Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2021/00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Өөлд овогт Даваанямын Чимэдрэгзэн /РД95072407/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 40 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, Харцагууд овогт Батсайханы Бямбадорж /РД95030310/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн, хариуцагч Б.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Чимэдрэгзэн нь Бямбадоржтой 2015 онд танилцаж үерхэж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Дашням 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жил бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдах болсон. Энэ хооронд олон удаа агсам согтуу тавьж, дарамталж хутгаар гарыг минь зүсэж эмнэлэгт оёо тавиулж байсан. Гэр орны ажилд тусалдаггүй, үр хүүхдээ харах өсгөхөд тусалж дэмждэггүй, үг хэлээр байнга дарамталж доромжилдог байсан. Энэ бүгдийг тэсвэрлэх аргагүй болсон тул 2018 оны 6701000041 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Дашнямаа өөрийн асрамждаа авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.Эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлалт эвлэрээгүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Б.Бямбадорж нь Д.Чимэдрэгзэнтэй 2015 онд танилцаж үерхэж байгаад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү Б.Дашням 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэндэлсэн.Хамтран амьдарсан цагаас үзэл бодол, зан харилцааны хувьд таарч тохирохгүйд хүрсэн.Миний хувьд найз нөхөдтэйгөө уулзаад согтуу орж ирсэн тохиолдол 2 удаа л байгаа. Гарыг нь зүссэн явдалд бол ална гээд хутгалаагүй юм.Д.Чимэдрэгзэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна.

Иймд 2018 оны 6701000041 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцлаж, хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүү Б.Дашнямд хуульд заасны дагуу тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн нь хариуцагч Б.Бямбадоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн гэрлэгчид 2012 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байгаа болно.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн, хариуцагч Б.Батсайхан нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү Бямбадоржийн Дашням төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн нь хүү Б.Дашнямыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Бямбадорж зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүү Б.Дашнямыг төрсөн эх Д.Чимэдрэгзэнгийн асрамжид үлдээж, эцэг Б.Бямбадоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн хүү Б.Дашнямыг эх Д.Чимэдрэгзэнгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Бямбадорж, эх Д.Чимэдрэгзэн нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж, Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Чимэдрэгзэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Дашнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Бямбадорж төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Дашнямд сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, нийт 104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Өөлд овогт Даваанямын Чимэдрэгзэн /РД95072407/, Харцагууд овогт Батсайханы Бямбадорж /РД95030310/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Дашнямыг төрсөн эх Д.Чимэдрэгзэнгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Дашнямыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Бямбадоржоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Бямбадорж, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Чимэдрэгзэн нарт тус тус даалгасугай.

5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ