Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

            Улсын яллагч Б.Чулуунхүү,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А,

            Шүүгдэгч Н.Э,

            Шүүх хуралдааны хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурниад овгийн Н Э холбогдох 2324000450065 дугаартай эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..............оны ............ дугаар сарын ..................ны өдөр Завхан аймгийн ................ суманд төрсөн, ................настай, .............й, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ................н аймгийн ................. сумын Ерөнхий боловсролын ............... дугаар сургуульд ....................ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ................... аймгийн ............... сумын ................ багийн ......................... тоотод оршин суух,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ......................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй,  ............д овогт Н Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөний  06-07 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэр Агуйт гэх газарт  Приус-20 маркийн 41-67 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.1 "Г"-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх”, мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. Б:Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Д, Д.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Г.Д, иргэний нэхэмжлэгч Д.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэд гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06- 07 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэр Агуйт гэх газарт Приус-20 маркийн .......................... ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.1 "Г"-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх”, мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. Б:Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Д, Д.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн хууль төлөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 2023 оны 06 дугаар сарын 03-ны өглөө Н.Э ээж Г.Д хүүхэд чинь ухаан орохгүй байна, зам тээврийн осолд орсон эмнэлэгт байна гэсэн. Б сумаас эхнэр хадам ээжийн хамт яваад очиход хүүхэд ухаан ороогүй байсан. Завхан аймгийн Улиастай сумаас эмч нар ирээд аймгийн төв рүү явсан. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд Улаанбаатар хот руу аваад яв гэсэн. Тэгээд бид хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан биеийн байдал хүнд байсан. Хагалгаа хийлгэсэн талын нүд нь бүрсгэр хардаг учир нүдний эмчийн хяналтад байгаа. Хохирол төлбөрийг тооцож үзээгүй. Нийт 2,550,000 төгрөг төлсөн. 2024 оны 07 дугаар сард орох төлөвлөгөөт хагалгааны зардал болох 7-8 сая төгрөгийг нэхэмжилнэ. Харин шүүх хуралдааны явцад 322,047 төгрөгийг надад төлсөн одоогоор өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэв .

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хор уршиг хохирол төлбөрийг төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлж байгаа. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй. Хөнгөн ангиллын хэрэгт хамааралтай учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд одоогийн байдлаар төрд учруулсан хохирлыг төлөөгүй байгаа. Хохирогч нарт эмчилгээнийх нь зардлыг төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн хүсэлт тайлбараа бичиж өгсөн байгаа. 4 настай хүүхэдтэй. Багш мэргэжилтэй, гэр бүлийн байдал тогтуун хувийн байдал сайтай гэж үзэж байгаа. Хохирогч Э хууль ёсны төлөөлөгч Л.О замын зардал болох 322,047 төгрөгийг  төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг турхахй бүр нь төлнө. Хохирогч Г.Д эмчилгээний төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэнсэх ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүмүүсийг хохироосондоо гэмшиж байна. Ажил эрхэлдэг учраас тэнсэн харгалзах ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Ажил хөдөлмөр эрхэлж байж хохирогч нарын хохирлыг барагдуулах бодолтой байгаа учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Насанд хүрээгүй хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2023 оны 06 дугаар сарын 02-03-ны шилжих шөнө 03 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумаас Б сумын чиглэлд 41-67 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн авто машинд сууж явсан. Аймгийн төвөөс хөдлөх үед авто машиныг эрэгтэй хүн жолоодож шөнөжин давхиад Нөмрөг суманд өглөө 06 цагийн үед очсон. Тэгээд машин жолоодож явсан ах Нөмрөг суманд үлдээд машиныг түүний эхнэр гэх зүс таних эмэгтэй жолоодоод цааш нь хөдөлгөөнд оролцсон. Нөмрөг сумаас хөдлөх үед би машины хойд талын суудал буюу жолоочийн хойд талын суудал дээр сууж явсан миний хажууд Д ах сууж явсан, жолоочийн хажуу талд түүний ээж нь гэх настай эгч 3 орчим настай жаахан хүүхэд тэврээд суугаад явж байсан. Нөмрөг сумаас хөдлөх үед Д бид хоёр суудлын бүс зүүгээгүй, жолооч эмэгтэй ч энэ талаар хэлж сануулаагүй, Нөмрөг сумаас хөдлөөд бид хоёр унтсан. Түүнээс цааш ямар зүйл болсон, яаж осолд орсон талаар юу ч санахгүй байгаа Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт байхдаа ухаан орсон. Ухаан орсноос хойш хүмүүсийн яриаг сонсоход жолооч эгч машин бариад явж байхад нь гэнэтхэн зам дээр хар юм гараад ирэхээр нь хажуу тийш нь дарсан гэсэн. Надад ослын талаар мэдэх зүйл алга. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би зам тээврийн ослын улмаас биедээ гэмтэл авсан. Жолооч эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Аймгийн төвөөс Нөмрөг сум хүртэл машиныг түүний нөхөр нь бариад явж байсан харин жолооч эгч нөхрийнхөө хажууд суугаад өвөр дээрээ жаахан хүүхдээ тэврээд явж байсан. Замдаа унтсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Би өөрөө унтаж явсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

            Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад гэр рүүгээ харих гээд унаа хайж байгаад Баянхайрхан сумын фейсбүүк групт Завхан аймгийн Баянхайрхан сум руу явах унаа хайж байна гэсэн зар оруулсан. Тэгтэл манай нутгийн Д гэх хүн залгаад орой явна гэж хэлсэн. Тэгээд шөнө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 02-03-нд  шилжих шөнө 02 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумаас 41-67 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Аймгийн төвөөс хөдлөх үед машиныг ....................гэх залуу бариад түүний хажууд эхнэр Э суугаад арын суудал дээр буюу жолоочийн хойд талд Э  дунд хэсэгт Д  эгч би зүүн гар талд нь сууж явсан. Өглөө 06 цагийн үед У  машинаа барьсаар Завхан аймгийн Нөмрөг сумын төв дээр ирсэн. У ажилтай гээд Нөмрөг сум дээр бууж үлдээд машиныг нь түүний эхнэр Э  бариад хажууд нь ээж нь 3 настай хүүхдийг нь тэврээд явсан. Бид хоёр хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн үед хойд суудал дээр суудлын бүс байсан боловч бид хоёр бүслээгүй жолооч Э энэ тухай ч бид хоёрт юу ч хэлээгүй. Миний санаж байгаагаар Э суудлын бүсээ зүүж байсан харин түүний хажууд сууж явсан Д  эгч зүүсэн үгүйг нь бол анзаараагүй. Нөмрөг сумаас дөнгөж гараад  бид хоёр унтаад өгсөн. Тэгтэл гэнэтхэн машин донслоод эхлэхээр нь сэрэхэд машин хөөрч байснаа урд копудаараа газар мөргөж зогссон. Машин урд копудаараа газар мөргөх үед би урд суудлын дэр рүү эрүүгээрээ мөргөсөн. Үүнээс болоод би биедээ гэмтэл авсан. Өөр миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би машинаас ганцаараа түрүүлж машины зүүн урд талын хаалгыг онгойлгоход Д  эгч хүүхдээ тэврээд сууж байсан биед нь ил харагдах гэмтэл шарх нээх харагдахгүй байсан. Дараа нь жолооч Э хаалгыг онгойлгоход Э  суудлын бүсээ тайлах гээд ноцолдоод байж байсан. Хамгийн сүүлд баруун хойд хаалга буюу Э хаалгыг онгойлгоход түүний хамраас нь цус гарсан байдалтай нэг нүд нь хавдаж эхэлж байхаар нь машинаас түүнийг буулгасан. Тэгээд хажуугаар явж байсан замын унаа зогсоогоод бүгдээрээ суугаад Нөмрөг сумын эмнэлэг ороод цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн. Жолооч Э нь ослын талаар ярихдаа засмал замаар явж байхад урдаас гэнэтхэн тос хар юм гарч ирэхээр нь хажуу тийш нь дартал машин замаас гарсан гэж хэлсэн. Тухайн үед бид нартай ямар нэгэн авто машин зөрж өнгөрөөгүй гэсэн. Жолооч Э  нь зүүрмэглээд түүнээсээ болоод замаас гарч осол гаргасан юм шиг байна лээ. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өглөө зам тээврийн ослын улмаас биедээ авсан. Би Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдсэн 1 дүгээр эмнэлэг хоёрт л үзүүлсэн. Мөн шинжээч эмчид үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 Хохирогч Д.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 02-03-нд  шилжих шөнө Завхан аймгаас охин Н.Э , зээ хүү У.Б  /3 настай/, хүргэн У нарын хамт У  машин болох 41-67 ЗАА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Замаараа эхлээд О.Э  аваад, дараагаар нь Г.Д  аваад шууд Улиастай сумаас гарсан. Тэгээд Нөмрөг суманд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цаг дөнгөж өнгөрч байхад очсон. Нөмрөг суман дээр ирээд хүргэн У  нь гэртээ үлдээд Э  машинаа  шилжүүлсэн. Өглөөний 07 цагийн үед Нөмрөг сумаас гараад Завхан аймгийн Түдэвтэй сумын Агуйт гэх газрын орчимд буюу кемпийн ойролцоо явж байхад уг зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн осол нь Завхан аймгийн Нөмрөг сумаас гараад 30 минут болоогүй байхад гарсан. Жолоочийн ард талд Э, дунд би суусан, нөгөө талд Д  суусан байсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр  хүүгийн хамт суусан байсан. Машиныг У  жолоодож явсан. Би Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэгт хэвтэж баруун гарын богтосны нарийн яс зөрүүтэй хугарсан байхаар нь хадуулсан. Өөрөөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй. Манай охин зүүрмэглэсэн юм болов уу л гэж бодож байна. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 44-р хуудас/

 Иргэний нэхэмжлэгч Д.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Даатгалын сангаас О.Э  5,854,880 төгрөгийг, Г.Д  3,156,150 төгргийг,  Д.Д 1,437,000 төгрөгийг Эрүүл мэндийн Даатгалын сангаас гаргуулсан боловч дээрх иргэд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг.  Би гэм буруутай этгээдээс хохирогч нарын эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 184-185-р хуудас/

 Гэрч Л.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2023 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө манай хүү О.Э нь Завхан аймгийн Улиастай сумаас Баянхайрхан сум руу явна гэсэн унаанд суусан. Тэгтэл 06 дугаар сарын 03-ны өглөө Д  гэх хүн над руу залгаад бид нар Түдэвтэй сумын ойролцоо явж байгаад осолд орчихлоо танай хүүхэд чинь ухаан орохгүй байна гэж хэлэхээр нь би Нөмрөг сумын эрүүл мэндийн төв дээр очиход манай хүү ухаангүй байсан бөгөөд тэгээд хүүгээ харчихаад эмнэлгийн коридорт зогсож байхад машин жолоодож явсан гэх Э гэдэг эмэгтэй ахаа уучлаарай машин жолоодоод явж байхад гэнэтхэн урдаас том машин гараад ирэхээр нь хажуу тийш нь дартал осол болчихлоо гэж хэлээд өөр зүйл яриагүй дахиж ч уулзаагүй. Уг эмэгтэйн ээж Д  уулзахад манай охин машин жолоодоод явж байхад нь гэнэтхэн замын хажуу талаас хар юм гараад ирсэн тэгээд осолд орсон гэсэн. Би Нөмрөг рүү явж байхдаа осол болсон гэх газрын замыг нь үзэхэд уг зам нь шулуун, өгсүүр уруу байхгүй тэгшхэн засмал замаар явж байснаа эсрэг талын урсгал руу огцом дарж орсон мөр нь тод үлдсэн байсан. Энэ бүгдээс үзэхэд жолооч Э нь зүүрмэглэснээс болоод ослыг гаргасан гэж үзэж байна... Би дараа нь хохирлын тооцоогоо нарийн гаргаж өгнө. Миний хувьд гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Гэрч Ч.У  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...2023 оны 06 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумаас өөрийн эзэмшлийн 41-67 ЗАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд эхнэр Э, хүү Б , хадам ээж Д , Д , Э  нарыг суулган гарсан.  Нөмрөг суманд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 06 цаг 10 минутын орчимд ирээд би гэртээ үлдсэн, эхнэр, хүүхэд, хадам ээж, Д , Э  нар Завхан аймгийн Нөмрөг сумаас миний машинтай явсан. Б ах над руу залгаад эхнэр чинь осолд орсон байна гэж хэлсэн. Миний эхнэр болох Н.Э биед учирсан гэмтэл байгаагүй. Эхнэр маань шокын байдалтай, ил харагдах шарх, сорви байгаагүй. Харин Г.Д  нь эрүүгээр юм мөргөсөн учир хөндүүр, өвчтэй байна, юм ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Хадам ээжийн баруун гар нь өвдсөн байсан. Хүүхэд маань гэдэс өвдөөд, цээж өвдөөд байна гэж хэлээд уйлагнаад байсан. Э  хамар нь хавдсан, цус гоожсон байдалтай байсан. Уг машин маань гэр бүлийн дундын өмч учир надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8646 дугаартай: “...О.Э  биед баруун, зүүн хацар, шанаагаар зөөлөн эдийн гэмтэл, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, суурь яс, баруун ухархайн дээд, доод, хана гайморовын хөндийн дээд хана, хацар ясны цөмөрсөн, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000000239 дугаартай: “...1.Г.Д  биед гэмтэл тогтоогдлоо. 2. Доод эрүү, чамархай ясны хавсан хугарал, эрүүний толгой хэсгийн хугарал, зүүн 5-р араа шүдний булгарал, 6,7-р араа шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4. Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5. Тухайн гэмтлүүдийн зүүн 5-р араа шүдний булгарал, 6,7-р араа шүдний гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10%-иар тогтонги алдагдуулна. 6. Г.Д  биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000000238 дугаартай: “...У.Б  биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 108-р хуудас/,

 Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000311 дугаартай: “...Д.Д биед баруун богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тогтоолд заасан 2023 оны 06 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой. 4. Д.Д  биед үүссэн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-124-р хуудас/,

Завхан аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн: “...1. Автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. 2. Урд гупер бага зэрэг зөрчилтэй, дуут дохио ажиллахгүй, зүүн урд суудлын бүс ажиллахгүй, зүүн талын тиаг, шарнер, өндгөн тулгуур тос хаясан, баруун урд талын 5 булын гармошик резинээри тос хаясан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 18,4 мм /стандарт 5 мм/, зүүн талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 сд, зүүн талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 сд, баруун талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 , баруун талын талын тусгалын чадал ойр дээрээ 0 /стандарт 10000-225000/ байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. 3. Уг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл учир осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй юм. 4. Шингэн хүчлүүрт АВС тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,7 кН, баруун талдаа 2,3 кН, зөрүү 15% /стандарт <20%/, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7 кН, баруун талдаа 1,8 кН, зөрүү нь 6 % /стандарт <30%/, байгаа нь тоормос хэвийн ажиллаж байна. 5. 2022.10.31-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн, 2023 онд техникийн үзлэгт ороогүй байна...”  дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/,

 Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...41-67 ЗАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Э  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.1 “Г”-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх”, мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. Б:Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, орчны байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 41-67 ЗАА улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолооч Н.Э  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “Г”, 3.4 Б дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн магадлагаа /хх-ийн 155- 156-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18- р хуудас/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, Хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 19-20-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн тодорхойлолт, хүү У.Б  төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Ч нь  “...шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

 
             шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А  нь: “...шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарим төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа, шалтгаан нь цаашид яаралтай  эмчлүүлэх шаардлагтай байсан тул нэн тэргүүнд Г.Д  эмчилгээний төлбөрийг төлсөн...”  гэв

шүүгдэгч Н.Э  нь “Ажил мэргэжлээ үргэлжлүүлэн явуулах боломжийг хангаж өгөөч гэж хүсэж байна. Хуулийн шийдвэрийн дагуу гаргасан хохирлыг төлж барагдуулна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг тус гаргасан болно.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Н.Э  нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан нь тогтоогджээ.

Шүүгдэгч  Н. нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний  06-07 цагийн орчимд Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэр Агуйт гэх газарт Приус-20 маркийн 41-67 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.1 ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх...”, мөн дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ..., хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах, бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..." гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Г.Д , Д.Д  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Э  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э  нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нэхэмжлэлийн талаар:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Хохирогч  Г.Д  нь: “... Шүүх хуралдаанд оролцох боломжгүй, Н.Эрдэнэцацралд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбар, хүсэлт,

хохирогч Д.Д нь “...Одоогоор биеийн байдал хэвийн байгаа учир гомдол, саналгүй болно, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О нь “... шүүгдэгч Э  миний Хаан банкны дансанд 322,500 төгрөг төлсөн нь үнэн болно. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тайлбаруудыг тус тус ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Э  нь хохирогч О.Э эмчилгээний зардалд 2023.07.05-ны өдөр 60,000 төгрөг,  2023.06.14-ний өдөр 200,000 төгрөг, 2023.06.06-ны өдөр 500,000 төгрөг, 2023.07.07-ны өдөр 160,000,  75,000, 105,000 төгрөг, 2023.07.04-ний өдөр 150,000 төгрөг, 2023.07.05-ны өдөр 105,000 төгрөг нийт 2,550,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад, эмчилгээнд явахад зарцуулсан шатахууны зардал болох 322,047 төгрөгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тус тус төлсөн бөгөөд цаашид хагалгаанд орох зардлыг төлж барагдуулах талаар хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн байна. 

Хохирогч  Г.Д  2023.06.05-ны өдөр 250,000 төгрөг, 2023.06.13-ны өдөр 500,000 төгрөг, 2023.06.16-ны өдөр 200,000, 2023.08.13-ны өдөр 500,000 төгрөг нийт 1,750,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллаганы явцад төлсөн.  Мөн 2024.01.05-ны өдөр рентгений 30,000 төгрөг, 2024.01.05-ны өдөр шүдний аппаратны 1,500,000 төгрөг,  2024.01.14-ний өдөр 1,200,000 төгрөг нийт 2,730,000 төгрөг төлсөн байна. Нийтдээ хохирогч Г.Д  4,480,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн.

Хохирогч Д.Д  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирол эмчилгээгүй ба шүүгдэгчээс хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд  төлбөр  5,854,880 төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5431195935 тоот  дансанд  30,000 рентген зураг гэсэн, 1,500,000 төгрөг шүдний аппарат гэсэн,  5815074084 тоот данс руу 1,200,000 төгрөг, Г.Д  шүдний аппарат гэсэн утга бүхий гүйлгээ хийсэн дансны хуулга,  шүүгдэгч Н.Э  нь “цалингийн зээлээс хохирлоо төлж барагдуулна. Нөхөр багш ажилтай нийгмийн даатгалын сангийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сард төлж барагдуулна. Хохирогч  О.Э хагалгааны төлбөрийг 2024 оны 07 дугаар сард хагалгаанд орох үед төлж барагдуулна...” гэсэн тайлбар,

шүүгдэгч Н.Э нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хохирогч О.Энх-Амгалангийн төлбөрт  5,854,880  төгрөг, Г.Д-ийн төлбөрт 3,156,150 төгрөг,  Г.Д төлбөрт  1,437,000  төгрөг,  нийт 10,448,030 төгрөг төлөхөөс 5,854,880  төгрөгийг төлсөн, үлдэгдэл 4,593,150 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх  4,551,197 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч О.Э хууль ёсны төлөөлөгч Л.О  нь хохирогч О.Э  2024 оны 07 дугаар сард орох төлөвлөгөөт хагалгаанд орох зардал болох 7-8 сая төгргийг нэхэмжилнэ гэсэн байх боловч иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй, нотлох баримтгүй, ирээдүйд гарч болзошгүй зардал байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хохирогч тал  нотлох баримтаа бүрдүүлж гэм хорын хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О  нэхэмжилсэн зам зардал болох 322,047 төгрөгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад төлсөн, харин хохирогч Г.Д, Д нар нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э  үйлдсэн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “заалтад хамаарч “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасаж , 3 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Э  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “... эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх -ээр хуульчилсан байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж зарим хэсгийг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  оногдуулах ялыг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ Зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэнэ гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Н....................н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс 4,915,197 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн санд оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч ...............овогт Н-ийн Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Э  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугааар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Э  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Э  нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э  4,915,197/ дөрвөн сая есөн зуун арван таван мянга нэг зуун ерэн долоо/  төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгож, хохирогчийн хууль төлөөлөгч Л.О  нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Э  эрүүл мэндийг цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг тоолсугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ