Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
              Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Ганбаяр, Өндрийнхөн овогт Энх-Амгалангийн Анхбаяр нарт холбогдох 129/2017/0026/Э/ индекстэй, эрүүгийн 201603000544 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэв.

      Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 2-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Батбаярын Ганбаяр. РД: АЮ93112812

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт, Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт монтёр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 40-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өндрийнхөн овогт Энх-Амгалангийн Анхбаяр. РД: АК95050419

                       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

     Шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нар нь М.Мөнхзоригтой бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаярын мэдүүлсэн: Хулгай хийхээс 10 хоногийн өмнө М.Мөнхзориг 12 ширхэг мөнгөн аяга, хазаар, эмээлтэй айл байна. Тэрийг яаж авах вэ. Тэрийг чи хулгай хийгээд авчих юм бол 400.000 төгрөг бэлэн өгье. Харин хулгайлсан эд зүйлийг чинь би өөрөө авна гэж хэлсэн. Тухайн үед М.Мөнхзориг нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгсэн Э.Анхбаяр ирсэн. Э.Анхбаяр бид хоёр дээр ирэхдээ хулгай хийнэ гэж мэдээгүй. Би М.Мөнхзоригийг Э.Анхбаяртай утсаар ярьж байна гэж мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Анхбаярын мэдүүлсэн: Би машиныхаа гүперийг хоёр найзтайгаа янзлаад байж байхад утас руу хүн залгаад байсан. Би тухайн үед утсаа аваагүй. Тэгсэн залгаад болохгүй болохоор нь утсаа авсан М.Мөнхзориг залгасан. М.Мөнхзориг надруу залгаад таскинд явж байна уу. Бор толгойд байдаг станцын урд хүрээд ир. Мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлэхээр нь хоёр найзыгаа үлдээгээд яваад очсон чинь Б.Ганбаяр, М.Мөнхзориг хоёр зогсож байсан. Тэгээд нэг гудамжны үзүүрт намайг машинтайгаа зогсож бай гэж зогсоогоод юм хулгайлаад гараад ирсэн. Тухайн үед хулгай хийж байна гэж мэдээгүй. Дараа нь мэдсэн. Тэр үед цагдаа болон хуулийн байгууллагад мэдэгдээгүй дээ харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 
                Хохирогч Г.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед ажилдаа гараад байшингийнхаа хаалга, цонхыг түгжээд явсан. Өдөр аймгийн зах дээр ажлаа хийгээд байж байтал 14 цаг 30 минутын үед манай гэрт амьдардаг дүү охин Отгонтуяа утсаар яриад гал тогооны цонх онгорхой байна, та онгойлгосон юм уу гэж асуусан. Би цонх онгойлгоогүй болохоор Отгонтуяад битгий юманд хүрээрэй, би удахгүй очлоо гэж хэлээд гэртээ ирээд үзтэл байшингийн зүүн талын вакум цонхны порчигийг гадна талаас нь юмаар цохиж онгойлгоод том өрөөний зүүн хана дагуу байгаа истенкний урд талын шүүгээнд өрөөтэй байсан том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, истенк дотроос миний өөрийн өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн өмсөж, хэрэглэж байсан үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
    
    Гэрч С.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Нэг ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/

    Насанд хүрээгүй гэрч Б.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би Өлзийсайхан ахынд суудаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг 25 минутын үед хичээлдээ явсан. Хичээлээ тараад өдрийн 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан. Би Өлзийсайхан ах руу утсаар ярьж, та цонхоо онгорхой орхиж явсан юм уу, гэж асуутал үгүй битгий юманд хүрээрэй, одоо очлоо гэж хэлсэн. Өлзийсайхан ах, эхнэрийн хамт гэртээ ирээд эд зүйлсээ бүртгэж үзээд хулгай орсон байна. Мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байна гэж хэлсэн. Истенк рүү хартал малгай, мөнгөн аяга тавиур дээр байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/

    Гэрч Т.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Анхбаярт зээлсэн мөнгөө авах гээд Анхбаярын гэрт очтол Анхбаяр мөнгө байхгүй гээд байсан. Тэгээд Шинэхүү Амраагаас мөнгө зээлнэ гээд ярьчихсан байсан гэхээр нь Амраагийн гэрт очиж уулзаад Анхбаярын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан. Машины багажыг онгойлгуулаад дотор нь байсан хар цүнхийг нээж өгтөл дотор нь 2 ширхэг малгай буюу бор өнгийн булган малгай, саарал өнгийн үнэгэн малгай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35 дугаар хуудас/

    Гэрч Г.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагийн үед дэлгүүр дээрээ байж байтал өндөрдүү биетэй, бор царайтай, туранхай, улаан хүрэн куртик өмссөн, саравчтай малгай хойш нь харуулж өмссөн залуу орж ирээд нэг том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж, хиам, 1 шил 0.5 литрийн Чингис архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи аваад мөнгөн аягаа надад үлдээгээд явсан. Тэр залуугаас хулгайн аяга биш биз дээ гэж асуухад үгүй, миний өөрийн аяга гээд байхаар нь авчихсан юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой цагдаа орж ирээд мөнгөн аягыг хулгайн аяга гээд хурааж авсан. Би хулгайн хэрэгт холбоотой гэх нэг залуугаас 18.800 төгрөгөө авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/

    Гэрч С.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний хүү Ганбаяр 1993 оны 11 дүгээр сарын 23-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний 2 дахь хүү болж төрсөн. Дээрээ нэг ахтай. Бага насаа аав, ээж дээрээ аймгийн төвд өнгөрүүлсэн. 1 дүгээр цэцэрлэгт явж байгаад 2 дугаар 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор гэр бүлтэй болоогүй, аав, ээжтэйгээ амьдарч байгаа. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, хүнд тусархуу, олон нийтийн ажилд оролцоо сайтай, спортын авъяастай, сагс сайн тоглодог, уран зураг зурдаг, хайчилбар хийдэг хүүхэд юм. Одоо монголын улс төр бизнесийн удирдлагын академид сурч байгаа. Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотод ажил явдал гарчихаад нөхрийн хамт хотруу явсан. Хүү Ганбаяр гэртэй ганцаараа үлдсэн юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 18-ны үеэр Мөнхзоригийн ээж надруу утсаар яриад Ганбаяр, Мөнхзориг нар Өлзийсайханы гэрээс юм хулгайлсан байна гэж хэлсэн. Би Ганбаяраас юу болсон талаар асуутал дуугүй доошоо хараад суугаад байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар хуудас/

    Гэрч М.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би найз Гарьдаагийн хамт Анхбаярын гэрт очиж, машиных нь урд гуперийг янзалж байсан. Анхбаяр улаан хүрэн өнгийн приус маркийн машинтай бөгөөд урд талынх нь гупер хагарчихсан байсан юм. Анхбаярын утас нь байн байн дуугараад байсан. Анхбаяр хүн таксинд явъя гээд байна, гүперээ ирж байгаад боож янзалъя гэж хэлсэн. Гарьдаа, Анхбаяр бид 3 машинтай нь яваад Бор толгойн цахилгаан станцын хажууд очтол Ганбаяр, Мөнхзориг 2 зогсож байсан. Ганбаяр нь Гарьдаа бид хоёрыг машинд сууж байсныг хараад машинаас буу гээд буулгасан. Анхбаярын машинд Ганбаяр, Мөнхзориг 2 суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/

    Гэрч Т.Гарьдмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай гэр Анхбаярын гэртэй хөрш нэг хашааны наана цаана байдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Анхбаяр хашаан дотроо Мөнхтулгатай хамт машинаа янзалж байхыг нь би хараад хашаанд нь орж ирээд Анхбаярын машины урд талын гүперийг нааж янзлахад нь тусласан. Тэгтэл Анхбаярын утас байн байн дугараад хүрээд ир гээд байсан. Анхбаяр хэлэхдээ Ганбаяр хүрээд ир гээд дуудаад байна гээд машинаа янзлахаа болиод боож байсан гүперээ салгаад машинаа унаж Мөнхтулга бид 2 машинд сууж явсан. Тэгтэл цахилгаан станцын хажуу талд Ганбаяр, Мөнхзориг 2 зогсож байсан. Ганбаяр Мөнхтулга бид хоёрыг машинаас буу гээд буулгасан. Тэгээд Ганбаяр, Анхбаяр, Мөнхзориг 3 машинаа унаад явсан. Мөнхтулга бид 2 гэртээ харьсан. Би эд нарыг ямар хэрэг хийсэн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 дугаар хуудас/

    Гэрч Б.Амгалантуулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Э.Анхбаяр бол миний нөхөр, М.Мөнхзориг, Б.Ганбаяр нарыг анх бэр болж ирэхэд манай гэрийн ойролцоо амьдардаг байсан болохоор таньдаг. Төрөл садангийн холбоо байхгүй. Э.Анхбаяр бид хоёр 2014 оноос гэр бүл болж нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Одоо 2 настай охинтой. Э.Анхбаяр зан байдлын хувьд даруухан дөлгөөн, хүнд тусархуу, хүний ажил төрөлд туслаад явж байдаг. Хар муу санаа байхгүй, хүий хэлснээр яваад байдаг юм. Э.Анхбаяр нь доороо нэг дүүтэй аав, ээж, дүү нь аймгийн төвд амьдардаг. Э.Анхбаяр надад хэлэхдээ Ганбаяр, Мөнхзориг хоёр л намайг уруу татаж хулгайн хэрэгт оролцуулсан. Би хулгай хийгээгүй, хулгай хийж байгаа гэдгийг анх мэдээгүй байсан гэж хэлж байсан. Би хийсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Би Анхбаярыг хулгайн хэрэг хийх хүн биш гэж бодож байна. Ганбаяр л уруу татсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/   

            Мөрдөн байцаалтын шатанд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-6-р хуудас/

 Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-11-16-р хуудас/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 26 дугаар хуудас/
    Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-р хуудас/

    Э.Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108-109 дүгээр хуудас/

    Б.Ганбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав. 

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 19-18 тоотод оршин суух хохирогч Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг тус тус хулгайлан авч 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Г.Өлзийсайханы “...истенкний урд талын шүүгээнд өрөөтэй байсан том гарын орчин үеийн цагаан мөнгөн аяга 1 ширхэг, истенк дотроос миний өөрийн өмсөж хэрэглэж байсан хүрэн өнгийн булган малгай, эхнэрийн өмсөж, хэрэглэж байсан үнэгэн малгай байсныг хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Хишигбаярын “...том хэмжээтэй мөнгөн аяга, эрэгтэй булган малгай, эмэгтэй хүний үнэгэн малгай зэрэг зүйлсээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Отгонтуяагийн “...хичээлээ тараад өдрийн 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай гэрийн зүүн хойд талын вакум цонх онгорхой байсан ба мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй нэг нэг малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Т.Баярмагнай “...Амраагаас мөнгө зээлнэ гээд ярьчихсан байсан гэхээр нь Амраагийн гэрт очиж уулзаад Анхбаярын машин байхаар нь унаад Бор толгойн гудамжны урд зогсож байтал цагдаа ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбаярын “...том гарын мөнгөн аяга үзүүлээд 1 шил архи түр зээлээч, маргааш мөнгийг нь өгье, найз ирчихээд болдоггүй гэж гуйгаад байхаар нь 18.800 төгрөгөнд тааруулж, хиам, 1 шил 0.5 литрийн Чингис архи, 1 хайрцаг Улаан шонхор тамхи аваад мөнгөн аягаа надад үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оюунбилэгийн “...2016 оны 12 дугаар сарын 18-ны үеэр Мөнхзоригийн ээж надруу утсаар яриад Ганбаяр, Мөнхзориг нар Өлзийсайханы гэрээс юм хулгайлсан байна гэж хэлсэн. Би Ганбаяраас юу болсон талаар асуутал дуугүй доошоо хараад суугаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Мөнхтулгын “...Ганбаяр нь Гарьдаа бид хоёрыг машинд сууж байсныг хараад машинаас буу гээд буулгасан. Анхбаярын машинд Ганбаяр, Мөнхзориг 2 суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Гарьдмагнайгийн “...Ганбаяр Мөнхтулга бид хоёрыг машинаас буу гээд буулгасан. Тэгээд Ганбаяр, Анхбаяр, Мөнхзориг 3 машинаа унаад явсан. Мөнхтулга бид 2 гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Амгалантуулын “...Э.Анхбаяр надад хэлэхдээ Ганбаяр, Мөнхзориг хоёр л намайг уруу татаж хулгайн хэрэгт оролцуулсан. Би хулгай хийгээгүй, хулгай хийж байгаа гэдгийг анх мэдээгүй байсан гэж хэлж байсан. Би хийсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Би Анхбаярыг хулгайн хэрэг хийх хүн биш гэж бодож байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нар нь бүлэглэж, машин механизмыг хэрэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Өлзийсайханд учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Э.Анхбаярын өмчлөлийн 86-04 АРХ улсын дугаартай, улаан хүрэн өнгийн Тоёота приус-11 маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ганбаяр нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байгаа боловч Анхны Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгууллагадсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр ялгүй болох хугацаа нь өршөөгдсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч Э.Анхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, шүүгдэгч Б.Ганбаярын ар гэрийн амьдралын байдал, гэмт хэрэг үйлдсэн оролцсон оролцоо зэргийг харгалзаж, тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.
 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж улсын орлого болгосугай. 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн автомашиныг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарыг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Р.АЛТАНЦЭЦЭГ