохыг сонссон. Би хэвтэж байгаад босоод Мөнхтэгш ахыг гэр лүү дагуулж ирэх гээд очтол миний үгэнд орохгүй байсан. Оюун эгч надад манай нөхрийг зодсон гээд байсан юм. Намайг очиход Мөнхтэгш Оюун эгчийн нөхрийнх нь цамцнаас зулгаагаад “энийг би амьтан болгоно, энэ Оюуныг зоддог юм билээ” гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-42, 43 х/,

 

Гэрч Ж.Түмэн-Өлзий-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг хүн ирэхдээ биеийн байдал маш хүнд, ухаангүй, гадны ямар ч цочролд хариулахгүй, туранхай байдалтай ирсэн. Бид зохих ёсны шаардлагатай шинжилгээнүүдийг хийж тархины гэмтэл цус хуралт байж болзошгүй гэж үзээд мөн давхар архины шалтгаант хордлого байж болзошгүй шинж тэмдгүүд байсан учир дээрх шалтгааны эсрэг эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Өвчтөн удалгүй биеийн байдал нь улам бүр дордож эмчилгээнд үр дүн өгөлгүй амьсгал зүрх зогсож нас барсан. Би уг хүнд антибиотик эмчилгээ, тархины хаван бууруулах, цус тогтоох, хордлого тайлах, тархины эд эсийг сэргээх бусад шинж тэмдгийн эмчилгээг хийсэн боловч өвчтний биеийн байдал хүнд байсан тул амь насыг нь аврах боломжгүй, өвчтөн нас барсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162 х/

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа. Зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт. Тархины суурийн хэсгийн эдийн няцралт

2.Тархины дарагдалт, хаван. Уушигны хаван. Дотор эрхтнүүдийн цус дүүрэлт.

3.Элэгний өөхөн хувирал. Нойр булчирхайн хатууралт. Дунд зэргийн согтолт.

 

Шинжээчийн ¹1325 тоот дүгнэлт

1.С.Батбаярын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Задлан шинжилгээгээр элэгний өөхөн хувирал, нойр булчирхайн хатууралт өвчин тогтоогдсон ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно.

4.Талийгаач С.Батбаяр нь дээрхи тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач С.Батбаяр нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ.

6.Талийгаач С.Батбаяр нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шинжээч эмч М.Энхбаяр /1хх-52-53 х/,

 

Шинжээчийн ¹1232 тоот дүгнэлт

1.2016.07.28-ны өдрийн 1325 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Батбаяр нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

2.2016.07.06-ны өдөр дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна.

3.Ц.Батбаярын биед учирсан тархины гэмтэл нь шинэ үүссэн бөгөөд цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих өшиглөх аль ч үед үүсэх боломжтой.

5.Дээрхи тархины гэмтлийг авсан тохиолдолд цусан хураа аажим хугацаанд хурах боломжтой тул эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой.

6.Дээрхи тархины гэмтлийг авсан хүнд толгойн өвдөлтийн шинж илэрч эхэлнэ.

7.Ц.Батбаярын биед тухайн задлан шинжилгээний үед тогтоогдсон гэмтлүүд учирсан бөгөөд шинжилгээ болон фото зургаар баталгаажсан байна. Шинжээч эмч С.Одончимэг, Н.Туяа, Г.Ханхүү /хх-ийн 77-78 х/

 

Шинжээчийн ¹1535 тоот дүгнэлт

1.2016.07.08-ний өдрийн талийгаач Ц.Батбаярын цогцост үзлэг хийсэн гадна үзлэгт тогтоогдсон дух, хөмсөг, зүүн мөр, цээж, баруун зүүн бугалга, дээд уруулын дотор салстын цус хуралт, зулгаралт зэрэг гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

2.Ц.Батбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цохих өшиглөх аль ч үед үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд 2016.07.06-ны өдөр үүссэн байх боломжтой байна.

4.Ц.Батбаярын биед тогтоогдсон тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан доорхи цусан хураа, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтэл тус бүрээрээ учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

5.Ц.Батбаярын бие цогцост тогтоогдсон дээрхи гавал тархины хүнд гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд хэдэн цагаас хэдэн өдрөөр амьд байж үйл хөдөлгөөн хийх боломжтой. Шинжээч эмч С.Одончимэг, Н.Туяа, Г.Ханхүү /хх-ийн 185-186 х/,

 

Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач Батбаярын биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй ч нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу бүгд багтах бөгөөд  хөлөөр өшиглөх, дэвсэх, өвдөглөх, гараар цохих аль алинд нь уг тархины гэмтэл үүссэн байж болно. Тэр хүн хэдий хэмжээтэй архи уусан хэр зэрэг согтсоныг тогтоох боломжгүй. Хүн архийг хэр зэрэг даадаг, дасан зохицох байдал, хоол хүнс, тарган туранхай гэх мэт олон зүйлээс согтох эсэх нь өөр өөр байдаг тул согтолтыг тогтоох боломжгүй. 1.8 промил спиртийн агууламж илэрсэн гэдэг нь тухайн хүн нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан гэдгийг харуулж байна. Дунд зэргийн согтолттой хүн биеэ авч явах чадавартай байна. Цусан хурааны байдлаас харахад цусан хураа шингэн болон бүлэгнэсэн байдалтай байх тул талийгаач 24 цаг орчим болсон байна. Тархины суурь хэсэгт уртавтар тархины эд няцарсан тул идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломж багатай. Тархин гэмтэл авсан хүнд толгой өвдөх, огиулж бөөлжих, ухаан алдах гэх мэт ерөнхий шинж тэмдэг илрэх бөгөөд яг ямар шинж тэмдэг тавьснаас хамаарч илрэх шинж тэмдгүүдийг нарийн мэргэжлийн эмч тогтооно. Гэмтлийн хувьд нас барахаас 24 цаг орчмын өмнө авсан гэж бодож байна. Хугацааг нарийн тогтооё гэвэл эд эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой юм.

…Би талийгаач Батбаярын цогцост хийсэн үзлэг шиг жижиг зулгаралт, цус хуралтуудыг нэг бүрчлэн бичээгүй ерөнхийд нь духны баруун хэсэгт 5х4 см талбайд 0.2-0.6 см хэмжээтэй хэсэгчилсэн хүрэн өнгийн зулгаралтуудтай, зүүн мөрний урд гадаргад мөн жижиг хэмжээний хүрэн өнгийн зулгаралтуудтай гэж базаж дүгнэлтэд бичсэн байна. Уг гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Жижиг зулгаралтууд, цус хуралтууд гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг жижиг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин тархины гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Би 120 мл байсныг 12 гэж андууран бичилтийн явцад техникийн алдаа гаргасныг гараар засаж бичсэн. Өвчний түүхээс харахад өвчтний биеийн байдал хүнд байсан байна. Хагалгаанд орох эсэхийг гэмтлийн эмч нар шийднэ. Тархины битүү гэмтлийн хувьд амь насыг нь аврах боломж багатай байсан байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-173-174, 169-170 х/,

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үүссэн, уг гэмтлийг тухайн өдөр авсан байх боломжтой байна. Гэхдээ гэмтлийг авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэж ойлгоно. Дээрх гэмтлийг аваад яг хэдэн цаг, минут болсоныг нарийвчлан тогтоох боломжгүй харин гэмтлийн шинж байдал болон эд эсийн материалыг харахад 2016 оны 07 дугаар сарын 06-ны  өдөр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Уг тархины гэмтлүүдийг авсан хүн эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хураа нь аажим хугацаанд хурсанаар аажмаар тарж үхэлд хүргэнэ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172 х/

 

Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаачийн биед учирсан тархины гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан байх боломжтой шинэ гэмтэл байна.  Харин гэмтлийг авсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тархины хүнд гэмтлүүдийг авсан хүн эрүүл хүн мэт үйл хөдөлгөөн хийх боломжтой. …Уг тархины гэмтлүүд нь тус тусдаа амь насанд аюултай хүнд гэмтэлд орно. Зөвхөн тархинд үүссэн дээрх гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль аль тохиолдолд үүсэх боломжтой.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 173-174 х/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14 х/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “…Духны баруун хэсэгт 0.5х0.4, 0.1х0.1 см 10 ширхэг, гол хэсэгт  0.5х0.5, баруун хөмсөгний гадна 0.3х0.3 см хүрэн өнгийн зулгаралтуудтай. Зүүн мөрний өмнө хэсэгт 3х0.1, 2х0.1 см зулгаралттай, хүзүүний баруун доод хэсэгт 0.1х.02 см зулгаралттай, …цээжний өмнөд хэсэгт 1х1 0.5х0.2 см хүрэн өнгийн цус хуралтуудтай, дээд уруулын дотор талд 1х1.2 см хүрэн өнгийн цус хуралтуудтай байна.  …” /хх-ийн 15-18 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹738

1.Б.Мөнхтэгш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Б.Мөнхтэгш нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Б.Мөнхтэгш нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Б.Мөнхтэгш нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5.Б.Мөнхтэгш нь хэрэг хариуцах чадвартай байна. Эмч О.Баатаржав, Д.Лянхуа, Я.Ганхүү /хх-ийн 63-64 х/ гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Б.Мөнхтэгш нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхтэгш-н мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн найз Тулга гэх залуугийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байх гэрт нь очоод Тулгын хамт 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Би хажуу хашаанд байх Оюунаагийн гэр лүү ус уухаар ороход Оюунаа, Батбаяр гэх залуугийн хамт согтуу архи уучихсан сууж байсан. Тухайн үед би согтсон байсан болохоор нэг хэсэг юу болсноо санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Батбаяр гэх залуутай уг хашаан дотор гэрийн хажууханд маргалдаж байсан. Юунаас болсон гэдгээ би сайн санахгүй байна. Маргалдаж байхдаа би ухаан орсон ба би Батбаярыг түлхсэн чинь Батбаяр унаад өгсөн. Тэгэхээр нь би очоод Батбаярын толгой руу хоёр удаа өшиглөөд дараа нь цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн. Батбаяр намайг цохиогүй газар хэвтсэн чигээрээ үлдсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр …би Оюунаагийн гэр лүү ороход Батбаяр гэх залуу унтаж байсан. Батбаярын нүүр ам хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Би Батбаяраас зодсонд уучлаарай гэж уучлалт гуйчихаад Тулгын гэрт орж…үлдсэн архиа уучихаад унтаад өгсөн. … Батбаяр гэх хүнийг би танихгүй. … би юунаас болж маргалдсанаа санахгүй байна, гэхдээ өшиглөсөнөө санаж байна. Хаана хаана өшиглөсөнөө санахгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 х/

 

Шүүгдэгч Б.Мөнхтэгш-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон ял өөрчлөн сонсгосон байцаалтанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн хуурай дүү Тулгын гэрт нь очиж ойрд уулзаагүй гээд 0.5 литрийн нэг шил архи аваад хувааж уусан. Тухайн үед гэрт Тулгын эхнэр нь байсан. Тэдний хажуу талын Оюунаа гээд Тулгын хамаатны айл байдаг ба уг айл Тулгын хашаа хоёр нь голдоо хүн орж гардаг завсартай байдаг. Авсан архиа уугаад дуусаагүй байхад Оюунаа гэртээ талийгаач залуугийн хамт хоёулаа согтуу байдалтай архи уугаад сууж байсан. Тухайн үед согтсон байсан ч гэсэн өөрийн ухаантай байсан. Тэгээд би Батбаяртай маргалдсан байсан ба яагаад маргалдсан юунаас болсноо сайн мэдэхгүй байгаа. Санаж байгаагаар би тэр залуугаас галаа өгөөч гэж гуйсан чинь тэр залуу өөдөөс хэг ёг гээд байхаар нь тэрнээс болоод маргалдаад би тэр залууг түлхэж унагаагаад мөр лүү нь хоёр удаа өшиглөсөн. …Би Тулгатай хуурай ах дүүс, тэдний гэрээр орж гарсаар байгаад Оюунаатай танилцсан. …Би Батбаярыг эхлээд гараараа мөр орчим руу нь түлхсэн чинь Батбаяр хажуу талаараа унасан. Тэгэхээр нь би мөр лүү нь хоёр удаа өшиглөөд дараа нь бөгс орчим руу нь хоёр удаа өшиглөөд гарч явсан. …Намайг Тулгын гэрээс гарч харахад Тулгын гэрийн хажуу сүүдэрт  Оюунаа талийгаач Батбаяртай сүүдэрт байсан. Батбаяр унтаж байгаа юм шиг хэвтэж байсан харин Оюунаа сууж байсан. Оюунаа, Батбаяр нар ямар нэгэн юм хэлээгүй, би тэр хоёртой юм яриагүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100, 180 х/

 

 Шүүгдэгч Б.Мөнхтэгшийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа буугаад 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дүү Тулгаа руу утсаар ярихад “банк дээр байна” гэхээр нь би яваад очъё гээд банк руу очихдоо нэг шил архи аваад очоод архиа хувааж уусан. Тулгаа манай гэрт очъё гээд Тулгаагийн гэрт очоод дахиад нэг шил архи авч хувааж уусан. Тухайн үед ам цангаад “ус байна уу” гэж Тулгаагаас асуусан Тулгаа “ус байхгүй” та “Оюунаа эгчийн гэрт ороод ус уучих” гэхээр нь Оюунаагийн гэр рүү ус ууж тамхи татах гээд ороход Оюунаа нэг залуутай орны хажууд сэжигтэй сууж байсан. Оюунаа бид хоёр 2010 оноос хойш бэлгийн харилцаатай байсан. Тухайн үед Оюунааг хардаж “чи юун залуу бэ” гэж асуугаад заамдаж гараад элэгдэж, хөл рүү нь хоёр өшиглөсөн. Түүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөр шилжих шөнө Тулгаагийн гэрт унтаж байхад хоёр цагдаа ирээд намайг авч яваад хорьсон. Цагдаа “та ямар хэргээр хоригдож байгааг мэдэж байна уу” гэж асуухад би “мэдэхгүй байна” гэсэн та “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангийн сэжигтнээр хоригдож байгаа” гэж хэлсэн. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Мөнхтэгш хэргийн талаар гурван өөр байдлаар мэдүүлсэн болох нь дээрх мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байгаа бөгөөд түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шүүх яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Учир нь тухайн мэдүүлэгт “...талийгаачийн толгой руу нь өшиглөсөн ...” гэж мэдүүлсэн нь хэргийн газарт байсан гэрч М.Хонгорзул /хх-ийн 30-31 х/, Э.Батзул /хх-ийн 36-37 х/, Г.Эрдэнэ-Оюун /хх-ийн 33-34 х/ нарын мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “... шүүгдэгч нь гэрч Г.Эрдэнэ-Оюунтай урьд нь эр, эмийн харилцаатай байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул дээрх нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн эсэх талаар заавал тогтоолгох, мөн онц харгис хэрцгий арга байхгүй, шинжээчийн 1232 тоот дүгнэлтийн 2 дахь заалт: “2016.07.06-ны өдөр дээрх тархины гэмтлийг авсан байх боломжтой байна”.

3 дахь заалт: “Ц.Батбаярын биед учирсан тархины гэмтэл нь шинэ үүссэн бөгөөд цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэсэн нь хоорондоо зөрчилтэй өөрөөр хэлбэл 2 дахь заалтаар 7 сарын 06-ны өдөр уг гэмтлийг авсан гэж дүгнэсэн мөртлөө 3 дахь заалтаар хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй гэсэн учраас бие биенээ үгүйсгэсэн гэж үзэх боломжтой, мөн амь хохирогчийн тухайн өдөр зодуулснаас өмнөх болон маргааш нь архинд гарч явсан маршруутуудыг тогтоолгох, шинжээч эмч Б.Энхбаярын 12 мл, 120 мл цус хурсан гэж зөрүүтэй бичсэн зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг нэг мөр шинжээчээр дахин тогтоолгох шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэснийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Үүнд: “... 2010 оноос хойш эр, эмийн харилцаатай байсан учраас хардалтын улмаас хохирогчийг зодож цохисон ...” гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд энэ талаар огт мэдүүлээгүй, шүүгдэгч мэдүүлэг өгөх болгондоо хэргийн талаар өөрөөр мэдүүлдэг.

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд гэрч Г.Эрдэнэ-Оюун нь гэртээ талийгаач Ц.Батбаяртай хоёулахнаа байгаагүй, түүний хоёр хүүхэд болох М.Хонгорзул, Н.Батзул, гэрч Г.Доржсүрэн түүний эхнэр Ж.Мөнхжаргал нарыг байж байхад орж ирснээс үзэхэд хардахаар тийм нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байгаа,

шүүгдэгч Б.Мөнхтэгш орж ирээд шууд хохирогч руу “... хэн бэ чи айлд юу хийж байгаа юм ...” гэх зэргээр дайрч зодож эхэлсэн, мөн шүүгдэгч нь эхнэр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд эр, эмийн асуудлаар хардах бодитой шалтгаан биш бөгөөд хохирогчийн зүгээс буруутай гэж үзэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хэл амаар маргалдсан асуудал тогтоогдоогүй, цаг хугацааны хувьд ч хохирогчид тийм боломжийг шүүгдэгчийн зүгээс гаргаагүй шууд зодоод эхэлсэн нь гэр дотор байсан бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахын зэрэгцээ хохирогчоос илүү хүч чадалтай, давуу болохоо харуулах гэсэн дээрэнгүй зан байдлаар заамдаж гэрээс гаргаад толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр догшин хэрцгий авирлаж зодсон нь ялимгүй зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр үйлдсэн,

Талийгаач урьд нь Г.Эрдэнэ-Оюунтай хамтын амьдралтай байсан, түүний хүү Э.Батзулыг өөрийн хүүхдээ хэмээн дууддаг болох нь гэрч Г.Доржсүрэн /хх-ийн 40 х/, М.Хонгорзул /хх-ийн 30-31 х/ нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд дотно харилцаатай байсан хүмүүсийнх нь дэргэд зодож, хохирогчийн биед олон тооны шарх, гэмтлүүд учруулсан, зодуулснаас хойш бие нь зовиуртай байсан талаар гэрч нарт хэлж байсан, улмаар маргааш нь тэдний хашаанд ухаан алдан унаад эмнэлэгт очоод нас барсан зэрэг нь хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх шинжүүдийг бүрэн хангасан.

 Гэрч нар болох Г.Эрдэнэ-Оюун, Г.Доржсүрэн, М.Хонгорзул, Н.Батзул нар хэрэг гарсан өдөр болох 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд хэргийн газарт бүгд байсан, Б.Мөнхтэгш ямар байдалтай хэдэн цагийн үед орж ирээд ямар үг хэллэг хэрэглэж, талийгаачийг ямар байдлаар хаана нь хэрхэн зодсон талаар тодорхой мэдүүлсэн, дээрх гэрч нарын мэдүүлэгт ямар нэгэн зөрүүтэй байдал тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлгүүд хуульд заасан журмыг бүрэн хангасан.

 

Шинжээчийн дүгнэлтийн заалтууд бие биенээ үгүйсгэсэн гэх асуудлын талаар: 1232 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтаар гэмтлийг хэдний өдөр учруулсан болохыг тогтоосон, 3 дахь заалтаар гэмтэл үүссэн цагийг нарийвчлан тогтоох боломжгүй гэдгийг тодотгож өгснийг хоорондоо зөрчилтэй дүгнэлтүүд гэж өмгөөлөгч ойлгосон нь үндэслэлгүй,

 

            Талийгаач Ц.Батбаярыг 2016 оны 07 сарын 06-ны өдөр Г.Эрдэнэ-Оюуны -д ирэхдээ ямар байдалтай байсан талаарх гэрч нарын мэдүүлэг:

Гэрч М.Хонгорзулын: “… Намайг гэртээ ирснээс хойш 20 орчим минутын дараахан Батбаяр ах халамцуу байдалтай 0.75 литрийн архитай ирсэн. ... зодуулсны дараа ... Батбаяр ах манай гэрт ороход нүүр нь зарим хэсгээрээ бага зэрэг хавагнасан байсан санагдаж байна, гэхдээ бүр айхтар хавдаагүй, сүртэй шалбарсан зүйл байхгүй бага зэрэг зулгарсан юм уу гэмээр улайчихсан байсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө би 11 цагт сэрэхэд ... Батбаяр ах байхгүй байсан, Батбаяр ах  0.5 литр нэрийг нь мэдэхгүй архи барьж орж ирээд ээжтэй хамт тэр архиа хувааж уусан. …би 13 цагийн үед гэрээсээ гарч ажил руугаа явсан. Ээжийг согтуу байсан болохоор 17 цагт чөлөө аваад гэртээ ирэхэд Батбаяр ах хашаан дотор жорлонгийн хойд газар баруун талаараа хажуу тийшээ хараад хэвтэж байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-30-31 х/,

 

Гэрч Г.Эрдэнэ-Оюуны: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Батбаяр манайд ирэхдээ 0.75 литрийн нэг шил архи авчихсан халамцуу байдалтай ирсэн. ... Тухайн өдөр манайд Батбаяр, би, Хонгорзул, Батзул бид нар хоносон. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд хэвтэж байтал … Батбаяр босоод толгой өвдөөд байна гээд өвдсөн байдалтай байгаад байсан. …Батбаяр манай хүүхдийн пүүзийг өмсөөд гараад явахаар нь би “00” орох гээд гарсан юм байх гэж санасан чинь удаагүй 10 гаруй минутын дараа дэлгүүр орчихоод ирлээ гээд 0.5 литрийн нэг шил архи, бэлэн гоймонтой аваад ороод ирсэн. …Батбаяр манайд ирэхдээ зодуулсан гэхээр зүйл байгаагүй, халамцуу байдалтай байсан. Биед нь болон нүүр аманд нь ил харагдахаар гэмтэл шарх огт байгаагүй. … Батбаяр Мөнхтэгшид зодуулсанаас хойш манай гэрт байж байхад уруулынх нь завсар жавьж орчимд нь жаахан цус болчихсон байдалтай, нүүр нь зарим хэсгээрээ зулгарч бага зэрэг улайсан, бага зэрэг хавдсан байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-33-34 х/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Батзулын: “… Батбаяр ах 18 цагийн орчимд орж ирсэн. ... ээж Эрдэнэ-Оюун, эгч Хонгорзул, Батбаяр ах бид нар хоносон. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Батбаяр ах архи авч ирээд ээжтэй тэр архийг хувааж уусан. Тэгээд Батбаяр ах толгой өвдөөд байна гээд ээж даралт ихсээд байна гэж байсан. Хонгорзул эгч гэрээс гараад явсан, ээж унтаад өгсөн, Батбаяр ах надтай цуг суугаад зурагт үзэж байгаад бие заслаа гээд 17 цагийн орчимд гарсан. Би зурагт үзээд хэвтэж байгаад бие засахаар гэрээс гарсан чинь хашааны жорлонгийн хажууд Батбаяр ах хэвтэж байсан. …Батбаяр ах тэр өдрийн өглөө гарч архи авч ирсэн байсан. Тэрнээс өөр гарч ороогүй. Харин өмнө орой нь Мөнхтэгш ахад зодуулаад нүүр нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд тэр өдөр толгой нь өвдөөд байна толгой эргээд байна гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-36-37 х/,

 

Гэрч Г.Доржсүрэнгийн: “… Батбаяр анх орж ирэхдээ зодуулсан гэхээргүй цэвэрхэн хувцасласан халамцуудуу байдалтай инээгээд орж ирж байсан. Ямар нэгэн зовиур хэлж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-40 х/.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач Ц.Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Г.Эрдэнэ-Оюуны гэрт архи уусан ирэхдээ биедээ ямар нэгэн шарх гэмтэлгүй ирсэн, үүнээс хойш 2 цаг орчмын дараа буюу 20 цагийн үед Мөнхтэгш орж ирээд зодсоноос хойш нүүр ам нь шалбарсан, толгой нь өвдөөд байсан болон маргааш өглөө нь босч ирээд мөн толгой нь өвдөөд байсан талаар гэрч нарт хэлж байсан, өглөө гарахдаа Г.Эрдэнэ-Оюуны хүүхдийн пүүзэн гутлыг өмсөж гараад 10 минут орчмын дараа архи барьж орж ирсэн өөрөөр тэдний гэрээс гарсан асуудал байхгүй талаар гэрч Э.Батзул, Г.Эрдэнэ-Оюун нар тодорхой мэдүүлсэн байдаг тул түүний хэрэг гарахын өмнөх болон дараах маршрутыг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй.

 

Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тархинд үүссэн цусны хэмжээг зөрүүтэй бичсэн асуудлын талаар:

Шинжээч эмч М.Энхбаярын: “… Би 120 мл байсныг 12 гэж андууран бичилтийн явцад техникийн алдаа гаргасныг гараар засаж бичсэн. Өвчний түүхээс харахад өвчтний биеийн байдал хүнд байсан байна. ... Тархины битүү гэмтлийн хувьд амь насыг нь аврах боломж багатай байсан байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-173-174, 169-170 х/-ээр цусны хэмжээг алдаатай бичсэнээ шинжээч өөрөө залруулсан байх тул өмгөөлөгч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай дээрх саналуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Б.Мөнхтэгшийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангаж байх тул Б.Мөнхтэгшийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ажил явдалд 2,250,000 төгрөг зарцуулсан. Хайрцаг, чулуу, хорго авсан нийт 750,000 төгрөгийн баримт байгаа. Бусад зарцуулалтын баримт байхгүй. Сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нийтдээ 7,250,000 төгрөг нэхэмжилж байгаагаас уг хүмүүс одоогийн байдлаар 300,000 төгрөгөөс өөр мөнгө өгсөн зүйл байхгүй. Үлдэгдэл 6,950,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-26-28 х/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуягийн шүүхэд бичгээр гаргасан: “…нийт 7,250,000 төгрөг нэхэмжилснээс өмнө өгсөн 300,000 төгрөгийг хасаад, 6,950,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс бэлнээр 3,000,000 төгрөгийг хүлээн авсан, хохирогч миний зүгээс гомдол нэхэхгүй, өөрөөр хэлбэл шүүх уг хэргийг хуулийн дагуу таслан шийдвэрлэхэд гомдолгүй. …”  гэсэн хүсэлт /хх-ийн 223-224 х/ зэргээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг нь оршуулгын зардалд 2,250,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс хавтаст хэрэгт 750,000 төгрөгийн оршуулгын зардалтай холбоотой баримт авагдсан, бусад баримтуудыг гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн зүгээс 300,000 төгрөг өгсөн /хх-ийн 29 х/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч талаас 3,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь тус тус тогтоогдож байх тул Б.Мөнхтэгшийн зүгээс хохиролд нийт 3,300,000 төгрөгийг төлсөн, хэрэгт баримтаар нэхэмжлэх хохирол байхгүй, харин бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэхийг тогтоолд дурьдах нь зүйтэй гэж үзсэн.

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 х/-оор хэрэгт эд мөрийн баримтаар архины шил 1 ш, 2 хос гутлыг хурааж ирүүлсэн байх тул тэдгээрийг хуульд заасан журмын дагуу устгах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 х/-аар Б.Мөнхтэгш урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

 

            Б.Мөнхтэгшийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 262 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Их Монгол” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хөх өнгийн хос углааш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд тусгах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Боржигон овогт Бадарчийн Мөнхтэгшийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мөнхтэгшийг 18 /арван найман/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Мөнхтэгш-т оногдуулсан 18 /арван найман/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхтэгшийн цагдан хоригдсон 262 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Б.Мөнхтэгшийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирол төлбөрт 3,300,000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ тогтоолоор бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхуяг цаашид гарах зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Их Монгол” гэсэн бичигтэй архины шил 1 ширхэг, хөх өнгийн хос углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхтэгш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                Л.БААТАР