Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Оргил /ҮД: 1792/,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД: 0407/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ны М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Г нарт холбогдох 2317000000070 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 06-нд Х аймгийн Ө суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт  Б- дүүргийн .... дугаар хороо ...дугаар байрны ... тоотод оршин сууж байгаа (лавлагаагаар Б дүүргийн ... дугаар хороо ...дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай), улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Б-ы М /РД: СП/, 

Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 05-нд Д аймгийн Г суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Д аймгийн Д сумын  дүгээр баг, С гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 20.... оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20... оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/.. дугаартай магадлалаар 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/44 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон гэх Б овогт Б-н Г /РД: ЖД/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-н Хаан банк дахь 5953135109 дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

 Яллагдагч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байсан Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-г хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ы Хаан банк дахь 5411078317 дугаарын дансаар дамжуулан Б.М-н хадам аав Д.Э-н Хаан банкин дахь 5953135109 дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2317000000070 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Б.Г-д тус болъё гэж л мөнгө авсан. Буцаагаад мөнгийг нь өгсөн. Эхнэрийн бие өвдөөд зулбах гээд байхаар нь хот руу явсан гэв.

  1. Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээж байгаа. Хугацаанаасаа нэг хоногийн өмнө гаръя гэж бодоод шилжүүлсэн гэв.

3. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Г-ыг 2008 оноос хойш танина. 2008 онд манай туслах малчин буюу адуучинаар ажиллахаар ирж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл манай малыг малладаг, туслах малчин гэж явдаг. Тэгэхдээ өөрийнх нь цөөн тооны мал бас байсан. Цалинг нь бид нар малаар тооцоо хийхээр тохирсон учир Б.Г-ын мал жил бүр нэмэгдээд явдаг. 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор банкнаас байнга яриад байна гэдгийг хэлж, малнаас чинь аль малыг нь нядалж зээлийг чинь төлөх юм гэж асуухад түрдээ байж бай, баруун аймаг руу хурдан морь зарсан, тэрний мөнгө орж ирэх ёстой, тэрийг орж ирэхээр төлье, чи тэр хүн рүү залгаад мөнгө хэзээ орж ирэхүү асуугаад өгөөч гэсэн. Адуу авсан хүнийх нь утас холбогдохгүй байхаар нь Г-тай ярих гээд нөгөө жи мобайлын 93200425 дугаар луу залгасан боловч утсаа аваагүй. Гэтэл хэдэн минутын дараа Г тус дугаараас над руу залгахаар нь нөгөө хүнтэй чинь холбогдож чадахгүй байна, банкнаас зээлийг нь төлүүл гээд байнга залгаад байна гэж хэлэхэд за за би өөр хүнтэй яриад мөнгө төгрөг асуугаад үзье гээд тасалсан. Тэрнээс хойш 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Г над руу утсаар яриад “нөгөө чиний хийсэн 3 000 000 төгрөг буцаж орсон уу” гэж асуусан. Тус 3000000 төгрөг тус өдрийнхөө 13 цаг 17 минутад миний данс руу “butsaalt  гүйлгээний утгатайгаар орлого орсон байсан. Б.Г “наад мөнгөө зээл рүү хийчих” гэхээр нь хэлснийх нь дагуу банкных нь зээл рүү шилжүүлчихсэн. Тэрнээс хойш Г-тай дахин холбогдоогүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр танихгүй дугаараас над руу залгаад шоронгоос гарчихлаа, хоол унааны мөнгө байвал явуулаач гэж ярьсан. Би өөрт байгаа мөнгөө явуулсан боловч данснаас мөнгө гаргаж болохгүй байна гэж байсан. Тэгээд өөрөө учраа олоод 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дашбалбар сумандаа очсон.

Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр над руу жи мобайлын 93200425 дугаараас залгаад “хүнтэй ярьсан эрт гарах юм шиг байна, тиймээс мөнгө хэрэгтэй байна, А эгчээс ноолуурын мөнгө олоод 3 000 000 төгрөг явуулчих, 3 000 000 төгрөг хэрэгтэй байна, хүн ярина, тэр данс руу нь 3 000 000 төгрөг шилжүүлчих гэсэн. Ямар хүн юм бэ гэхэд манай хориход ажилладаг дарга гэж хэлсэн. Нэрийг нь надад тодорхой хэлээгүй. Б.Г-ын хэлснээр 99123490 дугаараас танихгүй эрэгтэй хүн залгаад дансны дугаар хэлээд тэр данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тус 3 000 000 төгрөг нь Б.Г-ыг магадланд оруулж өгнө гэж авсан мөнгө. Энэ талаараа Г надтай утсаар ярихдаа хэлсэн. Сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орчим утсаар холбогдоход нөгөө авсан хүн маань таг чиг болчихоод байна гэж надад ярьсан. Тэгэхээр нь би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 99123490 дугаар луу удаа дараа залгахад утсаа аваагүй. Уур хүрээд “анх утсаар ярьсан шигээ байгаач ээ, утсаа тасалж энэ тэр, 2 сар боллоо, анх ярьсан бичлэг чинь байгаа шүү” гэж захидал илгээсэн боловч хариу өгөөгүй. Түүнээс хойш 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 99123490 дугаараас “mungu ni orson uu heleerei” гэсэн захидал ирсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 177-180, 2 дугаар хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

4. Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Б.М нь 2022 онд манай хорих ангид ахлах төлөөлөгчөөр томилогдон ирж байсан. М нь удирдах албан тушаалтан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэр М нь гүйцэтгэх ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий албан тушаалтан гэсэн үг. Б.Г нь 2022 онд шүүхийн шийдвэрээр 2 жилийн хорих ял сонсож, манай хорих ангид ирсэн. Б.Г-ыг хоригдлын амьдралын бүс /зона/-д ял эдэлж байхад нь хоригдол гэдгээр нь мэдэж байсан. Хорих анги нь малын хэсэгтэй бөгөөд аймгийн төвөөс 20 гаруй км зайтай. Хорих ангийн харъяа малыг хоригдлууд болон манай ангийн хамгаалалтын чиг үүрэг бүхий албан хаагч нар 14 хоногоор ээлжилж хардаг. Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд малын хэсэг дээр хоригдол Б-н Г, хоригдол Б-н А нарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Цугтаа байсан учраас тэр үед Г-ыг таньж мэддэг болсон. Би малын хэсэг дээр очоод удаагүй байхдаа Г, А нартай хууч хөөрч хэзээ суллагдах вэ гэж сонирхоод асуухад А би болоогүй байгаа, ер нь магадланд орно, гэхдээ хугацаа болоогүй гэж байсан. Харин Г би магадланд орсон, энэ сарын магадлангаар гарчих байх гэсэн. Тэгэхээр нь би сонирхоод чи хэддэхээ магадланд орж байгаа юм бэ гэхэд Г би анхныхаа магадлангаар гарах гэж байна гэсэн. Ер нь бол 2, 3 удаагийн хэрэгтэй хүмүүс анхны магадлангаар гарна гэж байдаггүй. Тэгээд гайхаад чи яаж анхныхаараа гардаг юм бэ гэж асуухад “прокурорт мөнгө өгсөн” гэсэн. Тэгэхээр нь би чамд прокурорт таньдаг хүн байдаг юм уу гэж асуусан чинь нэг хүнээр зуучлуулж байгаа гэсэн. Би зуучилж өгөөд байгаа хүн чинь хэн юм бэ гэж асуухад нэрийг нь хэлээгүй. Дээрх яриа болсноос хойш 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ахлах төлөөлөгч М хувийнхаа машинтай малын хэсэг дээр шалгалтаар ирсэн. Ахлах төлөөлөгч М-г ирэхэд Г, А бид гурав гэртээ байж байсан бөгөөд М надаас ажил төрөл сайн уу, энэ хавиар сонин юу байна гэж асуучихаад намайг гэрээс гарч бай гэж гаргачихаад А, Г нартай тус тусад нь ганцаарчлан уулзсан. Тэр хоёртой ганцаарчилж уулзсаны дараа намайг дуудаж уулзаад ажлын талаар асуучихаад өөр юм яриагүй явсан. Ахлах төлөөлөгч М нь тухайн үед тарваганы махтай ирээд бид 3-г чанаад идчихээрэй гэж хэлээд үлдээгээд явсан. Ахлах төлөөлөгч М тарваганы мах авчирч өгөөд Г-тай ганцаарчилж уулзахаар нь Гыг магадланд оруулахаар зуучилж өгөөд байгаа хүн нь ахлах төлөөлөгч М-г юм байна гэж таамагласан. Малын хэсэг дээр суурин утас байдаг. Намайг малд явсан хойгуур Г нь утсаар ярьдаг. Тэгэхдээ хэнтэй юуны талаар ярьдаг талаар би мэдэхгүй. Би өөрөө гэрт байх хугацаандаа хэнтэй ярих, юун тухай ярьж байгаа талаараа асууж байгаад яриулдаг, мөн сонсдог. Би хэдний өдрийг санахгүй байна. Ахлах төлөөлөгч М ирээд явснаас хойш 5,6 хоногийн дараа байх, намайг малд явсан хойгуур Г, ахлах төлөөлөгч М нар прокурорын туслах гэх хүн рүү утсаар ярьсан юм шиг байна лээ. Тэр өдрөө намайг малд яваад ирсний дараа нилээн бухимдалтай сууж байсан. Ахлах төлөөлөгч М прокурорын туслахтай ярьсан чинь энэ сард магадлангаас хасаад дараа сарын магадлангаар гаргана гэж байна, гаргаж чадахгүй юм бол яах гэж мөнгө төгрөг авсан юм бэ гэж бухимдаж надад ярьсан. Тэр үед зуучлаад байгаа хүн нь ахлах төлөөлөгч М юм байна, мөнгө авсан юм байна гэж ойлгосон. Намайг малд яваад ирэхэд Г ахлах төлөөлөгч М-тай утсаар ярьсан байсан. Тэрнээс бусад үед намайг байх хугацаанд бол нэг ч удаа ахлах төлөөлөгч М-тай яриагүй. Намайг байхгүй үед нэг удаа ярьсныг нь “нэг удаа ярьсан” гэж албаны шалгалтын тайлбар дээр хэлсэн байгаа. Тэгэхдээ намайг мал дээр явж байх үед Г гэрт үлдэх үедээ утсаар холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь суурин утас байнгын нээлттэй байж байдаг. Нэгжтэй ч байдаг. Жи мобайл утасны сүлжээнд үнэ төлбөргүй ярьдаг. Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд дүү Ц руу нилээн хэдэн удаа холбогдож ярьж байсан. Утсаар ярихдаа малынхаа талаар, адууныхаа талаар их ярьдаг. Ингэж ярихдаа нэг удаа эгчээс зээлсэн 3 000 000 төгрөгийг миний ямааг самнаад буцаагаад өгчихөөрэй гэж ярьж байсан. Сүүлд энэ асуудал үүсэхэд Г нь малын хэсэг дээр очихоос өмнө ахлах төлөөлөгч М-д мөнгө өгсөн гэж сонсогдсон. Энэ талаар албаны шалгалт явуулсан гэж дэд дарга Г надад хэлсэн. Дэд дарга Г М нь Г-аас 3 000 000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд Гын дүүтэйгээ утсаар ярихдаа 3 000 000 төгрөг нь М-д өгсөн юм байна гэж ойлгосон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-189 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Б-н Г нь тус хорих ангид ял эдэлж байсан бөгөөд намайг малын хэсэгт очсоны дараагаар буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр малын хэсэгт ирж бид хамтран тус ангийн малыг маллах болж Г нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр малын хэсгээс буусан. 2023 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна Гтай бид хоёр юм ярьж байтал найз нь эхний магадлангаар орох байх, ангийн ахлах төлөөлөгч М-тай уулзсан чинь магадланд оруулж өгч чадна 3 000 000 төгрөг өгчих гэж ярьж байсан. Мөн М нь Г-д ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н-ийг таньдаг, найз нөхөд, мөн ажил хэргийн холбоотой учраас хөөцөлдөөд өгнө гэж хэлсэн байсан. Н прокурор нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор юм. Магадлангийн хуралд оролцдог, мөн хоригдол нартай уулзаж хоригдол нараас санал хүсэлт авдаг, шаардлагатай бол хоригдлуудтай уулзаж болно шүү гэж хэлдэг. Гэхдээ би уулзаж байгаагүй, үүнээс өөр юм хэлээгүй. М Н прокурорыг таньдаг юм шиг байна лээ. Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл малын хэсэгт ажилласан. Харин Б.Г нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. Энэ хугацаанд М Г-тай 2-3 удаа ирж уулзаж байсан бөгөөд уулзахдаа дандаа ганчаарчлан уулздаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 191-192 дугаар хуудас/,

6. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хорих ангийн малын хэсэгт хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэсэн. Намайг очиход Б-н Г, Б-ийн А нарын малын хэсэгт мөн ажиллаж байсан. Намайг очиход Г удахгүй магадланд ороод хугацаанаас өмнө суллагдах байх гэхдээ гаргаж өгнө гээд 2 сар болчихлоо,  худлаа боллоо гэж байсан. Би тодруулаад асуухад Г хэлэхдээ ахлах төлөөлөгч Мд 3 000 000 төгрөг өгсөн, намайг хугацаанаас өмнө магадланд оруулж гаргана, цааш нь яриад өгнө гэсэн одоо бараг 2 сар болчихлоо, худлаа боллоо мөнгөө авна гэсэн. Би мөнгийг нь яаж шилжүүлсэн юм гэсэн чинь манай дүү Засаг дарга хийдэг юм тэр шилжүүлсэн гэж хэлсэн. Өөр нарийн зүйл яриагүй. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Г-ыг малын хэсгээс хорих анги руу татсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/,

7. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 02 дугаар сараас 03 дугаар сарын хооронд хорих ангийн малын хэсэгт хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэсэн. Намайг очиход Г, Б-ийн А нар малын хэсэгт ажиллаж байсан. Намайг малын хэсэгт очиход Г нь магадланд орж хугацаанаасаа өмнө суллагдах яриагаа хийсэн гэж байсан. Тодруулж асуухад Г хэлэхдээ ахлах төлөөлөгч М-ар дамжуулан хяналтын прокурорт 3 000 000 төгрөг өгсөн, тэгээд суллагдана гэж ярьж байсан. Миний ойлгосноор Б.М нь ярьж өгнө гээд 3 000 000 төгрөгийг түүнээс авах гэж байгаа юм байна, мөн прокурор гэдэг нь ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н юм байна гэж ойлгосон. Дараа нь мөнгө асуухад мөнгө төгрөгөө шилжүүлсэн гэж хэлээгүй. Харин ар гэр лүүгээ утсаар яримаар байна гээд ярихаараа мөнгө юу болж байна гэдэг байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196 дугаар хуудас/

8. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн 425 дугаар нээлттэй хорих ангид харьяалагдах мал Говьсүмбэр аймгийн төвөөс 20 км зайд Дэрсэн хад гэх газар байдаг. Малын хоригдлууд болон ангийн хамгаалалтын ажилтнууд батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж малладаг. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэнэтийн байдлаар малын хэсэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн үйл ажиллагааг шалгахаар очиход харуул хамгаалалтын ажилтны албан үүрэг хэвийн байсан. Мөн малын хэсэг дээр ял эдэлж байсан хоригдол Б.Г, Б.А нартай ганцаарчлан уулзаж санал хүсэлтийг нь сонсож түүнээс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр Б.Г даргаа би ангийн арга зүйн зөвлөлийн хурлаар материал маань тэнцээд хугацаанаасаа өмнө тэнсэн суллах асуудал маань прокурор дээр худлаа боллоо, би гармаар байна, та надад туслаач би ар гэрийнхэндээ магадланд орно гэдгээ хэлчихсэн гэсэн. Би “чиний тэр гарах асуудлыг чинь би мэдэхгүй ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь ахлах төлөөлөгч М надад туслана гэсэн, прокурорыг аргална айлтгүй гэж хэлсэн, гэтэл магадланд орохгүй банйа гэсэн. Тэгэхээр нь би сонирхоод яахаараа М чамд тусалдаг юм бэ, ямар учир байна аа, энэ талаараа айх эмээх зүйлгүй надад яриад өг гэхэд Г ахлах төлөөлөгч М 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр малын хэсэг дээр ирж шалгасан. Прокурорыг би танина, аргалаад өгнө, харин чи надад 3 000 000 төгрөг зохицуулаад өг гэхээр нь тэр өдөр нь өөрийн хуурай дүү Ц-тай утсаар ярьж байгаад 3 000 000 төгрөгийг өөрийнх нь өгсөн данс руу хийлгэсэн. Тэрнээс хойш ахлах төлөөлөгч М руу 2, 3 удаа залгасан боловч утсаа аваагүй, ээлжийн амралтаа авсан гэж сонсогдсон гэсэн. Би Б.Г-ын мэдээллийг ангийн удирдлага С.Г-д танилцуулж тухайн өдрөө албаны шалгалт явуулах төлөвлөгөөг батлуулж дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

1. Хоригдол Б.Г-ыг малын хэсгээс буулгаж, мэдээллийнх нь дагуу тайлбар авсан.

2. Мэдээллийн дагуу тухайн үед малын хэсэг дээр үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан Ц.Х-аас тайлбар авсан.

3. Ахлах төлөөлөгч Б.М-ас өөрөөс нь тайлбар авсан.

4. Утсаар Б.Г-ын дүү гэх Б.Ц, түүний эхнэр С нартай утсаар холбогдож нөхцөл байдлыг тодруулсан.

5. Малын хэсгийг шалгасан хуваарь, илтгэх хуудас зэрэг холбогдох баримтуудыг хуулбарлан албаны шалгалтын материалд хавсаргасан. Дээрх тайлбар баримтуудаас М нь Г-ыг хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллуулна гэж 3 000 000 төгрөгийг авсан нь нотлогдсон. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулийн байгууллагад шалгуулахаар материалыг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14-16, 194 дүгээр хуудас/,

9. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулна гэж заасан. Тус хуулийн заалтыг үндэслэж ялын тооцоог хийдэг. Хоригдол Б.Г-ын хувьд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жил 6 сарын хорих ялаар, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай ангид хуваарилагдан ирсэн. Манай анги өөрөө нээлттэй хорих анги бөгөөд нээлттэй хорих ангиудын хувьд тусгай зэрэглэл болон энгийн зэрэглэлтэй байдаг. Б.Г нь тусгай зэрэглэлд ял эдлэхээр хуваарилагдан ирсэн. Тусгай зэрэглэлд ял эдлэж буй хоригдлууд нь эдлэх ялынхаа гуравны нэгийг эдэлж байж энгийн зэрэглэлд шилждэг. Үүнд шагналын хоногийг оруулан тооцож болдог. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ангийн арга зүйн зөвлөл хуралдаж Б.Г-ыг энгийн зэрэглэлд шилжүүлэхээр прокурорт материалыг шилжүүлсэн. Аймгийн Прокурорын газраас материалыг хянаад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр энгийн зэрэглэлд шилжүүлэх тогтоол гаргасан байдаг. Энгийн зэрэглэлд шилжвэл эргэлт уулзалт өдөр болгон авах боломжтой, удаан хугацааны уулзалтыг 30 хоногт 1 удаа авах боломжтой, утсаар ярих нь нээлттэй болдог. Бусад нөхцөл шаардлагын хувьд тусгай зэрэглэлтэй яг ижил болдог. Б.Г-ын хувьд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хоригдож ялаа эдэлж эхэлсэн байдаг. Түүний ялын тооцоог 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар бодоход 10 сар 11 хоног биеэр эдэлсэн байсан. Түүн дээр шагналын 2 сар буюу 60 хоногийн нэмж тооцоход нийтдээ 1 жил 11 хоног биеэр эдэлсэн байсан. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн Б.Г-ын ялын тооцоог бодож, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоолгохоор шийдвэрлэж болно гэсэн заалтын дагуу Б.Г нь хорих ангийн нийгмийн ажилтанд хугацааны өмнө суллах өргөдлийг гаргаж нийгмийн ажилтан хоригдлуудын өргөдлүүдийг нэгтгэж надад хүлээлгэн өгдөг. Би өргөдлийн дагуу ялын тооцоог хийж магадланд орох боломжтой бол ангийн арга зүйн зөвлөл дээр ялын тооцоог нь танилцуулна. Нийгмийн ажилтан болохоор зан байдлынх нь талаар, сэтгэл зүйч болохоор сэтгэл зүйн байдлынх нь талаар, зөрчилтэй холбоотой асуудлыг төлөөлөгч нар танилцуулдаг. Өөрөөр хэлбэр хариуцсан чиглэлээрээ тухайн албан тушаалтнууд нь танилцуулдаг. Ангийн арга зүйн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар Б.Г-ын хувийн хэрэг материал хэлэлцэгдээд аймгийн прокурорын газарт хүргэгдсэн. Тус материалыг аймгийн прокурорын газар хянаад 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан байх хуулийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнээд буцаасан. Түүнээс хойш ангийн зөвлөлийн 2023 оын 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Б.Г-ын хувийн хэрэг материалыг дахин хэлэлцэж аймгийн прокурорын газарт хүргүүлэхэд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан байх хуулийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнээд буцаасан. Түүнээс хойш ангийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар Б.Г-ын хувийн хэрэг, материалыг дахин хэлэлцэж аймгийн прокурорын газарт хүргүүлэхэд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан байх хуулийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнээд буцаасан. Түүнээс хойш ангийн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар Б.Г-ын хувийн хэрэг, материалыг дахин хэлэлцэж аймгийн прокурорын газарт хүргүүлээд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/44 дугаартай дугаартай захирамжаар хугацааны өмнө хорих ялаас суллаж хяналт тогтоохоор шийдвэрлэсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

10. Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн арга зүйн зөвлөлийн 08 дугаар хуралдааны тэмдэглэлтэй танилцлаа. Би өөрөө хөтөлсөн байна. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгч Б.М тус хуралд оролцсон бөгөөд хоригдол Б.Г-ыг магадланд оруулахыг дэмжиж ял эдлэх хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоолгох саналыг дэмжиж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,

11. Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2016-2023 онд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, үүнээс тус прокурорын газарт 2019 оноос хойш ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байна. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, ахлах прокуророор ажиллаж байсан. Ял эдлүүлэх прокурорын хяналт тавих ажил нь үндсэндээ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, цагдан хорих байр, цагдаагийн байгууллагын баривчлах байр, албадан саатуулах, түр саатуулах байруудын үйл ажиллагаанд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэж заасан байгаа. Мөн хуулийн 1.1 дэх заалтад “таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг” 1.2 дахь заалтад “таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг, 1.3 дахь заалтад “арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоодог. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаартай нээлттэй хорих ангид ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан М нь одоогоос 1 жил гаруй хугацааны өмнө шинээр томилогдон ирж ажилласан шиг санаж байна. Хугацааг нь бол тодорхой санахгүй байна. Би хорих ангид хяналт шалгалтаар явж байх үед хорих ангийн үйл ажиллагааг танилцуулах байдлаар таарч байсан. Ажлын шугамаар танилцахад Б.М нь олон газраар ажиллаж байсан талаараа ярьж байсан. Б.М ахлах төлөөлөгч болохоор бас хорих ангийн удирдлагын түвшинд орж ирээд гарч байгаа харагддаг. Б.М-тай хувийн харилцаа байхгүй, өр авлагын асуудал байхгүй. Б.М-тай хоригдол Б.Г-ыг магадланд оруулж хорих ялаас хугацааны өмнө суллуулах асуудлаар уулзаж ярилцсан зүйл огт байхгүй, бусдаар дамжуулан надад хэлүүлж нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би бусдаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Авч байсан түүх ч байхгүй. Миний өөрийн зарчим ч тийм. Прокурорын байгууллагын нэр хүндэд халдаж байгаад сэтгэл дундуур байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

12. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 05 дугаар сард санагдаж байна. Дэд даргаар ажиллаж байсан хошууч Б.Г нь хорих ангийн малын хэсгийг шалгаад ирсэн. Тэгэхдээ Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгч Батсайханы М нь хоригдол Б.Г-аас 3 000 000 төгрөг авсан байж болзошгүй байна, ийм мэдээлэл авлаа гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ажилтан нь хоригдолоос мөнгө авах, хувийн харилцаа тогтоох, давуу байдал бий болгохыг хориглосон байдаг тул дэд даргыг холбогдох хууль журмынх нь дагуу албаны шалгалт явуулж үр дүнг танилцуулахыг даалгасан. Тухайн үед ахлах төлөөлөгч Б.М нь ээлжийн амралттай байсан бөгөөд дэд дарга шалгалт явуулж мөнгө өгсөн байж болзошгүй хоригдол Б.Г-тай уулзаж тайлбар авсан. Тэгэхэд хамаатныхаа хүний дансаар дамжуулж Б.М-д мөнгө өгсөн нөхцөл байдал тогтоогдож Б.М-г ээлжийн амралтаа дуусгаад орж ирэхэд тайлбар авахад мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх алба руу албаны шалгалтын материалыг хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар баталсан “арга зүйн зөвлөлийн дүрэм”, “арга зүйн зөвлөлийн ажиллах журам”-д зааснаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд ангийн ахлах төлөөлөгч гишүүдэд багтдаг бөгөөд хоригдоос гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг танилцуулж зөвлөлд дэмжих дэмжихгүй санал өгөх эрхтэй оролцдог. Сар бүр хоригдлуудад ялын тооцоог танилцуулдаг. Ингээд хуульд зааснаар магадланд буюу хугацааны өмнө тэнсэн суллагдах хугацаа болсон хоригдлуудын хүсэлтийг арга зүйн зөвлөлөөр хугацааны өмнө тэнсэн суллагдах саналыг прокурорт хүргүүлэх эсэхийг хэлэлцдэг. Мэдээж 9 гишүүний 5 нь дэмжихгүй тохиолдолд ангиас прокурорт санал хүргэхгүй. Б.Г-ыг хугацааны өмнө тэнсэн суллуулахаар мөнгө авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дэд дарга надад танилцуулсан. Бусад нарийн асуудлыг би мэдэхгүй. Хоригдол Б.Г-ыг хугацааны өмнө тэнсэн суллуулах талаар надтай уулзаж байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

 

13. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журам, журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/165 дугаартай тушаалаар баталсан байдаг. Уг дүрэм журмыг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан заалтад нийцүүлэн баталсан. Дүрмийн 2.1-д хорих ангийн арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар байгуулахаар заасан бөгөөд даргаар тус хорих ангийн дарга, дэд даргаар тус ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, гишүүдэд ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, нийгмийн ахлах ажилтан, сэтгэл зүйч, хүний тоо бүртгэлийн байцаагч, хөдөлмөрийн даамал, хоригдлын цалин хариуцсан нягтлан бодогч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч /энэ нь зөвхөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээдийн шагналын хоногийг хэлэлцүүлэх үед саналын эрхтэй оролцдог/ 11 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан байдаг. Хорих ангийн ахлах төлөөлөгч тухайн хугацааны өмнө тэнсэн суллагдахаар хэлэлцэгдэж буй хоригдол нэг бүр дээр хорих ангийн дотоод журам, цагийн хуваарийг хэрхэн мөрдөж байсан, тухайн хоригдлуудын хувийн байдал, гаргасан зөрчил байгаа эсэх, урьд гаргаж байсан зөрчлийн талаар, урьд авагдсан зөрчилдөө хэрхэн дүгнэлт хийсэн талаарх танилцуулгыг арга зүйн зөвлөлийн хуралд хийж тухайн хоригдлуудыг хугацааны өмнө тэнсэн суллагдах саналыг хүргүүлэхийг дэмжих эсэх саналын эрхтэй оролцдог. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б-ны М нь хоригдолтой хувийн харилцаа тогтоож магадланд оруулж өгнө гэх нэрийдлээр 3 000 000 төгрөг авсан гэх асуудал танилцуулагдаж байсан. Мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албан тушаалтан нь хоригдолтой хувийн харилцаа тогтоох, албан тушаалын байдлаа ашиглаж хоригдолд давуу байдал олгох, эд зүйл авахыг хатуу хориглодог, арга зүйн зөвлөлийн гишүүн буюу ахлах төлөөлөгчийн хувьд хоригдлыг магадланд оруулж өгнө гэж мөнгө авах нь өөрөө хууль бус асуудал юм... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 191-192 дугаар хуудас/,

 

14. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан дэд хурандаа Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр тус хорих ангийн ахлах төлөөлөгчөөр томилогдон ирсэн. Тэр үеэс түүнийг таньж мэдэх болсон. Тухайн үед хоригдлууд дунд худлаа үнэн нь мэдэгдэхгүй тийм яриа өгүүлэмж гарсан байсан. Гэхдээ ахлах төлөөлөгч яг дээрх байдлаар хэлж байсан эсэхийг би санахгүй байна. Хоригдлууд дунд нэгнийгээ түрүүлээд гарсан болохоор мөнгө төгрөг өгч гарсан гэдэг байсан. Энэ талаар илтгэх хуудас бичиж бүртгэлд оруулж албажуулж шалгасан асуудал байхгүй. Күүлээ хочтой А-ийн М нь анхны эсхүл 2 дахь магадлангаар гарсан эсэхийг би санахгүй байна. Манай ангид прокурорын газраас дээрх асуудалтай холбоотой баримт бичиг гаргуулах зөвшөөрөл ирсний дагуу би өөрийн биеэр шалгаж үзсэн. Илтгэх хуудас, хурлын тэмдэглэл, гишүүдийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримт бичгүүдийг үзэхэд дэд хурандаа М-ас бичсэн илтгэх хуудас зэрэг баримтууд байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 196-197 дугаар хуудас/,

 

15. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймаг дахь Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н-ийг зүс танина. Хорих ангийн амьдрах бүсээр явж санал хүсэлттэй хоригдол байвал уулзаж болно гэж хэлдэг байсан. Миний хувьд уулзаж байгаагүй, мөн хугацааны өмнө тэнсэн суллагдах шийдвэр гарсны дараагаар мөн уулзаж байгаагүй. Өөрөөр хэлбэл уг прокурортой ганцаарчлан уулзаж байгаагүй. Тухайн үед хорих анги дотор эхний магадлангаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан хүн болгоныг л прокурорт мөнгө өгч гарсан гэж ярьдаг шүү дээ, хар тамхины хэргээр шийтгүүлсэн хүн эхний магадлангаар гарч болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй шүү дээ. Миний хувьд 2022 оны 11 дүгээр сард магадлангаар орох ёстой байсан боловч би өнжсөн. Ингээд 2022 оны 12 дугаар сард анги магадлангаар орж шаардлага хангаж байсан тул хугацааны өмнө тэнсэх суллах саналыг ангиас явуулсан байхаа. Мөн миний хувьд суллагдах үед яг 4 сарын хугацаа үлдсэн байсан. Би хорих ангид ажиллаж, амьдарч байхдаа  бусадтай зөв харьцаж, мөн дээд боловсролтой тул бусдад арай өөрөөр үнэлэгддэг байсан. Миний хувьд мөнгө төгрөг өгч хугацааны өмнө тэнсэн суллагдсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 199-200 дугаар хуудас/,

 

16. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн албаны шалгалт явуулсан материал /1 дүгээр хх-ийн 3-174 дүгээр хуудас/,

 

17. Хаан банк дахь харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

 

18. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 232-234 дүгээр хуудас/,

 

19. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 239 дүгээр хуудас/,

 

20. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 103-104 дүгээр хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/44 дугаартай шүүгчийн захирамж зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Б.М, Б.Г нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-н Хаан банк дахь 5953135109 дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байсан Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-г хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд түүнтэй хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ы Хаан банк дахь 5411078317 дугаарын дансаар дамжуулан Б.М-н хадам аав Д.Э-н Хаан банкин дахь 5953135109 дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн өгч хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тоггтогдож байх тул шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Э.Оргил гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Харин өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн зүйлчлэлийн хувьд эргэлзээ бүхий асуудлууд байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад авагдсан гэрч Ц.Х, Т, Б.А, С.Ц энэ гэрчүүдийн мэдүүлгээр энэ мөнгийг Б.М цаашаагаа прокурорт шилжүүлж өгөх санаа зорилго байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн бодит байдлаар тогтоогдож чадаагүй юм болов уу гэж үзэж байгаа. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа учраас шүүх шийдвэр гарагахдаа үнэн зөвөөр шийдэж, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнээд үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Г нь ял эдэлж байх хугацаанаасаа нэг ч гэсэн хоногийн өмнө суллагдаж эрх чөлөөтэй болохыг хүсэж, хорих ангид ял эдэлж байсан хүмүүсийн ам дамжсан ярианд автагдаж, хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, маргах зүйлгүй. Шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж арилгасан байгаа. Энэ  байдлыг дурдаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-н Хаан банк дахь 5953135109 дугаарын дансаар дамжуулан 3 000 000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г-ыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

Шүүгдэгч Б.Г нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байхдаа хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-г хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд түүнтэй хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Цы Хаан банк дахь 5411078317 дугаарын дансаар дамжуулан Б.М-н хадам аав Д.Э-н Хаан банкин дахь 5953135109 дугаарын данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлүүлэн өгч, хахууль өгсөн үйл баримт болсон байна гэж үзлээ.

 

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

Нийтийн албан тушаалтан гэдэгт “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; гэж заасан.

Мөн Төрийн Албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:”, мөн зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, гадаадын иргэн, харьяат, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын удирдлага;”, 13.1.6 дахь хэсэгт “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан;” гэж  тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” мөн юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинж нь Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдэл байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э-н Хаан банк дахь 5953135109 дугаарын дансаар дамжуулан 3 000 000 төгрөгийн хахууль авсан, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Гыг хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн болох нь гэрч Б.Ц, Ц.Х, Б.А, Д.Ц, Д.Т, Б.Г, Л.О, Л.Д, Э.Н, С.Г, О.Б, М.Б, А.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн албаны шалгалт явуулсан материал, Хаан банк дахь харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн тухайд албан тушаалтан нь ажил үүргийн хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан аливаа үйлдлийг ойлгохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Б.М-н үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул өмгөөлөгч Э.Оргилоос гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь хахууль өгөх гэмт хэрэг гэдэгт өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон үйлдлийг хамааруулан ойлгодог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байхдаа хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-г хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд түүнтэй хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц-ы Хаан банк дахь 5411078317 дугаарын дансаар дамжуулан Б.М-н хадам аав Д.Э-н Хаан банкин дахь 5953135109 дугаарын данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлүүлэн, хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Ц, Ц.Х, Б.А, Д.Ц, Д.Т, Б.Г, Л.О, Л.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн албаны шалгалт явуулсан материал, Хаан банк дахь харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М, Б.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.М, Б.Г, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.М-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Г-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Б.Г-аас гаргуулан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаартай тусгай дансанд байршуулсан 3000000 /гурван сая/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.М, Б.Г нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.М, шүүгдэгч Б.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3-н жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Э.Оргил эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч  Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Энэ гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ялгүй, ялын сонгох санкцгүй гэмт хэрэг байдаг.  Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээж оролцсон, учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө буюу 05 дугаар сард өөрөө сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор уршиг, аюул бага зэргээс гадна хувийн байдлын хувьд 0-11 насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр нь бага насны хүүхдээ хараад гэртээ байж байдаг. Шүүгдэгч  Б.М ажил хөдөлмөр эрхэлж, ажил амьдралаа авч явдаг. Шүүгдэгч  Б.М нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй, харин өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй байдлуудыг шүүх хуралдааны явцад тайлбарлаж оролцсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа учраас прокурорын гаргасан 2 жил 2 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр 1 хоног баривчлагдсаныг хорих ялаас хасаж шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн ялын шүүмжлэлийг сонслоо. Б.Г нь бусдад хахууль өгсөн гэм буруу дээрээ маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа өөрөө сайн дураараа төлж барагдуулсан байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Хорих ял эдэлж байгаа хүн 1 хоногийн өмнө ч гэсэн суллагдах, эрх чөлөөтэй болох гэсэн сэтгэл зүйн онцлог байдаг. Хоригдогч нарын хувьд янз бүрийн цуу яриа байдаг. Энийг үгүйсгэхгүй. Үүнээс болж буруу үйлдэл хийснээс болоод гэм буруутайд тооцогдож байна. Б.Г нь Дорнод аймгийн Дашбалбар суманд амьдарч байгаа. Нийтдээ 170-180 толгой малтай. Энэ хөрөнгө чинээний хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулах шийдвэр гарвал төлж биелүүлэх бүрэн боломжтой байгаа. Шүүх хуульд заасны дагуу сонгох ялтай зүйл ангийн боломжит ялыг буюу торгох ял оногдуулах шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Мөн энэ зүйл анги дээр зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Дорнод аймгийн Дашбалбар суманд зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Яагаад гэхээр хэдийгээр хахууль өгөх төрлийн гэмт хэргийг үйлдсэн боловч, энэ хүн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээж байгаа байдал, өмнө нь бас алдаж оноод нилээн хугацаанд нийгмээс тусгаарлагдсан зэрэг нөхцөл байдал байгаа. Одоо бол гэм буруугаа гэмшээд хохирол төлбөрөө төлөөд, гэм буруу дээрээ маргахгүй нөхцөл байдлыг харгалзаад сонгох ялыг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оноож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Хэрвээ шүүх торгох ялаар ял шийтгэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх боломжит хугацааг шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тэрээр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байхдаа хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М-д 3 000 000 төгрөгийн хахууль өгсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь хорих ял эдэлж байхдаа өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийхгүйгээр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд энэ заалтад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заагаагүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.М, Б.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж тус тус заасан байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г-ын ялыг нэмж нэгтгэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус тоолох зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Г нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Б-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

             шүүгдэгч Б овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс,

шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус тоолсугай.

 

            7. Шүүгдэгч Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, Б.Г нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-ас гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Б.Г-аас гаргуулан Авлигтай тэмцэх газрын Төрийн Сангийн 100900033401 дугаартай тусгай дансанд байршуулсан 3 000 000 /гурван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

             9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ