| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/78 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0068/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
улсын яллагч Ч.Мядагбадам,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000079 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 1998 оны 10 сарын 20-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул, уурхайн тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй,******* “******* ” ХХК-нд уул уурхайн, тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Queen баарны гаднатай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багт байрлах Queen баарны гадна согтуурсан байх үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчы нүүрэн тус газарт нь цохиж, биед нь “... хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдов.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмадийн ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/,
Хохирогчы өгсөн: “...зүс таних гэх залуу намайг жаахан дээрэлхэх маягтай “ахын дүү намайг таньж байна уу? мэднэ биз дээ” гэх зэрэг юм ярьсан. Уг ******* гэх залуу манай үеэл ахын ангийнх нь залуу гэдгээр таних юм. Би тухайн үед “өөрийн чинь дүү биш ээ, надтай битгий ийм зүйл ярь” гэж хэлтэл шууд намайг нүүрэн тус газарт минь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,
Иргэний нэхэмжлэгчгийн өгсөн: “... ********* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-нд Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжид S0262 буюу хамар ясны хугарал гэмтэл шархтай ирж эрүүл мэндийн даатгалын сангаас 267,650 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... *********** биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” /хх-ийн 22-23/,
Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33/,
Шүүгдэгч *******ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25/ зэрэг яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Түүнчлэн, шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гадны нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч нь “хохиролд 2,500,000 төгрөг авсан, цаашид гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.Эрүүгийн хариуцлага
2.1. Шүүгдэгч *******ийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол гэм хороо төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгосон ба яллагдагч *******ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хүрээ хязгаарын дотор байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон таван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.
2.2. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчд 2,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН