| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 110/2026/0065/З |
| Дугаар | 221/МА2026/0681 |
| Огноо | 2026-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0681
Ж, М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж, М
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К., Ө.
Хариуцагч М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.
Хэргийн индекс: 110/2026/0065/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж, М нарын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
. “... 2.1 Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт ... хуульд тусгайлан заасан этгээдүүдийн нэхэмжлэлээр “шуух үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан байдаг.
Гэтэл Д сумын Засаг дарга 2011.05.06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаартай захирамж гаргаж, “үрчлэлтийг хүчингүйд тооцож” шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан:,, Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан “ гэх үндэслэлээр “Захиргааны акт хууль бус байх” шинжийг бүрэн хангаж байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
2.2. Мөн 1999 онд батлагдсан ‘Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт: “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн Иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг сэргээн төрүүлсэн эцэг, эхэд олгоно” гэж заасан бол: одоогийн хүчин төгөлдөр байгаа 2018 оны “Иргэний улсын бүртгэлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт: ... “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж. төрсний бүртгэлийг сэргээнэ” гэжээ.
Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн эл заалтууд нь “үрчлэлтийг гагцхүү шүүх хүчингүйд тооцох” эрх бүхий байгааг нотолж байна.
2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн 133.1.4-д “Үрчлэлтийг хүчингүйд тооцох” нь Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг” бөгөөд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар, “оршин суугаа газрын шүүх” иргэний хэрэг үүсгэн, Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр байна.
2.4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.07.1-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаартай “Шийдвэр”-ээр Д сумын Засаг даргын 2011,05.06-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 27 дугаар “Захирамж” гаргаж, ач хүү өөрийн өвөг эцэг М.А, эмэг эх Х.Г нарт үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасан “хүүхэд үрчлэх болзол журмыг хангасан, үрчлэгч нар 60 наснаас дээш настай боловч ач хүү буюу төрөл садангийн хүүхдээ үрчлэн авч, уудам угсааг залгуулах эрх бүхий байх талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг, хуулийг зөв хэрэглээгүй, хууль бус шийдвэр гэж харж байна.
Анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргаж “Буруу жишиг тогтоох нь” цааш нь сөрөг үр дагавартай болох юм.
2.5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.07.1-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаартай “Шийдвэр”-ийн “Үндэслэх нь” хэсгийн 2.3, 2.4 дэх хэсгүүдэд заасан “хүүхдийн эрх ашгийн үүднээс үрчлэлт хийгдээгүй”, 8 сартай хүүхдийг 76-77 настай хүн асарч чадахгүй гэсэн шүүхийн дүгнэлт хэрэгт хамааралгүй юм.
Хүүхэд үрчлүүлэх журам зөрчсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 145 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар харьяа шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломж, хууль зүйн гарц байгааг сумын Засаг дарга, Улсын байцаагч нар хууль зөрчсөн үйлдэл мөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1. дэх хэсгийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026.07.01-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах хэсэгт дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчид хамааралгүй маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад хүлээн авахаас татгалзалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч Ж, М нараас “Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий 27 дугаар захирамжаар “ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалт болон Улсын байцаагчийн 03 тоот албан шаардлагыг үндэслэн, Засаг даргын 2010 оны 50 дугаар захирамжийн 1 дэх заалтын Ма-кийн С-ыг өвөө Б.Г, эмээ Х.Р нарт, Ж-ийн АСийг өвөө нь болох М.А, эмээ нь Х.Г нарт үрчлүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Уг захирамжийн “М-ийн С-ыг өвөө Б.Г, эмээ Х.Р нарт,” гэж заасан хэсэг нь нэхэмжлэгч нарт хамааралгүй, өөр хүүхдийн үрчлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нар нь уг хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Анхан шатны шүүх уг асуудлыг анхааралгүй, захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 55 дугаар зүйлд заасанд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн “... М-ийн С-ныг өвөө Б.Г, эмээ Х.Р нарт ... үрчлүүлснийг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг тогтоолгох” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.
5. Анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийн нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг “ ... Д сумын Засаг дарга хүүхэд үрчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, уг шийдвэр нь нярай хүүхэд болох АСийг төрсөн эцэг, эхэд нь буцаасан, ингэснээр нэхэмжлэгч М.Жк, С.М нарт хүүхдийн төрсөн эцэг, эх байх эрхийг буцаан бий болгосон үр дагавартай, энэ нь хүү АСийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд мөн нийцсэн байна. ... 27 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэгч нарын маргаан үндэслэлгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... үрчлэлтийг гагцхүү шүүх хүчингүйд тооцно ...”, мөн шүүх хуралдаанд “... үндэслэл болгож байгаа улсын байцаагчийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт нь..., 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар захирамжаар үрчлэлтийг бүртгэсэн үйл явдлаас өмнө гарсан байна. Тиймээс 2011 оны захирамжийг гаргахдаа яг ямар улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэсэн нь тодорхойгүй байна. Үрчлэхээс өмнө улсын байцаагчийн дүгнэлт гаргах ямар ч бодит боломж байхгүй. Өмнө нь гарсан дүгнэлтээр дараа нь бий болсон үрчлэлтийг хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй... Засаг даргын хувьд тухайн бүртгэлийн харилцаанд өөрийн чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа болохоос үрчлэлтийг хүчингүй болгох эрх бүхий этгээд биш..” гэжээ.
7. Маргаан бүхий 2011 оны 27 дугаар захирамжид дурдсан улсын байцаагчийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар дүгнэлтэд “Баян-Өлгий аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух Мо овгийн Ж-ийн АСийн үрчлэлтийг бүртгэх ХААТР-12 маягтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шалгахад:
... хүү АСийг ... нарт Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар захирамжаар үрчлүүлсэн байна.
Энэхүү үрчлэлтийн бүртгэл нь Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь хүүхдийн эрх ашгийн үүднээс гэдэг нь үрчлэн авагч тал нь тэднийг насанд хүртэл нь эрүүл энх өсгөж, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихөд зайлшгүй шаардагдах гэр ахуйн бололцоо нөхцөл байдлаар хангах мөн төрсөн эцэг, эхийн адил асаргаа, анхаарал хайр халамжийг тавина гэсэн ойлголт юм. Гэтэл залуу насны төрсөн эцэг, эх нь байсаар байтал 8 сартай хүүхдээ 76-77 насны нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх чадваргүй насан өндөр болсон хөгшчүүдэд үрчлүүлсэн нь нярай хүүхдийн эрх, ашиг сонирхлын эсрэг хийгдсэн бүртгэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. ... Баян-Өлгий аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух М овгийн Ж-ийн АСийг /0/ түүний өвөө, эмээ болох М А /1/, К/- нарт үрчлүүлсэн 2010 оны 10 дугаар сарын 14-ний 09 дүгээрт бүртгэгдсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэжээ.
8. Хариуцагч Засаг дарга нь тухайн дүгнэлтийг хүлээн авч, өөрийн хууль зөрчиж гаргасан 2010 оны 50 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж заасанд нийцсэн байна.
9. Хэрэгт авагдсан баримтуудаар хүү 8 сартай АСийг үрчлэн авсан өвөө 76 настай, эмээ 75 настай байсан, өвөө нь 2010 онд, эмээ нь 2013 онд нас барсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хяналтын улсын байцаагчийн 20 дугаар дүгнэлтийг бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн, хүүхдийн эрх ашигт нийцсэн дүгнэлт болсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Гэр бүлийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэргийн харьяаллын талаар гомдол гаргасан боловч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” гэж зааснаар хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгож болохоор байна.
11. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж зааснаас үзвэл Засаг дарга нь тухайн үрчлэлт Гэр бүлийн тухай хууль болон хүүхдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх зэргийг хянан шалгаж, “үрчлүүлэх эсэх”-ийг шийдвэрлэх буюу хүүхдийн эрх ашигт нийцэхгүй, хууль бус гэж үзвэл “үрчлүүлэхгүй” байх эрхтэй байна.
12. Харин тухайн үед хууль зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангасны дараа уг шийдвэр нь хууль зөрчсөн, хүүхдийн эрх ашигт нийцээгүй болохыг эрх бүхий хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосныг үндэслэн хууль бус захирамжаа хүчингүй болгож, улсын бүртгэлийн ажилтанд зохих бүртгэлийг хийхийг даалгасныг “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
13.Мөн бодит байдалд нэхэмжлэгч нар анхнаас нь хүүхдээ төрүүлснээс хойш өвөө, эмээ нартай хамт амьдарч хүү АСийг өсгөн хүмүүжүүлж байгаа нь өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байх бөгөөд “.. Казак ард түмний зан заншлаар том хүүхдээ эцэг эхдээ үрчлүүлдэг ...” гэх боловч гэр бүл, хүүхдийн эрх ашгийг зан заншлын хэм хэмжээгээр зохицуулахгүй, Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулах тул хүүхдийн эрх ашигт нийцсэн маргаан бүхий Засаг даргын 27 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч хүүхдийн эцэг, эхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
14. Мөн өмгөөлөгч гомдолдоо “... Тухайн дүгнэлтийг 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэж огноолсон байх боловч “... Ж-ийн АСийн үрчлэлтийг бүртгэх ХААТР-12 маягтыг 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шалгахад ...” гэж бичсэнээс үзвэл огноог “2010” гэж бичсэн нь техникийн алдаа гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 2010 онд үрчлүүлэхээс ч өмнө гарсан дүгнэлтийг үндэслэж шийдсэн ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
15.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2026/0087 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... захирамжийг” гэснийг “... захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг ...” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн “Ж, М нарын нэхэмжлэлээс “Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын 2011 оны 27 дугаар захирамжийн “М-ийн С-ыг өвөө Б.Г, эмээ Х.Р нарт,” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 2, 3 дугаар заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ