| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01993/И |
| Дугаар | 155/ШШ2020/02055 |
| Огноо | 2020-12-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2020/02055
| 2020 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2020/02055 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 13 дугаар гудамжны Гөрөөчин овогт Бодьсайханы Суранцэцэг /РЛ99021503/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 7 дугаар гудамжны 20 тоотод оршин суух Цогнууд овогт Ганбаатарын Оюунбаатар /РЛ91102915/-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Б.Суранцэцэг, хариуцагч Г.Оюунбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Суранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2017 онд Г.Оюунбаатартай танилцаж, үерхэн дотносож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бидний дундаас охин С.Суранчимэг төрсөн. Анх Г.Оюунбаатарт хүүхэдтэй болсон талаар хэлэхэд хүүхдийнхээ сайн эцэг байж, сайхан амьдарна гэж амлаж байсан ч жирэмсэн байх хугацаанд уулзах нь багасаж, намайг төрөх үед дэргэд минь байгаагүй юм. Г.Оюунбаатарыг үр хүүхдээ бодооч гэж удаа дараа учирлаж гуйсан боловч худал ярих нь ихэсэж, өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн байсан. Өдий хүртэл хугацаанд Г.Оюунбаатарын оролцоогүйгээр охиноо өсгөсөн.
Иймд охин С.Суранчимэгийн төрсөн эцэг Г.Оюунбаатар мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Оюунбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Бид 2017 онд танилцаж, бидний дундаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Суранчимэг төрсөн нь үнэн.
Би охин С.Суранчимэгийн эцэг мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Суранцэцэг нь хариуцагч Г.Оюунбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг, тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Суранцэцэг, Г.Оюунбаатар нар нь 2018 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Суранчимэг төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 2018 оны 10 дугаар сарын 25-ны төрсөн Гөрөөчин овогтой Суранцэцэгийн Суранчимэг /РЮ-18302525/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн-Элбэрэлт Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ... Суранцэцэг овогтой Суранчимэг эрүүл бойжиж байна... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин С.Суранчимэг нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Суранчимэг төрсөн эцэг нь Цогнууд овогтой Ганбаатарын Оюунбаатар /РЛ-91102915/ мөн болохыг тогтоож, эцэг Г.Оюунбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Гөрөөчин овогт Суранцэцэгийн Суранчимэг /РЮ-18302525/-ийн төрсөн эцэг Цогнууд овогт Ганбаатарын Оюунбаатар /РЛ91102915/ мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин С.Суранчимэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Оюунбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунбаатараас улсын тэмдэгтийн хураамж 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Суранцэцэгт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ