Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0363

 

 

 

 

 

2022            05           10                                    128/ШШ2022/0363

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.М***

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж*** Д.А***

Гуравдагч этгээд: Л.Н***

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*** Д.А***  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын  27-ны өдрийн 34***  дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ц.Б*** ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах, төрийн албанд нэр дэвшүүлэх шаардлагаар маргаж байна.

 

            2.Маргаан бүхий үйл баримтын тухайд:

2.1.Биеийн тамир спортын улсын хорооноос Төрийн албаны зөвлөлд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн 1/209 дүгээр албан бичгийн хавсралтын  Хоёр. Гүйцэтгэх албан тушаалын  3 дугаарт төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төрийн албаны ТЗ-7 ангилал зэрэглэл дээр 1 сул орон тоонд “сул орон тооны захиалга” хүргүүлжээ.

            2.2.Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан шалгалтын комисс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Биеийн тамир, спортын Улсын хорооны гүйцэтгэх албан тушаалын 6 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлан гаргажээ.

2.3.Төрийн албаны зөвлөлөөс Биеийн тамир, спортын Улсын хороонд хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/30... дугаар “Тогтоол хүргүүлэх тухай” албан бичгийн 3 дугаарт “... Л.Н*** нь төрийн албанд 11 сар, дэс түшмэлийн албан тушаалд 6 сар, туслах түшмэлийн албан тушаалд 5 сар ажилласан туршлагатай бөгөөд сонгон шалгаруулалтад нийт 100 оноо авахаас 93.4 оноо авсан байна ... тус тус сонгон шалгаруулсан тухай Комиссын тайланг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшүүлсэн Зөвлөлийн тогтоолыг үүгээр хүргүүлж байна. 

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тухай баримтыг холбогдох байгууллагуудаас нь авч нэр дэвшигч нарыг томилсон шийдвэрийн хамт ирүүлнэ үү” гэжээ.

            2.4.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 65 дугаар зүйлийн 65.6, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 7.2 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн 1 дэх заалтаараа Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд  Л***-н Н***-ийг томилуулахаар нэр дэвшүүлж, 2 дахь заалтаараа нэр дэвшигч Л.Н*** ийг Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг Биеийн тамир, спортын Улсын хорооны даргад санал болгожээ.

2.5. Л.Н*** оос Биеийн тамир спортын улсын хороонд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...Миний бие Татварын ерөнхий газраас зарласан орон тоон дээр томилогдох болсон тул Биеийн тамир спортын улсын хорооноос зарласан орон тоон дээр онооны дарааллын дагуу дараагийн хүнийг томилохыг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргажээ.

Улмаар Биеийн тамир спортын улсын хорооны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/96 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд “... Л.Н*** нь өөр албан тушаалд томилогдох болсон тул тус албан тушаалаар  татгалзсан өргөдлийг ирүүлсэн байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасны дагуу тус сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Ц.Б*** ыг тус албан тушаалд томилуулах саналыг хүргүүлсэн байна.

2.6.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хариу хүргүүлэх тухай 02/351 дүгээр албан бичгээр “...Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний  албан тушаалын сул орон  тоо зохих журмын дагуу нөхөгдөөгүй байх тул дахин захиалга ирүүлэхийг зөвлөжээ.

            2.7.Биеийн тамир, спортын Улсын хорооны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 2/328 дугаар албан бичгээр Ц.Б*** ад “... Таныг тухай албан тушаалд жинхлэн томилох боломжгүй...” гэсэн хариуг өгчээ.

            2.8.Төрийн албаны зөвлөлөөс Биеийн тамир, спортын Улсын хороонд хүргүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/1674 дугаар албан бичгээр “... Ц.Б*** аас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гомдолтой танилцлаа ... өмнө нь гаргасан өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгаж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариу өгсөн ... Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг сул орон тоонд зохих журмын дагуу томилогдоогүй Ц.Б*** ыг чөлөөлж, сонгон шалгаруулалт явуулах захиалга ирүүлэхийг мэдэгдэж хувийг нэхэмжлэгч Ц.Б*** ад хүргүүлсэн байна.

            2.9.Ц.Б*** аас дээрх сонгон шалгаруулалттай холбоотой тус шүүхэд анх 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдар гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7292 дугаар  шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            2.10.Тус шүүх Ц.Б*** ын “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Ц.Б*** ыг томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах, төрийн албанд нэр дэвшүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр Төрийн албаны зөвлөлд холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9394 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            2.11.Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Гуравдагч этгээд татаж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 3686 дугаар шүүгчийн захирамжаар Л.Н*** ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.     

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол" журмыг хангасан тул журмын 1.5-д "Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг биелүүлэхийг даалгана." Мөн журмын 7.4-д "Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ." гэж заасны дагуу 2 дугаар байранд орсон Ц.Б*** намайг тус албан тушаалд томилох санал хууль журмын дагуу явагдсан тул дахин сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй гэж үзэж байна. гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Төрийн албаны зөвлөл бол Төрийн албаны тухай хууль түүнтэй холбогдон гаргасан журмын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий байгууллагын хувьд хуульд заасан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй гаргаж байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр тогтоолоор Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын эрх бүхий субъектийн хувьд журмын заалтыг үндэслэлгүйгээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийг Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх хуулийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулж нэр дэвшүүлэх тухай тогтоол гаргуулахыг даалгаж өгнө үү.гэв.

5.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаар хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно" гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно" гэж. албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам"-ын 7.2 дахь заалтад "Зөвлөл, Салбар зөвлөл нь шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ" гэж заасны дагуу шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалд нэр дэвшүүлэх эрх зүйн зохицуулалттай.

...Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна.”, 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д “Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна”, 7.3-д “томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд  татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 7.4-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль тогтоомжид төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцогчдын нөөц гэх ойлголт байхгүй бөгөөд тусгай шалгалт өгөх болзол, журамд зааснаар удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ гэж ойлгоно. Тодруулбал, Биеийн тамир, спортын Улсын хорооны Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу удирдах биш гүйцэтгэх албан тушаал юм. гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд Төрийн албаны шалгалт нь ерөнхий болон тусгай шалгалттай байна гэж хуульчилсан. Төрийн албаны зөвлөл төрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалын шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааг явуулдаг. Үүний дагуу хуулийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтыг зарласан. Шалгалтын оноогоор Л.Н*** 1 дүгээр байр, Ц.Б*** нь 2 дугаар байранд жагссан. Босго оноо гэж байхгүй хамгийн өндөр оноо авсан нэг нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлийн 34 дүгээр тогтоолыг үндэслэн Л.Н*** ийг тухайн албан тушаалд томилуулахаар санал болгосон. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн албан тушаал байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа журмын 7 дугаар зүйлийн 7.3-д томилох албан тушаал нь удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзана гэж заасан. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдахдаа нөөц гэдэг агуулга байхгүй болсон. Төрийн албаны тусгай шалгалтад удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн тохиолдолд нөөцөд бүртгэгддэг байсан зохицуулалт Төрийн албаны тухай хууль 2019 онд шинэчлэн батлагдсанаар энэ зохицуулалт байхгүй болсон. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэгдсэн зохицуулалтаар сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч албан тушаалд томилогдохоос татгалзсан тохиолдолд дахин шинээр сонгон шалгаруулалт зарладаг болсон. Хуулийн асуудал эрхэлсэн ахлах албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гүйцэтгэх албан тушаалтан орж байгаа.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг байгууллага. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдээс 50 буюу түүнээс доош оноо авч нэр дэвшигчийг удирдах албан тушаалд нэр дэвшүүлэхэд учир дутагдалтай гэсэн бодлоготойгоор ажиллаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд хуулийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний орон тоо нь сул хэвээр байх тул дахин сонгон шалгаруулалт зарлахад Ц.Б*** нь дахин шалгалт өгөх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Биеийн тамир, спортын Улсын хорооноос 2021 оны 01 дүгээр зарласан сул орон тоо нөхөх зарын дагуу Л.Н*** миний бие сул орон тоо нөхөх тусгай шалгалтад орж оноогоор байр эзлүүлэхэд нэгдүгээрт жагссан тул тухайн орон тоон дээр томилогдох боломжтой болсон бөгөөд миний бие тухайн ажлаас өөрийн сайн дураар татгалзаж Татварын  ерөнхий газраас зарласан сул орон тоон дээр шалгалт өгч тухайн орон тоон дээр томилогдон ажиллаж байна. Миний татгалзсан орон тоон дээр журмын дагуу дараагийн хүн нь  томилогдох боломжтой бөгөөд миний эрх, ашиг хөндөгдсөн зүйлгүй. Гуравдагч этгээд миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй бөгөөд оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Үйл баримтын тухайд;

1.1.Нэхэмжлэгч Ц.Б*** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байгаад  Ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Төрийн албанаас түр чөлөөлөх тухай” 1348 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгджээ.

1.2.Улмаар нэхэмжлэгч Ц.Б*** нь  Биеийн тамир, спортын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/46 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.

1.3.Биеийн тамир, спортын Улсын хороо нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Сул орон тоонд захиалга хүргүүлэх тухай” 1/209 дүгээр албан бичгээр маргаан бүхий тус хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

1.4.Дээрх хүсэлтийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Шалгалтын комисс байгуулах тухай” 125 дугаар тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хорооноос ирүүлсэн захиалгын дагуу сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан байна.

1.5.Дээрх тушаалаар байгуулагдсан комисс нь маргаан бүхий Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, тус сонгон шалгаруулалтад иргэн Л.Н*** , Ц.Б*** нар оролцож, Л.Н*** 93.4, Ц.Б*** 49.8 оноог тус тус авчээ.

1.6.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд Лхагважавын Нямдоржийг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

1.7.Иргэн Л.Н*** нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороонд “Л.Н*** миний бие Татварын ерөнхий газрын болон Биеийн тамир, спортын улсын хороонд тус тус төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцээд  улмаар Татварын ерөнхий газраас зарласан орон тоон дээр томилогдох болсон тул Биеийн тамир, спортын Улсын хорооноос зарласан орон тоон дээр онооны дарааллын дагуу дараагийн хүнийг томилохыг зөвшөөрч байна.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

1.8.Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/851 дүгээр албан бичгээр “... Тус байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тусгай шалгалтыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан билээ.

Тусгай шалгалтад оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан Л.Н*** ийг Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн.

Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоо зохих журмын дагуу нөхөгдөөгүй байх тул дахин захиалгаа ирүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.  

2. Маргаан бүхий үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд;

2.1.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл. “Төрийн жинхэнэ албаны шалгалт”, 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна.”, 33.2-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:”, 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/.”, 33.12-т “Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална.” гэж тус тус заажээ.

2.2.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, төрийн жинхэнэ албанд томилогдоход тусгай шалгалт өгөхөөр байх бөгөөд уг шалгалтыг өгөх болзол, журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны зөвлөл батлахаар байна.

2.3.Хуулийн заалтын дагуу Төрийн албаны зөвлөл нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” 14 дүгээр тогтоолоор  Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг баталжээ.

2.4.Уг журмын Долоо.“Нэр дэвшүүлэх, томилох”, 7.3. “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ.”, 7.4-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ.” гэж тус тус заажээ.

2.5. Журмын дээрх заалтуудын агуулгаас үзвэл, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй байх бөгөөд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээр байна.

2.6. Журмын дээрх заалтуудаар удирдах албан тушаалтан холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд гүйцэтгэх албан тушаалтнуудтай холбоотой харилцааг дээрх  журмаар зохицуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, уг албан тушаал дээр дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж үзэж, нэхэмжлэгчийг онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл үндэслэлгүй байна.

2.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл. “Төрийн албаны зарчим”, 7.1-дТөрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;” гэж заажээ.

2.8. Хуулийн дээрх заалтаар Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй байхад журмын заалтыг үндэслэн төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг нэр дэвшүүлэх, томилох асуудалд өөр өөр байдлаар хандаж байгаа хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2.9.Маргаан бүхий тохиолдолд, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэн /Л.Н*** / нь тухайн албан тушаалд томилогдохоос татгалзаж, шалгалтын онооны дарааллыг баримтлан дараагийн нэр дэвшигчийг нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн байхад нэхэмжлэгчийг нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэв.

2.10.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын  27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б*** ыг Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагч Төрийн албаны зөвлөлд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын  27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б*** ыг Биеийн тамир, спортын Улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг хариуцагч Төрийн албаны зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ