Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2021/00047

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2021/00047

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1993 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай 1 дүгээр багт оршин суух Баатарууд овогт Эрдэнэцэцэгийн Золжаргал/РГ93071404/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай 1 дүгээр багт оршин суух Шарнууд овогт Даваагийн Нямренчин /РГ90112535/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч 155/ШЗ2020/02103 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Э.Золжаргал, хариуцагч Д.Нямренчин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би нөхөр болох Д.Нямренчинтэй 2014 онд албан ёсоор гэр бүл болж амьдрах болсон. Бид ханилан суугаад 7 жил цуг амьдарсан. 7 жилийн хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн гүн хямралд орж айдас түгшүүртэй амьдрах болсон.Хамт амьдрах явцад бидний дундаас хүү Н.Мөнхбаатар, охин Н.Мөнгөнчимэг, Н.Шүрэнчимэг нар гарсан.Гэвч нөхөр болох Д.Нямренчингийн гэр бүлдээ үйлдэх хүчирхийлэл нь 3 хүүхдийн сэтгэл санаа, зан араншин, бие эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлөх болж цуг амьдрах боломжгүй болсон. Ийм учраас 2013 онд төрсөн хүү Н.Мөнхбаатар, 2015 онд төрсөн охин Н.Мөнгөнчимэг, 2016 онд төрсөн охин Н.Шүрэнчимэг нарыг өөрийн асрамжид авч эцэг Д.Нямренчингээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2015 оны бүртгэлийн дугаар 6713000003 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож, дундын өмч болох адуу 6 толгой, нийт 3150.000, үхэр 9 толгой, нийт 2.650.000, хонь 60 толгой, нийт 4.500.000, ямаа 40 толгой, нийт 2.905.000, бүгд 13.205.000 төгрөгийн үнэ бүхий малыг 5 ам бүлд хуваахад 1 хүнд ногдох хувь 2.641.000 төгрөг, 3 хүүхэд болон өөрт ногдох хувь 10.564.000 төгрөгийг Д.Нямренчингээс гаргуулах хүсэлтийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нямренчин шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие Даваагийн Нямренчин нь нэхэмжлэгч Э.Золжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Би эхнэр Э.Золжаргалтай танилцаж, үерхэж байгаад 2014 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, хамтран амьдрах болсон.Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүү Н.Мөнхбаатар, охин Н.Мөнгөнчимэг, Н.Шүрэнчимэг нар төрсөн.Гэр бүл болж амьдарснаас хойш бидний амьдралд маргалдах, муудалцах асуудал үүсдэг байсан нь үнэн.Бидний муудалцах, маргалдах асуудалд хэн хэнийх нь буруу байсан байх гэж боддог.Гэвч гэрлэлтээ цуцлах хэмжээний байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гар хүрдэг, хэл амаар доромжлох гэх мэт ноцтой асуудал үүссэн гэж бодохгүй байна.Миний тухайд хүмүүсийн ярианд итгэснээс болж эхнэрээ хардаж, муудалцах асуудал үүссэн. Дээрх шалтгаанаас болж бид 2020 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарч байна. Хүмүүсийн ярианд итгэж ийм байдал үүсгэсэндээ би өөрөө гэмшиж байгаа. Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Хүүхдүүдээ бодоод цаашид эвлэрч хамт амьдрах хүсэлтэй байдаг.Иймд дээрх байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний хувьд шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 3 хүүхдэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнийгээ шүүх хуралд дэмжиж оролцож байна. Хариуцагчтай эвлэрэх боломжгүй. Учир нь нөхөр болох Д.Нямренчинтэй суусан цагаасаа эхлээд л гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжил болоод эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.Том хүү маань зүрхний өвчтэй болсон. Дунд охин маань тархины хавантай, байнга эмчилгээ сувилгаа хийлгэдэг.Намайг зодож гэмтэл учруулж байсан ба цагдаагаар шалгагдаж шүүхээр шийтгэгдэж байсан.Бид цаашид хамт амьдрах боломжгүй.Иймд гэрлэлтийг цуцлаж өгнө үү. 3 хүүхдээ би өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулж авна.Хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд бид 13.205.000 төгрөгийн үнэ бүхий малтай, үүнээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг авч үлдэх хэсгийг Д.Нямренчинд өгнө.Тухайн мал нь бүгд миний гар дээр байгаа.Нэгэнт салж байгаа юм чинь хөрөнгөө тэнцүү хэмжээгээр хувааж авах нь зүйтэй гэж үзэж байна.

Д.Нямренчин хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 2.641.000 төгрөгийн үнэ бүхий малыг 3 хүүхдийнхээ 2 жилийн тэтгэлэгт тооцуулан өгөх санал гаргасныг зөвшөөрч байна.Хоёр жилийн хугацаа дуусахаар хуульд заасны дагуу тэтгэлгийг авна гэв.

Хариуцагч Д.Нямренчин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд зөвшөөрч байна.Харин хүүхдийн асрамжийг зөвшөөрөхгүй байна.Миний тухайд эхнэртээ гар хүрч байсан нь үнэн.Гэхдээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан гэдэг нь худлаа.Зарим зүйлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэтрүүлсэн байна.Би гэрээсээ сайн дураар яваагүй, намайг хөөгөөд байсан тул явсан. Одоо айлд амьдарч байна.Ажил төрөл хийгээгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй.Хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд нэхэмжлэгчийн мал үнэлсэн үнэлгээ, малын тоо толгой дээр маргах зүйл байхгүй.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

...Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.Харин одоогоор ажил хийгээгүй болохоор хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй.Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 2.641.000 төгрөгийн малыг хүүхдүүдийнхээ 2 жилийн тэтгэлэгт тооцон өгөх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Золжаргал нь хариуцагч Д.Нямренчинд холбогдуулан 2015 оны бүртгэлийн 6713000003 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, 13.205.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, 13.205.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байна.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид нь 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 6713000003 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүү Н.Мөнхбаатар, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Н.Мөнгөнчимэг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Н.Шүрэнчимэг нар төрсөн болох нь Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Улсын бүртгэгчийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0000915801/59, Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Улсын бүртгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6713000027, Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 6713000007 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-д Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй ... бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Э.Золжаргал нь шүүх хуралдаанд Миний хувьд хариуцагчтай эвлэрэх боломжгүй.Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байгаа тул арга буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хуулбар, мөрдөгчийн тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, фото зураг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэвэрийн хуулбар тогтоол зэргээр нотлогдож байх ба түүнчлэн хариуцагч Д.Нямренчин нь гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Иймд шүүх нэхэмжлэгч Э.Золжаргал, хариуцагч Д.Нямренчин нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэжээ.

Зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй ба нэхэмжлэгч Э.Золжаргал нь хүү Н.Мөнхбаатар, охин Н.Мөнгөнчимэг, Н.Шүрэнчимэг нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Нямренчин зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсөж байгаа болон ээнэгшин дассан орчныг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Э.Золжаргалын асрамжид хүү Н.Мөнхбаатар, охин Н.Мөнгөнчимэг, Н.Шүрэнчимэг нарыг үлдээж, эцэг Д.Нямренчинээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Мөн хүү Н.Мөнхбаатар, охин Н.Мөнгөнчимэг, Н.Шүрэнчимэг нарыг эх Э.Золжаргалын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Нямренчин, эх Э.Золжаргал нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Хамтран өмчлөх дундын 13.205.000 төгрөгийн хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Нэхэмжлэгч Э.Золжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 13.205.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 10.564.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч шүүх хуралдаанд 13.205.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 10.564.000 төгрөгийн хөрөнгийг үлдээж, хариуцагч Д.Нямренчинд ногдох хувь болох 2.641.000 төгрөгийн хөрөнгийг өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хамтран өмчлөх дундын 13.205.000 төгрөгийн хөрөнгөөс хариуцагч Д.Нямренчинд 2.641.000 төгрөгийн хөрөнгийг олгож, үлдэх 10.564.000 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч Э.Золжаргалд үлдээж, хариуцагч нь өөрт ногдох 2.641.000 төгрөгийн хөрөнгийг 3 хүүхдийн 2 жилийн тэтгэлэгт тооцуулан төлөхөөр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад төлсөн 286.618, нийт 356.816 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд овогт Даваагийн Нямренчин /РГ90112535/, Баатарууд овогт Эрдэнэцэцэгийн Золжаргал /РГ93071404/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү Н.Мөнхбаатар, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Мөнгөнчимэг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Н.Шүрэнчимэг нарыг төрсөн эх Э.Золжаргалын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2013 оны 05 дугаар сарын 19-ны өдөр төрсөн хүү Н.Мөнхбаатар, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Мөнгөнчимэг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Н.Шүрэнчимэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Нямренчингаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.Нямренчинд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Золжаргал нарт тус тус даалгасугай.

5.Хамтран өмчлөх дундын 13.205.000 төгрөгийн эд хөрөнгөнөөс нэхэмжлэгч Э.Золжаргалын өмчлөлд 10.564.000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, үлдэх 2.641.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Д.Нямренчин авахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл, хариуцагч Д.Нямренчин нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 2.641.000 төгрөгийн эд хөрөнгийг 3 /гурав/ хүүхдийн 2 / хоёр/ жилийн тэтгэлэгт төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг тус тус баталсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356.816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356.816 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ